Улсын дээд шүүхийн Тогтоол

2023 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 105

 

А.М-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр даргалж, шүүгч Б.Батцэрэн, М.Пүрэвсүрэн, С.Соёмбо-Эрдэнэ, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор С.Батсүрэн, шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Амартогос, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1484 дүгээр цагаатгах тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 64 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 173 дугаар тогтоолтой, А.М-д холбогдох 22080009911563 дугаартай эрүүгийн хэргийг Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор Д.Отгонбаярын бичсэн дүгнэлтийг үндэслэн 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 2004 оны 12 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Б овогт А.М нь Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар өсвөр насны шүүгдэгч А.М-д холбогдох Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, 22080009911563 дугаартай эрүүгийн хавтаст хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж,

Өсвөр насны шүүгдэгч А.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, хохирогчийн гаргасан иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.2 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар өөрт учирсан хохирлоо арилгуулах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар А.М-д холбогдох эрүүгийн хэргийг Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор Д.Отгонбаяр бичсэн дүгнэлтдээ “Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор Д.Отгонбаяр би Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан А.М-д холбогдох 2208009911563 дугаартай хэргийг хянахад дараах нөхцөл байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч А.М нь 2022 оны 03 дугаар сарын 07-ны орой 00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр, Баянголын 17 дугаар гудамжинд хохирогч О.М-ийн эзэмшлийн “Тоёота Приус 30” маркийн ... улсын дугаартай автомашины салхины шилийг хагалж 400.000 төгрөгийн хохирол учруулан эд хөрөнгийг гэмтээсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч А.М-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хянан хэлэлцээд, 1484 дугаар цагаатгах тогтоолдоо “О.М-ийн эзэмшлийн “Тоёота Приус 30” маркийн ... улсын дугаартай автомашины шилийг хагалж 430.000 төгрөгийн хохирол учруулсан” гэх хэргийг өсвөр насны шүүгдэгч А.М үйлдсэн болохыг нотолж тогтоогоогүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийг өсвөр насны шүүгдэгч А.М үйлдсэн нь нотлогдоогүй үндэслэлээр цагаатгаж, хэрэгсэхгүй болгосон хэргийг хэрэг бүртгэлтэд буцаахаар шийдвэрлэв” гэж дүгнэн, тогтоох хэсэгтээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “Гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэсэн байна.

Шүүхийн 1484 дугаартай цагаатгах тогтоолыг прокурор эс зөвшөөрч 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 01 дугаартай прокурорын эсэргүүцэл бичсэнийг үндэслэн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хянан хэлэлцээд 2023/ДШМ/64 дугаартай магадлал гаргаж дараах дүгнэлтийг хийжээ.

Шүүх аливаа нотлох баримтыг үнэлэхдээ тэдгээрийн ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдалд дүгнэлт хийж, нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлах замаар харилцан эсрэг болон нэгдмэл сонирхолтой байж болох этгээдийн мэдүүлгийг нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсар, логик эргэцүүлэлд тулгуурлан үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг сэргээн тогтоодог бөгөөд нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг хангасан байхаас гадна гагцхүү хэргийн үйл баримтыг аливаа эргэлзээ үүсгээгүй, зөрүү гаргалгүйгээр, бүрэн дүүрэн нотолсон тохиолдолд л Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хуульд нийцнэ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт хохирогч О.М-оос гаргасан гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогч О.М-ийн мэдүүлэг, гэрч Ц.Б-ийн мэдүүлэг, таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг баримтууд авагджээ.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтуудыг харьцуулан шинжлэн судалж, зөрүүтэй баримтуудыг няцаан үгүйсгэх дүгнэлт хийлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх бөгөөд энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн хууль 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн нийтээр дагаж мөрдөгдөж эхэлсэн бөгөөд давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг прокурорт, эсхүл анхан шатны шүүхэд буцаах хуулийн зохицуулалтгүй болсон тул анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно гэж дүгнэжээ.

Монгол Улсын Дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 173 дугаартай тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүхээр хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хуулийн шаардлага хангаагүй, зөрүүтэй баримтуудыг няцаан үгүйсгэх дүгнэлт хийлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх бөгөөд энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байна гэж дүгнэсэн атлаа анхан шатны шүүхийн шийдвэрийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-1.3 дахь хэсэгт зааснаар хүчингүй болгохгүйгээр шийдвэрлэсэн нь мөн хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан “хуулийг илтэд буруу хэрэглэсэн” үндэслэлд хамаарч байна.

Монгол Улсын Дээд шүүх 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 160 дугаар тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг хэрэглэж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхдээ “Монгол Улсын Их хурлаас 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 4 дүгээр зүйлд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ... 40.8 дугаар зүйлийн 1.3 дахь заалтыг... хүчингүй болсонд тооцсон” бөгөөд уг хууль нь 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн даган мөрдөгдөж, хяналтын шатны шүүхээс шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг прокурорт, эсхүл шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах эрх хэмжээгүй болсон хэдий ч тус хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хүчингүй болгох ...” эрх олгогдсоны дагуу анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож...” гэж тайлбарлаж, хууль хэрэглээний жишиг тогтоосон байна.

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч А.М-д холбогдох хэргийг цагаатгаж шийдвэрлэхдээ шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтуудыг харьцуулан шинжлэн судалж. зөрүүтэй баримтуудыг няцаан үгүйсгэх дүгнэлт хийлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй талаар давж заалдах шатны шүүх дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан “хуулийг илт буруу хэрэглэсэн шүүхийн шийдвэрийн улмаас хүний эрх ноцтой зөрчигдсөн” гэсэн үндэслэлд тухайн хэргийн хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн буюу хохирогч О.М-ийн эрх ноцтой зөрчигдсөн асуудал төдийгүй Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний эрхийн суурь ухагдахууныг авч үзэх нь зүйтэй юм.

Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл санаа, зарчмыг баримтлах, хэрэгжүүлэх, хамгаалах гол хуулийн нэг болох Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хүний зөрчигдсөн эрхийг сэргээх заалт, зохицуулалтыг өргөн хүрээнд ойлгон хэрэгжүүлэх нь хууль дээдлэх зарчимтай нийцэхээр байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-д “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх” эрхийнхээ дагуу хүний эрх зөрчсөн, гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол учруулсан хэрэг маргааныг эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх арга замаар барагдуулах эрх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотойгоор ноцтой зөрчигдөж, хохирч үлдэхэд хүргэж байна.

Өөрөөр хэлбэл, гэмт хэрэгт холбогдсон хүн, хуулийн этгээдийн хэргийг хянан шийдвэрлэхдээ хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна, шударга шүүхээр шүүлгэх хүний үндсэн эрхийг хамгаалж, хууль хэрэглээний нэгдмэл байдлыг ханган хэрэгжүүлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилт, зарчимд бүрэн нийцэхээр байна.

Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022/ШЦТ/1484 дугаар цагаатгах тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023/ДШМ/64 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг баримтлан, прокурорын дүгнэлт бичив” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор С.Батсүрэн хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Прокурорын дүгнэлтийг дэмжиж оролцож байна. Анхан шатны шүүх цагаатгах тогтоол гаргахдаа мөрдөн байцаалтын шатанд нотлох ажиллагааг бүрэн хийж гүйцэтгээгүй, гэмт хэрэг үйлдэгдсэн газрыг бүрэн тогтоож чадаагүй гэж дүгнэсэн. Гэтэл хохирогч, гэрч, дуудлагаар очсон цагдаагийн мэдүүлэг болон дуудлагын хуудас зэрэгт Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 17 дугаар гудамжинд үйлдэгдсэн гэдэг нь бүрэн нотлогдсон. Насанд хүрээгүй шүүгдэгч А.М машин барьдаггүй, архи уудаггүй гэж мэдүүлсэн боловч тэрээр 2021, 2022 онд шөнийн цагаар 1.19, 1.41 хувийн согтолттойгоор ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож, энэхүү зөрчлийн улмаас баривчлагдаж байсан талаарх баримтууд хавтаст хэргийн 74 дүгээр талд болно.

Өсвөр насны шүүгдэгч А.М нь гэрчээр өгсөн мэдүүлэгтээ “...тухайн гудамжинд найз У-ын гэр байдаг, машины зөв талын цап эвдэрсэн” гэж, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ “...энд найз Б-н хашаа байдаг, Б, У, ах бид дөрөв байсан” гэж, харин шүүхийн хэлэлцүүлэгт “манай найз У, ах бид гурав байсан, машины баруун талын цап эвдэрсэн байсан” гэсэн мэдүүлгүүдийг тус тус өгсөн байдаг. Тухайн гэмт хэрэг шөнийн 2 цагт болсон, шүүгдэгч хэргийн газар байсан гэдэг нөхцөл байдал бүрэн тогтоогдож байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгчийг цагаатгаж, хэргийг хэрэг бүртгэлтэд буцаасан тохиолдолд хохирогчийн зөрчигдсөн эрх сэргээгдэх боломжгүй юм. Давж заалдах шатны шүүх “анхан шатны шүүхийн шийдвэр хэргийн бодит байдалтай нийцээгүй” гэсэн дүгнэлтийг хийсэн атлаа цагаатгах тогтоолыг хэвээр үлдээсэн нь агуулгын хувьд зөрчилтэй болсноос гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1-д заасны дагуу хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй байна. Иймд цагаатгах тогтоол болон магадлалыг хүчингүй болгох нь хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээх ач холбогдолтой гэсэн дүгнэлтийг гаргаж байна” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч С.Амартогос хэлсэн саналдаа Анхан шатны шүүх А.М-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүх “... анхан шатны шүүх нотлох баримтуудыг хооронд нь дүгнээгүй, зарим баримтуудыг үгүйсгэсэн талаар дүгнэлт хийгээгүй, шүүхийн шийдвэр хэргийн бодит байдалтай нийцээгүй” гэсэн дүгнэлтийг хийсэн.  Уг хэргийн тухайд хэргийн газрын үзлэг огт хийгээгүй, 12 цаг өнгөрөөд хэргийн газраас А.М явсан гэж мэдүүлдэг. Гэтэл түүнээс 2-3 цагийн дараа эргүүлийн цагдаа Б очиж үзэхэд тэнд хэн ч байхгүй, хоосон газар байсан. Хэдийгээр миний үйлчлүүлэгч өмнө нь зөрчил гаргаж байсан ч гэсэн энэ хэрэгт огт хамааралгүй. Хохирогч болон дуудлагаар очсон цагдаа Б-ийн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудад тухайн хэрэгт ач холбогдолтой, хэргийн нөхцөл байдлыг нотолсон зүйл байдаггүй. Мөн мэдүүлэгт “...намхан бор залуу байсан” гэж байнга дурдагддаг. Гэтэл А.М нь 1.70 см өндөр, туранхай биетэй. Эдгээр байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргаж байна” гэв.

                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор Д.Отгонбаярын бичсэн шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянуулах тухай дүгнэлтийг үндэслэн А.М-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Прокурорын яллах дүгнэлтээс үзэхэд цагаатгагдсан этгээд А.М нь 2022 оны 03 дугаар сарын 07-ны орой бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээж 400.000 төгрөгийн хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, 22080009911563 дугаартай эрүүгийн хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж, хохирогчийн гаргасан иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэжээ.

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн А.М-д холбогдох хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцээд цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн тул уг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн хуралдаанаар прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн А.М-д холбогдох хэргийг хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх эсэхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан журмын дагуу хэлэлцэхэд энэ талаар дөрөв, түүнээс дээш шүүгч санал гаргаагүй тул Эрүүгийн хэргийн танхимын нийт хуралдааны 173 дугаартай тогтоолоор уг хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн болно.

Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хүчингүй болгож, хэргийг сэргээн шалгах тусгай журмыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр бүлэгт хуульчлан заасан бөгөөд шүүхийн шийдвэр гаргах үед мэдэгдээгүй болон мэдэгдэх боломжгүй байсан нөхцөл байдал нь шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш илэрч тогтоогдсон, эсхүл хуулийг илт буруу хэрэглэсэн шүүхийн шийдвэрийн улмаас хүний эрх ноцтой зөрчигдсөн явдал нь хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянах үндэслэлд хамаарна.

Тухайлбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан “хуулийг илт буруу хэрэглэсэн” гэдэгт шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эсхүл хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн болон хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэснийг”, “хүний эрх ноцтой зөрчигдсөн” гэдэгт хэргийн талаар хувийн сонирхолтой оролцогч буюу шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлага хүлээлгэх, чөлөөлөх үндэслэл, нөхцөлийг хүндрүүлсэн, эсхүл шүүгдэгчийн хувьд аливаа сөрөг үр дагавар бий болгосон хуулийг хэрэглэх, гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн ба эрх зүйн байдлыг дээрдүүлсэн болон Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэхгүй байх, оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлах, хориглох, хасах, гэмт хэргийн улмаас учирсан эдийн болон эдийн бус хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгуулах боломжгүй болгох зэргийг хамааруулан ойлгоно.

Шүүхийн дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал шинээр илэрсний улмаас хэргийг сэргээн шалгах асуудлыг прокурор, шүүх хянан шийдвэрлэхдээ тухайн шийдвэр нь хэргийн оролцогч, түүний дотор ял шийтгүүлсэн, эсхүл цагаатгагдсан этгээд болон хохирогчийн эрх зүйн байдалд хэрхэн нөлөөлж болохыг харгалзан үзэх шаардлагатай бөгөөд ял шийтгүүлсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх тохиолдолд цаг хугацааны шалгуур хамаарахгүй, харин цагаатгасан шүүхийн шийдвэрийг хянан үзэх, түүнчлэн ялтанд хүндрүүлсэн хуультай хуулийг хэрэглэх шаардлагатай болсон бол Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор шинэ нөхцөл байдал илэрснээс хойш 1 жил өнгөрөөгүй бол гүйцэтгэж болохыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.3 дугаар зүйлд тусгайлан заажээ. 

Цагаатгагдсан этгээд А.М нь 2022 оны 03 дугаар сарын 07-ны орой 00 цагийн үед бусдын эд хөрөнгийг гэмтээж бага бус хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдсоноос хойш Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д заасан хөөн хэлэлцэх 1 жилийн хугацаа өнгөрсөн байхад Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор Д.Отгонбаяр 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 01 дугаартай дүгнэлт бичиж, хэргийг Улсын дээд шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчсөн байна.

Иймд А.М-д холбогдох эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулахаар гаргасан прокурорын дүгнэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дээр дурдсан үндэслэлээр прокурорын дүгнэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 64 дүгээр магадлалын Тодорхойлох хэсэгт бичигдсэн дүгнэлтийн талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй болохыг дурдах нь зүйтэй.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1484 дүгээр цагаатгах тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 64 дүгээр магадлалыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянуулах тухай

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор Д.Отгонбаярын бичсэн дүгнэлтийг хүлээн авахаас татгалзсугай.

2.А.М-д холбогдох 2208009911563 дугаартай эрүүгийн хэргийг Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт буцаасугай.

 

ДАРГАЛАГЧ,

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Ч.ХОСБАЯР

ШҮҮГЧ                                                                        Б.БАТЦЭРЭН

                                                                                               М.ПҮРЭВСҮРЭН

                                                                                               С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                               Б.ЦОГТ