| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2019/1287/Э |
| Дугаар | 1456 |
| Огноо | 2019-09-18 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Ц.Оюун-Эрдэнэ |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 18 өдөр
Дугаар 1456
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганбаяр,
Улсын яллагч Ц.Оюун-Эрдэнэ,
Хохирогч Я.Заяабаатар,
Иргэний хариуцагч Д.Бадамсүрэн,
Шүүгдэгч Б.Ц , түүний өмгөөлөгч Г.Энхтүвшин нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б.Ц д холбогдох эрүүгийн 1903 00523 0280 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1996 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эх, эцэг, 2 дүү, эхнэрийн хамт Баянзүрх дүүргийн 21 дүгнээр хороо тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар, Б.Ц .
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Ц нь 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 11 цаг 40 минутын үед Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр, Цагдаагийн академийн урд замд “Daihatsu Hijet” маркийн 12-64 УБА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т гэсэн заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Я.Заяабаатарыг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан
үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ц мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Я.Заяабаатар мэдүүлэхдээ: “...Хэлэх зүйл алга. Шинжээчийн дүгнэлтийг зөвшөөрч байна. Хөдөлмөрийн чадвараа 70 хувь алдсан. Би 1 сарын 600.000 төгрөгийн цалин авч байсан. Гэмт хэргийн улмаас 1 жилийн цалин хөлс болох 7.200.000 төгрөгийг нэхэмжилж байна. Үүнийгээ нөхөн төлүүлэх хүсэлтэй байна...Шүүгдэгч нь миний хүүхдээс ялгаа юу байх вэ. Ялыг нь тэнсэж өгнө үү гэж хүсч байна.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагч Д.Бадамсүрэн мэдүүлэхдээ: “...12-64 УБА улсын дугаартай машин нь миний нэр дээр байдаг манай гэр бүлийн хэрэгцээний машин. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх зүйл заалтын агуулгыг ойлгож байгаа. Би нэг хувийн байгууллагад тогооч хийдэг.” гэв.
Мөн шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэргээс зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-3-5/, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-6-8/, хохирогч Я.Заяабаатарын өгсөн мэдүүлэг /хх-15-16/, иргэний хариуцагч Д.Бадамсүрэнгийн өгсөн мэдүүлэг /хх-20/, гэрч Б.Мөнгөнхуягийн өгсөн мэдүүлэг /хх-24/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 6047 дугаартай дүгнэлт /хх-27, 28-29/, явган зорчигчийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-12/, иргэний хариуцагчаар татах тогтоол /хх-19/, гэрч З.Бадамын өгсөн мэдүүлэг /хх-23/, Б.Ц гийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-22/, орлогын ордер /хх-30/, Гэмтэл согог судлалын Үндэсний төвийн компьютер томограф /хх-31-32/, Б.Ц гийн иргэний үнэмлэхний лавлагаа, жолооны үнэмлэхний лавлагаа, хуулбар /хх-43, 44, 45/, шүүгдэгч Б.Ц гийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-49/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-77/, хохирогч Я.Заяабаатарын Тээврийн прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-81/ зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Б.Ц нь 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 11 цаг 40 минутын үед Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр, Цагдаагийн академийн урд замд “Daihatsu Hijet” маркийн 12-64 УБА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т гэсэн заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Я.Заяабаатарыг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Я.Заяабаатарын өгсөн: “...Манай компани нь Цагдаагийн академийн ажилчдын орон сууцны сангийн ажлыг хийж байсан ба 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн өглөө би ажилдаа явах гээд гэрээсээ гараад явж байгаад найз Энхбаттай долоон буудал дээр нэг шил 0.5 литрийн архи хувааж уусан. Тэгээд би тэндээс автобусанд суугаад Цагдаагийн академийн урд талын автобусны буудал дээр 11 цаг 30 минутын үед автобуснаас автобусны хажуу талын явган хүний гарцаар урдаас хойшоо зам хөндлөн явтал нэг суудлын машин орж ирээд зогсоод зам тавьж өгсөн. Уг машины урдуур гараад цааш явтал уг машины хажуу талын ертөнцийн зүгээр зүүн тийш чиглэлтэй цэнхэр өнгийн жижиг ачааны машин гулгаад ороод ирэхээр нь би уг машин руу хоёр гараараа тулаад мөргүүлээд унасан. Тэгээд би нэг хэсэг ухаан алдчихсан байсан. Ухаан ороод хартал жолооч ахаа бие чинь гайгүй юу тэгэхээр нь би гайгүй юм шиг байна гэсэн. Тэгээд байж байтал түргэн тусламж ирж үзээд явсны дараа замын цагдаагийн бүрэлдэхүүн ирж үзлэг хийсэн. Би явган хүний гарцаар эргэж алхаагүй. Осол болох үед миний дух зүүн талдаа хавдчихсан байсан. Зүүн талын мөр хөхөрсөн байсан, зүүн шилбэ үулгарсан байсан ба гэмтлийн толгойны зураг авхуулсан чинь тархи яс хугаралтай, тархинд цус хуралттай байна, хагалгаа хийлгэж хадуулсан байгаа. Одоо толгой дүүрч өвдөнө үе үе юм мартана. Нуруу өвдөж байна. би өөрөөсөө нурууны бүс 130.000 төгрөгөөр мөн 193.050 төгрөгөөр эм авсан байгаа. Бусад эмчилгээний зардал хагалгааны төлбөрийг жолооч төлсөн байгаа. Эмчилгээний зардлаа нөхөн төлүүлмээр байна. Нэмж ярих зүйл байхгүй.” /хх-15-16/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний хариуцагч Д.Бадамсүрэнгийн өгсөн: “...Би зам тээврийн ослын талаар мэдээгүй. Тухайн үед манай нөхөр Бадам, хүү Б.Ц нар явж байгаад зам тээврийн осол гаргасан талаар надад мэдэгдсэн. “Daihatsu Hijet” маркийн 12-64УБА улсын дугаартай автомашины 2019 оны 03 дугаар сард худалдан авсан ба манай нөхөр, хүүхдүүд Улаанбаатар хот руу хаягаа шилжүүлээгүй учраас тухайн автомашиныг миний нэр дээр бүртгүүлж авсан, уг автомашинаар манай хүү Цогтоо нөхөр Бадам нар барилгын ажилдаа хэрэглэдэг. Ослын улмаас миний эзэмшлийн автомашинд ямар нэгэн гэмтэл учраагүй. Хохирогчийн эм тариа болон шинжилгээний төлбөрийг манай гэр бүлийн зүгээс бүрэн дүүрэн барагдуулсан.” /хх-20/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Мөнгөнхуягийн өгсөн: “....2019 оны 5 дугаар сарын 15-ны өдөр би ажилтай дуудлагаар 11 цаг 20 минутын орчим Хужирбулан руу эмч Лхагвасүрэнгийн хамт Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Цагдаагийн акамедийн урд талын замаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш 1 дүгээр эгнээгээр зорчиж явахад баруунаас зүүн чиглэлд 2 дугаар эгнээгээр зорчиж явсан ачааны жижиг хөх өнгийн автомашин явган хүний гарцаар урдаасаа хойшоо чиглэлд гарч явсан хүнийг явсан хүний гарцан дээр автомашины буруу талын гуфер хэсгээрээ мөргөж газар унагаасан. Тухайн үед би эмч бид 2 ослын газар зогсож мөргүүлсэн явган зорчигчыг үзэхэд ил харагдах шарх сорви хугархай байгаагүй болохоор нь 102 руу дуудлага мэдээллийг би өөрийнхөө 96006010 дугаараас өгчихөөд осол гаргасан жолоочид мөргүүлсэн хүнээ Гэмтлийн эмнэлэг рүү авч очиж нарийн шинжилгээ өгөөрэй гэж зөвлөөд цааш дуудлага руу явсан. Осол гарах үед ачаатай хөх өнгийн машины баруун хойд талд нь явж байсан. Мөргүүлсэн явган зорчигч согтуу байсан. Ачаатай автомашины жолоочоос гадна нэг эрэгтэй хүн хамт явж байсан.” /хх-24/ гэх мэдүүлэг,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 6047 дугаар:
1. Я.Заяабаатарын биед гавлын зүүн зулай, чамархайн ясны шугаман далд хугарал, зүүн тал бөмбөлгийн зулай, чамархайн хэсгийн хатуу бүрхүүлийн дээрх, цусан хураа, зүүн чамархай хэсгийн хатуу бүрхүүлийн доорх голомтлог цусан хураа, тархины эдийн голомтлог няцрал, аалзан хальсны доорх цус харвалт, бүсэлхийн 3 дугаар нугалмын их биеийн шахагдсан хугарал, зүүн зулай, чамархай, духны хэсэгт зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэж эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д заасан “Хүнд” зэргийн гэмтэл болно.
4. Тархины гэмтэл нь цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлээс хамаарна.” /хх-28-29/ гэх дүгнэлт,
Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Ц гийн яллагдагчаар өгсөн: “...2019 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 11 цаг 40 минутын орчим би ээж Д.Бадамсүрэнгийн нэр дээр бүртгэлтэй байдаг тээврийн хэрэгслийг жолоодон Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Цагдаагийн академийн урд талын замаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлд 3 дугаар эгнээгээр зорчиж явж байтал явган хүний гарц ойртож ирэхээр нь би автомашины хурдыг сааруулаад явж байтал явган зорчигч хойноосоо урагшаа зам хөндлөн гарч явснаа буцаж эргээд миний урдуур орж ирээд машины зүүн урд хэсгээрээ мөргөж унагасан. Тухайн үед би өөрийнхөө 88450290 дугаараас цагдаа болон эмнэлэг дуудсан.” /хх-41-42/,
Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-3-5/,
Ослын бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-6-8, 9-11/,
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн комьпютер томографи /хх-31-32/,
Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс ирүүлсэн Я.Заяабаатарын өвчний түүх /хх-51-62/,
Хохирол нэхэмжилсэн баримтууд /хх-65-75/,
Шүүгдэгч Б.Ц гийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-49/ зэрэг болон бусад хавтас хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд зэргээр нотлогдон тогтоосон байх тул шүүх дээрхи нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг гэдэг нь автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн холимог хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхгүй юм.
Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.
Тээврийн прокурорын газраас шүүгдэгч Б.Ц г 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Иймд шүүгдэгч Б.Ц г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Б.Ц нь баримтаар учирсан хохирлыг нөхөн төлсөн ба шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Я.Заяабаатар “гомдол
саналгүй” гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хохирогч Я.Заяабаатар нь цалин хөлс 7.200.000 төгрөгийн нэхэмжлэлийг нотлох баримтын шаардлага хангаагүй үндэслэлээр энэ шийтгэх тогтоолын хүрээнд хангах боломжгүй бөгөөд холбогдох нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Энэ хэрэгт тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.
Шүүхээс шүүгдэгч Б.Ц д ял шийтгэл оногдуулахдаа нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Ц нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгчийн ¹1149340 дугаартай В ангилалын жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхээр тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Ц г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан “Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Б.Ц гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, хяналт тогтоохыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар Б.Ц нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг дурдсугай.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.Ц нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Б.Ц гийн В ангилалын 1149340 дугаартай жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар Б.Ц д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.
7. Хохирогч Я.Заяабаатар нь цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Б.Ц д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Б.Ц д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, Э.ЧИНГИС
ШҮҮГЧ