| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунчимэг Одгэрэл |
| Хэргийн индекс | 181/2023/02539/И |
| Дугаар | 210/МА2025/01419 |
| Огноо | 2025-08-25 |
| Маргааны төрөл | Даатгал, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 08 сарын 25 өдөр
Дугаар 210/МА2025/01419
“*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Д.Золзаяа, шүүгч О.Одгэрэл нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 191/ШШ2025/04487 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “*******” ХК-д холбогдох
Даатгалын гэрээний үүрэгт 249,335,450 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч О.Одгэрэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүлэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. “*******" ХХК нь “*******" ХК-тай 2012 оны 02 дугаар сарын 09-ний өдөр *******дугаартай "Даатгалын гэрээ"-г байгуулсан.
“*******” ХХК нь “*******" ХХК-ийн бусдаас худалдан авч захиалсан Страйкер брэндийн СМ400 гинжит өөрөө явагч, бутлагч автомашин ачааг БНХАУ-ын Тяньжин боомтоос Монгол улсын Замын-Үүд хилийн боомтоор нэвтрүүлэн Өмнөговь аймгийн Гурван Тэс сумын Овоот толгой уурхайд хүлээлгэн өгөхөөр тохиролцон гэрээ байгуулсан. Бид Замын-Үүд боомтод гаалийн бүрдүүлэлтийн үйл ажиллагааг хийж дуусган тээвэрлэгч байгууллагаар "*******" ХХК-ийг сонгосон ба тус компанийн *******улсын дугаартай North Benz маркийн автомашины жолооч *******нь 2012 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр ачааг тээвэрлэх явцдаа Замын-Үүд сумаас 30 км зайд замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас зам тээврийн осолд орж онхолдон ачаанд гэмтэл учруулсан.
1.2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааны 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2020/02931 дугаартай шийдвэрээр "*******" ХХК буюу эрх залгамжлагч "*******" ХХК-д "*******" ХХК-ийн төлөх хохирлын үнэлгээг эцэслэн тогтоосон. Гурван шатны шүүхийн шийдвэр гарч, нэхэмжлэгч “*******" ХХК-г тээвэрлэгч хэмээн тодорхойлж, "*******" ХХК-ийн жолооч *******Хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэм зөрчсөнөөс үүдэн осол гарч, ачаа гэмтсэн нь тогтоогдсон. Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу нэхэмжлэгч компанийн зүгээс 165,500,000 төгрөгийг ачааны өмчлөгч "*******" ХХК (“*******" ХХК-ийн эрх залгамжлагчаар оролцсон)-д 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр төлсөн. Тухайн ачаа гэмтсэн үйл баримт нь "Даатгалын гэрээ"-нд заасан даатгалын тохиолдолд хамаарна.
Хохирлын дүнг тогтоох ажиллагаа нийт арав гаруй жил үргэлжилсэн бөгөөд даатгалын тохиолдол үүссэн үеэс "*******" ХК-д хандаж нөхөн төлбөрийг нэхэмжилсээр ирсэн хэдий ч тухайн хэрэг маргааныг шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэх хүртэлх хугацаанд ямар нэгэн байр суурь илэрхийлэх боломжгүй гэдгээ "*******" ХК-ийн зүгээс мэдэгдсэний дагуу бид хэрэг маргааныг иргэний хэргийн гурван шатны шүүхээр хянан хэлэлцэгдэж дууссаны дараа нөхөн төлбөрийн дүнг олгох тухай хүсэлт гаргаж, холбогдох материалыг хүргүүлсэн.
Гэвч "*******" ХК шүүхийн шийдвэр болон даатгалын гэрээний утга агуулгыг өөрт ашигтайгаар санаатай мушгин гуйвуулж даатгуулагч талын үүрэгт хамааралгүй үндэслэлээр буруутган даатгалын нөхөн төлбөр олгохоос үндэслэлгүйгээр татгалзсан.
1.3. Хариуцагч “*******" ХК-аас даатгалын тохиолдол бий болсон хугацаанаас хойш буюу 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс өнөөдрийг хүртэлх 497 хоногийн хугацаанд нөхөн төлбөрийг хугацаанд нь олгоогүй гэрээний хариуцлага болох алдангид нийт 386,442,500 төгрөгийн алданги бодогдсон. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу алданги нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй учир нийт тооцогдсон алданги 82,750,000 төгрөгийг шаардаж байна.
1.4. Мөн дээрх гурван шатны шүүхийн шийдвэрийн дагуу "*******" ХХК-д нэхэмжлэгч компаниас 985,450 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг төлсөн. Мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал болох 100,000 төгрөгийг тус тус нэхэмжлэгч компани төлсөн. "Даатгалын гэрээ”-ний 14 дүгээр зүйлийн 14.4.6, 7 дугаар зүйлийн 7.1-т зааснаар дээрх гарсан зардлыг хариуцагчаас гаргуулна.
Иргэний хуулийн 444 дүгээр зүйлийн 444.1 дэх хэсэгт "Хариуцлагын даатгалаар даатгагч нь гуравдагч этгээдийн өмнө хүлээх хариуцлагаас даатгуулагчийг чөлөөлөх үүрэгтэй" гэж заасан. Иймд даатгалын нөхөн төлбөрт 165,500,000 төгрөг, алданги 82,750,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 985,450 төгрөг, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардалд төлсөн 100,000 төгрөг нийт 249,335,450 төгрөгийг гаргуулж өгнө үү.
1.5. "Даатгалын гэрээ"-нд ачааг бусдаар тээвэрлүүлэхэд хариуцагчаас зөвшөөрөл авахаар тохироогүй. Иймд даатгалын тохиолдол бий болоогүй гэх үндэслэлээр хариуцагч нөхөн төлбөр олгохоос татгалзах үндэслэлгүй.
Бодит байдал дээр зам тээврийн осол, ачааны гэмтэл нь ачааны бэхэлгээнээс болж үүсээгүй гэдгийг гурван шатны иргэний хэргийн шүүхийн шийдвэр, эрүүгийн хэргийн прокурорын тогтоол зэрэгт маш тодорхой заасан. Иймээс, ачааны гэмтэл нь бэхэлгээнээс болж үүсээгүй нь тодорхой, ачааны гэмтэл даатгалын гэрээний 14.4.9.11-т заасан нөхөн төлбөр олгохгүй байх тохиолдолд хамаарахгүй. Мөн Даатгалын гэрээний 14.4.9.25-д заасан нөхөн төлбөр олгохгүй байх нөхцөл үүсээгүй. Иргэний хуулийн 433 дугаар зүйлийн 433.1 болон Даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.5-д зааснаар даатгалын баталгааг даатгуулагчид олгох нь даатгуулагчийн үүрэг юм. Хариуцагч нь ачааны талаарх мэдээллийг бүрэн авсан ч даатгалын баталгааг өгөөгүй. Иймд "******* ХК манай компанийг даатгалын баталгаа аваагүй гэж маргах эрхгүй гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
2.1. "******* ХК" нь "*******" ХХК-тай 2012 оны 02 дугаар сарын 09-ний өдөр №24C1200011 дугаартай даатгалын гэрээ байгуулсан. Даатгалын гэрээгээр хариуцагч “*******” ХК нь ачаа тээвэрлэгчийн тээж яваа ачаа бараанд тээвэрлэлтийн, галын, байгалийн, сантехникийн, зам тээврийн хөдөлгөөний үеийн, гуравдагч этгээдийн санаатай буюу санамсаргүй үйлдлийн, хулгай дээрмийн гэх үндсэн эрсдэлийн улмаас хохирол учирсан тохиолдолд ачаа, барааны өмчлөгч, эзэмшигчийн өмнө хүлээх эд хөрөнгийн хариуцлага буюу "*******" ХХК-ийн үйл ажиллагааны хариуцлагыг даатгасан.
2.2. Даатгалын гэрээний хугацаанд даатгуулагч “*******” ХХК нь "*******" ХХК-тай “Тээврийн зуучийн үйлчилгээний" гэрээ гэж нэрлэсэн тээвэрлэлтийн гэрээг байгуулсан байсан. Гэтэл "*******" ХХК нь уг гэрээгээр хүлээсэн үүргээ буюу гинжит өөрөө явагч, бутлагч үйлдвэрийг ...Овоот толгой уурхай хүртэл тээвэрлэх үүргээ өөрөө гүйцэтгэх бус харин "*******” ХХК-аар гүйцэтгүүлэхээр тухайн компанитай аман гэрээ байгуулсан байдаг. Энэ тухайгаа “*******” ХХК нь "*******" ХХК болон “*******” ХК-ийн хэн алинд огт мэдэгдээгүй, зөвшөөрөл аваагүй.
"******* ХХК-ийн жолооч *******нь тухайн гинжит өөрөө явагч, бутлагч үйлдвэрийг тээвэрлэх явцдаа Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас 30 км зайд 2012 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр онхолдож, гинжит өөрөө явагч, бутлагч үйлдвэрт хохирол учруулсан байдаг.
Энэ үйл баримт болон гэм буруугийн талаар Дорноговь аймгийн Прокурорын газрын 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 5/188 дугаартай прокурорын тогтоол, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2020/02931 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 2185 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 001/XT2022/01175 дугаар тогтоол зэрэгт тодорхой тусгагдсан, эдгээр шийдвэрүүд нь хүчин төгөлдөр болсон.
Даатгалын гэрээний дагуу "******* ХХК-ийн үйл ажиллагаанаас үүсэх хариуцлагыг "*******" ХК даатгаагүй тул тус компанийн бусдад учруулсан хохирол, хүлээх хариуцлагыг даатгалын зүйл гэж үзэх үндэслэлгүй. Тус даатгалын гэрээний 14.1.1, 14.3-т тээвэрлэгч гэж “*******” ХХК-ийг ойлгохоос гадна "*******” ХХК-ийн санал болгосныг даатгагч зөвшөөрсөн тээвэрлэгчийг тээвэрлэгч гэж ойлгохоор заасан тул бидэнд мэдэгдээгүй, зөвшөөрөгдөөгүй “*******” ХХК-ийг даатгалын гэрээнд заасан тээвэрлэгч гэж үзэх үндэслэлгүй.
"*******" ХХК нь өөрөө тээвэрлэлт хийгээгүй, бусдаар тээвэрлүүлж байгааг бидэнд мэдэгдээгүй, зөвшөөрөл аваагүй тул "*******" ХК-ийн зүгээс даатгалын зүйл нь даатгалын гэрээнд заасан эрсдэлийн улмаас хохирол учирсан даатгалын тохиолдол бий болоогүй үндэслэлээр даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзах эрхтэй.
2.3. Хохиролтой холбоотой маргааныг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2020/02931 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 2185 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 001/XT2022/01175 дугаар тогтоолуудаар эцэслэн шийдвэрлэсэн. Дээрх шүүхийн шийдвэрээс үзэхэд даатгуулагч нь тус ачааг тээвэрлүүлэхдээ хууль болон гэрээнд заасан үүргээ биелүүлээгүйн улмаас ачаанд хохирол учирсан байна. Тодруулбал, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, гомдлоор даатгуулагч нь өөрөө явагч бутлагч үйлдвэрийг ачихдаа талуудын хооронд байгуулсан Тээврийн зуучийн үйлчилгээний гэрээний 2 дугаар зүйлийн 2.1, 2.1.2-т зааснаар "Зууч нь үйлчлүүлэгчийн өгсөн зураг тооцооны дагуу ачааны бэхэлгээ болон ачилтын техникийн нөхцөлийг боловсруулах" үүргээ биелүүлээгүй бөгөөд үйлчлүүлэгчээс ачаа ачих зааварчилгаа аваагүй, ачаанд зохих ёсоор бэхэлгээ хийх талаар ажиллаагүй, аюулгүй байдлыг хангаагүйн улмаас ачаа унаж гэмтсэн болох нь нотлогдож байна.
Даатгалын гэрээний нөхөн төлбөр олгохгүй байхаар тохирсон нөхцөл болох 14.4.9.11-т "Сав баглаа боодол, ачааны бэхэлгээний шаардлага хангаагүйгээс үүссэн хохирол гэмтэл"-д нөхөн төлбөр олгохгүй байх гэсэн заалтад хамаарч байгаа.
2.4. Даатгуулагч нь гэрээний 14.5-д заасан тусгай үүргээ зөрчсөн. Гэрээний 14.5.2-т заасан “тээвэрлэлт бүрд ачаа барааг тээвэрлэхтэй холбоотой даатгалын баталгаа”-г авахдаа 14.5.2.1-д зааснаар "Тээвэрлэх замын зай, маршрут, ачаа хүрэх газрын нэр”, 14.5.2.2-д "Жолоочийн нэр, тээвэрлэх тээврийн хэрэгслийн дугаар”, 14.5.2.3-д "Ачаа барааны үнийн дүн, баглаа боодлын тоо, ачааны дагалдах баримт" зэргийг даатгагчид мэдэгдэн тээвэрлэлт хийхээс өмнө даатгалын баталгааг авч баталгаажуулах үүрэг хүлээсэн байдаг.
Гэвч нэхэмжлэгч "*******" ХХК нь 2012 оны 03 дугаар сарын 09-ний өдөр "*******" ХХК-тай тээвэрлэлтийн гэрээг байгуулж, "*******" ХХК-ийн бусдаас худалдан авч захиалсан гинжит өөрөө явагч бутлагчийг “*******" ХХК-аар гүйцэтгүүлэх гэж байгаа гэдгээ "*******” ХК-д мэдэгдэж, даатгалын баталгааг авч баталгаажуулах тусгай үүргээ хэрэгжүүлээгүй.
Иймд "*******" ХК-аас даатгалын нөхөн төлбөрт 165,500,000 төгрөг, мөн нөхөн төлбөр хугацаанд нь олгоогүйн алданги 82,750,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж болох 985,450 төгрөг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх зардал болох 100,000 төгрөг, нийт 249,335,450 төгрөг гаргуулах тухай "*******" ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “*******” ХК-нд холбогдох нийт 249,335,450 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлд тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,562,577 /985,450+577,127/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
4.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.
Бид даатгалын гэрээний дагуу ачаа тээвэрлэлтийн талаарх мэдээллийг и-мэйлээр тодорхой давтамжтай илгээж байсан. Бид сард 300-400 ачаа тээврийн үйл ажиллагааг зохион байгуулдаг байсан тул тухай бүр илгээх нь талуудад тохиромжгүй гэж үзэн сардаа нэг илгээхээр харилцан тохиролцсон. Хариуцагч нь “*******" ХХК-ийн ачаа тээврийн талаар бүрэн мэдээлэлтэй байсан. Энэ нь тухайн осол гарахад өгсөн дуудлага, талуудын төлөөлөгч хэргийн газар очиж үзсэн зэргээр хангалттай нотлогдож байгаа. Хэрэв дээрх тээврийн талаар даатгалын компани анхнаасаа мэдээгүй байсан бол ослын дуудлагыг авахдаа мэдэгдээгүй тээвэр хэмээн ослын газарт үзлэг хийхээс татгалзах эрхтэй байсан.
Мөн гэрээнд заасан “даатгалын баталгаа”-г хариуцагчтай 4 жилийн турш хамтран ажиллаж байхад бидэнд нэг ч удаа гаргаж өгч байгаагүй. Иргэний хуулийн 433 дугаар зүйлийн 433.1 дэх хэсэгт заасны дагуу даатгагч нь гарын үсэг зурсан баталгааг даатгагчид гардуулах үүрэгтэй. Хариуцагч нь ачааны талаарх мэдээллийг авч байсан ч хуульд заасан үүргээ даатгагч нь өөрөө биелүүлээгүй байхад шүүх энэ үүргээ нэхэмжлэгч компанийг биелүүлээгүй гэж дүгнэсэн нь өөрөө хуульд нийцэхгүй.
4.2. Шүүхийн шийдвэрт гэрээний 14.4.9.11-д заасан “сав баглаа боодол, ачааны бэхэлгээний шаардлага хангаагүйгээс үүссэн хохирол” гэж дүгнэсэн.
Хэрэгт авагдсан 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн "Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай" Дорноговь аймгийн прокурорын газрын прокурорын тогтоол, 2012 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 6/07 тоот шинжээчийн дүгнэлтэд “...жолооч *******нь хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн..., жолооч тээврийн хэрэгслийн ...хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүй сонгож явна гэсэн заалтыг зөрчсөн" хэмээн дүгнэсэн ба шүүхийн шийдвэрээр ачааны гэмтэл нь "*******" ХХК-ийн жолооч А.Гэрэлт-Одын замын хөдөлгөөний дүрэм зөрчиж осол гаргаснаас үүссэн гэдэг нь тодорхой болсон.
Түүнээс гадна шүүхийн дүгнэсэн 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 265 дугаар шинжээчийн дүгнэлтийг хангалтгүй хэмээн үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх
ажиллагааны явцад Дорноговь аймгийн мэргэжлийн хяналтын газраас 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 11-07-020/05 тоот шинжээчийн дүгнэлтийг гаргасан байдаг. Дээрх дүгнэлтээр “...ачааг тусгай зориулалтын чиргүүл дээр ачсан нь стандартын шаардлага хангасан" гэж дүгнэсэн.
Дээрх үндэслэлээр тухайн осол жолоочийн дүрэм зөрчсөнөөс үүдэн гарсан осол болох нь нотлогдсон байтал шүүх хэргийг шийдвэрлэхдээ нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнээгүй.
4.3. Даатгалын гэрээний 14 дүгээр зүйлийн 14.1.1-т заасны дагуу өмчлөгчийн өмнө операторын хүлээх хариуцлага буюу тээвэрлэгчийн тээж яваа ачаа, барааны өмчлөгч, эзэмшигчийн өмнө хүлээх хариуцлагыг бид даатгасан. Тус гэрээгээр тээвэрлэгч нь зөвхөн "*******" ХХК байна хэмээн хязгаарлаагүй.
Иргэний хуулийн 444 дүгээр зүйлийн 444.1, 444.2 дах хэсэгт “...гуравдагч этгээд өөрт учирсан гэм хорыг нөхөн төлүүлэхээр даатгагчид шууд шаардлага гаргасан бол даатгагч уг гэм хорыг арилгах” үүрэг хүлээдэг. Мөн тус хуулийн 404 дүгээр зүйлийн 404.1 дэх хэсэгт заасны дагуу даалгаврыг биечлэн гүйцэтгэх боломжгүй болсон үед түүнийг өөр этгээдээр гүйцэтгүүлэхээр өөр этгээдэд шилжүүлж болно хэмээн тодорхойлсон. Гурван шатны шүүх дүгнэхдээ бодитоор тээврийг "*******" компани гүйцэтгэсэн байгаа эсэхээс үл хамааран “*******” ХХК-ийг тээвэрлэгч хэмээн дүгнэсэн. Гэтэл “*******” ХХК-ийн гүйцэтгэсэн үүрэг, тээвэрлэлт хийх явцад үүссэн хариуцлагыг хэлэлцэж буй маргааны хувьд даатгалын тохиолдол бүрдсэн гэж үзэхгүй хэмээн дүгнэсэн нь хуульд нийцэхгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү.
5. Хариуцагч талын давж заалдах гомдолд гаргасан тайлбар татгалзлын агуулга:
5.1. Нэгдүгээр үндэслэлийн хүрээнд даатгуулагчид энэ талаар даатгагчид мэдэгдэж байсан гэдэг. Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хариу тайлбарт энэ талаар дурдаж байсан ч үүнийгээ нотлох баримтыг огт гаргаж өгөөгүй. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэсэн.
5.2. Хоёрдугаарт даатгалын гэрээний 14.4.9.11-д заасан сав баглаа боодол, ачааны бэхэлгээний шаардлага хангаагүйгээс үүссэн хохирол. Энэ талаар хэрэгт 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 265 дугаар шинжээчийн дүгнэлт нь шүүгчийн захирамжаар хэрэгт нотлох баримтаар авагдсан. Анхан шатны шүүхээс үүнийг хэрэгт ач холбогдолтой, эргэлзээгүй талаас үнэлж, дүгнэлт хийж даатгуулагчийг үүргээ биелүүлээгүй байна гэдэг үндэслэл бүхий дүгнэлт гаргасан. Нэхэмжлэгчийн дурдсан 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн шинжээчийн дүгнэлтийн хувьд нэхэмжлэгч нэхэмжлэлээ тайлбарлаж, хэрэгт нотлох баримтыг өөрөө бүрдүүлэх үүрэгтэй, үүргээ биелүүлээгүй, тэр баримтыг шүүх үнэлээгүй гэх тайлбар нь үндэслэлгүй.
5.3. Гуравдугаар үндэслэлийн тухайд даатгалын зүйл мөн эсэх даатгалын тохиолдол болоогүй гэж дүгнэсэн анхан шатны шүүх үзсэн. Даатгалын гэрээ даатгуулагчийн гуравдагч этгээдийн буюу даатгуулагч “*******” ХХК-ийн өмчлөгч буюу “*******” ХХК-ийн өмнө хүлээх хариуцлагыг даатгасан болохоос биш “*******” ХК-ийн гүйцэтгэсэн үүргийн тээвэрлэлтээс хийх явцад үүссэн хариуцлагыг даатгаагүй. Даатгалын тохиолдол болоогүй гэж анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий юм. Хэрэгт авагдсан гурван шатны шүүхийн шийдвэрээр “*******” ХХК-ийг гэрээгээр тээвэрлэлт хийх үүргээ зөрчсөн гэдгийг Улсын дээд шүүхээс дүгнээд тогтоол гаргасан.
5.4. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын хүрээгээр хязгаарлахгүй хэргийг бүхэлд нь хянаад гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч “*******” ХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 165,500,000 төгрөг, алданги 82,750,000 төгрөг, шүүхийн шийдвэрийн дагуу улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 985,450 төгрөг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардалд төлсөн 100,000 төгрөг, нийт 249,335,450 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байх тул давж заалдах шатны шүүхээс үүнийг залруулна.
3. “*******” ХХК, “*******” ХК нарын хооронд 2012 оны 02 дугаар сарын 09-ний өдөр *******тоот “Даатгалын гэрээ”-г байгуулсан. Уг гэрээгээр даатгуулагч нь тээвэрлэлтийн үеийн, зам тээврийн хөдөлгөөний үеийн зэргээр гэрээнд нэрлэн заасан эрсдэл үүссэн үед гуравдагч этгээд буюу өмчлөгчийн өмнө хүлээх тээвэрлэгчийн хариуцлагыг нэг жилийн хугацаагаар даатгаж, даатгалын хураамжид 15,000 ам.доллар төлөхөөр, хариуцагч “*******” ХК даатгалын тохиолдол учирсан үед гарсан хохирлыг гэрээнд заасан нөхцөлийн дагуу төлөхөөр харилцан тохиролцжээ. /1хх 6-15/
Анхан шатны шүүх, талуудын хооронд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан даатгалын гэрээний харилцаа үүссэн, мөн зүйлийн 431.4 дэх хэсэгт заасан шаардлагад нийцсэн хүчин төгөлдөр гэрээ гэж зөв дүгнэсэн.
4. ”*******” ХХК, “*******” ХХК-иудын хооронд 2012 оны 03 дугаар сарын 03-ны өдөр тээвэр зуучийн гэрээ байгуулагдсан, уг гэрээний дагуу тээвэрлүүлэгчийн страйкер брендийн СМ400 гинжит өөрөө явагч бутлагч техникийг Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас Өмнөговь аймгийн Гурван тэс суманд байрлах уурхайн талбар хүртэл тээвэрлэхээр тохирсон. Тээврийг нэхэмжлэгч “*******” ХХК нь туслан гүйцэтгэгч болох “*******” ХХК-аар гүйцэтгүүлсэн. Улмаар 2012 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр “*******” ХХК-ийн жолооч *******зам тээврийн осол гаргаснаар тээвэрлэж яваа ачаанд гэмтэл учирсан үйл баримтууд хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон. Энэ үйл баримтыг шүүх зөв дүгнэсэн.
5. Харин талууд даатгалын тохиолдолд хамаарах эсэх, даатгуулагч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн эсэхэд маргасан байна.
5.1. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл зам тээврийн ослыг шалгасан эрүүгийн хэргийн явцад хэд хэдэн удаагийн шинжээчийн дүгнэлт гарчээ. Хариуцагчаас татгалзлын үндэслэлээ Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурорын 2013 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн нэмэлт шинжилгээ хийлгэх тухай тогтоолын дагуу хийгдсэн 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 265 дугаар шинжээчийн дүгнэлтийг үндэслэл болгож тайлбарласан. /1хх 17,18-19, 218-219, 228-229/
Харин нэхэмжлэгч талаас 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдөр “Дорноговь аймгийн мэргэжлийн хяналтын газар”-аас гаргасан №11-07-020/05 аймгийн дүгнэлтийг үндэслэл болгож, улмаар тайлбараа нотлохоор эрүүгийн 201210010125 тоот хэргээс шүүхийн журмаар дээрх дүгнэлтийг нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр гаргуулахаар хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 191/ШЗ2025/15756 дугаар шүүгчийн захирамжаар хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн байна. /1хх 227, 233-234/
Гэвч эрүүгийн 201210010125 тоот хэрэг 2024 оны 10 дугаар сард хадгалах хугацаа дуусаж устгалд орсны улмаас тухайн баримтыг шүүхэд ирүүлэх боломжгүй талаар Дорноговь аймгийн прокурорын газрын 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 1/332 тоот хариуг шүүхэд буцаан ирүүлсэн байна. /1хх 237/
Дээрх байдлаар эрүүгийн хэргийн явцад хийгдсэн шинжээчийн дүгнэлтүүд хэрэгт бүрэн авагдах боломжгүй болсон нөхцөлд нэхэмжлэгч нэг дүгнэлтийг, хариуцагч өөр нэг дүгнэлтийг тус тус сонгон авч үндэслэл болгон мэтгэлцсэнийг аль аль нь нотлогдсон гэж үзэхэд учир дутагдалтай. Иймд энэ тохиолдолд шүүх эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоолын үндэслэлийг баримтлах нь зүйтэй.
Дорноговь аймгийн прокурорын газрын 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 5/188 тоот “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” прокурорын тогтоолд: Яллагдагч *******нь Замын хөдөлгөөний дүрэм /маргаанд хамаарах хугацаанд хүчин төгөлдөр үйлчилж байсан Засгийн газрын 2004 оны 74 дүгээр тогтоолоор батлагдсан/-ийн 9.1 /Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна/, мөн дүрмийн 2.1.а /Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхийг биедээ авч явна/, мөн дүрмийн 2.5.в /зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтныг иртэл хүлээх үүрэг хүлээнэ/ гэснийг тус тус зөрчсөний улмаас осол гаргаж, онц их хэмжээний хохирол учруулсан, осол гарсан газрыг санаатай орхиж зугтсан болох нь тогтоогдсон гэж дүгнэсэн байна. /1хх 74-75, 238-239/
Үүнээс үзвэл эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоолд ачааны сав баглаа боодол, ачааг ачихдаа холбогдох стандарт шаардлагыг зөрчсөн гэж дүгнээгүй байх тул талуудын хоорондох даатгалын гэрээний 14.4.9.8-д заасан “техник тоног төхөөрөмжийн ашиглалтын горим зааврыг зөрчсөн, даац, ачаалал хэтрүүлснээс үүссэн хохирол”, 14.4.9.19-д заасан “тээврийн хэрэгслийн ашиглалтын горим зааврыг зөрчсөн, даац, ачаалал хэтрүүлснээс үүссэн хохирол”, 14.4.9.11-т заасан “Сав баглаа боодол, ачааны бэхэлгээний шаардлага хангаагүйгээс үүссэн хохирол, гэмтэл” буюу нөхөн төлбөр олгохгүй байх үндэслэл бүрдсэн тухай хариуцагчийн татгалзал нотлогдоогүй гэж үзнэ.
5.2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2020/02931 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 210/МА2020/02185 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 001/ХТ2022/01175 дугаар тогтоолоор тээвэрлэлтийг гуравдагч этгээд “*******” ХХК-аар гүйцэтгүүлсэн явдал “*******” ХХК-тай байгуулсан тээвэрлэлтийн гэрээний үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй, ачааг эвдрэл гэмтэлгүй бүрэн бүтэн, тогтоосон газарт хүргэх үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй гэж дүгнэж, “*******” ХХК-иас хохирлыг гаргуулж шийдвэрлэсэн байна.
Хэрэгт авагдсан даатгалын гэрээнд тээврийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлэх нөхцөлд хэрхэх талаар тусгайлан тохиролцоогүй ч дээрх гэрээ, тээвэрлэгчийн хувьд тээж яваа ачаа, барааны өмчлөгч эзэмшигчийн өмнө хүлээх эд хөрөнгийн хариуцлагыг даатгасан, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр “*******” ХХК-ийг тээвэрлэгч гэж үзэн тээвэрлэлтийн гэрээний үүргийг хариуцуулсан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй. Иймд тээвэрлэгч биш тухай хариуцагчийн татгалзал үндэслэлгүй.
5.3. Иргэний хуулийн 433 дугаар зүйлийн 433.1 дэх хэсэгт зааснаар даатгагч нь даатгалын баталгааг даатгуулагчид гардуулах үүрэг хүлээхээр зохицуулсан. Талуудын хоорондох даатгалын гэрээний 14.5.2-т тээвэрлэлт бүрд ачаа барааг тээвэрлэхтэй холбоотой даатгагчид мэдэгдэн даатгалын баталгааг авч баталгаажуулах тусгай үүргийг буюу нэмэлт үүргийг хүлээхээр тусгасан байна.
Хуулиар даатгалын баталгааг олгох үүрэг даатгагчид ногдох тул гэрээний 14.5.2-т заасан нэмэлт үүргийг нэхэмжлэгч биелүүлээгүй болохыг нотлох чиг үүргийн хуваарилалт хариуцагч талд ногдоно. Хэргийн баримтаар “манай компани сард 300-400 ачааг тээвэрлэдэг тул ачаа тээвэрлэлтийн мэдээг 7 хоногт нэг удаа и-мэйлээр даатгагчид өгдөг байсан, харилцан тохиролцсон, ачааны талаар даатгагч бүрэн мэдээлэлтэй байсан, гэрээний хугацаанд нэг ч удаа баталгааг олгож байгаагүй” гэсэн нэхэмжлэгч талын тайлбарыг үгүйсгэсэн баримтыг хариуцагч ирүүлээгүй, нотлоогүй байна.
Мөн даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзах үндэслэлийг Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5 дах хэсэгт зохицуулсан, түүнчлэн талуудын хооронд байгуулагдсан гэрээний 14.4.9 дэх хэсэгт нэрлэн заасан байна. Гэрээгээр нөхөн төлбөр олгохоос татгалзах үндэслэлд даатгуулагч “*******” ХХК-ийн гэрээний 14.5-д заасан тусгай үүргээ зөрчсөн гэх үндэслэлийг хамааруулаагүй байна. Иймд даатгалын баталгааг олгох нь даатгагчийн хуулиар хүлээх үүрэгт хамаарах бөгөөд гэрээний 14.5-д заасан нэмэлт үүргээ даатгуулагч биелүүлээгүй явдал нөхөн төлбөр олгохоос татгалзах үндэслэлд шууд хамаарахгүй байна.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасны дагуу хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй талаарх нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангана.
6. Иргэний хуулийн 444 дүгээр зүйлийн 444.1 дэх хэсэгт “Хариуцлагын даатгалаар даатгагч нь даатгалын хугацаанд үүсэх хариуцлагатай холбоотойгоор гуравдагч этгээдийн өмнө хүлээх үүргээс даатгуулагчийг чөлөөлөх үүрэгтэй” гэж заасан, энэ шийдвэрийн 5.2-т дурдсан шүүхийн шийдвэрээр даатгалын зүйлд учирсан хохиролд 165,500,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу нэхэмжлэгч хохирлыг 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр төлсөн болох нь тогтоогдсон тул дээрх үнийн дүнгээс гэрээний 14.4-т заасан даатгуулагчийн өөрийнх нь хүлээх хариуцлагын хэмжээ болох 1.000 ам.долларыг шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн 2023 оны 05 дугаар сарын байдлаарх Монгол банкны албан ханшийн дунджаар тооцон 3,461,180 төгрөгийг хасаж 162,038,820 төгрөгийн хэмжээнд нөхөн төлбөрийг хариуцагч “*******” ХК-аас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ. /хх 100-101/
7. Талуудын хоорондох гэрээний 11.1-т “нөхөн төлбөрийг хугацаанд нь олгоогүй тохиолдолд хоног тутамд олгогдох нөхөн төлбөрийн 0,5 хувьтай тэнцүү хэмжээний алдангийг даатгуулагчид төлөх”-өөр тохиролцсон, дээрх тохиролцоо Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6 дах хэсэгт заасантай нийцнэ. Гэвч даатгалын нөхөн төлбөр
олгох эсэх асуудлаар хариуцагч талаас маргах эрхтэй, энэ эрхийн хүрээнд маргаан үүссэн тул нэхэмжлэгчийн алданги 82,750,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ.
8. Даатгалын гэрээний 14.4.5, 14.4.6, 14.4.7-д заасан “шүүхийн зардал, улсын тэмдэгтийн хураамж, өмгөөллийн зардал” зэрэг даатгагч хариуцах тохиролцоонд нэхэмжлэгчийн энэ нэхэмжлэлээр шаардаж буй Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 101/ШШ2020/02931 дүгээр шийдвэрийн дагуу төлсөн улсын тэмдэгтийн хураамж 985,450 төгрөг, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал 100,000 төгрөг тус тус хамаарахгүй тул дээрх шаардлагуудыг хангах үндэслэлгүй.
9. Дээрх үндэслэлээр давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 191/ШШ2025/04487 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг “Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт зааснаар “*******” ХК-аас гэрээний үүрэгт 162,038,820 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “*******” ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 87,296,630 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж,
2 дах заалтад “хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 968,144 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай” гэж нэмж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,404,628 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА
О.ОДГЭРЭЛ