Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 885

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Д.Эрдэнэжаргал,

Улсын яллагч: А.Баясгалан,

            Шүүгдэгч: Ц.Т өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ц.Т д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1905014740839 дугаартай хэргийг 2019 оны 9 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ц.Т , урьд 1998 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жил хорих ялаар шийтгүүлж 01 жилийн хугацаагаар ял хойшилсон,

- 1999 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 01 жил 6 сар хорих ялаар шийтгүүлж, 2000 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн захирамжаар эдлээгүй үлдсэн 8 сар 4 хоногийн ялаас хугацааны өмнө тэнсэн суллаж, мөн хугацаагаар хянан харгалзсан,

- 2002 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Баянгол дүүргийн шүүхийн 68 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 жил, 4 сар хорих ялаар,

- 2007 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4 дахь хэсэгт зааснаар 10 жил, 10 хоног хорих ялаар шийтгүүлж, 2008 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн захирамжаар хуулийн тэгшитгэлээр суллагдсан,

- 2011 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 185/а дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 140 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн,

Шүүгдэгч Ц.Т нь 2019 оны 3 дугаар сарын 23-ны өдөр 13 цагийн үед Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Барс худалдааны төвийн 1 дүгээр давхарт иргэн Б.П гийн халааснаас Самсунг Эс-8 плас загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 700.000 төгрөгийн хохирол учруулан хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ц.Т ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

            Хохирогч Б.П гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Барс худалдааны төв дээр наймаа хийдэг хүмүүс манай байгууллагаас зээлээр ногоо  худалдаж авдаг юм. Тэр хүмүүстэй уулзаж мөнгөө цуглуулж явж байгаад 1 давхарт байрладаг ногоо зардаг газарт явж байгаад таньдаг хүнийхээ лангууны хажууд зогсож байгаад 2 давхарт гараад явж байхад гар утсаа алдсан гэдгээ мэдсэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 15/,

            Гэрч Х.Б ийн “...2019 оны 4 дүгээр сард нөхөр маань нэг гар утас хулгайлчихлаа гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 16/,

            Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэлд: “...Ц.Т нь Барс худалдааны төвийн 1 давхарт байрлах жимс, ногоо зарах лангууны хэсэгт ирэх бөгөөд “Rico” гэсэн хаягтай лангууны  дэргэд ирээд миний утас хулгайлсан хүнд энд зогсож байсан...” гэжээ /хх-н 8-9/,

            Яллагдагчаар Ц.Т ын “...ногоо жимс зардаг лангууны орчим нэг эмэгтэй хүн явж байсан. Тэр хүний цамцны баруун талын халаасанд хар өнгөтэй, шаргал өнгийн гэртэй гар утас харагдсан. Тэгэхээр тухайн үед надад мөнгөний маш яаралтай хэрэг гарсан байсан бөгөөд охин маань бие муу байсан юм. Ингээд би амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор тэр хүний халааснаас нь гар утсыг өөрт нь мэдэгдэхгүй нууцаар авчихсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-н 43/,

            Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 4/, Хохирогчийн өргөдөл /хх-н 5/, Эд зүйл түр хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-н 10/, Эд зүйлийн үнэлгээ /хх-н 18-20/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 33-39/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч  Ц.Т 2019 оны 3 дугаар сарын 23-ны өдөр 13 цагийн үед Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Барс худалдааны төвийн 1 дүгээр давхарт иргэн Б.П гийн халааснаас Самсунг Эс-8 плас загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 700,000 төгрөгийн хохирол учруулан хулгайлсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Б.П гийн: “...мөнгөө цуглуулж явж байгаад 1 давхарт байрладаг ногоо зардаг газарт явж байгаад таньдаг хүнийхээ лангууны хажууд зогсож байгаад 2 давхарт гараад явж байхад гар утсаа алдсан гэдгээ мэдсэн” гэсэн мэдүүлэг /хх-н 15/, гэрч Х.Б ийн “...2019 оны 4 дүгээр сард нөхөр маань нэг гар утас хулгайлчихлаа гэж хэлсэн” гэх мэдүүлэг / хх-н 16/, Эд зүйлийн үнэлгээ /хх-н 18-19/, Мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Ц.Т ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ц.Т ын нь хохирогчийн халааснаас Самсунг Эс-8 плас загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 700.000 төгрөгийн хохирол учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Хохирогч нь шүүгдэгчээс гар утсаа буцаан авсан, гомдол саналгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.  

Эрүүгийн хариуцлагын талаар:

   Шүүх шүүгдэгч Ц.Т ын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Ц.Т д ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах ялын санал гаргасан бөгөөд шүүх шүүгдэгч Ц.Т ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчийн хохирлыг барагдуулсан, хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчийн оногдуулсан ялыг хүлээн авах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Ц.Т ыг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Т ыг 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Т нь шүүхээс оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Т д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР