Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 905

 

 

 

 

 

 

     2019          09         16                                      2019/ШЦТ/782

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Т.Сарантуяа,

Улсын яллагч: Г.Ганхөлөг,

Шүүгдэгч: И.Н , О.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт И.М , О.М нарт холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1905031290896 дугаартай хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, И.М , урьд ял шийтгэлгүй,

2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, О.М , урьд ял шийтгэлгүй,

Шүүгдэгч И.Н , О.М нар нь бүлэглэн 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ...тоотод оршин суух иргэн Г.О ийн гэрээс 3 ширхэг мөнгөн аяга, 1 ширхэг “Sony” брендийн зөөврийн компьютер, эмэгтэй хүний гар цүнх зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 2.374.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэх судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч И.Н ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...07 дугаар сарын 16-ны өдөр 2 залуутай танилцаад хамт хоносон. Согтуудаа ийм хэрэг үйлдсэн.Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэв.

Шүүгдэгч О.М ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...07 дугаар сарын 16-ны өдөр манай найзын төрсөн өдөр болоод тэр өдөр нэлээн уусан байсан учраас ийм хэрэг гарсан...” гэв.

 Хохирогч Г.О ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 7 дугаар сарын 14-ний өдөр хүү М.З д түлхүүр үлдээгээд зуслан руугаа явсан байсан. Тэгэхэд намайг байхгүй үеэр гэрт найз нартайгаа хоносон байсан. Би тэгээд 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хүү М.З гоос гэрийн түлхүүр аваад гэртээ очиж амарсан. Маргааш өглөө нь босоод гэрээ цэвэрлэж байгаад харахад сервантанд байсан 6 ширхэг аяга байхгүй нэг л хоосон болсон байсан. Би хүү М.З  руу залгаад гэрт байсан эд зүйл байхгүй болсон байна, чи яасан бэ гээд загнасан тэгэхэд М.З  хүн авсан байна гэж хэлсэн. Тэгээд манай хүү цагдаад өргөдөл гаргасан. Манай гэрт байсан мөнгөн аяганаас 3 ширхэг байхгүй болсон байсан. Би алга болсон байсан гурван ширхэг мөнгөн аяга, цүнх, зөөврийн компьютер зэргийг бүрэн хүлээж авсан ямар нэгэн санал гомдол байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 6/,

Гэрч М.З гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 7 дугаар сарын 16-ны өдөр би өөрийн хуурай дүү болох Даваанямтай хамт хороололд Си нэртэй бааранд орсон. Тэндээ 2 пиво 100 грамм цагаан архи уусан. Тэгээд 23 цагийн үед бид хоёр бүжгийн талбай дээр бүжиглэж байгаад хоёр хүүхэнтэй танилцсан юм. Тэгээд манай дүү бид хоёр нөгөө хоёр охинд зайрмаг авч өгсөн. Шөнө 02 цаг өнгөрч байхад би нөгөө хоёр охиныг манай гэр рүү хамт явах уу гэж хэлээд, аваад гэр рүүгээ такси бариад шууд манайд очсон. Тэгээд манай гэрт ороход 2 литр орчим айраг байсан тэр айрагаас бид хэд уугаад унтаад өгсөн. Өглөө босоод ажил дээрээ очоод буцаад хүрээд ирнэ, байж байгаарай гэж хэлээд гарсан. Намайг гарсан хойгуур дүү дэлгүүр ороод пиво авчираад тэр 3 уусан байсан. Тэгээд би ажлаа тараад 14 цагийн үед гэртээ иртэл Н ганцаараа унтаж байсан... гэр эмх цэгцгүй байсан учир би гэрээ цэвэрлэсэн. Манай гэрт нөгөө хоёр охины гадуур хувцас хар савхи, нүдний шил, цагаан пүүз, хар нимгэн фудболк байсан болохоор би түр гарсан байх гэж бодсон. Гэрээ цэвэрлэж байхад том өрөөний тавилга дотор байсан бурхан унасан байхаар нь надад жижиг хар төрөөд бүх өрөө юмаа шалгахад гайгүй байх шиг байсан... 2019 оны 7 дугаар сарын 20-ны өдөр ээж 12 цагийн үед залгаад сервантанд байсан мөнгөн аяганууд байхгүй байна. Яасан юм гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 10/,

Гэрч Э.Д ын мөрдөн байцаалтад өгсөн: “...нөгөө хоёр охин сэрээд уух уу гэсэн чинь тэгье гэж хэлэхээр нь би гарч дэлгүүрээс 6 том Сэрүүн пиво авчираад 3 том пиво уугаад дуусаж байх үед би нилээн согтоод унтсан. Тэгээд нэг сэрсэн чинь ах гэртээ ирсэн нөгөө хоёр охин байхгүй байсан. Хэд хоногийн дараа буюу 2019 оны 7 дугаар сарын 20-ны өдөр М.З  ахтай ажил дээр таарсан чинь мөнгөн аяга, зөөврийн компьютер, цүнх зэрэг эд зүйл алга болсон гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 20/,

Гэрч Ч.С гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Баянгол дүүргийн засаг даргын тамгын газрын байрны зүүн талаас хоёр охин гар өргөхөөр нь би аваад машиндаа суулгаад хаа хүрэх үү гэж асуухад тэр хоёр охин 5 шар, Алтан тариа ногоон байр орох гэсэн юм замаараа 10 дугаар хорооллын туслах замаар орно шүү гэж хэлээд явсан. Тэр хоёр охины туранхай арай цагаан цараатай нь хар бараан өнгийн зөөврийн компьютер тэвэрсэн. Нөгөө охин нь нэг юм барьсан байсан яг буюу барьсаныг нь анзаараагүй. 10 дугаар хорооллын туслах зам дагуу ороод явж байхад арай жоохон мариалаг нь ахаа ломбарданд юм тавина, хоёр дүү нь бичиг баримтаа мартсан байна, та бичиг баримтаараа тавиад өгөөч бид хоёр өөрсдөө авна гэж байсан. Тэгээд гуйгаад байхаар нь би нөгөө жоохон мариалаг биетэй охинтой ломбард ороод мөнгөн аягаа өгөөд үнэлүүлэн 100.000 төгрөгөөр барьцаанд тавихаар болоод миний бичиг баримтаар тавьсан. Бас надтай цуг явсан охин би өөрөө ломбарднаас авна гээд өөрийн нэрээ О.М гээд регистрийн дугаараа бичүүлж байсан. Тэгээд мөнгөө аваад гараад машинд суусан...” гэсэн мэдүүлэг /хх-н 26/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2/, шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 33-34, 41-42, 55-62 /, эд зүйлийн үнэлгээ /хх-н 35-36/, барьцаат зээлийн гэрээ /хх-н 81-82/, хохирогчийн хүсэлт /хх-н 92/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу шүүгдэгч, хохирогч нар нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч И.Н , О.М нар нь бүлэглэн 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ...тоотод оршин суух иргэн Г.О ийн гэрт хоноод маргааш өглөө нь гэрээс нь явахдаа 3 ширхэг мөнгөн аяга, 1 ширхэг “Sony” брендийн зөөврийн компьютер, эмэгтэй хүний гар цүнх зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 2.374.000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Г.О ийн: “...гэрээ цэвэрлэж байгаад харахад сервантанд байсан 6 ширхэг аяга байхгүй нэг л хоосон болсон байсан. Би хүү М.З  руу залгаад гэрт байсан эд зүйл байхгүй болсон байна, чи яасан бэ гээд загнасан тэгэхэд М.З  хүн авсан байна гэж хэлсэн. Тэгээд манай хүү цагдаад өргөдөл гаргасан. Манай гэрт байсан мөнгөн аяганаас 3 ширхэг байхгүй болсон байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 6/, гэрч М.З гийн: “...ажлаа тараад 14 цагийн үед гэртээ иртэл Н ганцаараа унтаж байсан... гэр эмх цэгцгүй байсан учир би гэрээ цэвэрлэсэн. Манай гэрт нөгөө хоёр охины гадуур хувцас хар савхи, нүдний шил, цагаан пүүз, хар нимгэн фодболк байсан болохоор би түр гарсан байх гэж бодсон. Гэрээ цэвэрлэж байхад том өрөөний тавилга дотор байсан бурхан унасан байхаар нь надад жижиг хар төрөөд бүх өрөө юмаа шалгахад гайгүй байх шиг байсан... 2019 оны 7 дугаар сарын 20-ны өдөр ээж 12 цагийн үед залгаад сервантанд байсан мөнгөн аяганууд байхгүй байна. Яасан юм гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 10/, гэрч Э.Д ын: “...нөгөө хоёр охин сэрээд уух уу гэсэн чинь тэгье гэж хэлэхээр нь би гарч дэлгүүрээс 6 том Сэрүүн пиво авчираад 3 том пиво уугаад дуусаж байх үед би нилээн согтоод унтсан. Тэгээд нэг сэрсэн чинь ах гэртээ ирсэн нөгөө хоёр охин байхгүй байсан. Хэд хоногийн дараа буюу 2019 оны 7 дугаар сарын 20-ны өдөр М.З  ахтай ажил дээр таарсан чинь мөнгөн аяга, зөөврийн компьютер, цүнх зэрэг эд зүйл алга болсон гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 20/, гэрч Ч.С гийн: “...Баянгол дүүргийн засаг даргын тамгын газрын байрны зүүн талаас хоёр охин гар өргөхөөр нь би аваад машиндаа суулгаад хаа хүрэх үү гэж асуухад тэр хоёр охин 5 шар, Алтан тариа ногоон байр орох гэсэн юм замаараа 10 дугаар хорооллын туслах замаар орно шүү гэж хэлээд явсан. Тэр хоёр охины туранхай арай цагаан цараатай нь хар бараан өнгийн зөөврийн компьютер тэвэрсэн. Нөгөө охин нь нэг юм барьсан байсан яг буюу барьсаныг нь анзаараагүй. 10 дугаар хорооллын туслах зам дагуу ороод явж байхад арай жоохон мариалаг нь ахаа ломбарданд юм тавина хоёр дүү нь бичиг баримтаа мартсан байна, та бичиг баримтаараа тавиад өгөөч бид хоёр өөрсдөө авна гэж байсан. Тэгээд гуйгаад байхаар нь би нөгөө жоохон мариалаг биетэй охинтой ломбард ороод мөнгөн аягаа өгөөд үнэлүүлэн 100.000 төгрөгөөр барьцаанд тавихаар болоод миний бичиг баримтаар тавьсан. Бас надтай цуг явсан охин би өөрөө ломбарднаас авна гээд өөрийн О.М гээд регистрийн дугаараа бичүүлж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 26/, Эд зүйлийн үнэлгээ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч И.Н , О.М нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч И.Н , О.М нар нь хохирогчийн гэрт хүүхдийнх нь хамт хоноод маргааш нь явахдаа эд зүйлсүүдийг нь хулгайлж 2.374.00 төгрөгийн хохирол учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Хохирол нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн. Прокурорын санал болгосон эрүүгийн хариуцлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн мэдүүлэг, хүсэлтүүд, хохирогчийн хүсэлт, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэг, шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.  

Прокуророос ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгч И.Н , О.М нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял” тус тус оногдуулах саналыг шүүгдэгч нарт танилцуулсан байх ба прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болно.                                                             

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч И.Н , О.М нарыг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг бүлэглэж” үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Н , О.М нарыг 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Н , О.М нар нь шүүхээс оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг тус тус мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч И.Н , О.М нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ч.ОТГОНБАЯР