Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2025/01451

 

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч М.Баясгалан, шүүгч О.Одгэрэл нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 192/ШШ2025/04597 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******д холбогдох

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 4,480,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч О.Одгэрэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:  Нэхэмжлэгч *******, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч ********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

            1.1.******* бид хоёр орон нутгийн сонгуулийн үед танилцсан. ******* тухайн үед хэсгийн ахлагч хийдэг байсан. Би тус болохоор зорилгоор зээлээр бараагаа өгсөн. Зарагдаж байгаа бүх бараа заавал шошго хаяг цаанаасаа зүүж ирдэг. Ийм зүйл ярихаа болих хэрэгтэй. Би итгэж өгсөндөө харамсаж байна. Тухайн үед хувцаснуудаа үнэгүй өгөхгүйгээр, бэлгэдлийн үнээр өгсөн. Тэр өдөр миний ах, дүү хоёр их ойрхон өнгөрсөн байсан учраас би хүнд буян хийж байна гэж ойлгож өгч байсан. Хувцаснуудыг зээлээр өгөхөд зөвхөн *******д өгөөгүй, 150 эмэгтэйд өгсөн. 150 эмэгтэйд 5000 хувцсыг тухайн үеийн үнээр өгсөн. Би ах дүү хоёрынхоо хойноос их бага хэмжээний эмэгтэй хүн хувцаслаад буян хийж байна гэж ойлгож өгсөн гэжээ.

 

2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1.Би *******гаас 194 ширхэг барааг нэг ширхгийг 10,000 төгрөгөөр тооцож, нийт 2,020,000 төгрөгийн барааг зээлээр авсан. Шинэ биш хуучин хувцас байсан тул зарагдахгүй байсан. 620,000 төгрөгийг түүнд төлсөн. Зарагдаагүй үлдсэн барааг буцааж өгнө. Иймд нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******гаас 4,480,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 91,590 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч *******гаас 86,630 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэжээ.

 

4.Хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1.Нэхэмжлэгч ******* анх 2024 оны 7 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэл гаргахдаа 4,790,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн байхад анхан шатны шүүхийн шийдвэрт 560 ширхэг хувцасны үнэд 4,930,000 төгрөгийн нэхэмжлэл гаргасан гэж  нэхэмжлэлийн үнийн дүнг шүүхээс сайн дураар нэмэгдүүлж шийдвэрлэсэн.

4.2.Нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нар харилцан тохиролцож 2020-2022 онуудад зээлээр хувцас өгч авалцсан байдаг. Энэ хоёрын хооронд нийт тэдэн ширхэг хувцас өгсөн, хүлээн авсан гэх баримт байдаггүй. Тэд худалдах, худалдан авах гэрээ хийгээгүй, хувцсыг зээлээр аваад зарж борлуулаад мөнгийг өгөхөөр харилцан тохиролцсон байдаг. Шүүхээс худалдах, худалдан авах гэрээ хийсэн гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

4.3.Хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******гаас нийт 194 ширхэг 2,020,000 төгрөгийн хувцас авсан. Мөн нэхэмжлэгчийн өгсөн хувцаснууд доголдолтой буюу хуучин хувцаснууд байснаас зарж борлуулахад бэрхшээлтэй байсан бөгөөд, энэ тухай нэхэмжлэгч *******д хэлж буцаан хувцаснуудаа ав гэхэд тэр авахгүй байсан. Нэхэмжлэгчид 620,000 төгрөгийг өгсөн. Шүүхээс надад байгаа 125 ширхэг хувцаст үзлэг хийлгэсэн. Шүүхийн шинжээчийн дүгнэлт гаргуулахаар хүсэлт гаргасан боловч шинжилгээ хийлгэх шаардлагагүй гэж үзсэн нь надад хохиролтой болсон.

4.4.Шүүхээс гэрч ******* мэдүүлгийг эд хөрөнгийн шинж байдлын талаар мэдүүлэг өгсөн гэж үзсэн нь ойлгомжгүй болсон. Гэрч *******нь хариуцагч надтай явж хуучин хувцаснуудыг зарах гэхэд хэн ч худалдан авахгүй байсныг гэрчилсэнд ач холбогдол өгсөнгүй.

4.5.Анхан шатны шүүхээс 2,020,000 төгрөгийн үнэ бүхий 194 ширхэг хувцас хүлээн авсан гэх тайлбараа баримтаар нотлоогүй гэж дүгнэлт хийснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч, хариуцагч нарт хувцас хүлээлцсэн нотлох баримт байхгүй байхад хариуцагч яагаад *******д 4,930,000 төгрөг төлөх ёстой юм бэ, *******гийн 194 ширхэг хувцас нь байсаар байхад яагаад буцааж авч болохгүй, хариуцагчаар мөнгө төлөхөөр шийдвэр гарсан нь шударга бус байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.

 

5.Нэхэмжлэгч талын давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:

5.1.Хариуцагч авсан барааныхаа үнийг төлөх хэрэгтэй. Хуучин хувцас учраас төлөхгүй гээд маш их зүйлийг зохиож ярьж байна. Аман хэлцлээр хариуцагч 7-8 удаа багц хувцас авч явсан. Би лангуугаа буулгаад хямдхан бөөний үнээр сайныг хүсч өгсөн. Хариуцагч тухайн хувцсыг цааш нь зардаг. Бидний чат, мессеж үнэн.  Би тохиролцож барааг зээлээр өгсөн. Анхан шатны шүүхийн шийдвэр шударга үнэнд нийцсэн.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

   2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан хувцасны үнэд 4,790,000 төгрөг гаргуулахаар анх нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 4,480,000 төгрөг шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /хх.1,115/

  

  3.Нэхэмжлэгч ******* нь 2020-2022 оны хооронд удаа дараагийн үйлдлээр хариуцагч *******д тодорхой тооны хувцсыг нэг бүрийг 8,000-10,000 төгрөгөөр тооцож өгөхөөр, хариуцагч ******* нь үнийг дараа төлөхөөр тус тус амаар хэлэлцэн тохирсон үйл баримт зохигчдын тайлбараар тогтоогдсон байна. /хх.61-63/

Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт зааснаар нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн бол уг хэлцлийг бодит үйлдлээр хийгдсэн гэж үзнэ.

 4.Анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж гэрээний эрх зүйн харилцааг зөв тодорхойлжээ.

Худалдан авсан зүйлийн үнийг дараа төлөхөөр тохиролцох явдал нь тухайн гэрээг Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээ гэж үзэх үндэслэл болохгүй тул энэ талаарх хариуцагчийн гомдол үндэслэлгүй.

 

5.Нэхэмжлэгчийн зүгээс “нийт 560 ширхэг, 4,930,000 төгрөгийн хувцас өгсөн. Үүнээс хариуцагч 450,000 төгрөг төлсөн” гэж, харин хариуцагчаас “194 ширхэг 2,020,000 төгрөгийн бараа авсан, 620,000 төгрөгийг төлсөн” гэж тус тус маргасан байна.

            Шүүх нотлох баримтаар ирүүлсэн нэхэмжлэгчийн хувийн дэвтэр дэх “2022.12.31-нд, авлага *******, 4,800,000 төгрөг” гэсэн тэмдэглэгээ, талууд 2023 оны 7 дугаар сарын 29-ний өдөр “чи 4,830,000 төгрөг” гэж цахимаар харилцсан захидалд хийсэн шүүхийн үзлэгийн тэмдэглэл зэргийг зохигчдын тайлбартай харьцуулсны эцэст *******г хариуцагч *******д 560 ширхэг 4,930,000 төгрөгийн хувцас хүлээлгэн өгсөн гэж дүгнэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

            Зохигчид бараа хүлээлгэн өгөх, хүлээн авахдаа баримт үйлдэж байгаагүй, зохигч хэн аль нь өөр дэмжих баримтыг шүүхэд гаргаагүй, гэрч *******, *******нараас барааны шинж чанарын талаар буюу худалдсан хувцас шинэ эсхүл хуучин байсан эсэх талаар мэдүүлснээс барааны тоо ширхэг, нэгж үнийг тодорхой мэдэхгүй болохоо мэдүүлсэн байх тул анхан шатны шүүхийн энэ дүгнэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцсэн гэж дүгнэнэ.

 

            6.Харин нэхэмжлэгч шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ “4,790,000 төгрөгийн бараа өгсөн, нэг ч төгрөг төлөөгүй тул 4,790,000 төгрөг гаргуулна” гэж тодорхойлсон, хожим шүүх хуралдааны явцад “4,930,000 төгрөгийн бараа өгснөөс хариуцагчийн төлсөн 450,000 төгрөгийг хасаж үлдэх 4,480,000 төгрөг гаргуулна” гэж зөрүүтэй тайлбарласныг шүүх анхаараагүй байгааг давж заалдах шатны шүүхээс залруулна. /хх.1, 115/ Энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдлын 4.1-д дурдсан хэсгийг хангах үндэслэлтэй.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн анх шүүхэд гаргасан 4,790,000 төгрөгийн хэмжээнд худалдсан барааны үнийг тодорхойлох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2 дахь хэсэгт заасанд нийцнэ  гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

 

7.Хариуцагчаас 620,000 төгрөгийг төлсөн болохоо баримтаар нотолж чадаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргээ хэрэгжүүлээгүй тул шүүх нэхэмжлэгчийн хүлээн зөвшөөрсөн 450,000 төгрөгийн хэмжээгээр тооцсон нь үндэслэлтэй. Нотлох чиг үүргийн хуваарилалтын дагуу хариуцагч 620,000 төгрөгийг нэхэмжлэгчид өгсөн болохоо нотлох үүрэг хүлээнэ.

 

8.Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч шаардлага гаргах эрхтэй, мөн хуулийн 255 дугаар зүйлийн 255.1, 255.1.1-д зааснаар худалдан авагч нь эд хөрөнгийг хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан бол шаардлага гаргах эрхээ алдана гэж зохицуулсан.

Хариуцагч барааг 2020-2022 онд нэхэмжлэгчээс хүлээн авсан, үүнээс хойш хуульд заасан хугацаа болох 6 сарын дотор гомдлын шаардлага гаргаж байгаагүй, мөн худалдан авсан барааг бусдад цааш худалдан борлуулах зорилгоор авсан учир барааг авах үедээ доголдлын талаар мэдэх боломжтой, улмаар шаардлага гаргах эрхээ алдсан гэж шүүх дүгнэсэн нь хуулийн дээрх зохицуулалтад нийцнэ.   

Иймд бусдад худалдан борлогдоогүй үлдэх 125 ширхэг хувцсыг биет байдлаар буцаан өгөх тухай хариуцагчийн татгалзал, мөн шүүхээс үлдэгдэл хувцсанд үзлэг хийсэн атлаа шийдвэрт үнэлээгүй, гэрч ******* өгсөн “хуучин хувцас байсан” гэх мэдүүлгийг харгалзаж үзээгүй талаарх гомдлыг хангахгүй.

9.Мөн шүүхээс хариуцагчийн хүсэлтээр худалдан борлогдоогүй үлдсэн 125 ширхэг хувцасны гарал үүсэл, үйлдвэрлэсэн огноо, материалын насжилт үнэлгээг тогтоолгохоор шинжээч томилсон, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 14/4147 тоот албан бичгээр “тоног төхөөрөмжгүй, дүгнэлт гаргах боломжгүй” тухай хариуг ирүүлсэн, улмаар хариуцагч энэ хүсэлтээсээ татгалзсан байх тул шинжилгээ хийлгээгүйгээс өөрт хохиролтой болсон, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тухай гомдол үндэслэлгүй.  /хх.105-107, 110/

Иймд нэхэмжлэгч 4,790,000 төгрөгийн барааг хариуцагчид шилжүүлсэн, хариуцагч 450,000 төгрөгийг төлсөн тул үлдэх 4,340,000 төгрөгийн хэмжээнд нэхэмжлэлийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

10.Дээрх үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоос “нэхэмжлэгчийн шаардсан үнийн дүнг шүүхээс нэмэгдүүлж шийдвэрлэсэн” гэсэн хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, гомдлын бусад хэсгийг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 192/ШШ2025/04597 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******гаас 4,340,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлээс үлдэх 140,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

2 дахь заалтын “56.1” гэснийг “56.2” гэж, “86,630” гэснийг “84,390” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 86,630 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Д.ЗОЛЗАЯА
 

                                            ШҮҮГЧИД                                 М.БАЯСГАЛАН

 

                                                       О.ОДГЭРЭЛ