Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 02

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

       П.Энхтайванд холбогдох эрүүгийн

    хэргийн тухай

       

Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Даваасүрэн даргалж, Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Намхайдорж нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

                        Прокурор                                Б.Батсайхан

                        Ялтны өмгөөлөгч                  С.Нармандал, Б.Эрдэнэцогт, Ц.Бат-Эрдэнэ

                        Ялтан                                     П.Энхтайван

                        Хохирогчийн өмгөөлөгч       Б.Алтанчимэг

                        Нарийн бичгийн дарга          Э.Мөнгөнтуяа нарыг оролцуулан;

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч В.Цэцэнбилэг даргалж, шүүгч Р.Алтанцэцэг, шүүгч П.Гандолгор нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 105 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан П.Энхтайван, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэцогт, С.Нармандал нарын  гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн, П.Энхтайванд холбогдох 201503000433 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Т.Даваасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд

 

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Монгол Улсын иргэн, эрэгтэй, 1965 оны 11 сарын 16-нд төрсөн, 51 настай, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 6 дугаар багийн засаг дарга ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 6 дугаар баг, Хоршоолол гэх газар оршин суух, онц тээвэрчин тэмдэгээр шагнагдаж байсан, ял шийтгэлгүй, Сартуул овогт Пүрэвжавын Энхтайван /РД:АЯ65111676/

 

П.Энхтайван 2015 оны 09 сарын 05-наас 06-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг, 24 дүгээр байрны 16-06 тотоод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч М.Мааньрагчааг зодож, бие мах бодид нь  хүнд гэмтэл санаатай учруулсан  гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Архангай аймгийн Прокурорын газраас П.Энхтайванд холбогдох хэргийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-т зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 105 дугаар шийтгэх тогтоолоор:

Сартуул овогт Пүрэвжавын Энхтайваныг бусдын бие мах бодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож;

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар шүүгдэгч П.Энхтайванг 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэн;

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч П.Энхтайванд оногдуулсан 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж;

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч П.Энхтайван нь бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг тус тус дурдаж;

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч П.Энхтайваны цагдан хоригдсон 38 хоногийг түүний хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож;

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Энхтайванд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч;

Шүүгдэгч, түүний өмгөөлөгчид, хохирогч, хохиогчийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Ялтан П.Энхтайваны гаргасан давж заалдах гомдолд:

Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 105 дугаар шийтгэх тогтоолыг хүлээн аваад өөрт оногдуулсан ялыг эсэргүүцэж гомдол гаргаж байна. Энэхүү хэрэг нь анхнаасаа гэрч Цэрэнтуяагийн өгсөн худал мэдүүлэг, хохирогч М.Мааньрагчаагийн хэнд зодуулснаа мэдэхгүй байснаас үүдсэн юм. Би М.Мааньрагчаа гэдэг хүнийг хүнд бэртэл автал зодоогүй бөгөөд түүний гэр бүл болох гэрч Наранцэцэгт үнэхээрийн гомдолтой байна. М.Мааньрагчаа гуайг гадаа цус нь гоожчихсон, баруун нүд нь хавдсан байхад нь оруулж өгөөд утас руу нь хэлэх гээд залгаж байхад утсаа аваагүй байж чи л ийм болгосон гэж учиргүй над руу дайрч хэргийн нөхцөл байдлыг хүндрүүлсэн, мөн шинжээчийн дүгнэлтийг хуйвалдан хөнгөн гаргуулсан гэж, мөрдөн байцаагчтай нийлж дарамталлаа гэсэн шалтгааныг би одоо хүртэл ойлгоогүй байна. Иймд өөрийн хэргийг дахин хянуулахаар өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнийг давж заалдах шатны шүүх хуралд оролцуулах хүсэлтэй байгаа тул миний хавтаст хэрэгтэй танилцуулж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргаж байна. Миний тухайд хүнийг хүнд бэртэл автал зодох нь битгий хэл хүнтэй муудалцаж, маргалдаж байгаагүйг 8 жил багийн засаг даргаар нь ажилласан нутгийн минь ард түмэн гэрчлэх болно. Хамт ажиллаж байсан Эрдэнэбулган сумын Засаг даргын тамгын газрын хамт олон ч бас гэрчилнэ. Энэхүү хэрэгт дурдагдсан 2015 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 348 тоот шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учир нь намайг утсаар дарамталж заавал чамайг шоронд хийнэ гэж заналхийлж байсан явдал юм. Иймд миний дээрх хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэд миний хавтаст хэргийг танилцуулж, надад оногдуулсан ялыг дахин хянаж үзнэ үү гэжээ.

 

Ялтны өмгөөлөгч Б.Эрдэнэцогт, С.Нармандал нарын гаргасан давж заалдах гомдолд:

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 105 тоот шийтгэх тогтоолоор Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 6 дугаар багт оршин суух Пүрэвжавын Энхтайванд Монгол Улсын Эрүүгийн Хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн байна гэж гэм буруутайд тооцож тус зүйл ангиар 5 жил 1 сарын хорих ял оногдуулсаныг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч П.Энхтайванд ял оногдуулахдаа гэрч Ү.Цэрэнтуяагийн мөрдөн байцаалтын шатанд дахин гэрчээр байцаагдсан байцаалт ба шүүхийн хэлэлцүүлэгт “Энхтайван ах гаднаас Мааньрагчаа ахыг байшингийн хажууд уначихсан, хамар амнаас нь цус гарсан хэвтэж байна гээд оруулан ирж цусыг нь угааж арилгасан”, гэрч Д.Сарангэрэлийн шүүхийн хэлэлцүүлэгт "Баарнаас гараад Цэрэнтуяагийнд ороход Ү.Мааньрагчаа ах байхгүй байсан” гэх зэрэг мэдүүлгийг нотлох баримтын хүрээнд үнэлж үзээгүй, Ү.Мааньрагчаагийн байшингийн гадна унасан байсныг шалгаж тогтоогоогүй байхад ял оногдуулсан, П.Энхтайван нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг сайн дураараа төлж барагдуулсан, үйлдсэн хэрэгтээ чин санаасаа гэмшиж байгаа зэргийг харгалзан үзэж П.Энхтайванд холбогдох хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-т зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж мөн хуулийн 55 дугаар зүйлийн 551 -ийг хэрэглээгүйд гомдол гаргаж байна. Иймд хохирогч М.Мааньрагчаагийн байшингийн гадаа унасанг шалгуулахаар нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаах, шүүгдэгч П.Энхтайваныг гэм буруутайд тооцвол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 324 дүгээр зүйлийн 324.1-т заасны дагуу анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 105 тоот шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж ял шийтгэлийг хөнгөрүүлэн оногдуулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Ялтан П.Энхтайван нь 2015 оны 09 дүгээр сарын 05-ны шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг 24 дүгээр байрны 16-06 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч М.Мааньрагчааг зодож, биед нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь  хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

           

Хэргийн зүйлчлэл зөв бөгөөд анхан шатны шүүхийн дүгнэлт, хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, хууль ёсны ба үндэслэлтэй, оногдуулсан ял шийтгэл нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, шинж чанар, хор уршгийн хэр хэмжээ, гэм буруутай этгээдийн хувийн байдал зэрэгт тохирчээ.

 

Ялтан П.Энхтайван, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэцогт, С.Нармандал нар гаргасан давж заалдах гомдолдоо хохирогч М.Мааньрагчаа нь байшингийн гадаа унасан эсэхийг шалгуулахаар нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаах, гэм буруутайд тооцвол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 324 дүгээр зүйлийн 324.1-т заасны дагуу анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 105 тоот шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, ял шийтгэлийг хөнгөрүүлэн оногдуулж өгнө үү гэжээ.

 

Энэ хэргийг урьд нь анхан шатны шүүхээс 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдөр нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцааж, нэмэлт мөрдөн байцаалтаар гэрчийг дахин байцаан, шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулан, шаардлагатай ажиллагааг гүйцэтгэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байх ба анхан шатны шүүх хэргийг цугларсан нотлох баримтанд тулгуурлан эцэслэн шийдвэрлэсэн нь зөв байх тул ялтан, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлуудыг хангах боломжгүй гэж үзэв.

 

            Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаалгахыг хүссэн ялтан болон түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

           

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1-т заасныг удирдлага болгон;

                       

ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 105 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан П.Энхтайван, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэцогт, С.Нармандал нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1-т зааснаар эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор, анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүхээр дамжуулж, хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Т.ДАВААСҮРЭН

 

                                 ШҮҮГЧИД                                 Б.НАМХАЙДОРЖ

                             

                                                                                    М.МӨНХДАВАА