Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2025/01452

 

   

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Ж.Лхагвасүрэн, шүүгч О.Одгэрэл нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 191/ШШ2025/05377 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******д холбогдох

Гэрээ цуцалж, үл хөдлөх эд хөрөнгө албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч О.Одгэрэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. *******тай 2023 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр өөрийн өмчлөлийн *******тоот хаягт байршилтай 227.3 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн *******дугаартай, хувийн сууц гараашны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 812,280,000 төгрөгөөр зээлээр худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Мөн өдрөө тус хаягт байршилтай Улсын бүртгэлийн *******нэгж талбарын дугаартай, 350 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зуслангийн зориулалттай газрыг тусад нь 6,000,000 төгрөгөөр худалдахаар гэрээ байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн.

1.2. Зээлээр худалдах,худалдан авах гэрээний 3.2-т гэрээний төлбөрийг 2023 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 48,000,000 төгрөг, 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 50,000,000 төгрөг, 2024 оны 6 дугаар сарын 01-ний өдөр 357,140,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 375,140,000 төгрөг тус тус төлөхөөр тохиролцсон. Гэвч ******* гэрээний үүргээ зөрчиж 2024 оны 6 дугаар сарын 01-ний өдөр төлөх байсан 257,140,000 төгрөгийг төлөлгүй 2024 оны 10 дугаар сарыг хүргэсэн. Энэ хугацаанд гэрээний үүргээ биелүүлэхийг түүнд 2024 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр мэдэгдсэн. ******* нь зөрчлөө арилгаагүй бөгөөд 7 хоногийн хугацаанд ямар нэгэн байдлаар тайлбар, хүсэлтийг ирүүлээгүй. Иймээс хувийн сууц гараашны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг зээлээр худалдах, худалдан авах гэрээ цуцлагдсан гэж үзнэ. Мөн газар, хувийн сууц хоёрыг салгах боломжгүй тул газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ  мөн адил цуцлагдана.

Иймд зээлээр худалдах, худалдан авах гэрээ, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг тус тус цуцалж, эрхийн улсын бүртгэлийн *******дугаартай, хувийн сууц, гараашийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах улсын бүртгэлийн *******дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг тус тус албадан чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Худалдах, худалдан авах гэрээнд заасан хуваарийн дагуу төлбөр төлөх үүргээ биелүүлж чадаагүй. Гэрээг цуцалсантай холбоотой хохирол гаргуулахаар шаардлага гаргаагүй тул хариуцагчаас төлсөн 100,000,000 төгрөгийг нэхэмжлэгч авч үлдэх үндэслэлгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг баримтлан талуудын хооронд 2023.09.16-ны өдөр байгуулагдсан 1245 дугаартай Зээлээр худалдах, худалдан авах гэрээ, 1246 дугаартай Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээнээс татгалзсанаас үүсэх үр дагаварт өмчлөх эрхийн улсын бүртгэлийн *******дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 20-р хороо, *******тоот хаягт байршилтай 227.3 мкв талбайтай, хувийн орон сууц гарааш зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн *******дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын ******* дугаар бүхий 350 мкв газрыг нэхэмжлэгч *******ийн эзэмшилд буцааж өгөхийг хариуцагч *******д даалгаж, нэхэмжлэгч *******ээс 100,000,000 төгрөгийг буцаан гаргуулж, *******д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,401,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 4,401,700 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүхээс “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсжээ” гэж талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг буруу тодорхойлсон. Зүй нь талууд 227 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, 350 м.кв талбайтай газрыг хариуцагчийн эзэмшилд шилжүүлэн өгсөн боловч гэрээний нийт дүн 812,280,000 төгрөг болсон учир үүнийг тодорхой хугацаа заан төлөхөөр тохирч зээлээр худалдан борлуулахаар тохирсон. 

4.2. Мөн шийдвэрийн үндэслэх хэсгийн 12-т “нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа гэрээг цуцалж, гэрээгээр шилжүүлсэн эд хөрөнгөө хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх гэж тодорхойлсон. Нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үр дагавар, нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхээ сэргээлгэх зорилгоос үзвэл нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзсанаар үүсэх үр дагаврыг шийдүүлэх буюу гэрээгээр шилжүүлэн өгсөн эд хөрөнгийг буцааж өгөхийг хариуцагчид даалгах агуулгатай байна гэж дүгнэлээ..." гэж мөн л нэхэмжлэгчийн хүсэл зоригоос өөр агуулгаар, шүүхэд хандан шийдвэрлүүлэх гэж тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлагаас хальж дүгнэлтийг хийж хэргийг шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгч гэрээ байгуулсны дараагаар шилжүүлэн авсан 100,000,000 төгрөгийн асуудлыг огт хөнддөггүй бөгөөд энэ талаар нэхэмжлээгүй, нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй. Мөн үүнтэй холбоотойгоор хариуцагчийн зүгээс сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй. Өөрөөр хэлбэл, зээлээр худалдах, худалдан авах гэрээнээсээ татгалзах бус, харин гэрээгээ цуцалж, үүний үр дүнд шилжүүлэн өгсөн эд хөрөнгийг хариуцагчийн эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасныг ойлгоогүй. 

4.3. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 16-д “төлөгдсөн 100,000,000 төгрөгийг гэрээнээс татгалзсанаар учирсан хохирол тул буцааж өгөх үндэслэлгүй гэж тайлбарласан ч гэрээнээс татгалзсанаас учирсан хохирол нэхэмжлээгүй бөгөөд шүүх хуралдаанд "хариуцагчийн эзэмшлээс эд хөрөнгөө бодитоор шилжүүлэн авсны дараа хохирлоо жич нэхэмжлэх болно" гэсэн тайлбарыг гаргасан. Нэхэмжлэгч гэрээнээс татгалзсанаар учирсан хохиролтой холбоотой нэхэмжлэл гаргах эрх нээлттэй болно” гэж нэхэмжлэгчийн тайлбар, шаардлагаас өөр агуулгаар дүгнэлтийг хийсэн.

Нэхэмжлэгч зөвхөн гэрээг цуцалж, хариуцагчийн эзэмшил ашиглалтад шилжүүлсэн хөрөнгөө чөлөөлүүлэх шаардлага гаргаж байхад нэхэмжлэлийн шаардлагад байхгүй, хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргаагүй байхад 100,000,000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж шийдвэрлэсэн.

Иймд талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг буруу дүгнэж улмаар нэхэмжлэлийн шаардлагад огт дурдагдаагүй 100,000,000 төгрөгийг буцаан төлөх агуулгаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагч тал давж заалдах гомдолд тайлбар гаргаагүй.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч талын гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан 2023 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр “Үл хөдлөх эд хөрөнгө зээлээр худалдах худалдан авах гэрээ”, мөн өдрийн “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-г тус тус цуцалж, *******ын эзэмшлээс эрхийн улсын бүртгэлийн *******дугаар бүртгэлтэй, ******* тоот хаягт байршилтай 227.3 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах улсын бүртгэлийн *******дугаар бүртгэлтэй, ******* нэгж талбарын дугаартай, 350 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрыг тус тус албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчийн тайлбарыг үндэслэн дараах үйл баримтыг зөв тогтоосон байна.

   3.1. Хариуцагч *******, нэхэмжлэгч ******* нар 2023 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 1245 тоот “Зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-г, мөн өдрөө 1246 тоот “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-г тус тус байгуулсан. Гэрээгээр худалдагч ******* нь өөрийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн *******, *******дугаарт тус тус бүртгэлтэй, ******* тоот хаягт байрших 2,273 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө, мөн хаягт байрших 350 м.кв талбайтай газрыг тус тус худалдан авагч *******ийн өмчлөлд шилжүүлэхээр, худалдан авагч  үнэ 812,280,000 төгрөг болон 6,000,000 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дотор гэрээгээр тохирсон хуваарийн дагуу хэсэгчилж төлөхөөр тохиролцжээ.  /хх 5, 7, 11,12/

3.2. Нэхэмжлэгч нь гэрээний зүйл болсон дээрх хөрөнгийг хариуцагчийн эзэмшил, ашиглалтад 2023 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр хүлээлгэн өгсөн, худалдан авагч нийт 100,000,000 төгрөг төлсөн. /хх.9-10, 56-60/

4. Шүүхээс талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр талаар зөв дүгнэжээ.

Учир нь,  талуудын байгуулсан дээрх гэрээ нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан зээлээр худалдах,худалдан авах гэрээний шинж болох хүүгийн талаар тохиролцсон, эсхүл төлбөл зохих үнэд хүүг нэмж тохирсон гэх нөхцөл тогтоогдоогүй.  

Харин үнийг хугацаа тохирч хэсэгчилж төлөхөөр нөхцөл заасан нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний илүү шинжийг агуулсан байна. Иймд шүүх эрх зүйн харилцааг буруу тодорхойлсон тухай нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй.

 

5. Хариуцагч Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт заасан “...үүргийг зохих ёсоор, хугацаанд нь гүйцэтгэх” үүргээ хэрэгжүүлээгүй, төлбөр хэсэгчлэн төлөхөөр тохирсон хугацаа болох 2024 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн дотор 357,140,000 төгрөгөө төлөөгүй, улмаар үүргээ биелүүлэх талаарх мэдэгдлийг 2024 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр мэдэгдсэн ч үр дүн гараагүй тул нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргаснаар гэрээнээс татгалзсан гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.

Талуудын хоорондох худалдах худалдан авах гэрээний зүйл нэг бүрийн шинжээр тодорхойлогдох хөрөнгө бөгөөд хиймэгц биелэх шинжтэй хэлцэл тул гэрээнээс татгалзаж түүний үр дагаварт гэрээгээр олж авсан хөрөнгийг буцаах үүрэг хүлээнэ. Иймд гэрээг цуцалсан байтал гэрээнээс татгалзсан гэж буруу дүгнэсэн гэх нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй.

 

6. Анхан шатны шүүх нэхэмжлэгч *******ийг худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсантай холбогдуулан түүнээс гарах үр дагаврыг нэг мөр шийдвэрлэж, гэрээний зүйлийн үнэд шилжүүлсэн 100,000,000 төгрөгийг гаргуулан хариуцагч *******д олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 205.7 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй. Шүүх сөрөг нэхэмжлэл гаргасан эсэхээс үл хамаарч гэрээний үр дагаврыг нэг мөр шийдсэнийг буруутгахгүй.

Иймд нэхэмжлэлийн шаардлагад байхгүй, сөрөг нэхэмжлэл гаргаагүй байхад  шаардлагаас хальж 100,000,000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн талаарх нэхэмжлэгчийн гомдлыг хүлээн авахгүй.

 

7. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 191/ШШ2025/05377 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 657,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    М.БАЯСГАЛАН
 

                                            ШҮҮГЧИД                                   Ж.ЛХАГВАСҮРЭН

 

                                                           О.ОДГЭРЭЛ