Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 00459

 

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Дарьсүрэн даргалж, хийсэн шүүх хуралдаанаар Ц.Лхагвасүрэн, Ц.Лхагвадорж, Ц.Цэрэндулам нарын нэхэмжлэлтэй, Ц.Цэрэндэжид, Анаг ХХК / П.Бүрнээ/ нарт холбогдох, Анаг ХХК-ийн захиралаар ажиллаж байсан Ш.Цэрэнхүүд ногдох хувьцааны өв нээлгэх хугацааг сэргээлгэх, Анаг ХХК-ийн гишүүдийн 2003 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн хурал, түүнээс гарсан шийдвэр, мөн Анаг ХХК-ийн дүрэм, П.Бүрнээг Анаг ХХК-ийн гишүүн хувьцаа эзэмшигч, захирал болгосон шийдвэрийг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулах тухайнэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2016/00149/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч: 1957 онд төрсөн, дээд боловсролтой, Боловсрол соёл шинжлэх ухааны яаманд ахлах мэргэжилтэн, Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 25 дугаар хороо Кристал тауны 803-102 тоотод оршин суух Боржигон овогт Цэрэнхүүгийн Цэрэндулам /РД:ЧМ57081906/,

нэхэмжлэгч: 1954 онд төрсөн, дээд боловсролтой, Анагаах ухааны Академийн ерөнхийлөгч, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Бумграндын 32-3 тоотод оршин суух Боржигон Цэцээ овогт Цэрэнхүүгийн Лхагвасүрэн /РД: ШЗ54121711/,

нэхэмжлэгч Ц.Лхагвадоржийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: 1957 онд төрсөн, дээд боловсролтой, Булган аймгийн Булган сумын 1 дүгээр баг, Ачуут Шинэ хорооны 11-04 тоотод оршин суух Дархан овогт Маналжавын Даваасүрэн /РД: ГЮ57090265/,

хариуцагч: 1962 онд төрсөн, дээд боловсролтой, Анаг ХХК-д менежер ажилтай, Булган аймгийн Булган сум 6 дугаар багийн 7-12 тоотод оршин суух Боржигон овогт Цэрэнхүүгийн Цэрэндэжид /РД:ГЮ62102065/,

хариуцагч П.Бүрнээгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: 1969 онд төрсөн, дээд боловсролтой, Булган аймгийн Булган сумын 5 дугаар Гурилын үйлдвэрийн байрны 303 тоотод оршин суух Халбин овогт Сүрэнхоролын Амар /РД:СЮ69040210/, нарийн бичгийн дарга Э.Цэнгүүн нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Лхагвасүрэн, Ц.Лхагвадорж, Ц.Цэрэндулам нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бадамханд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.Лхагвасүрэн, Ц.Лхагвадорж, Ц.Цэрэндулам нарын төрсөн эцэг Шаравдонойн Цэрэнхүү Булган аймгийн 6 дугаар баг, Жаргалантийн ам гэх газар аялал жуулчлал, амралтын үйл ажиллагаа явуулах зорилгоор Анаг ХХК-ийг Д.Туяагийн хамт 2 гишүүнтэй үүсгэн байгуулж захирлаар нь ажиллаж байгаад 2003 оны 07 дугаар сарын 01-ний өдөр нас барсан. Ц.Лхагвасүрэн, Ц.Лхагвадорж, Ц.Цэрэндулам, Ц.Цэрэндэжид нар нь эцэг, эхээс дөрвүүлээ бөгөөд иргэний хуульд заасны дагуу хууль ёсны өвлөгчид юм. Гэтэл Ц.Цэрэндэжид ах дүү нарынхаа зөвшөөрөлгүй 2003 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Анаг ХХК-ийн гишүүдийн өөрчлөлт гэх хууль бус хурлыг хийж эцэг Ш.Цэрэнхүүд ногдох хувьцааг өвлөх эрхгүй П.Бүрнээг Анаг ХХК-ийн гишүүн, хувьцаа эзэмшигч болгож компаний бүх хөрөнгөний эзэн болгосныг 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Ц.Цэрэндэжидээс олж мэдээд энэ талаарх гомдлоо Булган аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтэст гаргасан. Ц.Цэрэндэжид нь "АНАГ" ХХК-ийг үүсгэн байгуулагч гишүүн, түүний хувьцаа эзэмшигч захирал Ш.Цэрэнхүүгийн хууль ёсны өвлөгч боловч, өвлөгдөх эд хөрөнгийг бусад өвлөгчдийг ирэхийг хүлээхгүйгээр авч болох ч өв нээгдсэн өдрөөс хойш нэг жил өнгөрөөгүй буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгох хүртэл уг эд хөрөнгийг худалдах, бэлэглэх, бусдад барьцаалах, эрхгүй байхад 2003 оны 10 дугаар сарын 25-ны өдөр "АНАГ" ХХК-ийн гишүүдийн "өөрчлөлтийн тухай" гэх хурлыг хийж П.Бүрнээг гишүүнээр оруулж, хувьцаа эзэмшигч болгосон нь хуульд нийцэхгүй байна. Энэ үйлдэл нь Иргэний хууль болон Компаний тухай хуулийн заалтыг зөрчсөн үйлдэл тул Анаг ХХК-ийн эрх, өмч хөрөнгийн өвийг хүлээн авах хугацааг сунгаж, Анаг ХХК-ийн гишүүдийн 2003 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн хурлын тэмдэглэлийг хүчин төгөлдөр бус тооцуулж, П.Бүрнээг Анаг ХХК-ийн гишүүн хувьцаа эзэмшигч болгосон компанийн дүрмийг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ц.Лхагвасүрэн шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: Миний аав Ш.Цэрэнхүү 1994 онд Анаг ХХК-ийг үүсгэн байгуулсан. Аав маань 2003 оны 7 дугаар сарын 01-ний өдөр нас барсан. Аавыг амьд сэрүүн байхад Анаг ХХК нь ямар нэгэн асуудалгүй, хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулдаг байсан. Өнгөрсөн өвөл компанийн оролцоог өргөжүүлж явуулах саналыг хэлж Бүрнээгээс компанийн гэрчилгээг шилжүүлэхийг хүссэн боловч тэрээр бидэнд гэрчилгээг өгөөгүй. Бид Анаг ХХК-ийн гэрчилгээ аав Ш.Цэрэнхүүгийн нэр дээр байгаа гэж бодож байсан. Манай дүү Ц.Цэрэндэжид аавыг нас барах хүртэл хамт амьдарч байсан учраас компанийн үйл ажиллагааг үргэлжлүүлээд авч явж байсан. Компани Бүрнээгийн нэр дээр шилжсэнийг мэдээгүй. Өвлөгдөх хөрөнгө хүүхдүүдэд нь очилгүй өөр хүн дээр очсон нь их гайхширал төрүүлж байна. Бид Ш.Цэрэнхүүгийн төрсөн хүүхдүүд тул хууль ёсоор өв залгамжлах ёстой гэж үзэж байна. Иймд Анаг ХХК-ийн захиралаар ажиллаж байсан Ш.Цэрэнхүүд ногдох хувьцааны өв нээлгэх хугацааг сэргээж, Анаг ХХК-ийн гишүүдийн 2003 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн хурал, түүнээс гарсан шийдвэр, мөн Анаг ХХК-ийн дүрэм, П.Бүрнээг Анаг ХХК-ийн гишүүн хувьцаа эзэмшигч, захирал болгосон шийдвэрийг тус тус хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэв.

Нэхэмжлэгч Ц.Цэрэндулам шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: Нэхэмжлэгч ах Ц.Лхагвасүрэнтэй санал нэг байна. Энэ асуудал Бүрнээ, Цэрэндэжид нарын гэр бүлийн асуудлаас болж үүссэн. Бид Анаг ХХК-ийн гэрчилгээ Бүрнээгийн нэр дээр шилжсэн, түүнийг захирал болгосон гэдгийг мэдээгүй явсан нь бидний алдаа юм. Бидний өв нээлгэх хугацааг сэргээж өгнө үү гэв.

Нэхэмжлэгч Ц.Лхагвадоржийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Даваасүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ш.Цэрэнхүү нь 1994 онд Анаг ХХК-ийг Д.Туяагийн хамт үүсгэн байгуулсан. Тэрээр 2003 оны 7 дугаар сарын 01-ний өдөр нас барж, хамт амьдарч байсан охин Цэрэндэжидэд өв шилжсэн байдаг. 2003 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Анаг ХХК-ийн хувьцаа эзэмшигч нэг ч хүн оролцоогүй хувьцаа эзэмшигчдийн хурал хийж П.Бүрнээг гишүүнээр авч, захирал болгосон нь хууль бус шийдвэр юм. Д.Туяа тухайн хуралд оролцоогүй гэсэн тайлбараа шүүхэд өгсөн байгаа. 2004 онд олгосон гэрчилгээнд Ц.Цэрэндэжид захирал нь байсан, гэтэл гэрчилгээ гээгдүүлсэн гэдэг үндэслэлээр дахин гэрчилгээ олгохдоо П.Бүрнээг захирал болгосон нь хууль бус юм. Иймд Анаг ХХК-ийн захиралаар ажиллаж байсан Ш.Цэрэнхүүд ногдох хувьцааны өв нээлгэх хугацааг сэргээж, Анаг ХХК-ийн гишүүдийн 2003 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн хурал, түүнээс гарсан шийдвэр, мөн Анаг ХХК-ийн дүрэм, П.Бүрнээг Анаг ХХК-ийн гишүүн хувьцаа эзэмшигч, захирал болгосон шийдвэрийг тус тус хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэв.

Хариуцагч П.Бүрнээ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би Ц.Цэрэндэжидтэй 1998 онд гэр бүл болж өнөөг хүртэл хамт амьдарч байна. Ш.Цэрэнхүү, Д.Туяа, Ц.Цэрэндэжид нарын 1994 онд байгуулсан Анаг ХХК-ийн захирлаар 2003 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс одоог хүртэл ажиллаж байна. Өнгөрсөн 12 жилийн хугацаанд амрагчдын тав тухтай байдлыг хангах тэдний итгэлийг хүлээх үүднээс зохих хөрөнгө оруулалтыг хийсэн. Нэхэмжлэгч нар намайг захирлаар ажиллаж байгааг 12 жилийн хугацаанд мэдсээр байж одоо мэдсэн гэж шүүхэд хандаж байгааг ойлгохгүй байна гэжээ.

Хариуцагч Ц.Цэрэндэжид нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Би П.Бүрнээтэй 1998 онд гэр бүл болсон. Миний аав Ш.Цэрэнхүү Анаг ХХК-ийг үүсгэн байгуулж үйл ажиллагааг нь удирдан явуулж байгаад 2003 оны 7 дугаар сарын 01-ний өдөр нас барсан. Би аавыгаа нас барах хүртэл нь хамт амьдарч байсан. Би тухайн үед хууль эрх зүйн мэдлэггүйгээсээ болоод 2003 оны 10 дугаар сарын 25-ны өдөр П.Бүрнээтэй хамт Анаг ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг хийсэн. Энэ хуралд Д.Туяа оролцоогүй, хурлын тэмдэглэлийг Бүрнээ өөрөө бичгийн машинаар бичиж байсан. Энэ хурал хууль бус болохыг би хүлээн зөвшөөрч байна. Ах, дүү нартаа энэ асуудлын талаар ярьдаггүй байсан. 2015 оны 9 сараас Бүрнээтэй гэр бүлийн асуудлаас болж маргаан үүсгэн тусдаа амьдарч байгаа. Энэ үеэс Анаг ХХК-ийн захирлаар Бүрнээ ажиллаж байгаа гэдгийг ах, дүү нартаа хэлсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэв.

Хариуцагч П.Бүрнээгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Амар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлд нэхэмжлэгч нар ямар эд хөрөнгийг өвлөж авахыг тусгаагүй. 2003 оны 10 сараас Анаг ХХК-ийн захирлаар П.Бүрнээ ажиллах болсон. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн. 1999 оны Анаг ХХК-ийн дүрэмд Ш.Цэрэнхүү, Ц.Цэрэндэжид гэсэн 2 гишүүнтэй байхаар тусгагдсан. Цэрэндэжид бол Анаг ХХК-ийн хувьцаа эзэмшигч мөн. 2003 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Анаг ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал хүчин төгөлдөр гэж үзэж байна. Ц.Цэрэндулам, Ц.Лхагвасүрэн нар 2003 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Анаг ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал, түүнээс гарсан шийдвэрүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэл гаргах эрхгүй хүмүүс юм гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаадҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Лхагвасүрэн, Ц.Лхагвадорж, Ц.Цэрэндулам нар нь Ц.Цэрэндэжид, Анаг ХХК /П.Бүрнээ/-д холбогдуулж Анаг ХХК-ийн захиралаар ажиллаж байсан Ш.Цэрэнхүүд ногдох хувьцааны өв нээлгэх хугацааг сэргээж, Анаг ХХК-ийн гишүүдийн 2003 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн хурал, түүнээс гарсан шийдвэр, мөн Анаг ХХК-ийн дүрэм, П.Бүрнээг Анаг ХХК-ийн гишүүн хувьцаа эзэмшигч, захирал болгосон шийдвэрийг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч Ц.Цэрэндэжид нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн агуулгатай тайлбар өгч, харин хамтран хариуцагч П.Бүрнээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Амар нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

1. Анаг ХХК-ийн захирлаар ажиллаж байсан Ш.Цэрэнхүүд ногдох хувьцааны өв нээлгэх хугацааг сэргээлгэх шаардлагын тухайд;

Ш.Цэрэнхүү агсан, Д.Туяа нар 1994 онд Анаг ХХК-ийг үүсгэн байгуулах гэрээ байгуулж, компанийн дүрмийг баталж, захиралаар нь Ш.Цэрэнхүү агсан ажиллаж байсан байна./ хх 42-47 тал/

Ш.Цэрэнхүү нь 2003 оны 7 дугаар сарын 1-ний өдөр нас барсан болох нь нас барсаны бүртгэлийн лавлагаараар, нэхэмжлэгч Ц.Лхагвасүрэн, Ц.Лхагвадорж, Ц.Цэрэндулам, хариуцагч Ц.Цэрэндэжид нар нь Ш.Цэрэнхүүгийн төрсөн хүүхдүүд болох нь төрсний бүртгэлийн лавлагаагаар тус тус тогтоогдож байна./хх 5-7 тал/

Иргэний хуулийн 515 дугаар зүйлд заасан зохицуулалтаас үзвэл, өв залгамжлалыг хуульд зааснаар буюу гэрээслэлээр гүйцэтгэхээр, хэрэв өвлөгч өвөөс татгалзсан, өвлөх эрхээ алдсан эсхүл өвлөгч байхгүй бол эзэнгүй эд хөрөнгийг төрийн өмчлөлд шилжүүлэхээр заасан байна.

Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1, 528.2 дахь хэсэгт өвлүүлэгчтэй хамт амьдарч байсан болон амьдарч байгаагүй бусад өвлөгчдийн хувьд өв нээгдсэнээс хойш өвлөгдөх хөрөнгийг хэрхэн хүлээн авах тухай хугацаа, журмыг өөр өөрөөр хуульчилжээ.

Хариуцагч Ц.Цэрэндэжид нь өвлүүлэгчийг нас барах хүртэл хамт амьдарч байсан болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар тогтоогдож байх бөгөөд өв нээгдсэнээс хойш гурван сарын дотор өв хүлээн авахаас татгалзаагүй тул түүнийг өв хүлээн авсан гэж үзнэ. Энэ талаар талууд маргахгүй байна.

Харин нэхэмжлэгч Ц.Цэрэндулам, Ц.Лхагвасүрэн, Ц.Лхагвадорж нар нь талийгаачтай хамт амьдарч байгаагүй учир өвийг хүлээн авах журам нь Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2 дахь хэсэгт зааснаар зохицуулагдана. Дээрхи хуульд ... өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор хуульд заасны дагуу өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан, эсхүл нотариат буюу баг, сумын Засаг даргад өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч, өргөдөл гаргасан байвал уг өвийг хүлээн авсан гэж үзэх-ээр заажээ.

Нэхэмжлэгч нар нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1-д зааснаар өвлүүлэгчийн хууль ёсны өв залгамжлагч нар мөн боловч Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2-т зааснаар өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор өвлөгдөх эд хөрөнгийг хүлээж аваагүй, хүлээн авах талаар хүсэл зоригоо илэрхийлээгүй тул мөн хуулийн 528 дугаар зүйлийн 528.3-т зааснаар тэдгээрийг өвлөхөөс татгалзсан гэж үзэхээр байна.

Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.4-т заасан зохицуулалт нь өвлүүлэгчтэй хамт амьдарч байсан болон амьдарч байгаагүй өв залгамжлагч нарт өвийг хүлээн авах хуулиар тогтоосон /528.1, 528.2-т заасан/ хугацааг хүндэтгэн үзэх тодорхой шатгаанаар алдсан бол уг хугацааг сунгах боломжийг шүүхэд олгосон байна.

Нэхэмжлэгч нарыг өвлөхөөс татгалзсан гэж үзэхгүй байх, өв хүлээн авах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар 12 жил хэтрүүлсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүйгээс гадна ийм нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Өөрөөр хэлбэл Ш.Цэрэнхүү нь 2003 оны 7 дугаар сарын 1-ний өдөр нас барсан, энэ өдрөөс хойш нэхэмжлэгч нарын эцгийнхээ өвийг хүлээн авсан гэж үзэх сүүлчийн хугацаа 2004 оны 7 дугаар сарын 1-ний өдөр дууссан бөгөөд нэхэмжлэгч нар нь энэ хугацаанд Ш.Цэрэнхүүгийн хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох, өвийг хүлээн авах талаар хүсэлт, өргөдөл, нэхэмжлэл гаргаж байгаагүй, хуульд заасан хугацааг хэтрүүлснийг хүндэтгэх үзэх шалтгаантай гэж дүгнэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй тул өв нээлгэх хугацааг сэргээлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

2. Анаг ХХК-ийн гишүүдийн 2003 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн хурал, түүнээс гарсан шийдвэр, мөн Анаг ХХК-ийн дүрэм, П.Бүрнээг Анаг ХХК-ийн гишүүн хувьцаа эзэмшигч, захирал болгосон шийдвэрийг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлагын тухайд;

Анаг ХХК-ийн захирлаар ажиллаж байсан Ш.Цэрэнхүү 2003 оны 7 дугаар сарын 01-ний өдөр нас барж, түүнтэй хамт амьдарч байсан түүний охин Ц.Цэрэндэжид Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1-д зааснаар Ш.Цэрэнхүүгийн өв залгамжлагч болсноор 2003 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Анаг ХХК-ийн гишүүдийн өөрчлөлтийн талаархи хурлыг хийж, өөрийн нөхөр П.Бүрнээг компанийн гишүүнээр авч, захиралаар томилсон байна. /хх 38 хуудасны ар тал, 39-41 тал/

Анаг ХХК-ийн дүрмийн наймдугаар зүйлийн нэгд зааснаар П.Бүрнээ 50%, Ц.Цэрэндэжид 50% эзэмшдэг байна. /хх 40 тал/

Компанийн хувьцаа эзэмшигчдийн хувьцааны хувь хэмжээг өөрчлөх, компанийн дүрэмд өөрчлөлт оруулах, төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг сонгох, дуусгавар болгох, компанийн гүйцэтгэх захирал болон гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийг сонгох, тэдгээрийн бүрэн эрхийг тогтоох, бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө дуусгавар болгох зэрэг нь Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.2-т зааснаар хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрх-ийн асуудал тул нэхэмжлэгч нарын 2003 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн хурал, түүнээс гарсан шийдвэр, мөн Анаг ХХК-ийн дүрэм, П.Бүрнээг тус компанийн гишүүн, захирал болгосон шийдвэрийг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлага бүхэлдээ үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийг Анаг ХХК-ийн хувь эзэмшигч нар гаргаагүй, нэхэмжлэгч нар ийм шаардлага гаргах эрх бүхий этгээд биш байна.

Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7, 528 дугаар зүйлийн 528.2, 528.3, 528.4, Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул Ц.Цэрэндэжид, Анаг ХХК /П.Бүрнээ/-д холбогдох Анаг ХХК-ийн захирлаар ажиллаж байсан эцэг Ш.Цэрэнхүүд ногдох хувьцааны өв нээлгэх хугацааг сэргээлгэх, 2003 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Анаг ХХК-ийн гишүүдийн өөрчлөлтийн талаархи хурал, түүнээс гарсан шийдвэр, мөн Анаг ХХК-ийн дүрэм, П.Бүрнээг Анаг ХХК-ийн гишүүн, хувьцаа эзэмшигч, захирал болгосон шийдвэрийг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулахЦ.Лхагвасүрэн, Ц.Лхагвадорж, Ц.Цэрэндулам нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн доторБулган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН