Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2025/01686

 

 

****** ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Б.Мандалбаяр, Ерөнхий шүүгч Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 192/ШШ2025/03997 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч ******* ХХК-д холбогдох,

 

1,351,419,577.5 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн, Ерөнхий шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Хариуцагч ******* ХХК-тай 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр АГ22 дугаартай Цахилгаан шат/лифт/ нийлүүлж, угсарч суурилуулах ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагчийн захиалсан багтаамж, даац, үзүүлэлт бүхий хүн зөөврийн 4, худалдааны зориулалттай 2 буюу нийт 6 ширхэг лифтийг нийлүүлж, угсарч, суурилуулах, хариуцагч нь нийт 963,946,385 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон.

Нэхэмжлэгчийн зүгээс захиалагчийн тусгайлан захиалсан багтаамж, даац, үзүүлэлт бүхий барилгын зураг төслийн хэмжээг загвараар томруулан хийгдсэн лифтийг захиалан үйлдвэрлүүлж, үйлдвэрлэгчээс Монгол Улсад үндсэн үнэ, тээвэр, татвар хил гаалийг бүрэн өөрсдөө хариуцаж төлж авчирч, 4 лифтийг бүрэн суурилуулсан. Хариуцагч нь нийт 63,000,000 төгрөг төлж, үлдэх 900,946,385 төгрөгийг төлөөгүй хугацаа хэтрүүлсэн.

Иймд үндсэн төлбөрийн үлдэгдэл 900,946,385 төгрөг, хугацаа хэтрүүлсний алданги 450,473,192.5 төгрөгийн хамт нийт 1,351,419,577.5 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан. Гэрээнд төлбөрийг хэрхэн яаж төлөх, гүйцэтгэгч байгууллага нийт 6 лифтийг хэрхэн яаж суурилуулах эсэх, суурилуулсны дараа хэрхэн хүлээлгэж өгөх, өгөөгүй тохиолдолд, суурилуулж хүлээлгэн өгсний дараа алдангийн асуудал яригдана. Өөрөөр хэлбэл хамтран ажиллах гэрээнд нийт 70 хувийг төлснөөр гэрээ баталгаажна гэж заасан байдаг. Иймд хариуцагч компани 63,000,000 төгрөгийг төлснөөр энэ гэрээ баталгаажсан эсэх асуудал хөндөгдөж байгаа. Лифтийг суурилуулаад туршилт хийгээд, мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлт гарсны дараа 30 хувийг төлнө гэж заасан. Бодит байдал дээр хүлээж авч, хүлээлгэж өгсөн, туршсан эсвэл мэргэжлийн хяналтын дүгнэлт гарсан эсэх нь нотлох баримтаар нотлогддоггүй. Лифтийн суурилуулалтын хувьд баруун талын блокт суурилуулалтын ажил хийгдээгүй. 4 лифтийг огт суурилуулаагүй. Ачаа тээврийн тусгай зориулалттай лифтийг огт хүлээлгэж өгөөгүй.

Алдангийн хувьд нийт гэрээний үнийн дүнгээр тооцож байгаа нь хуульд нийцэхгүй. Нэхэмжлэлийн зарим хэсгийг хүлээн зөвшөөрнө, зарим хэсгийг огт хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Хоёр лифтийг хүлээн зөвшөөрч байгаа. Үүн дээр маргахгүй. Үлдэгдэл ажил гүйцэтгэгдээгүй тул бид ямар нэгэн гэрээний төлбөр болон алдангийг төлөх үүрэггүй.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 223 дугаар зүйлийн 223.1, 215 дугаар зүйлийн 215.1, 224 дүгээр зүйлийн 224.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч ******* ХХК-аас 1,013,243,659.7 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагын 338,175,917.8 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 6,915,048 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-аас 5,224,168.3 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-нд олгуулахаар шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 3997 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.

Анхан шатны шүүх хүн тээврийн 4 ширхэг, худалдааны төвийн 2 ширхэг лифт хийж гүйцэтгэх, харин хариуцагч гэрээнд заасан үүрэг болох мөнгийг төлөх гэрээг байгуулсан. Талууд аль аль нь гэрээний үүргээ зөрчсөн.

Нэхэмжлэгч хүн тээврийн 4 ширхэг лифтийг бүрэн суурилуулсан гэдэг боловч бодит байдал дээр 2 лифт суурилуулсан, гэхдээ эрх бүхий байгууллагаас ямар нэгэн дүгнэлт гараагүй, худалдааны төвийн 2 ширхэг нийт 4 лифтийг суурилуулаагүй. Талуудын маргаантай байгаа зүйлийн талаар хариуцагч үзлэг хийлгэх хүсэлт гаргасан боловч хангаж шийдвэрлээгүй нь хэргийн үйл баримтыг зөв тогтоож, дүгнэж чадаагүй.

Хийгдээгүй ажлыг хийгдсэн мэтээр дүгнэж, хүн тээврийн 4 ширхэг лифтийн алданги 85,583,730 төгрөг, худалдааны төвийн 2 ширхэг лифтийн алданги 56,713,544 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Давж заалдах гомдол үндэслэлгүй. Талууд 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр нэмэлт гэрээ байгуулсан. Уг гэрээний 4-т энэ гэрээний төлбөрийн нөхцөл бүрдээгүй бол үндсэн гэрээний 4.5-д заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутам 0.1 хувийн алданги тооцно гэж заасан.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 1,351,419,577 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ захиалагч буюу хариуцагч гэрээгээр тохиролцсоны дагуу төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тул төлбөрийн үлдэгдэл 900,946,385 төгрөгийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцож алданги 450,473,192 төгрөгийн хамт нийт 1,351,419,577 төгрөгийг шаардах эрхтэй гэж тодорхойлсон.

 

Хариуцагч ******* ХХК нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч нэхэмжлэгч компани нь гэрээний дагуу 6 лифт нийлүүлж, суурилуулах үүрэгтэй бөгөөд үүнээс 2 лифтийг суурилуулсан боловч ашиглалтад хүлээлгэн өгөөгүй, үлдэх 4 лифтийг суурилуулаагүй байх тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, алдангийг гэрээний нийт үнийн дүнгээс тооцож байгаа нь хуульд нийцэхгүй гэж татгалзсан байна.

 

4. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэсэн боловч шийдвэрийн тогтоох хэсэгт шаардах эрхийн үндэслэлд хамаарахгүй хуулийн заалт буюу Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.1, 215 дугаар зүйлийн 215.1, 224 дүгээр зүйлийн 224.1 дэх хэсгийг тус тус баримталсныг залруулж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулна.

 

4.1. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-тай 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр цахилгаан шат нийлүүлж, угсарч, суурилуулах гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч нь хүн зөөврийн 4 ширхэг, худалдааны зориулалттай 2 ширхэг буюу нийт 6 ширхэг лифтийг нийлүүлж, угсран ашиглалтад хүлээлгэж өгөх, хариуцагч нь хүн зөөврийн 4 ширхэг лифтний үнэд 616,223,857 төгрөг, худалдааны зориулалттай 2 ширхэг лифтний үнэд 347,722,528 төгрөгийг тус тус төлж, хүлээн авахаар харилцан тохиролцсон байна.

Талууд 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулж, үндсэн гэрээнд заасан хүн зөөврийн 4 ширхэг цахилгаан шатны нийт үнэ болох 616,223,857 төгрөгөөс хариуцагч нь 63,000,000 төгрөгийг төлсөн бөгөөд 553,223,857 төгрөгийн үлдэгдэлтэй болохыг баталгаажуулж, уг дүнгийн 20 хувь болох 110,644,771 төгрөгийг 2023 оны 11 дүгээр сарын 01-ний дотор, 138,305,964 төгрөгийг холболт тохируулга дууссанаар, 138,305,964 төгрөгийг бүрэн магадлал оруулах хугацаанд, 165,967,157 төгрөгийг улсын бүртгэлийн дугаар авч ашиглалтад өгөх хугацаанд төлөхөөр,

худалдааны зориулалттай 2 ширхэг цахилгаан шатны үнэ 347,722,528 төгрөгийн 104,316,758 төгрөгийг барилга угсралтын ажил дууссанаар, 139,089,011 төгрөгийг бүрэн магадлал оруулах хугацаанд, 104,316,758 төгрөгийг улсын бүртгэлийн дугаар авч ашиглалтад өгөх хугацаанд тус тус төлөхөөр харилцан тохиролцож, төлбөрийн нөхцөлийг өөрчлөн баталгаажуулсан байна. /хх-ийн 8-18/

 

4.2. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн талаар зөв дүгнэсэн. Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.

Талуудын байгуулсан гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн гэрээний 1.1 болон 1.2-т үлдэгдэл төлбөр 553,223,857 төгрөгийн 110,644,771 төгрөгийг захиалагч буюу ******* ХХК нь 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор гүйцэтгэгч буюу нэхэмжлэгч ******* ХХК-ийн дансанд шилжүүлэхээр харилцан тохиролцсон байх боловч хариуцагч нь уг төлбөрийг төлөөгүй болох нь талуудын тайлбараар тогтоогдсон.

Иргэний хуулийн 209 дүгээр зүйлийн 209.1 дэх хэсэгт хоёр талын гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нэг тал нөгөө талынхаа өмнө үүргээ эхлэн гүйцэтгэхээс бусад тохиолдолд нөгөө тал хариу үүрэг гүйцэтгэхээс өмнө үүргээ гүйцэтгэхээс татгалзаж болохоор заасан. Хариуцагч ******* ХХК нь гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ гүйцэтгээгүй байх тул нэхэмжлэгч ******* ХХК гэрээнд заасны дагуу лифт нийлүүлэх, суурилуулахаас татгалзсаныг буруутгах үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч компани лифт нийлүүлэх, суурилуулах үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй.

 

4.3.Түүнчлэн, гэрээний 4.5-д Аль буруутай тал нь хугацаа хоцорсон хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0,1 хувийн торгууль төлнө гэж заасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцсэн байх бөгөөд гэрээ хүчин төгөлдөр байна. Иймээс хууль болон гэрээнд зааснаар нэхэмжлэгч нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс алданги тооцож шаардах эрхтэй.

 

Хариуцагч нь гэрээгээр тохиролцсон хугацааг хэтрүүлсэн тул хүн зөөврийн 4 лифтний хувьд 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс, худалдааны зориулалттай 2 лифтний хувьд 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрийг хүртэлх хугацааны алдангийг 4 лифтний үлдэгдэл төлбөр 553,223.857 төгрөгийн хувьд 85,583,730.7 төгрөг, 2 лифтний үнэ 347,722,528 төгрөгийн хувьд 56,713,544 төгрөгөөр тус тус тооцож хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй. Харин дээрх дүнгээр тооцоолоход нийт 1,043,243,659 төгрөг болж байх боловч анхан шатны шүүх хариуцагч ******* ХХК-аас 1,013,243,659.7 төгрөгийг гаргуулж, ******* ХХК-д олгуулахаар шийдвэрлэсэнд нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй.

 

Захиалагч буюу хариуцагч ******* ХХК нь гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй буруутай байх тул алданги төлөх үүргээс чөлөөлөгдөх үндэслэлгүй. Иймд, гүйцэтгэгч буюу нэхэмжлэгч гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй байхад алданги тооцох үндэслэлгүй гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хэдэн лифт суурилуулсан эсэх асуудлаар үзлэг хийлгэх хүсэлт гаргасныг хангахгүй орхисон нь хэргийн үйл баримтыг зөв тогтоогоогүй гэх агуулгаар мөн давж заалдах гомдол гаргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулахын тулд шүүх үзлэг хийхээр заасан.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ... манай талаас 4 лифтийг угсарсан байгаа. Үүнээс хоёр лифтийг бүрэн угсарсан. Нөгөө хоёр лифтийг угсраагүй ажил дээр байгаа ... гэж, хариуцагч талаас 2025 оны 2 сарын 20-ны өдрийн шүүх хуралдаанд ... гэрээнд 6 ширхэг цахилгаан шатны 4 ширхэг нь суурилагдсан байгаа ... гэж тус тус тайлбарласныг үндэслэн хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн шүүхийн ажиллагааг буруутгахгүй. /хх-ийн 67, 106-р тал/

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 192/ШШ2025/03997 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтаас ... 223 дугаар зүйлийн 223.1, 215 дугаар зүйлийн 215.1, 224 дүгээр зүйлийн 224.1, ... гэснийг хасаж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн төлсөн 869,437 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Д.НЯМБАЗАР

 

 

ШҮҮГЧ  Б.МАНДАЛБАЯР

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Г.ДАВААДОРЖ