| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гоошоохүүгийн Даваадорж |
| Хэргийн индекс | 183/2024/07400/И |
| Дугаар | 210/МА2025/01687 |
| Огноо | 2025-10-03 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 10 сарын 03 өдөр
Дугаар 210/МА2025/01687
******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Б.Мандалбаяр, Ерөнхий шүүгч Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 191/ШШ2025/04577 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч ******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч ****** ХХК-д холбогдох,
Орон сууцны өмчлөгчөөр тогтоож, өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн, Ерөнхий шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагчийн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Нэхэмжлэгч ****** нь ****** ХХК-тай 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Цонх/1 дугаартай Орон сууц захиалгын гэрээ байгуулж, Хан-Уул дүүрэг, 16 дугаар хороо, одоогийнхоор 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй үйлчилгээний төвтэй, ******* хотхоны Б блок 1 дүгээр орц, 12 давхарт С загварын 74.18 м.кв талбайтай 69 тоот 3 өрөө орон сууцыг захиалж гэрээний төлбөр болох 100,143,000 төгрөгийг бүрэн төлсөн болно.
******* барилгын ажил удааширсан зарим орон сууц дээр давхардуулан захиалга авсан гэх тул өөрийн захиалсан дээрх орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийг саадгүй бүртгүүлэх шаардлагатай гэж үзэж байна.
Иймд ******ыг Хан-Уул дүүрэг, 16 дугаар хороо, одоогийнхоор 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй үйлчилгээний төвтэй, ******* хотхоны ******* блок 1 дүгээр орц, ******** давхарт С загварын 74.18 м.кв талбайтай ******* тоот 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, өмчлөх эрхийг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлэхийг хариуцагчид даалгаж өгнө үү.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Байр захиалан бариулах гэрээ хийсэн ****** нь гэрээ байгуулсан боловч гэрээний үүргийн гүйцэтгэл болох вакум цонхны ажил аль эсвэл гэрээнд заасан дансанд мөнгө хийх үүргээ биелүүлээгүй учир өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 9 дүгээр зүйлийн 9.4.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******ыг Хан-Уул дүүрэг, 16 дугаар хороо (өөрчлөгдсөн хаяг 25 дугаар хороо), ******* хотхоны ******* блок 1 дүгээр орц, ****** давхарт С загварын 74.18 м.кв талбайтай ******* тоот 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, өмчлөх эрхийг улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагч ****** ХХК-нд даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 658,665 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ****** ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 658,665 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******т олгуулахаар шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 191/ШШ2025/04577 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:
4.1. Нотлох баримтыг дутуу үнэлсэн шүүхийн журмаар цуглуулах зарим баримт бүрдээгүй байхад шүүх хурал хийсэн талаар:
Хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасны дагуу нотлох баримт гаргуулахаар 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн шүүх хурлаар ...Хан-Уул дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсээс хэрэг бүртгэлтийн 231002381 дугаартай хэргээс эрүүгийн хэрэг үүсгэсэн прокурорын тогтоол, хохирогчоор тогтоосон мөрдөгчийн тогтоол, хохирогчийн мэдүүлгийг тус тус нотлох баримтаар гаргуулахаар захирамжилж шүүх хурлыг хойшлуулсан. Гэтэл тухайн захирамж хангагдаагүй байхад буюу нотлох баримт ирээгүй байхад шүүх хурлыг явуулж шийдвэр гаргасан нь ... шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна. Шийдвэрийг... нотлох баримтын үндсэн дээр гаргана гэснийг болон шүүгчийн захирамж заавал биелэгдэх зарчмыг зөрчсөн байна. Энэ нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэрэг хянан шийдвэрлэх үндэс болсон нотлох баримтыг үнэлэх тэдгээр баримтуудтай холбоотой мэтгэлцэх эрхийг хязгаарласан үйлдэл болсон.
Тухайн маргаан бүхий орон сууцын төлбөр болох барилгын цонхыг үүрэг гүйцэтгэгч хийж өгөөгүйгээс болж өөр иргэн Түвшинжаргалаар хийлгүүлж ажлын хөлс болох ******* хотхоны ******* блок 1 орц С загварын 74,18 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг өгсөн бөгөөд тухайн хүн өөрийн хамаарал бүхий ******* гэдэг хүний нэр дээр өмчлөлөө авахаар болж гэрээ хийгдсэн байгаа. Энэ тухай шүүхэд бичгээр тайлбар хүргүүлсэн боловч эрх ашиг нь шууд хөндөгдсөн шударга өмчлөгчийн асуудлыг шийдвэрлэхгүйгээр орхигдуулсан.
Нэхэмжлэгч төлбөрийн мөнгөнөөс 36,143,000 төгрөгийг *******гийн дансанд шилжүүлсэн нь өөрөө хууль болон гэрээгээ зөрчсөн үйлдэл байсаар атал шүүх гүйцэтгэх удирдлага байсан хүний дансанд хийсэн учраас төлбөр төлсөнд тооцсон нь хуулийг дутуу хэрэглэсэн. Учир нь *******тай байгуулсан Орон сууц захиалагчтай байгуулсан гэрээ 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн № цонх/1 дугаартай гэрээ нь болзол тавьсан хэлцэл байсан бөгөөд барилгын цонхуудыг бүрэн хийж дууссанаар төлбөр төлөгдөж дуусахаар зохицуулагдсан байсан. Хүсэл зорилго нь тухайн орон сууцны барилгын цонхыг өөрсдийнхөө материалаар чанарын өндөр түвшинд бүрэн хийж гүйцэтгэх, үүнийхээ хөлсөнд дээрх маргаан бүхий орон сууцыг авах байсан. Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-т зааснаар шууд утгаар ойлгомжтой байдлаар гэрээнд тусгасан байсан. Шүүхийн хэлэлцүүлгийн явцад гэрээний зүйл хангагдаагүй болох тухай маш тодорхой тайлбарласан боловч шүүх хүлээж аваагүй. Гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1 болон 4.2-т төлбөрийн нөхцөлүүдийг тодорхой заасан боловч аль ч нөхцөл биелэгдээгүй байна.Гүйцэтгэх удирдлагаар ажиллаж байсан ******* нь гэрээгээр ажиллаж байсан эрх үүрэг нь хязгаартай, компанийг төлөөлж бусадтай гэрээ байгуулах, төлбөр хүлээн авах эрхгүй бөгөөд Бүрэн өргөө ХХК нь үүсэн байгуулагдаж улсын бүртгэлд бүртгүүлсэн цагаасаа хойш ******* гэсэн 1 үүсгэн байгуулагчтай байсан бөгөөд 100 хувь эзэмшигч нь юм.
Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.6 дахь хэсэгт Гүйцэтгэх удирдлага нь ... байгуулсан гэрээний үндсэн дээр үйл ажиллагаагаа явуулна, 83.7 дахь хэсэгт Энэ хуулийн 83.6-д заасан гэрээнд ... гүйцэтгэх удирдлагын эрх, үүрэг, хариуцлагын хэмжээ, хязгаар, хариуцлагаас чөлөөлөх үндэслэл, хөлс, урамшуулал зэрэг асуудлыг тусгасан байна., 83.8 дахь хэсэгт Гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх гэж заасанчлан *******д төлбөр тооцоог өөрийн дансаар авах эрх хэмжээ байгаагүй болно.
******, ******* ХХК-ийн хооронд хийгдсэн Хамтын гэрээ-нд маргаан бүхий орон сууц болон өөр орон сууц 2-оос аль нэгийг сонгохоор хугацаа зааж гэрээлсэн байдаг бөгөөд тухайн заасан 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдөр дээрх орон сууц ашиглалтад ороогүй, энэ хугацаанд үндсэн үүрэг болох барилгын цонх хийгдээгүй.
Хариуцагчийн зүгээс үндсэн ажил гүйцэтгэгч буюу ******* ХХК-тай Цонхны ажил гүйцэтгэх гэрээ-г цуцалж бартерт өгөх байсан ******* хотхоны ******* блок 1 орц С загварын 74,18 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг буцаан авч байгаа талаар болон үүнтэй холбоотой төлбөр тооцоог манай компани хариуцахгүй ******* ХХК- тай шийдвэрлэх талаар 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 11/10 дугаартай албан тоотоор тодорхой дурдсан, мөн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 11/24 дугаартай албан тоотоор тухайн орон сууц манай компанийн өмчлөлд бүрэн байгаа талаар мэдэгдсэн. 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 10/15 дугаартай албан тоотоор ******* ХХК-д ажил гүйцэтгээгүй тул гэрээг цуцалж бартерт өгсөн ******* хотхоны ******* блок 1 орц С загварын 74,18 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг буцаан авч байгааг мэдэгдэж мэдэгдэл хүргүүлсэн зэрэг хариу тайлбар татгалзлаа нотолсон баримтуудыг шүүх үнэлээгүй.
4.2. Зарим хууль дутуу хэрэглэсэн талаар:
Шүүх Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн атлаа 343.2 дахь хэсэгт ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна. Гүйцэтгэсэн ажил хүлээлгэн өгсөн зүйл байхгүй байж төлбөрт өгөх байсан орон сууцны өмчлөгч гэж байгаа хууль бус шаардлагыг шүүх хангаж шийдвэрлэсэн. Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.1 дэх хэсэгт талууд өөрөөр тохиролцоогүй бол ажлыг бүрэн гүйцэтгэж ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үед хөлс төлөх хуулийн зохицуулалтуудыг дутуу хэрэглэсэн. 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн ******тай байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1 дэх хэсэгт заасан урт хугацааны гэрээ байсан бөгөөд 220 дугаар зүйлүүдэд заасан нөхцөл байдал өөрчлөгдсөн үүссэн тул гэрээ биелэгдэх боломжгүй байдал үүссэнийг удаа дараа бичгээр мэдэгдсэн байна. Шүүх эдгээр хуулийн заалтуудыг хэрэглэхгүй орхигдуулж зөвхөн нэхэмжлэгч талд ашигтай нотлох баримтууд болон хуулийн заалтуудыг үндэслэн шийдвэр гаргасан.
Иймээс Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 191/ШШ2025/04577 шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү.
5. Нэхэмжлэгч тал шүүх хуралдаанд оролцоогүй бөгөөд хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд тайлбар гаргаагүй болно.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ****** нь хариуцагч ****** ХХК-д холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагчтай орон сууц захиалгын гэрээ байгуулж, гэрээний үнийг бүрэн төлсөн тул уг орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор шаардах эрхтэй гэж тодорхойлсон.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч нэхэмжлэгч нь гэрээнд заасны дагуу төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй, тухайн орон сууцыг ******* ХХК-тай байгуулсан цонхны ажил гүйцэтгэх гэрээний дагуу төлбөрт тооцон өгөхөөр тохиролцсон боловч тус компани нь гэрээний үүргээ биелүүлээгүй тул ажлыг өөр этгээдээр гүйцэтгүүлж, ажлын хөлсөнд орон сууцыг шилжүүлэн өгсөн, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэх агуулгаар татгалзлаа илэрхийлжээ.
3. Нэхэмжлэгч ****** нь хариуцагч ****** ХХК-тай 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Орон сууц захиалагчтай байгуулах гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагч ****** ХХК нь Хан-Уул дүүрэг, 16 дугаар хороо, ******* үйлчилгээний төвтэй орон сууцны ****** блок, 1 дүгээр орц, ****** давхрын С айл, 74,18 м.кв талбайтай 3 өрөө ******* тоот орон сууцыг барьж захиалагч буюу нэхэмжлэгч ******т хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцож, гэрээний төлбөр болох 100,143,000 төгрөгийг вакум цонхны материал, ажлын хөлсөөр төлсөн талаар дурдсан байна. /хх-ийн 4-6/
4. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг зөв тогтоосон боловч талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэснийг болон шаардах эрхийн үндэслэлд хамааралгүй хуулийн заалтыг шийдвэрийн тогтоох хэсэгт баримталсныг давж заалдах шатны шүүхээс залруулж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулна.
5. Талууд гэрээ байгуулах үед орон сууц бий болоогүй, тодорхой хугацааны дараа ашиглалтад орж, өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсон нь ажил гүйцэтгэх гэрээний шинжийг агуулсан байх боловч тухайн барилгаас давхар, талбайн хэмжээ, тоот, өрөөний тоо зэргийг сонгож, орон сууц авах зорилготой, түүнчлэн уг орон сууцны барилгын материал болон хийцлэлийн талаар тохиролцоогүй байдлаас үзэхэд худалдах, худалдан авах гэрээний шинжийг илүү агуулсан байх тул зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж үзнэ.
Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.
5.1. Хариуцагч ****** ХХК нь ******* ХХК-тай цонхны ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, ******* ХХК нь Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт барьж буй орон сууцны барилгын А блокийн 1620,64 м.кв цонхыг нийт 324,128,000 төгрөгөөр хийж гүйцэтгэх, хариуцагч ****** ХХК нь ажлын хөлсний 39 хувийг бартераар буюу ******* блокийн 1 дүгээр орц ****** давхрын С загвар, 74,18 м.кв талбайтай ****** тоот орон сууцыг төлбөрт тооцон өгсөн, 61 хувь болох 198,022,000 төгрөгийн 60,000,000 төгрөгийг 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдөр, үлдэх 133,022,000 төгрөгийг ажлын гүйцэтгэлээр олгохоор харилцан тохиролцжээ.
Дээрх тохиролцооны дагуу ******* ХХК нь хариуцагч ****** ХХК-аас төлбөрт тооцон авах орон сууцыг нэхэмжлэгч ******т худалдахаар тохиролцсоны дагуу нэхэмжлэгч нь орон сууцны үнэд 65,000,000 төгрөгийг ******* ХХК-д төлсөн талаар тайлбарласан. Харин хариуцагч нь ******* ХХК цонхны ажил гүйцэтгэх гэрээний үүргээ биелүүлээгүй тул төлбөр төлөгдсөн гэж үзэхгүй гэж татгалзсан байна. /хх-ийн 10, 58-60/
5.2. Хэргийн 44-53 дугаар талд авагдсан Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 орны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 181/ШШ2023/03714 дугаар шийдвэрээр хариуцагч ****** ХХК-д холбогдуулан гаргасан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг даалгах, алданги 6,609,240 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ******ын нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн байна. Уг шийдвэрийн үндэслэх хэсэгт ******* ХХК нь нэхэмжлэгчид Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар шаардах эрхээ шилжүүлсэн, хариуцагч гэрээ цуцлах талаар нэхэмжлэгчид мэдэгдсэн баримтгүй бөгөөд гэрээ хүчин төгөлдөр, нэхэмжлэгч нь дээрх 69 тоот 3 өрөө орон сууцны үнэд 65,000,000 төгрөгийг хариуцагчид төлсөн гэж үзэх үндэслэлтэй талаар дүгнэж, шийдвэр хүчин төгөлдөр болжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй тул нэхэмжлэгч нь гэрээний үнэд 65,000,000 төгрөгийг хариуцагчид төлсөн гэж үзэх ба энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
5.3. Талуудын байгуулсан гэрээгээр орон сууцны нийт үнийг 100,143,000 төгрөгөөр тохиролцсон бөгөөд нэхэмжлэгч ****** нь үлдэх 36,143,000 төгрөгийг хариуцагч ****** ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан *******гийн дансаар шилжүүлж төлсөн талаар тайлбарласныг хариуцагч үгүйсгээгүй, харин гэрээнд тусгагдаагүй, тус компанийг төлөөлөх эрхгүй этгээдийн дансанд төлснийг үүргээ гүйцэтгэсэнд тооцохгүй гэж маргасан байна. ******* нь 36,143,000 төгрөгийг шилжүүлж авах үед буюу 2024 оны 11 дүгээр сарын 15-ны байдлаар хариуцагч ****** ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдсон. Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8 дахь хэсэгт гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулахаар заасны дагуу *******г үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхтэй этгээд гэж үзэхээр байх тул нэхэмжлэгч төлбөрийн үлдэгдэл 36,143,000 төгрөгийг түүний дансанд шилжүүлснийг буруутгах үндэслэлгүй. /хх-ийн 23-р тал/
Нөгөө талаар, зохигчийн байгуулсан гэрээний 4.2-т гэрээний үнэ болох 100,143,000 төгрөг нь вакум цонхны материал болон ажлын гүйцэтгэлээр төлөгдсөн гэж тусгасан байх тул нэхэмжлэгч ******ыг тухайн орон сууцны өмчлөгчөөр тогтоож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасанд нийцжээ.
Иймд, ******* ХХК гэрээний үүргээ биелүүлээгүй, орон сууцны төлбөр төлөгдөөгүй гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй, энэ талаар гаргасан хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй.
6. Мөн, хариуцагчийн төлөөлөгч нь Хан-Уул дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсээс хэрэг бүртгэлтийн 231002381 дугаартай хэргээс эрүүгийн хэрэг үүсгэсэн прокурорын тогтоол, хохирогчоор тогтоосон мөрдөгчийн тогтоол, хохирогчийн мэдүүлгийг нотлох баримтаар гаргуулах хүсэлтийг шүүгчийн захирамжаар хангаж шийдвэрлэсэн боловч захирамжийн биелэлт хангагдаагүй байхад хэргийг шийдвэрлэсэн, маргаан бүхий орон сууцыг *******гийн өмчлөлд шилжүүлэхээр гэрээ хийгдсэн байхад шударга өмчлөгчийн асуудлыг шийдвэрлэхгүй орхигдуулсан, ******* ХХК ажил гүйцэтгэх гэрээний үүргээ биелүүлээгүйтэй холбоотойгоор тус компанитай байгуулсан гэрээг цуцалж, гэрээний үнэд төлсөн дээрх 3 өрөө орон сууцыг буцаан авч байгаа талаар мэдэгдсэн баримтуудыг үнэлээгүй гэх агуулгаар давж заалдах гомдол гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас ****** ХХК-д холбогдох эрүүгийн хэргийн материалаас хэрэг үүссэн тогтоол, хохирогчийн мэдүүлэг зэргийг нотлох баримтаар гаргуулахаар хүсэлт гаргасныг шүүгчийн 2025 оны 04 дүгээр сарын 23ны өдрийн захирамжаар хангаж шийдвэрлэн, захирамжийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст хүргүүлэхэд ... хэрэг нь Залилах гэмт хэрэгтэй тэмцэх газарт шилжсэн байх тул Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэгтэй тэмцэх газраас авна уу гэсэн хариу ирүүлжээ. Үүнтэй холбоотойгоор дахин хүсэлт гаргаагүйгээс гадна хариуцагч компани орон сууц захиалагчдыг залилсан гэм буруутай эсэхийг тогтоохоор эрүүгийн журмаар шалгаж байгаа нь нэхэмжлэгч ******тай байгуулсан гэрээний үүрэгтэй холбоотой иргэний маргааныг хянан шийдвэрлэхэд саад болохгүй.
Хариуцагч талаас орон сууцны өмчлөх эрхийг *******д шилжүүлэхээр гэрээ байгуулсан гэх боловч энэ талаарх баримтыг хэрэгт хавсаргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх явцад эрх, ашиг нь хөндөгдсөн этгээдийг гуравдагч этгээдээр оролцуулах талаар зохигч хэн аль нь хүсэлт гаргаагүй байх тул шударга өмчлөгчийн асуудлыг шийдвэрлээгүй гэх гомдол үндэслэлгүй. Түүнчлэн, хариуцагч ****** ХХК нь ******* ХХК-тай байгуулсан цонхны ажил гүйцэтгэх гэрээг цуцалсан нь нэхэмжлэгч ******тай байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээний хүчин төгөлдөр байдлыг хөндөхгүй тул гэрээ цуцалсан талаарх нотлох баримтыг үнэлээгүй гэх гомдлыг мөн хангахгүй.
Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 191/ШШ2025/04577 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 9 дүгээр зүйлийн 9.4.1 ... гэснийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 658,665 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР
ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ