| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунчимэг Одгэрэл |
| Хэргийн индекс | 183/2024/04003/И |
| Дугаар | 210/МА2025/01421 |
| Огноо | 2025-08-25 |
| Маргааны төрөл | Хөлсөөр ажиллах, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 08 сарын 25 өдөр
Дугаар 210/МА2025/01421
*******, ******** нарын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, О.Одгэрэл нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 192/ШШ2025/05290 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******, ******** нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* т холбогдох,
Гэрээний үүрэгт 9,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч О.Одгэрэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ******* , хариуцагч ******* , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүлэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлийн агуулга:
1.1. Хариуцагч ******* нь өмгөөлөгч ******* тэй 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Хууль зүйн байнгын үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан. Улмаар ******* Ирланд улсад сургалтад хамрагдах болсонтой холбоотойгоор гэрээгээр хүлээсэн үүргээ *******, ******** нарт шилжүүлэхээр тохиролцсоны дагуу ******* болон бидний хооронд 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Хууль зүйн үйлчилгээ үзүүлэх гэрээг байгуулсан.
Бид гэрээнд заасны дагуу 2023 оны 9,10,11,12 дугаар сарууд болон 2024 оны 1,2,3 дугаар саруудад ******* т хууль зүйн байнгын үйлчилгээ үзүүлж ирсэн. Бидний хооронд байгуулагдсан гэрээний 1.4-т “гэрээний хугацаа 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл байна” гэж, 1.5 дахь хэсэгт “Энэхүү гэрээний хугацаа дуусахад өмгөөллийн үйлчилгээ үзүүлж буй хэрэг маргаанууд шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэж дуусаагүй, талууд гэрээг цуцлах талаар санал гаргаагүй бол дахин нэг жилээр сунгагдсанд тооцно” гэж тус тус заасны дагуу гэрээ сунгагдсан тул бид 2024 оны 1,2,3 дугаар саруудад хариуцагч ******* т хууль зүйн байнгын үйлчилгээг үзүүлсэн.
Үйлчлүүлэгч ******* сар бүрийн үйлчилгээний хөлсөнд нийт 2,000,000 төгрөгийг сар бүрийн 10-ны өдрийн дотор нэхэмжлэгч нарт төлөх үүрэгтэй боловч 2024 оны 1, 2, 3 дугаар саруудын хөлсөө өнөөдрийг хүртэл төлөөгүй. Мөн гэрээний 5.2 дахь хэсэгт “Үйлчлүүлэгч ... хөлс, зардлыг хугацаандаа төлөөгүй тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх алданги төлнө” гэж заасан.
Иймд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу Хууль зүйн байнгын үйлчилгээ үзүүлэх гэрээний үлдэгдэл төлбөр нийт 6,000,000 төгрөг, алданги 3,000,000 төгрөг, нийт 9,000,000 төгрөгийг ******* аас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч талын нэхэмжлэлийн шаардлагад гаргасан тайлбар, татгалзлын агуулга:
2.1. Хариуцагч ******* нэхэмжлэлд хариу тайлбар гараагүй байна.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* аас 9,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******, ******** нарт олгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******, ******** нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 158,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* аас 158,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагч талын давж заалдах гомдлын агуулга:
Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.
4.1. Гэрээний хугацаа 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон бөгөөд үүнээс хойш гэрээг сунгаагүй. Гэрээний хугацаа дууссан талаар нэхэмжлэгч нарт утсаар мэдэгдсэн. Нэхэмжлэгч нар гэрээний хугацаа дуусаагүй гэх тайлбараа баримтаар нотлоогүй байхад шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй.
4.2. Нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 100.4 дэх хэсэгт заасныг шүүх буруу тайлбарлаж хэрэглэсэн. Хуульд заасан мэтгэлцэх зарчмыг хангаагүй, хариуцагчийн эрх, ашиг сонирхлыг илтэд хохироосон шийдвэр гаргасан.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах эсхүл нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
5. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдолд гаргасан тайлбар татгалзлын агуулга:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн тул хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.
ХЯНАВАЛ:
2. Нэхэмжлэгч *******, ******** нар нь хариуцагч ******* т холбогдуулан гэрээний үүрэгт 9,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
3.1. Хариуцагч ******* , ******* нар 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдөр “Хууль зүйн байнгын туслалцаа үзүүлэх гэрээ” байгуулсан, улмаар Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт зааснаар тус гэрээний эрх үүргийг тохиролцож шилжүүлснээр *******, ******** болон хариуцагч ******* ын хооронд 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдөр “Хууль зүйн байнгын үйлчилгээ үзүүлэх” гэрээ байгуулагджээ.
Энэ гэрээгээр: Ажиллагч нь ******* ын 5 хүртэлх тооны захиргаа болон иргэний шүүхэд хамаарах хэрэг маргаан, шүүхийн өмнөх шатны ажиллагаанд тус тус өмгөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож өмгөөллийн үйлчилгээг үзүүлэхээр, ажиллуулагч нь хэлэлцэн тохирсон хөлсийг төлөхөөр тохиролцсон байна. /хх 5-6, 8-9/
Анхан шатны шүүхээс талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр талаар зөв дүгнэжээ.
4. Талуудын хоорондох гэрээний 1.4.-т “гэрээний хугацаа 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл” байхаар, 1.5.-д “...гэрээг цуцлах санал гаргаагүй бол ... сунгагдсанд тооцно” гэж тохиролцсон байна.
Шүүхээс зохигчдын хооронд харилцсан цахим захидалд хийсэн үзлэгийн тэмдэглэлээр нэхэмжлэгч нараас 2024 оны 01 дүгээр сарын 15, 16-нд, 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрүүдэд тус тус үйлчлүүлэгч болох ******* тай харилцаж тодорхой файлуудыг илгээж байсан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хэлэлцсэн “*******” НҮТББ-ын нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт ******* ын өмгөөлөгчөөр ******* шүүх хуралдаанд хамт оролцсон болох нь хэрэгт авагдсан шүүхийн шийдвэрт тусгагдсан зэргээр тогтоогдсон байна. /хх 98-100, 108-119/
Иймд шүүхээс талуудын хоорондох гэрээний хугацааг бодитоор үйлчилгээ үзүүлж байсан хугацаагаар сунгагдсанд тооцож хариуцагчаас 2024 оны 1,2,3 дугаар сарын хөлсийг хэлэлцэн тохирсон хэмжээгээр гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.
5. Хариуцагчаас 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр гэрээ дуусгавар болсон, гэрээний хугацааг талууд сунгаагүй гэж тайлбарласан ч дээрх тайлбарыг дэмжих баримт хэрэгт авагдаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргээ хэрэгжүүлээгүй байна.
Талуудын хооронд Хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн тул нэхэмжлэгч нар оролцсон хэрэгтээ ялагдсан, үр дүн гараагүй тухай хариуцагчийн тайлбар мөн үндэслэлгүй.
6. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй.
6.1. Анхан шатны шүүхээс хариуцагчид нэхэмжлэлийн хувийг 2024 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр гардуулсан боловч тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь “нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх” үүргээ хэрэгжүүлээгүй.
6.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2 дахь хэсэгт заасан “шүүх хуралдаанд оролцох”, “хэргийн материалтай танилцах” хуульд заасан эрхээ эдлэх боломжийг шүүхээс хариуцагчид удаа дараа олгож, 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр, 2025 оны 5 дугаар сарын 07-ны өдөр, 2025 оны 5 дугаар сарын 29-ний өдөр товлон зарлагдсан шүүх хуралдааныг хойшлуулсан байна.
6.3. Мөн хариуцагчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д зааснаар шүүх хуралдааны товыг 2025 оны 6 дугаар сарын 04-ний өдөр мэдэгдэж баримтаар баталгаажуулсан байна.
Иймд анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 100.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хариуцагчийн эзгүйд хянан хэлэлцэж, нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоонд үндэслэн шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн тул энэ талаарх гомдол үндэслэлгүй.
7. Талуудын хоорондох гэрээний 4.1-т “хөлс ... сар бүрийн 5.2-т “хугацаандаа төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх хэмжээний алданги” төлөхөөр тохиролцсон, дээрх тохиролцоо Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт заасан “анзын гэрээг бичгээр хийх” шаардлагыг хангасан тул алдангид 3,000,000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.
Харин шүүх алдангийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх заалтыг баримталсан нь хууль хэрэглээний хувьд оновчгүй болсон хэдий ч энэ нь шүүхийн шийдэлд нөлөөлөхгүй.
8. Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 192/ШШ2025/05290 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 158,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ
О.ОДГЭРЭЛ