| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдорж Мандалбаяр |
| Хэргийн индекс | 102/2025/00005/И |
| Дугаар | 210/МА2025/01721 |
| Огноо | 2025-10-06 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 10 сарын 06 өдөр
Дугаар 210/МА2025/01721
******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Ж.Лхагвасүрэн, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
******* ХХК-д холбогдох,
71,395,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
Манай компани 2010 оноос эхлэн ******* ХХК-ийн эзэмшлийн Баянгол дүүрэг, ******* хороо, *******ийн гудамжны ******* цогцолборын *******- тоот хаягт байрлах оффисын өрөөг 2021 оныг хүртэл түрээсэлж байсан. Ковид цар тахал гарч хөл хорио тогтоосон үеэр тус компанийн захирал ******* нь манай компанийн эд хөрөнгийг хаяж устган, дур мэдэн захиран зарцуулж, өөр хүмүүст зарж борлуулж, тавилга эд хогшлыг 4 жилийн турш ашиглаж байна. Энэ хугацаанд ашигласан үнэртэй ус, гоо сайхны бүтээгдэхүүний төлбөр болох 1,178,000 төгрөг надад буцаан өгсөн, бусад төлбөрийг огт өгөөгүй болно.
...5 жилийн өмнөх хэвлэлийн зардал өсөж, компанийн танилцуулгын үнэ өөрчлөгдсөн. Өмнөх нэхэмжлэхэд алга болгож, зарж үрэгдүүлсэн тавилгын үнийн дүнг оруулаагүй байсныг оруулж, монел залгуур 2 ширхэг 90,000 төгрөг, цэнэглэгч 60,000 төгрөг, камер 4,300,000 төгрөг, компанийн хэвлүүлсэн танилцуулга 22,525,000 төгрөг, юнивишн 120,000 төгрөг, виски 100,000 төгрөг, тавиур 100,000 төгрөг, тавилга бусдаас түрээсэлж хохирсон зардал 24,000,000 төгрөг, суудлын бүрээс 50,000 төгрөг, ус цэвэршүүлэгч 150,000 төгрөг, хурлын ширээ 2,500,000 төгрөг, дугуйгүй сандал 3 ширхэг, дугуйтай сандал 3 ширхэг, ажилтны ширээ 6 ширхэг, кресло 2 ширхэг, номын сан 2,500,000 төгрөг, захирлын хананы шүүгээ 1 ширхэг 700,000 төгрөг, захирлын ширээ 1 ширхэг 1,500,000 төгрөг, захирлын сандал 1 ширхэг 700,000 төгрөг нийт 71,395,000 төгрөг болгон нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Иймд, эд хөрөнгийн хохирол болох 71,395,000 төгрөгийг хариуцагч компаниас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
...Манай компани тоот өрөөнд байсан гэх нэхэмжлэгчийн эд хөрөнгө, техник хэрэгсэл, бичиг баримтыг харж хамгаалах, ашиглах үүрэг хүлээгээгүй, түрээсийн гэрээгээр зөвхөн тоот талбайг л түрээслүүлэхээр гэрээ байгуулсан ба энэ компанийн өмч, эд хөрөнгө, техник хэрэгсэл, бичиг баримт, танилцуулгыг хүлээн авсан ямар нэгэн үйлдэл хийж байгаагүй болно.
...******* ХХК нь түрээсийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлдэггүй, түрээсийн төлбөрийг олон удаа шаардуулж хагас дутуу төлдөг, түрээсийн гэрээг цуцлаад талбайгаа хүлээн авах гэхээр элдэв шалтаг тоочдог. 2019 онд түрээсийн гэрээ цуцлах талаар албан бичгээр мэдэгдсэн ба хүргүүлснээс хойш захирал ******* нь өөрөө сураггүй алга болж холбоо тасарч байгаад 2020 оны 0******* сарын 07-ны өдөр ирсэн ба тэрээр түрээсийн төлбөр төлөх, цаашид байранд байх хүсэлтээ илэрхийлж 2020 оны 0******* сарын 07-ны өдөр 2020/А2*******тай бичгээр 2019 оны түрээсийн төлбөр 4,200,000 төгрөгөөс 2,100,000 төгрөгийг 2020 оны 0******* сарын 14-ний дотор, үлдэх 2,100,000 төгрөгийг 2020 оны 3 дугаар сарын 15-ны дотор төлөх хэрэв түрээсийн төлбөр төлөөгүй тохиолдолд гэрээний дагуу холбогдох арга хэмжээ авахыг зөвшөөрч баталгаа гаргасан.
Гэвч 2020 оны ******* улирлаас ******* нь тоот өрөөндөө ч ирэхгүй түрээсийн төлбөрөө ч төлөхгүй амлалт, баталгаагаа ч биелүүлэхгүй өр төлбөрөө барагдуулахгүй, утсаар ярих гэхээр утсаа авахгүй, мессеж бичихээр хариу бичихгүй, уулзах гэхээр олдохгүй жил гаруй болсон. Түрээслэгч нь гэрээний 2.3.1, 6.1.9, 7.1, 8.1 дахь хэсэгт заасан болон түүний бичсэн. ...баталгаа зэргийг тус тус үндэслэн талбайгаа уг компанид түрээслүүлэн ашиглуулсан. Нэхэмжлэгч нь эд хөрөнгө хаяж устгасан, захиран зарцуулсан гэж илт үндэслэлгүйгээр манай компанийг гүтгэж, төлбөр нэхэмжилж буйг хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэхийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-иас 24,870,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, үлдэх 46,525,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 672,875 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 282,300 төгрөгийн гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
2. Иргэний хуулийн 27 дугаар бүлгийн түрээсийн гэрээний заалтын дагуу Талууд оффисын зориулалтаар тоот өрөөг ашиглуулахаар түрээсийн гэрээтэй байхад Иргэний хуулийн 296 дугаар зүйлийн 296.1 дэх заалтыг хэрэглэснийг буруу гэж үзэж байна.
3. Манай компани нэхэмжлэгчтэй эд хөрөнгө хөлслөх гэрээ хэлцэлгүй, ямар нэгэн эд зүйл хүлээж аваагүй, нэхэмжилж байгаа 24,870,000 төгрөгийн эд зүйлийг хүлээн авсан үйлдэлгүй, тус компанийн эд зүйлийг хадгалж хамгаалах үүрэг хүлээгээгүй байхад эд зүйл хүлээж авсан, түрээслэгчийн эд зүйлийг хадгалж хамгаалах үүргээ биелүүлээгүй гэж дүгнэсэн шүүхийн дүгнэлт нь хавтаст хэргийн нотлох баримтыг дутуу үзэж үндэслэлгүй, нотолгоогүй буруу үнэлж шийдвэрлэсэн гэж үзэж байна.
...*******ийн хүсэлтээр эхнэр ийг гэрчээр оролцуулан эд хөрөнгө уг компанид байсан гэсэн гэрчийн мэдүүлэг эд хөрөнгө манай компанид хүлээлгэн өгсөн нотлох баримт болж чадахгүй.
4. Үл хөдлөх хөрөнгийн түрээсийн гэрээтэй түрээслүүлэгч түрээслэгчдийн харилцааг, эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаагаар Иргэний хуулийн 287.1, 288.1.1, 289.1.2 дахь заалтыг хэрэглэсэн нь үнэн бодит байдалд нийцэхгүй шийдвэр байна гэж үзэж байна.
5. Талууд тоот өрөөг зөвхөн оффисын зориулалтаар түрээслэх түрээсийн гэрээнээс өөр ямар нэгэн гэрээ хэлцэл хийгээгүй үүрэг хүлээгээгүй байхад 24,870,000 төгрөгийн эд зүйлийг хүлээн авснаар дүгнэж Иргэний хуулийн 287 дугаар зүйлийг баримтлан 24,870,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үнэнд нийцэхгүй учир Иргэний хэргийн давж заалдах шүүхэд гомдол гаргаж байна.
Иймд, анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 192/ШШ2025/03148 тоот шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
5. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:
Гэрээний хугацаа дууссанаас хойш 2 жилийн хугацаатай сунгагдсан гэж явж байгаа хэдий ч төлбөр төлөх тухай болон төлбөр төлөх баталгаа гаргах тухай баримтууд хэрэгт авагдсан. Мөн манай компанийн зүгээс 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр үлдэгдэл төлбөрөө төлж барагдуулахаар ******* ХХК-д хандсан бөгөөд 4,200,000 төгрөгийн төлбөр төлөх график гаргаж харилцан тохиролцсон албан бичиг хэрэгт авагдсан. Тус албан бичгээр түрээслүүлэгч болон түрээслэгчийн харилцаа үргэлжилсэн болох нь нотлогдож байна. Миний гар утсанд хадгалагдаж байсан 2020 оноос хойш ******* ХХК-ийн захиралтай харилцаж байсан зурвасуудад үзлэг хийж баримтаар баталгаажуулсан. Тус харилцан яриа бүхий зурвас нь 2020-2022 онд хамаарч байгаа тул уг харилцаа явагдаж байсан гэх утгаар хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж үзэж байна.
Улсын хэмжээнд хөл хорио тогтоочихсон байх хугацаанд эд хөрөнгө хүлээж аваагүй байгууллага нь манай өрөө рүү нэвтрэн орж, миний хэрэглэхээр авсан цоо шинэ үнэртэй ус болон гоо сайхны бүтээгдэхүүнийг хулгайлж авсан. Дээрх зүйлсийг авснаа хүлээн зөвшөөрч 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр миний данс руу 100,000 төгрөгийг шилжүүлсэн. Үүнээс үзвэл юу ч байгаагүй хоосон өрөө байсан гэж тайлбарлаж байгаа нь ёс зүйд нийцэхгүй байна. Манай байгууллага цар тахлын хөл хорио тогтоохоос өмнө дотор нь байсан тавилга, эд хогшил, ширээ сандал, ханын шүүгээнийхээ зургийг баримтжуулж авсан бөгөөд тус зураг хэрэгт авагдсан.
Мөн хариуцагч байгууллагын захиралд тавилга, эд хогшил гэх мэт 13 зүйл алга болсон тухай 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр зурвасаар мэдэгдэхэд ******* захирал алга болсон зүйлсийг хүлээн зөвшөөрч за гэх хариу зурвасыг ирүүлсэн. Мөн тавилга байхгүй байсан гэж маргаж байгаа хүмүүс нь над руу ...өрөөнийхөө тавилгыг зарах уу, зарах бол танай өрөөнд оръё гэсэн хүмүүс чиний бүх тавилгыг худалдаж авъя гээд байна... гэсэн зурвас бичсэн байдаг. Үүнээс дүгнэвэл, хоосон өрөө байсан, тавилга эд хогшил байгаагүй гэх тайлбар үндэслэлгүй болох нь нотлогдож байна. Мөн зураг дээр ******* ХХК-ийн ТУЗ-ийн дарга н., захирлаар ажилладаг түүний хүргэний үйл ажиллагаа явуулж байгаа 202 тоот өрөөнд орж үзэхэд манай ширээ сандлыг ашиглаж байсан. Үүнийг мөн гэрэл зургаар баталгаажуулж, хэрэгт өгсөн гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан 71,395,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Хэрэгт авагдсан баримтаар зохигчид 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр түрээсийн гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-ийн өмчлөлийн Баянгол дүүрэг, ******* хороо, *******ийн гудамж, ******* цогцолборын ******* дугаартай барилгын 4 давхрын тоот хаягт байрлах 40 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг 2 жилийн хугацаагаар түрээслэхээр тохиролцжээ. /х.х-ийн 58-59/
Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн боловч нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйгээс шүүхийн шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байх тул давж заалдах шатны шүүхээс үүнийг залруулна.
4. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.
Өөрөөр хэлбэл, түрээслүүлэгч ******* ХХК нь ашиглах боломжтой, ашиглалтын шаардлага хангасан, биет байдлын болон эрхийн доголдолгүй эд хөрөнгийг түрээслэгч ******* ХХК-ийн эзэмшилд шилжүүлэх үүрэг хүлээнэ.
Мөн тус хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-д Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ гэж, 318.4-т Энэ хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж тус тус заасан.
Тайлбарлавал, хуульд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгийн төрлөөс үл хамаарч түрээсийн гэрээг заавал бичгээр байгуулах ёстой бөгөөд энэ нь тус хуулийн 4******* зүйлийн 42.2-т Энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно гэж зааснаар хүчин төгөлдөр болох учиртай.
5. Үүнээс гадна үл хөдлөх хөрөнгийг бүхэлд нь бусдад түрээслэх нөхцөлд үл хөдлөх хөрөнгийн бүртгэлд гэрээг заавал бүртгүүлэхээр зааж, харин үл хөдлөх эд хөрөнгийн зарим хэсгийг түрээслэх нөхцөлд гэрээг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т зааснаар бичгээр байгуулах шаардлагад нийцсэн бол гэрээг хүчин төгөлдөр гэж үзнэ.
Анхан шатны шүүх талуудын байгуулсан түрээсийн гэрээгээр хариуцагч нь өөрийн өмчлөлийн зургаан давхар барилгын тодорхой хэсэг буюу 4 давхрын тоотод байрлах 40 м.кв талбайг нэхэмжлэгчид түрээслүүлсэн байх тул энэхүү түрээсийн гэрээг заавал улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагагүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.
Зохигч түрээсийн гэрээ байгуулагдсан талаар маргаагүй боловч хариуцагч нь нэхэмжлэгчийн эд зүйлийг дур мэдэн захиран зарцуулсан эсэх болон хөөн хэлэлцэх хугацааны талаар маргажээ.
6. Шүүхээс талуудын хооронд цахимаар харилцсан зурваст үзлэг хийсэн баримт /тэмдэглэл/-аар хариуцагчаас нэхэмжлэгч рүү ...чи тавилгаа зарах юм уу, орох хүмүүс асуугаад байна, зарвал бүх тавилгыг чинь авъя гээд байна шүү... гэх зурвас бичиж байснаас гадна, /х.х-ийн 86/
хариуцагч нь нэхэмжлэгчийн ...2 ширээ Цогзолмаа гэр орондоо аваачсан асуудал байна, 3 лаптоп 2 үнэртэй ус, гэрэлтүүлэг, камер байхгүй байна, шар шүүгээний юмнууд дутуу алга болсон байна... гэх зурваст байгаа гэх хариу /х.х-ийн 86/
мөн ...хар хогийн сав, цагаан хувин, лаптоп тавиур 3, хар хавтас, машины шил арчигч шингэн, Algotherhm брэндийн гоо сайхны бүтээгдэхүүн эд нар бас байхгүй байна, юмнуудаа хэзээ очиж авах вэ, хэзээ байх вэ гэх зурваст ...би маргааш байна, ирээд аваарай, байна гэх хариу, /х.х-ийн 87/
...2 залгуур монел, ай фоне цэнэглэгч, камер, камер линз, компанийн хэвлэмэл танилцуулга 1 хайрцаг, ус цэвэршүүлэгч баллон, үнэртэй ус, виски, юнивишний бокс, тв удирдлага, лаптоп тавиур 3, algotherm брэндийн гоо сайхны 3 бүтээгдэхүүн 11 сарын 07-нд ирж авсан юманд огт байхгүй байна гэх зурваст ...за... гэх хариу өгч байжээ. /х.х-ийн 89/
Өөрөөр хэлбэл, хариуцагч нь нэхэмжлэгчид түрээсэлж байсан талбайг өөр байгууллагад түрээсэлсэн бөгөөд тухайн байгууллага нь нэхэмжлэгчийн эд хөрөнгийг худалдаж авах санал гаргасныг нэхэмжлэгчид дамжуулж байснаас үзвэл нэхэмжлэгчийн өмчлөлийн эд хөрөнгө тухайн түрээсийн талбайд байсан байх тул хариуцагчийн ...нэхэмжлэгчийн эд хөрөнгө түрээсийн талбайд байгаагүй, үлдээгүй... гэх тайлбар үндэслэлгүй байна.
7. Түүнчлэн Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5-д Энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилнэ гэж, 301 дүгээр зүйлийн 301.1-т Газар, байшин болон орон сууц хөлслүүлэгч нь эд хөрөнгө хөлслөх гэрээг биелүүлэхтэй холбоотой шаардлагаа хангуулах зорилгоор тухайн газар, байшин орон сууцанд байгаа хөлслөгчийн эд хөрөнгийг саатуулан барих эрхтэй гэж тус тус заасан.
Тодруулбал, түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх журам нэгэн адил үйлчлэх ба түрээслэгч нь түрээсийн төлбөрийг төлөөгүй тохиолдолд түрээслүүлэгч нь түрээсийн талбай /өрөө/-д байгаа түрээслэгчийн өмчлөлийн эд хөрөнгийг түр саатуулан барих эрхтэй боловч тийнхүү саатуулан барих явцад тухайн эд хөрөнгийг устгах, гэмтээх, үрэгдүүлэх учиргүй юм.
Хэрэгт авагдсан баримт болон зохигчийн тайлбараар түрээслүүлэгч ******* ХХК нь түрээслэгч ******* ХХК-ийг түрээсийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр тус компанийн өмчлөлийн эд хөрөнгийг саатуулан барьсан гэх үйл баримт тогтоогдоогүй, мөн хариуцагч нь нэхэмжлэгчид хохирол төлж байсан нөхцөл байдлыг тус тус үндэслэн хариуцагчийн ...нэхэмжлэгчийн эд хөрөнгийг хүлээн аваагүй, хадгалах, хамгаалах үүрэг хүлээгээгүй болон дур мэдэн захиран зарцуулаагүй... гэсэн тайлбарыг хүлээн авахгүй.
8. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох зорилгоор гаргаж өгсөн баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйг давж заалдах шатны шүүхээс залруулна.
8.1. Нэхэмжлэгч нь монел залгуур 2 ширхэг, Iphone цэнэглэгч, Ikon d800 камер, Nikon f2.8 24-70 lend, Univision box, router, виски, Laptop тавиур, суудлын бүрээс, ус цэвэршүүлэгч, номын сан /5 шилэн хаалгатай/, захирлын хананы шүүгээ, захирлын ширээ, захирлын сандал зэргийг худалдан авахад нийт 10,420,000 төгрөгийн зардал гаргасан талаарх зарлагын баримт өгсөн боловч тус компаниас ийм хэмжээний мөнгө зардлаар гарсан /эд хөрөнгө худалдан борлуулж байгаа байгууллагад орлого орсон/ баримт байхгүйгээс гадна эдгээр баримтад эд хөрөнгийг хүлээн авсан хүний нэр тодорхойгүй байна. /х.х-ийн 68-70/
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь тухайн нэр дурдсан эд хөрөнгийг 10,420,000 төгрөгөөр худалдан авсан гэсэн тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т тус тус зааснаар нотлоогүй.
8.2. Харин нэхэмжлэгчийн нэхэмжилж буй эд хөрөнгөөс хурлын ширээ 2,500,000 төгрөгөөр, ажилтны ширээ 6 ширхгийг 9,000,000 төгрөгөөр, кресло 2 ширхгийг 1,500,000 төгрөгөөр, дугуйтай сандал 3 ширхгийг 900,000 төгрөгөөр, чарган сандал 3 ширхгийг 600,000 төгрөгөөр нийт 14,500,000 төгрөгийн эд хөрөнгийг худалдан авсан болох баримтаар тогтоогдож байна. /х.х-ийн 64-67/
Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-т Албан татвар төлөгчийн нэг ба түүнээс дээш жилийн хугацаанд ашиглах хөрөнгөд элэгдэл, хорогдлыг дараах байдлаар тооцно гээд барилга байгууламж, газрын тохижилт, машин, механизм, техник, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, компьютер, дагалдах тоног төхөөрөмж, программ хангамж, ашиглах хугацаа нь тодорхой биет бус хөрөнгөөс бусад хөрөнгөд 10 хувиар элэгдэл хорогдол тооцохоор заасан.
Анхан шатны шүүх ахуйн хэрэглээний явцад элэгдэж, хорогддог эд хөрөнгийн үнээс хуульд заасан хэмжээгээр элэгдэл хорогдол тооцоогүй нь буруу болжээ.
Иймд, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас баримтаар тогтоогдсон 14,500,000 төгрөгийн эд хөрөнгөөс элэгдэл хорогдлыг 10 хувиар тооцож 13,050,000 төгрөг /14,500,000 1,450,000/-ийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
9. Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн, нэхэмжлэгч компанийн төлөөлөгч *******ийн эхнэр ийг гэрчээр оролцуулсан нь ашиг сонирхлын зөрчилтэй этгээдийг гэрчээр асуусан гэх гомдлыг хүлээн авах үндэслэл тогтоогдсонгүй. Учир нь,
9.1. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2-т Энэ хуульд өөрөөр заагаагүй бол дараахь тохиолдолд хөөн хэлэлцэх тусгай хугацаа үйлчилнэ гээд, 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж, мөн 79 дүгээр зүйлийн 79.1-т Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана гэж тус тус заасан.
Талууд 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 2 жилийн хугацаатай түрээсийн гэрээ байгуулж гэрээний хугацаа 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр дууссан боловч хариуцагч ******* ХХК-иас 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 1 тоот албан бичгээр түрээсийн талбайг чөлөөлж өгөхийг нэхэмжлэгч ******* ХХК-д мэдэгдэж, /х.х-ийн 18/
нэхэмжлэгч ******* ХХК-ийн 2020 оны 0******* сарын 07-ны өдрийн 2020/а22 тоот баталгаа гаргах тухай албан бичгээр түрээсийн төлбөрөө 2020 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлөхөө илэрхийлж байжээ. /х.х-ийн 19/
Улмаар хариуцагч байгууллагын 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн мэдэгдлээр 2021 оны 0******* сарын 01-ний өдрөөр тасалбар болгон түрээсийн гэрээг дуусгавар болгох тухай мэдэгдсэн байна. /х.х-ийн 20-21/
Үүний дараа хариуцагч ******* ХХК-иас нэхэмжлэгч ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал ******* руу 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 1,178,000 төгрөгийг үнэртэн комны үнэ гэх утгаар шилжүүлжээ. /х.х-ийн 77/
Хариуцагч нь нэхэмжлэгчид хохирол 1,178,000 төгрөг төлснөөр хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан байх тул энэхүү өдрөөс хойш хөөн хэлэлцэх 3 жилийн хугацааг тоолоход 2025 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр дуусах бөгөөд нэхэмжлэгч нь 2024 оны 1******* сарын 16-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй.
9.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т Хэргийн нотлох баримт нь зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, бичмэл ба цахим баримт, эд мөрийн баримт, эсхүл баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, кино ба гэрэл зураг, зураглал, дүрс, дууны бичлэг, ул мөрнөөс буулгаж авсан хэв, үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно гэж, 43 дугаар зүйлийн 43.7-д 43.7.Зохигчийн эхнэр, нөхөр, эцэг, эх, хүүхдийг зөвхөн өөрсдийнх нь зөвшөөрснөөр гэрчээр мэдүүлгийг авч болно. Энэ тохиолдолд тэд гэрчийн эрх эдэлж, үүрэг хүлээнэ гэж тус тус заажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцсон т шүүгч хууль сануулж гэрчийн мэдүүлэг авснаас гадна түүний гэрчээр өгсөн мэдүүлэг нь дээр дурдсан талуудын хооронд цахимаар харилцсан зурваст үзлэг хийсэн тэмдэглэлээр давхар нотлогдож байх тул гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлсэн нь хуульд нийцсэн байна.
10. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас тавилга бусдаас түрээсэлж хохирсон зардал 24,000,000 төгрөг, компанийн хэвлүүлсэн танилцуулга 22,525,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргаагүй учир талуудын зарчмын хүрээнд энэ талаар дэлгэрэнгүй дүгнэлт өгөхгүй.
Анхан шатны шүүх хариуцагчийг түрээсийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, түрээслэгчийн эд хөрөнгийг дур мэдэн захиран зарцуулсан гэсэн үндэслэлээр Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг баримталж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.
Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 192/ШШ2025/03148 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтад ...24,870,000 гэснийг 13,050,000 гэж, ...46,525,000 гэснийг 58,345,000 гэж,
2 дахь заалтад ...282,300 гэснийг 223,200 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 248,700 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 17******* зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР
ШҮҮГЧИД Ж.ЛХАГВАСҮРЭН
Б.МАНДАЛБАЯР