Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхбатын Зоригтбаатар |
Хэргийн индекс | 128/2019/1024/З |
Дугаар | 221/МА2020/0251 |
Огноо | 2020-04-08 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 221/МА2020/0251
Ш.Э-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Батбилэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Н нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 109 дүгээр шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор Ш.Э-ын нэхэмжлэлтэй, Цагдаагийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 109 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1-т заасныг үндэслэн нэхэмжлэгч Ш.Э-ын нэхэмжлэлтэй Цагдаагийн ерөнхий газарт холбогдох “Цагдаагийн ерөнхий газрын 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 5б/5289 дугаар шийдвэр хууль бус болохыг тогтоож, Ш.Э-д мөнгөн урамшуулах олгох шийдвэр гаргахыг Цагдаагийн ерөнхий газарт даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
2 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж тус тус шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х давж заалдах гомдолдоо: “...Нэхэмжлэгч Ш.Э нь Цагдаагийн ерөнхий газрын 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 5б/5289 дүгээр шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, мөнгөн урамшуулал олгох тухай шийдвэр гаргахыг Цагдаагийн ерөнхий газарт даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон үндэслэлдээ “...нэхэмжлэгч Ш.Э-ын цагдаагийн албанаас халагдсан нөхцөл байдлыг Засгийн газрын 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор батлагдсан “Цагдаагийн албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журам”-ын 14 дүгээр зүйл /Цагдаагийн албаны тухай хуулийн 89.2-т заасан нөхцөлийг хангасан цагдаагийн алба хаагч цагдаагийн албанаас чөлөөлөгдсөн нь энэхүү мөнгөн урамшуулал олгохоос татгалзах үндэслэл болохгүй/ гэж заасан “албанаас чөлөөлөгдсөн” гэх ойлголтод хамааруулан ойлгох боломжгүй тул энэ талаарх хариуцагчийн татгалзал үндэслэлтэй, зорилгодоо нийцсэн үндэслэл бүхий шийдвэр гэж дүгнэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ” гэжээ.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэхээр байна.
Нэхэмжлэгч Цагдаагийн албаны тухай хуульд заасны дагуу мөнгөн урамшуулал авах болзлыг хангасан тул мөнгөн урамшуулал авах эрхтэй гэж нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нэхэмжлэгчийг мөнгөн урамшуулал авах болзлыг хангасан гэдэг дээр маргаагүй. Харин албанаас халагдсан тохиолдолд “Цагдаагийн албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журам”-ын 14 дүгээр зүйлд заасныг хэрхэн ойлгож хэрэглэх тал дээр талууд маргаж байгаа билээ.
Дээрх журмын 14 дүгээр зүйлд /Цагдаагийн албаны тухай хуулийн 89.2-т заасан нөхцөлийг хангасан цагдаагийн алба хаагч цагдаагийн албанаас чөлөөлөгдсөн нь энэхүү мөнгөн урамшуулал олгохоос татгалзах үндэслэл болохгүй/ гэсэн агуулгатайгаас биш албанаас халагдсан нь мөнгөн урамшуулал олгохоос татгалзах үндэслэл болно гэсэн хориглосон зохицуулалт биш. Нөгөөтээгүүр нийтийн эрх зүйд зөвшөөрснөөс бусдыг хориглох зарчимтай бөгөөд хуульд албанаас халагдсан тохиолдолд мөнгөн урамшуулал олгохгүй гэсэн нэг ч хориглосон зохицуулалт байхгүй.
Гэтэл анхан шатны шүүх талуудын маргаж байгаа гол зүйл дээр үндэслэлтэй дүгнэлт өгч чадаагүй, шууд албанаас халагдсан тул “Цагдаагийн албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журам”-ын 14 дүгээр зүйлд заасан “албанаас чөлөөлөгдсөн” гэх ойлголтод хамаарахгүй гэж хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.
Түүнчлэн нэхэмжлэгчийн хүсэлтийг шийдвэрлэхгүй, шийдвэрлэхээс татгалзаж байгаа Цагдаагийн ерөнхий газрын 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 5б/5289 дүгээр шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч шүүх үүн дээр үндэслэлтэй дүгнэлт өгөөгүй бөгөөд тус шийдвэрийг зорилгодоо нийцсэн, үндэслэл бүхий гэж үзсэн нь учир дутагдалтай байна.
Иймд маргааны үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт өгч чадаагүй, хуулийг буруу тайлбарлан хэргийг шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 109 дүгээр шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ :
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д “Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянах ...” гэж заасны дагуу давж заалдах гомдлын үндсэн дээр шүүхийн шийдвэрийг хянаад, шийдвэрийг хэвээр үлдээж гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Монгол Улсын Их Хурлаас Цагдаагийн албаны тухай хуулийг шинэчилсэн найруулгыг 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцэн баталж, 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс хүчин төгөлдөр болж дагаж мөрдөгдсөн байна. Мөн хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2-т “Аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй ажиллаж байгаа цагдаагийн алба хаагчид 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшлыг 5 жил тутам олгох бөгөөд мөнгөн урамшил олгох журмыг Засгийн газар батална” гэсэн зохицуулалт оржээ.
“Мөнгөн урамшуулал олгох” тухай зохицуулалт Цагдаагийн албаны тухай хуульд тусгагдсан байх тул энэ хуулийг илүү нарийвчилсан зохицуулалт гэж үзэх бөгөөд Төрийн албаны тухай хуулийн “халагдах”, “чөлөөлөгдөх” зохицуулалтыг давхар хэрэглэх шаардлагагүй гэж үзэв.
Хэдийгээр хуульд “Аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй ажиллаж байгаа” цагдаагийн албан хаагчид уг мөнгөн урамшууллыг олгохоор заасан боловч Засгийн газраас 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор “Цагдаагийн албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журам”-ыг батлахдаа 14 дүгээр зүйлд “Цагдаагийн албаны тухай хуулийн 89.2-т заасан нөхцөлийг хангасан цагдаагийн алба хаагч цагдаагийн албанаас чөлөөлөгдсөн нь энэхүү мөнгөн урамшуулал олгохоос татгалзах үндэслэл болохгүй” гэсэн агуулгаар баталжээ.
Нэхэмжлэгчийн тухайд Засгийн газрын тогтоолоор батлагдсан журмын 14 дүгээр зүйлд “Цагдаагийн албаны тухай хуулийн 89.2-т заасан нөхцөлийг хангасан цагдаагийн алба хаагч цагдаагийн албанаас чөлөөлөгдсөн нь энэхүү мөнгөн урамшуулал олгохоос татгалзах үндэслэл болохгүй” гэж заасныг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож маргаж байна. Мөн “халагдсан этгээдэд мөнгөн урамшуулал олгохыг хориглосон заалт байхгүй, хориглосноос бусдыг зөвшөөрөх зарчим үйлчлэх ёстой” гэсэн үндэслэлийг нэхэмжлэлдээ болон давж заалдах гомдолдоо дурдаж байна.
Хуулийн болон Засгийн газрын тогтоолын зорилт нь “цагдаагийн албанд ажиллаж байгаа болон албанаас чөлөөлөгдсөн боловч 5 жил тасралтгүй ажилласан байх шаардлага хангасан этгээдүүдийн “бусад баталгаа”-г бүрдүүлэхэд оршиж байна. Иймд “албанаас халагдах” болон “албанаас чөлөөлөгдөх” гэсэн 2 ойлголт Цагдаагийн албаны тухайд ижил агуулгаар тусгагдсан эсэх талаар нь дүгнэлт хийх шаардлагатай.
2017 оны шинэчлэн найруулсан, одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Цагдаагийн албаны тухай хуульд “халах” гэж 4 удаа, “халагдсан” гэж 1 удаа, “чөлөөлөх” гэж 13 удаа, “чөлөөлөгдөх” гэж 2 удаа тус тус оржээ.
Цагдаагийн албаны тухай хуулийн “Цагдаагийн албанаас халах” гэсэн хуулийн 82 дугаар зүйлд өргөсөн тангараг, ёс зүй, сахилгын дүрмийг ноцтой зөрчсөн, мөн түүнчлэн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон гэх зэрэг тохиолдолд албанаас халахаар зохицуулжээ.
Харин алба хаагч биеийн эрүүл мэндийн байдлаар үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй болсон, тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн, алба хаах насны дээд хязгаарт хүрсэн зэрэг тохиолдолд албанаас чөлөөлөгдөх ёстой болох нь дээрх хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 болон хуульд “халах”, “чөлөөлөх” гэсэн ойлголтыг тусад нь хэрэглэж буйгаар харагдаж байна.
Анхан шатны шүүхийн “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгохтой холбоотой Төрийн албаны тухай болон Цагдаагийн албаны тухай хууль тогтоомжид заагдсан албанаас чөлөөлөх болон халах эрх зүйн зохицуулалтууд нь мөн чанар, эрх зүйн үр дагаврын хувьд өөр хоорондоо ялгаатай ойлголтууд бөгөөд тухайн тохиолдолд нэхэмжлэгч Ш.Э-ын хөдөлмөрийн харилцаа нь Цагдаагийн албаны тухай хуульд заагдсан чөлөөлөх үндэслэлээр бус харин Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Б/508 дугаар тушаалаар Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1-д заасан үндэслэлээр цагдаагийн албанаас халагдсантай холбоотойгоор дуусгавар болсон байх тул Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 74 дүгээр тогтоолоор батлагдсан “Цагдаагийн албан хаагчид мөнгөн урамшил олгох журам”-ын 14-д заасан зохицуулалтад хамаарахгүй ...” гэсэн дүгнэлтийг үгүйсгэх буруутгах боломжгүй тул гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон