Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 00467

 

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мягмарсүрэн даргалж,тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Булган Мээж ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баясуулагч худалдааны төвд холбогдох 1577781 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2016/00328/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: прокурор Ц.Сувдаа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 1981 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Булган аймгийн Бүрэгхангай суманд төрсөн, 35 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Булган аймгийн Булган сумын 4 дүгээр багийн 32-01-14 тоотод оршин суух, Булган Мээж ХХК-ийн борлуулалтын нягтлан бодогч ажилтай, Өзөөд овогт Пүрэвсүрэнгийн Шүрэнцэцэг /РД:ГВ81020706/, хариуцагч байгууллагын төлөөлөгч: 1967 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, Булган аймаг, Булган сум, 2 дугаар баг, 6-Б-13-02 тоотод оршин суух, Баясуулагч худалдааны төвийн захирал ажилтай, Бар-Эзэн овогт Дашбалжирын Баярмагнай /РД:ГЮ67040377/, нарийн бичгийн дарга И.Буманбаяр нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Булган Мээж ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Булган Мээж ХХК нь Баясуулагч захтай 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр дулаанаар хангах гэрээг харилцан тохиролцож байгуулсан.Гэрээнд хэрэглэсэн дулааны төлбөрийг дараа сарын 05-ны дотор төлж барагдуулах бөгөөд төлбөрөө хугацаанд нь төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцно гэж тусгасан. Ийнхүү Баясуулагч зах нь 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл 2015 оны 10-12 дугаар сарууд, 2016 оны 1,2,3,4 дүгээр саруудын 1051854 /нэг сая тавин нэгэн мянга найман зуун тавин дөрөв/ төгрөгийн халаалт, цэвэр усны төлбөрийг төлөөгүй байна. Төлөөгүй дулаан, цэвэр усны төлбөр болох 1051854 /нэг сая тавин нэгэн мянга найман зуун тавин дөрөв/ төгрөг түүний алданги болох 525927 /таван зуун хорин таван мянга есөн зуун хорин долоо/ төгрөг нийт 1577781 /нэг сая таван зуун далан долоон мянга долоон зуун наян нэг/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Шүрэнцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Булган Мээж ХХК нь Баясуулагч захтай 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 468.3м3талбайг халааж сар бүр 169980 төгрөг төлж байхаар харилцан тохиролцож дулаанаар хангах гэрээг байгуулсан. Гэрээнд зааснаар хэрэглэсэн дулааны төлбөрийг дараа сарын 01-ний дотор төлжбарагдуулах үүрэгтэй бөгөөд Баясуулагч захын эзэн Д.Баярмагнай нь гэрээнд заасны дагуу төлбөрөө төлөөгүй тул 2015 оны 10 дугаар сараас 12 дугаар сар, 2016 оны 1 дүгээр сараас 4 дүгээр сарын халаалтын төлбөр болох 1577781 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 400 000 төгрөг, 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 160 000 төгрөг төлсөн. Халаалтын үндсэн төлбөрөөс 491854 төгрөг, алданги 525927 төгрөг нийт 1017781 төгрөгийг нэхэмжилж байгаа гэв.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Д.Баярмагнай шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Булган мээж ХХК-ийн гаргасан үндсэн төлбөрийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байгаа. Алдангийг багасгаж өгөөч гэж хүсч байна. Анх хувийн халаалттай байхад Булган Мээж ХХК нэгдсэн системд холбогдооч гэсэн санал тавьж гэрээ байгуулсан. Манай худалдааны төв өвлийн улиралд хүн багатай байдаг махны лангуун дээр 1 хүн, цагаан идээний лангуун дээр 2 хүн, ногооны лангуун дээр 3 хүн суудаг, 2 цайны газар зогсонго байдалд байдаг. Төлбөрөө зуны цагт төлж байх саналыг Булган Мээж ХХК-ийн захирал, ерөнхий инженер нарт тавьж байсан. Алдангиас чөлөөлүүлээд үндсэн төлбөрөө төлөх хүсэлтэй байна гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаадҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Булган Мээж ХХК нь Баясуулагч худалдааны төвөөс дулаанаар хангах гэрээний үүргийн гүйцэтгэл болох 2015 оны 10,11,12 дугаар сарын төлбөр, 2016 оны 1-5 сар хүртэл хугацааны төлбөр бүгд 1051854 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 1017781 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.

Баясуулагч худалдааны төв нь Булган Мээж ХХК-тай 2015 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр харилцан тохиролцож дулаанаар хангах гэрээг байгуулсан байх бөгөөд уг гэрээнд зааснаар Булган Мээж ХХК нь хэрэглэгчийн гадна агаарын темпратурт уялдуулж дулаан, эрчим хүчээр хангах, Баясуулагч худалдааны төв нь хэрэглэсэн дулааны төлбөрийг дараа сарын 1-ний өдрийн дотор төлж барагдуулж байх үүргийг тус тус хүлээсэн байна. /хх-ийн 2/

Баясуулагч худалдааны төв нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэрээний үүргээ зөрчиж 2015 оны 10, 11, 12 дугаар сар, 2016 оны 1-5 дугаар сар хүртэл хугацааны халаалтын төлбөрөө төлөөгүй болох нь зохигч талуудын тайлбар, төлбөрийн нэхэмжлэх зэргээр тогтоогдсон байна.

Хавтаст хэргийн 2 дугаар талд авагдсан дулаанаар хангах гэрээний 6.4-т төлбөрөө хугацаандаа төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцно гэж заасан байх бөгөөд гэрээний дагуу 525927 төгрөгийн алданги тооцож нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасантай нийцсэн, алдангийн нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрээгүй байна.

Баясуулагч худалдааны төв нь өвлийн улиралд түрээслэгч цөөн, орлого муу байдаг учраас дулааны төлбөрийг зуны цагт нөхөн төлөх талаар Булган Мээж ХХК-ийн удирдлагуудад хэлж байсан гэж хариуцагч тайлбарлаж байх боловч энэ нь баримтаар нотлогдоогүй, үүнийгээ нотолж чадаагүй байна гэж үзлээ.

Баясуулагч худалдааны төв нь шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш 560 000 төгрөгийг төлж нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан байх тул Баясуулагч худалдааны төвөөс халаалтын төлбөр 491854 төгрөг, алданги 525927 төгрөг нийт 1017781 төгрөгийг гаргуулж Булган Мээж ХХК-д олгохоор шийдвэрлэв.

Нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 40194 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Баясуулагч худалааны төвөөс 28976 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2, 31 дүгээр зүйлийн 31.3, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасныг тус тус баримтлан хариуцагч Баясуулагч худалдааны төвөөс халаалт, дулааны төлбөр 1017781 /нэг сая нэг зуун далан долоон мянга наян нэгэн/ төгрөгийг гаргууланнэхэмжлэгч Булган Мээж ХХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамж 40194 /дөчин мянга нэг зуун ерэн дөрвөн/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч байгууллагаас 28976 /хорин найман мянга есөн зуун далан зургаан/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.МЯГМАРСҮРЭН