Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 878

 

 

 

 

 

 

      2019          09         17                                      2019/ШЦТ/786

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Т.Сарантуяа,

Улсын яллагч: Г.Ганхөлөг /томилолтоор/,

Шүүгдэгч: Д.Я , түүний өмгөөлөгч О.Аззаяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх  хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Д.Я ад холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1905026570844 дугаартай хэргийг 2019 оны 9 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Д.Я, урьд ял шийтгэлгүй,

Шүүгдэгч Д.Я  нь 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, Горькийн 17 дугаар гудамж, ... тоотод эхнэр О.Э тай маргалдан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, О.Э ийн биед баруун нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд уруулын дотор салст, хэлний үзүүрт язралт, доод уруулын дотор салстад цус хуралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Я ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Хохирогч О.Э ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 6 дугаар сарын 03-ны өдөр 4 настай охиноо аваад Баянгол дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 17 дугаар гудамжны ...тоот гэртээ очиход Я “хоёулаа сайхан ярилцья” гээд 2.5 литрийн нэг шил Сэнгүр пиво гаргаж ирсэнийг бид 2 хувааж уугаад дуустал дахиж 1 шил архи гаргаж ирээд Я ганцаараа нэг стаканд дүүргэж уугаад ярьж байтал том охины талаар болон өмнөх асуудлыг сөхөж яриад байхаар нь би уурлаад архийг нь аваад асгаад охиноо аваад явлаа гээд хувцсаа өмсөөд гарах гэтэл миний хоолойноос 2 гараараа багалзуурдаж ухаан алдуулсан. Нэг сэртэл би буйдан дээр уначихсан Я миний дээр гараад суучихсан нүүр рүү гараараа цохиж байгаад холдохоор нь босоод толинд хартал нүүр ам цус болчихсон байхаар нь ах Ө руу залгаад “Я намайг зодчихлоо, дүүгээ ирж ав” гэж хэлээд 102 руу залгаж цагдаа дуудтал гараад явчихсан. ...Я миний нүүр рүү гараараа цохиж уг гэмтлийг учруулсан. Яг хэдэн удаа цохисон гэдгийг хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан миний хоолойноос боож багалзуурдаж ухаан алдуулаад дээрээс цохиж байхад нь би ухаан орж сэргэсэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 22-23/,

Гэрч Ч.Г ы мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 6 дугаар сард яг хэдний өдөр гэдгийг нь мэдэхгүй би гэртээ байхгүй хүүхдийндээ очиж хонохоор явсан  байхад Э  гэрт ирээд Ялалтад зодуулсан гээд одоо цагдаа дээр шалгагдаж байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-н 25/,

Шинжээчийн 6931 тоот дүгнэлтэд: “...О.Э ийн биед баруун нүдний зовхины зөөлөн эдийн няцрал цус хуралт, дээд уруулын дотор салст, хэлний үзүүрт язралт, доод уруулын дотор салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангид нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-н 34/,

Яллагдагчаар Д.Я ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Э ийн биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. ...Би тухайн үед нилээн уурлаад Э ийг дээлнийх нь захаар боож байсан. Нэг мэдсэн би Э ийн нүүр рүү нь цохьсон бололтой нүд хөхөрчихсөн байсан. Би ямар байсан алгадаж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 76-77/,

Хохирогчийн өргөдөл /хх-н 3/, Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-н 4-5/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 17-18, 37-43/, Аюулын зэрэг үнэлгээ /хх-н 44-45 хуудас/, Хамтарсан багийн хурлын тэмдэглэл /хх-н 54-57/, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-н 58-71/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч Д.Я  нь 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, Горькийн 17 дугаар гудамж, ... тоотод эхнэр О.Э тай маргалдан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, О.Э ийн биед баруун нүдний зовхины зөөлөн эдийн няцрал цус хуралт, дээд уруулын дотор салст, хэлний үзүүрт язралт, доод уруулын дотор салстад цус хуралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч О.Э ийн: “...би уурлаад архийг нь аваад асгаад охиноо аваад явлаа гээд хувцсаа өмсөөд гарах гэтэл миний хоолойноос 2 гараараа багалзуурдаж ухаан алдуулсан. Нэг сэртэл би буйдан дээр уначихсан Я миний дээр гараад суучихсан нүүр рүү гараараа цохиж байгаад холдохоор нь босоод толинд хартал нүүр ам цус болчихсон байхаар нь ах Ө руу залгаад “Я намайг зодчихлоо, дүүгээ ирж ав” гэж хэлээд 102 руу залгаж цагдаа дуудтал гараад явчихсан. ...Я миний нүүр рүү гараараа цохиж уг гэмтлийг учруулсан. Яг хэдэн удаа цохисон гэдгийг хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан миний хоолойноос боож багалзуурдаж ухаан алдуулаад дээрээс цохиж байхад нь би ухаан орж сэргэсэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 22-23/, гэрч Ч.Г ы: “...2019 оны 6 дугаар сард яг хэдний өдөр гэдгийг нь мэдэхгүй би гэртээ байхгүй хүүхдийндээ очиж хонохоор явсан байхад Э  гэрт ирээд Ялалтад зодуулсан гээд одоо цагдаа дээр шалгагдаж байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-н 25/, шинжээчийн 6931 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах этгээдэд “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд”-ийг хамааруулахаар заажээ.  

Шүүгдэгч Д.Я  нь эхнэр О.Э ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь түүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.Я ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Д.Я  нь согтуурсан үедээ хохирогч О.Э тай маргалдан зодож, цохиж, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч О.Э ийн биед хөнгөн хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Хохирогч нь хавтаст хэрэгт ямар нэг баримт гаргаж өгөөгүй, ямар нэгэн хохирол нэхэмжлээгүй байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Д.Я ын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь Д.Я  нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, шүүгдэгчийн өмгөөлөгч торгуулийн доод хэмжээгээр торгох ял оногдуулж өгнө үү гэсэн санал тус тус гаргасан ба шүүх шүүгдэгч Д.Я ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчийн оногдуулсан ялын саналыг хүлээн авах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Д.Я ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Я ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Шүүгдэгч нь торгуулийн ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Я ад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР