Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2025/01420

 

 

 

*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, шүүгч О.Одгэрэл нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 192/ШШ2025/04490 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “*******” ХК-д холбогдох,

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 30,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч О.Одгэрэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн төлөөлөгч   *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүлэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. “*******” ХХК нь “*******” ХК-ны захиалгаар *******-ийн барилгын дотор заслын ажлыг 417,940,000 төгрөг хийж гүйцэтгэхээр 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Тус гэрээний хугацаа 2022 оны 11 сарын 01-ны өдрөөс 2023 оны 02 сарын 25-ны өдрийг хүртэл, мөн 2023 оны 02 сарын 25-ны өдрөөс 2023 оны 4 сарын 20-ны өдрийг хүртэл тус тус сунгасан.

Манай компани гэрээгээр тохиролцсон ажлыг бүрэн хийж гүйцэтгэж захиалагч талд хүлээлгэн өгсөн. Талууд 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр гэрээ дүгнэж тооцоо нийлсэн. Ажлын хөлсний үлдэгдэл болох 37,394,416 төгрөгийг “*******” ХК нь 2023 оны 12 дугаар сард 7,394,416 төгрөг, 2024 оны 5 дугаар сарын эхний долоо хоногт 10,000,000 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын эхний долоо хоногт 20,000,000 төгрөгийг төлж барагдуулахаар тохирсон. 12 дугаар сард 7 сая төгрөгөө өгсөн учраас үлдэгдэл 30,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.

1.2. Маргааны зүйл гэвэл шалыг нэг нь 98,710,000 төгрөг, нөгөө нь 68,710,000 гэдэг. Энэ нөхцөл байдлыг тайлбарлавал “*******” ХК нь тооцоо нийлсэн актад гарын үсэг зурсан ба тэр гэрээ дүгнэсэн актад үлдэгдэл дүнг 37,394,416 төгрөг гэж бичсэн.

Гэрээний нийт үнийн дүн 417,940,000 төгрөг, үүнээс 315,141,000 төгрөгийн санхүүжилт авсан, үлдэгдэл 102,799,000 төгрөгийн санхүүжилт үлдсэн талаар 2023 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн нэмэлт гэрээнд бичсэн байгаа. Энэ үед дансаар манайх руу 120,000,000 төгрөг ороод ирчихсэн, бартерын байраа 126,431,000 төгрөгт авчихсан, шалны цутгалт 68,710,000 төгрөгөөр тооцоход нийт 315,141,000 төгрөг болж байгаа юм. Нягтлангаа буруу тооцоо нийлсэн гэдэг шалтгааныг хэлж байгаа боловч энэ гэрээгээр тооцоолоход хангалттай.

Иймд үлдэгдэл төлбөр болох 30,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. “*******” ХХК-тай байгуулсан гэрээний үнийг бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Гэрээний нийт дүн 417,940,000 төгрөг, бартер байр 126,431,000 төгрөг, санхүүжилт /дансаар/ 177,394,416 төгрөг, шал цутгалт /суутгал/ 98,710,000 төгрөг, алданги 11,404,584 төгрөг, хийгдээгүй ажлын хасагдах дүн 4,000,000 төгрөг, үлдэгдэл 0 төгрөг болсон.

2.2. 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр “*******” ХХК нь “*******” ХК-ийн төслийн инженер *******тай гэрээ дүгнэх үед “*******” ХК-ийн ерөнхий нягтлан бодогч нь алдаа гаргаж “*******” ХХК-тай тооцоо нийлэхдээ дансаар шилжүүлсэн төлбөрөөс 30,000,000 төгрөгийг дутуу тусгасан байсныг ерөнхий нягтлан бодогч *******нь 2023 оны жилийн эцсийн тайлангийн үеэр тухайн ажлын гүйлгээг нягтлан бодогч шалгаснаар үлдэгдэл төлбөргүй болох нь тодорхой болсон. Энэхүү асуудлыг “*******” ХХК-ийн захирал М.Баярцогтод тайлбарлан 2 тал тооцоо нийлэн “******* “ХХК-ийн дансны хуулгатай тулгаж үзэхэд нотлогдсон.

2.3. Шал цутгалт 68,710,000 төгрөгөөр биш 98,710,000 төгрөг юм. Нөгөө тал шал цутгалт 68,710,000 төгрөг байсан учраас ийм зөрүү гарсан гэдэг, гэтэл гэрээнд 98,710,000 төгрөг гэж байгаа учраас энэ үндэслэлгүй.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан “*******” ХК-аас 30,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “*******” ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “*******” ХК-аас 307,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “*******” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Шийдвэрийн үндэслэлээ гэрээ дүгнэх үед орхигдсон 30,000,000 төгрөгийн баримтыг хэрхэн яаж тооцсон талаар шийдвэрт заагаагүй.

4.2. Тооцоо нийлэх акт үйлдэхэд 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар хариуцагч талын нягтлан бодогч алдаа гаргасан гэх боловч тус байгууллагын ерөнхий нягтлан бодогч О.Энхзаяа 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн байх ба тооцоо нийлэхээс өмнө халагдсан гэж үзэхээр байгаа. Гэрээ дүгнэсэн актад хариуцагч байгууллагын төслийн инженер ******* гарын үсэг зурж баталгаажуулсан байна гэх, гэрээ дүгнэсэн актад огт дурдагдаагүй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд байхгүй шал цутгалтын ажлыг 68,710,000 төгрөгөөр тооцох тухай асуудлыг иш татсан нь ойлгомжгүй бөгөөд үндэслэлгүй гэж үзэж байна. “*******” ХХК-д ажил гүйцэтгэсний хөлсийг бүрэн төлж барагдуулсан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

5. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:

5.1. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй. Гэрээний дагуу шалны цутгалтын ажил тодорхой хийх ёстой ажлуудын нэг байсан. Гэтэл хариуцагч талаас өөр газраар шал цутгалтын ажлыг хийлгэх талаар хүсэлт гаргасны дагуу шалны цутгалтыг хийлгүй үлдээсэн.

Шалны цутгалтыг анх 98,710,000 төгрөгөөр тооцсон байсан ч тооцоо нийлсэн акт үйлдэхдээ амаар харилцан тохирч 68,000,000 төгрөг байхаар тохирсон. Хавтаст хэргийн 17-18 дугаар хуудсанд гэрээ дүгнэсэн актад гүйцэтгэх захирал өөрөө гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулсан байдаг тул бид тооцоо нийлсэн актын дагуу шаардаж байгаа. Нягтлан бодогч андуурсан гэх тайлбар хариуцагчийн өөрийн дотоод асуудал. Иймд гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2. “*******” ХХК нь “*******” ХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 30,000,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, “ажлын хөлсийг бүрэн төлсөн” гэж маргажээ.

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дэх хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байх тул давж заалдах шатны шүүхээс үүнийг залруулна.

 

3. “*******” ХХК, “*******” ХК нар 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдөр харилцан тохирч, гүйцэтгэгч нь *******-ын барилгын дотор заслын ажлыг батлагдсан зураг төслийн дагуу тусгай нөхцөлд заасан тоо хэмжээний ажлыг 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор хийж гүйцэтгэхээр, захиалагч нь ажлын хөлс 417,940,000 төгрөгийг бэлэн болон бэлэн бус хэлбэрээр төлөхөөр ГХ-018 тоот гэрээг байгуулсан. Улмаар 2022 оны 12 дугаар сарын 04-ний өдөр, 2023 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр тус тус гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулжээ.

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр талаар зөв дүгнэсэн.

 

4. Зохигчид гэрээний явцад шалны цутгалтын ажлыг гүйцэтгэгчээр бус гуравдагч этгээдээр гүйцэтгүүлэхээр тохирч ажлын тоо хэмжээнээс хассан, гүйцэтгэгч тал ажлыг хийж гүйцэтгэн хүлээлгэж өгсөн, мөн захиалагч ажлын хөлснөөс 126,431,000 төгрөгт тооцон орон сууцыг шилжүүлсэн, нийтдээ дансаар 177,394,416 төгрөгийг төлсөн, гэрээний 4-т зааснаар гүйцэтгэлийн баталгаанд барьцаа болгож 40,000,000 төгрөг, түүнчлэн гүйцэтгэгч ажлыг хугацаандаа гүйцэтгээгүйгээс алдангид 11,404,584 төгрөг төлөхөөр тохирсон, гүйцэтгэгчийн хийгээгүй дутуу ажлыг 4,000,000 төгрөгөөр тооцож ажлын хөлснөөс хасахаар тохирсон үйл баримтуудад маргаагүй байна.  

Харин нэхэмжлэгч 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн гэрээ дүгнэсэн актаар ажлын хөлсний үлдэгдэл 37,394,416 төгрөг болохыг талууд баталгаажуулсан, үүнээс төлсөн 7,394,416 төгрөгийг хасаж үлдэх 30,000,000 төгрөгийг гаргуулна. Хийгдээгүй шалны цутгалтын ажлыг 68,710,000 төгрөгөөр тохирч ажлын хөлснөөс хассан гэж, харин хариуцагчаас тухайн актыг үйлдэхдээ урьд төлсөн 30,000,000 төгрөгийг тооцоонд оруулаагүй алдаа гарсан, хийгдээгүй шалны цутгалтын ажлыг 98,710,000 төгрөгөөр тохирсон, төлбөрийг бүрэн төлсөн гэж тус тус маргасан байна.

 

5. Анхан шатны шүүх 2023 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн гэрээний нэмэлт өөрчлөлтөд “төлсөн дүн 315,141,000 төгрөг, төлөгдөөгүй үлдэгдэл 102,799,000 төгрөг” гэж тусагдсанаас тооцоог хийж улмаар талуудын маргааны зүйл болсон хийгдээгүй шалны цутгалтын ажил 68,710,000 төгрөг байхаар тохирсон гэж дүгнэсэн нь нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлж чадаагүй гэж үзнэ.

Дээрх 2023 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн гэрээний нэмэлт өөрчлөлтөд төлсөн, төлөөгүй дүнг нэгтгэж тусгагдсанаас өөрөөр хийгдээгүй шалны цутгалтын ажилд хэдэн төгрөг хасах талаар тухайлан заагаагүй байна. /хх 13-14/

 Харин хэрэгт авагдсан 2022 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн гэрээний нэмэлт өөрчлөлт, 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн гэрээ дүгнэсэн актад “шалны цутгалтын ажил суутгал 98,710,000 төгрөг” гэж тухайлан заасан байх тул Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт зааснаар үгийн шууд утгаар тайлбарлаж, захиалагчийн гүйцэтгэгчид төлбөл зохих ажлын хөлснөөс энэ дүнгээр хасагдаж тооцогдоно. /хх 12, 17-18/

 Нэхэмжлэгчээс бичгээр 98,710,000 төгрөг гэж заасан ч бодитоор энэ ажилд 68,710,000 төгрөг хасахаар амаар харилцан тохирсон байсан гэж тайлбарласан ч дээрх тайлбарыг дэмжих баримт хэрэгт авагдаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

6. Энэ шийдвэрийн 4-т дурдсан талуудын маргаагүй дүн болох бартераар төлсөн  126,431,000 төгрөг, дансаар төлсөн 177,394,416 төгрөг, алданги 11,404,584 төгрөг, дутуу ажлын 4,000,000 төгрөг дээр шалны цутгалтын ажлын 98,710,000 төгрөгийг нэмж тооцоход захиалагч тал гэрээгээр тохирсон ажлын хөлсийг төлсөн болох нь тогтоогдож байна.

7. Дээр дурдсан үндэслэлээр шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн тухай хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 192/ШШ2025/04490 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар “*******” ХК-д холбогдох гэрээний үүрэгт 30,000,000 төгрөг гаргуулах тухай “*******” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ж.ЛХАГВАСҮРЭН
 

                                            ШҮҮГЧИД                                   Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

                                                           О.ОДГЭРЭЛ