| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэндийн Цогт |
| Хэргийн индекс | 128/2025/0530/З |
| Дугаар | 001/ХТ2026/0018 |
| Огноо | 2026-02-10 |
| Маргааны төрөл | Татвар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2026 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 001/ХТ2026/0018
“Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баянзүрх
дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарт
холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч: М.Батсуурь
Танхимын тэргүүн: Д.Мөнхтуяа
Шүүгчид: Д.Батбаатар
П.Соёл-Эрдэнэ
Илтгэгч шүүгч: Ц.Цогт
Нарийн бичгийн дарга: Б.Зэнээмэдрээ
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 128/ШШ2025/0600 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 221/МА2025/0684 дүгээр магадлалтай,
Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 28 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой захиргааны хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгч С.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, Б.Б, Б.Б, хариуцагч улсын байцаагч Ч.Б, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д нарыг оролцуулан, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага:
1.Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч нарын 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн НА-*** дугаар нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах.
Хэргийн нөхцөл байдал:
2.Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт, шалгалтын тасгийн татварын улсын байцаагч нараас 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн НА-*** дугаар нөхөн ногдуулалтын актаар “Б” ХХК-ийг 2019 онд 4 хуулийн этгээдээс ямар нэгэн бодит худалдан авалт хийгээгүй, ажил үйлчилгээ аваагүй атлаа хий бичилт бүхий нийт 63 ширхэг 2,228,432,050.02 төгрөгийн үнийн дүнтэй нэмэгдсэн өртгийн албан татварын худалдан авалтын падаан авч 2019 оны 12 дугаар сарын нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгаж, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараа бууруулсан нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг зөрчсөн гэж 222,843,205 төгрөгийн нөхөн татвар, 66,852,961.49 төгрөгийн торгууль, 44,568,641 төгрөгийн алданги, нийт 334,264,807.49 төгрөгийн төлбөр төлүүлэхээр шийдвэрлэжээ.
3.Нэхэмжлэгчээс дээрх актыг эс зөвшөөрч “… хяналт шалгалтын удирдамж, томилолт, захиргааны шийдвэр гаргах ажиллагааны холбогдох баримт материалуудыг хууль, журмын дагуу танилцуулаагүй, тайлбар, нотлох баримт гаргах боломжоор хангаагүй. … Өмнө гарсан нөхөн ногдуулалтын актыг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлээгүй. Шийдвэрээр … зөрчлүүдийг дахин шалгаад хуульд нийцүүлэн дүгнэлт хийсний үндсэн дээр дахин акт гарга гэж заасан боловч ямар ч ажиллагаа хийгээгүй, татвар төлөгчийг хууль тогтоомжийн дагуу дуудаж, мэдэгдэл хүргүүлээгүй. Шүүхийн шийдвэрт заасан 1 сарын хугацаанд дахин шинэ акт гаргаагүй, 57 хоногийн дараа нөхөн ногдуулалтын акт гаргасан нь хууль бус. Актад заасан зөрчлийг бүрэн шалгаж, тогтоогоогүй, хуульд үндэслээгүй” гэжээ.
Анхан шатны шүүхийн шийдвэр:
4.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 128/ШШ2025/0600 дугаар шийдвэрээр: Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт (2019.12.31-ний өдрийг дуустал хүчин төгөлдөр мөрдөгдсөн), Татварын ерөнхий хууль (2008) 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт, шалгалтын тасгийн татварын улсын байцаагч нарын 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн НА-*** дугаар нөхөн ногдуулалтын актыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгожээ.
Давж заалдах шатны шүүхийн магадлал:
5.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 221/МА2025/0684 дүгээр магадлалаар: нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 128/ШШ2025/0600 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон байна.
Хяналтын журмаар гаргасан гомдол:
6.Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д-ээс шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргажээ. (Гомдлыг агуулгаар тусгав)
6.1.Шүүхийн шийдвэрийн дагуу татварыг улсын байцаагч нар нь 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн НА-*** дугаартай нөхөн ногдуулалтын актын үндэслэх хэсэгт Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.1.2-т гэж тусган хуулийг зөв зүйлчилж, тус актыг дахин зөвтгөн гаргасан байдаг.
6.2.Хууль тогтоомжийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7-д “Зохицуулах харилцааны онцлогоос хамаарч шаардлагатай тохиолдолд хуулийн төслийн бүтцийн хэсгийг дараах байдлаар дугаарлаж болно”, 28.7.1.зүйлийг дугаарлахдаа зүйлийн дугаарын өмнө нь баруун талдаа цэгтэй тухайн бүлгийн дугаарыг араб тоогоор бичиж, ард нь "дүгээр", эсхүл "дугаар" гэж бичгээр /1.1 дүгээр зүйл. г.м; 28.7.2.хэсгийг баруун талдаа цэгтэй араб тоогоор /1. г.м./; 28.7.3.хэсгийн доторх заалтыг баруун талдаа цэгтэй араб тоогоор /1.1. г.м/; 28.7.4.заалтын доторх дэд заалтыг үсгээр /1.1.а. г.м/ гэж заасан байгаад нийцүүлэн хяналт шалгалтыг актыг үйлдсэн байхад шүүгч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан шүүгч гагцхүү хуульд захирагдана гэх заалтыг зөрчсөн.
6.3.2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийг 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр өөрчлөн найруулсан. Дурдсан хуулийн зүйл, заалтыг Татварын удирдлагын нэгдсэн системд татварын хяналт шалгалтын мэдээллийг гараар оруулах тохируулга байдаггүй. Ямар хуулийн, аль зүйл, заалт, дэд заалтыг үндэслэн акт гаргаж байгаад зөвхөн сонголт хийх товч ашигладаг.
6.4.Шүүгч Ц.Мөнхзул нь захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрийн биеэр Татварын удирдлагын нэгдсэн системд үзлэг хийж, программд засвар хийх шаардлагатайг дүгнэсэн байдаг. Татварын ерөнхий газрын Мэдээлэл технологийн төвөөс программд засвар оруулснаар хуульд нийцүүлэн дахин шинээр Татварын хяналт шалгалтын нөхөн ногдуулалтын акт үйлдсэн байгааг хууль бус гэж үзэн хүчингүй болгох үндэслэлгүй юм.
6.5.Тодруулбал, шүүхийн түдгэлзүүлсэн шийдвэрт үндэслэн нөхөн ногдуулалтын актыг дахин зөвтгөж, тодорхой болгон гаргасан байгааг хүчингүй болгож шийдвэрлэж байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасантай нийцээгүй.
6.6.Тухайн зөрчил үйлдсэн хугацаанд хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулийн зүйл, хэсэг, заалтыг баримтлан хяналт шалгалтын актын эцсийн тооцоог гаргасан байдаг Үүнд Татварын ерөнхий хуулийн “2008 он” гэж дурдаагүйг хууль буруу хэрэглэсэн гэж үзэж байгаа бол тухайн зөрчлийг үйлдсэн “Б" ХХК-ийн зөрчлийг үгүйсгэх үндэслэл мөн үү. Мөн дээрх зөрчилд тухайн хугацаан хүчин төгөлдөр үйлчилж байсан Татварын ерөнхий хуулийн оныг тодруулаагүй нь тухайн зөрчлийг үгүйсгэн маргаан бүхий актыг хүчингүй болгох үндэслэл болгох бус залруулах боломжийг бүрдүүлэх нь хуулийг дээдлэн, шударга бус үйлдлийг таслан зогсоож хуулийг нэг мөр сахин биелүүлэхэд нийцэх бөгөөд нийтээр ач холбогдолтой.
6.7.Шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын хууль зөрчиж хий бичилттэй худалдан авалтын падаанаар татвар ногдох орлогыг их хэмжээгээр бууруулсан зөрчилд хариуцлага тооцуулан шударга ёсыг тогтоох, хууль тогтоомж зөрчсөн этгээдэд хуулийн хариуцлага хүлээлгэдэг зарчмыг хангах үүднээс татварын улсын байцаагч нарын 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн НА-*** дугаартай нөхөн ногдуулалтын актыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-т зааснаар өөрчлөлт оруулах боломжоор хангаж өгнө үү гэжээ.
7.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б-ээс хяналтын журмаар гаргасан гомдолтой холбогдуулж, эс зөвшөөрсөн тайлбар бичгээр ирүүлсэн байна.
8.Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 28 дугаар тогтоолоор хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1, 123.2.2-т заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
ХЯНАВАЛ:
9.Дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Тогтоогдсон үйл баримтын тухайд:
10.Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нар “Б” ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт хийж, 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн НА-*** дугаартай нөхөн ногдуулалтын актаар хий бичилт бүхий 63 ширхэг, 2,228,432,050.02 төгрөгийн үнийн дүнтэй нэмэгдсэн өртгийн албан татварын худалдан авалтын падаан авч нэмэгдсэн өртгийн албан татвараа бууруулсан гэж нөхөн татвар, торгууль, алданги тавьсан байна.
11.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШШ2025/0088 дугаар шийдвэрээр “2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн НА-*** дугаартай нөхөн ногдуулалтын актын Тогтоох нь хэсэгт Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 11.19.1.2 дахь заалтыг үндэслэсэн боловч Зөрчлийн тухай хуульд уг заалт байхгүй гэж үзэхээр байна. ... Иймд хариуцагч татварын улсын байцаагч нараас тухайн зөрчилд хуулийн аль зүйл, заалтаар хариуцлага ногдуулахыг тодорхой болгож дүгнэлт хийсний үндсэн дээр дахин акт гаргах нь зүйтэй” гэж нөхөн ногдуулалтын актыг 1 сарын хугацаагаар түдгэлзүүлсэн.
12.Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нараас дахин 2025 оны 03 дугаар сарын 25-ны №НА-*** дугаар нөхөн ногдуулалтын актаар Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр үйлийн 74.1 дэх заалтыг тус тус үндэслэн 2019 онд “Ш” ХХК, “И” ХХК, “Х” ХХК, “Ч” ХХК, “Э” ХХК-уудаас ямар нэгэн бодит худалдан авалт хийгээгүй, ажил үйлчилгээ аваагүй атлаа хий бичилт бүхий нийт 63 ширхэг, 2,228,432,050.02 төгрөгийн үнийн дүнтэй нэмэгдсэн өртгийн албан татварын худалдан авалтын падаан авч 2019 оны 12 дугаар сарын нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгай төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараа бууруулсан нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг зөрчсөн гэж 222,843,205 төгрөгийн нөхөн татвар, 66,852,961.49 төгрөгийн торгууль, 44,568,641 төгрөгийн алданги, нийт 334,264,807.49 төгрөгийн төлбөр төлүүлэхээр шийдвэрлэжээ.
Хууль хэрэглээний хувьд:
13.Нэхэмжлэгч “Б” ХХК-аас актаар тогтоосон хий бичилттэй падаан худалдан авсан гэх зөрчлийг үгүйсгэж маргаагүй, харин нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах үндэслэлээ “... захиргааны шийдвэр гаргах ажиллагааны холбогдох баримт материалуудыг хууль, журмын дагуу танилцуулаагүй, хяналт шалгалтын ажиллагаанд оролцогчийг биечлэн оролцуулах талаар журмын дагуу ажиллаагүй, тайлбар, нотлох баримт гаргах нөхцөл боломжоор хангаагүй. Эрх зүйн бичиг баримтын хууль зүйн үндэслэл, хугацааны зөрчилтэй, ... өмнөх нөхөн ногдуулалтын актыг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлээгүй, шүүхийн шийдвэрийн дагуу 1 сарын хугацаанд дахин шинэ акт гаргаагүй, зөрчлийг бүрэн шалгаж тогтоогоогүй” гэж тодорхойлон маргасан.
14.Анхан болон давж заалдах шатны шүүхээс “татварын улсын байцаагч нар дахин акт үйлдэхдээ өмнө нь гаргасан хууль хэрэглээний алдаагаа бүрэн засаагүй. 2008 оны Татварын ерөнхий хууль эсхүл 2019 онд шинэчлэн батлагдсан хуулийн алиныг нь баримталснаа зааглаж тодорхой бичээгүй нь “хууль буруу хэрэглэсэн”-д хамаарна” гэх дүгнэлт хийж, нөхөн ногдуулалтыг актыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасанд нийцэхгүй.
15.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх учиртай.
16.Татварын улсын байцаагч нараас нөхөн ногдуулалтын актаар нэхэмжлэгч хуулийн этгээдэд нөхөн татвар, торгууль, алдангийг төлүүлэхээр шийдвэрлэхдээ Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг “Зөрчлийн тухай хууль 11.19 дүгээр зүйлийн 1.1.2” гэж бичсэн нь актыг хүчингүй болгох үндэслэл болохгүй.
17.Тодруулбал, актад “Б” ХХК-ийг 2019 онд 4 хуулийн этгээдээс ямар нэгэн бодит худалдан авалт хийгээгүй, ажил үйлчилгээ аваагүй атлаа хий бичилт бүхий нийт 63 ширхэг нэмэгдсэн өртгийн албан татварын худалдан авалтын падаан авч 2019 оны 12 дугаар сарын нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгаж, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараа бууруулсан нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг зөрчсөн талаар тодорхой тусгасан. Энэ тохиолдолд зөвхөн хуулийн заалтыг дээрх байдлаар зөрүүтэй бичсэнийг үндэслэн уг актыг хүчингүй болгох эрх зүйн үндэслэлгүй.
18.Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны бүх алдаа нь уг актыг хүчингүй болгох үндэслэл болдоггүй (harmless error doctrine). Тухайлбал, уг алдаа нь шийдвэрийн агуулга, хууль зүйн үндэслэлийг тодорхойлоход болон захиргааны шийдвэр гаргах ажиллагааны оролцогчдын эрхийг шууд хөндөөгүй тохиолдолд шийдвэрт нөлөөлөхгүй алдаа гэж үзнэ.
19.Захиргааны ерөнхий хуулийн 47, 48 дугаар зүйлд ямар тохиолдолд захиргааны актыг хүчингүй болгох, илт хууль бус болохыг тодорхойлсон. Маргаан бүхий актад хууль зүйн үндэслэл нь тодорхой тусгагдсан байх тул Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т “захиргааны актын хууль зүйн үндэслэлд захиргааны байгууллага захиргааны акт гаргах эрх олгогдсон хуулийн зүйл, заалтыг тодорхой заана” гэж заасныг зөрчөөгүй.
20.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.13-т “нэмэгдсэн өртгийн албан татварын падаан” гэж тухайн төлбөр тооцоо хийснийг нотлох он, сар, өдөр, дахин давтагдашгүй төлбөрийн дугаар, албан татвар суутган төлөгчийн буюу худалдаа эрхлэгч, худалдан авагч албан татвар суутган төлөгчийн нэр, хаяг, татвар төлөгчийн дугаар, худалдаа хийгдсэн бараа, ажил, үйлчилгээний нэр, код, тоо хэмжээ, үнэ, төлбөр тооцооны болон татварын дүн зэрэг мэдээллийг агуулсан зориулалтын тоног төхөөрөмжөөс гаргасан цаасан болон цахим баримтыг”, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “анхан шатны баримт” гэж ажил, гүйлгээ гарсныг нотолж бүрдүүлдэг гэрээ, нэхэмжлэх, төлбөр төлсөн баримт болон бусад нотолгоог”, 13.4-т “Аж ахуйн нэгж, байгууллагын гүйцэтгэх удирдлага, нягтлан бодогч нь үйлдвэрлэл, үйлчилгээний шат дамжлага, аж ахуйн үйл ажиллагааны хүрээнд гарсан хөрөнгө, эх үүсвэрийн хөдлөл, өөрчлөлт бүрийг анхан шатны баримтад бичгээр болон цахимаар бичилт хийж баталгаажуулна” гэж тус тус заасан.
21.Улмаар Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйл “Албан татвар хасалт хийх”, 14.5-д “Албан татвар суутган төлөгч нь бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн нь нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй” гэж зааснаар нэмэгдсэн өртгийн албан татварын падаан дангаараа нэмэгдсэн өртгийн албан татвар төлснийг нотлохгүй, бэлтгэн нийлүүлэгч талын бараа материалаа худалдсан зарлагын баримтаас гадна худалдан авагч талын “...нягтлан бодох бүртгэлийн бусад баримт” буюу төлбөрийн нэхэмжлэл, худалдах, худалдан авах гэрээ, төлбөрийн гүйлгээ гарсныг нотлох дансны дебет, кредитийн бүртгэл, мөнгөн гүйлгээний тайлан гэх мэт санхүүгийн бусад баримтаар уг гүйлгээ гарсан нь нотлогдсон тохиолдолд уг худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг хасаж тооцохоор байна.
22.Татварын ерөнхий хууль (2008 он)-ийн 10 дугаар зүйлийн 1-д зааснаар татвар төлөгч нь “татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх”, 3-т “анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журмын дагуу хөтлөх ...” үүрэгтэй бөгөөд татвар ногдох орлогоо тодорхойлох, нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд хасагдах зардлаар тайлагнасан худалдан авалтыг дээр дурдсанаар санхүүгийн баримтуудаар нотлох нь татвар төлөгчийн үүрэг байна.
23..Гэтэл нэхэмжлэгч “Б” ХХК нь 2019 онд “Ш” ХХК, “И” ХХК, “Х” ХХК, “Ч” ХХК, “Э” ХХК-уудаас худалдан авалт, ажил үйлчилгээ авсан талаарх 63 падаанд хамаарах үгүйсгэх анхан шатны баримтуудыг татварын хяналт шалгалт болон шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж өгөөгүй, эдгээр худалдан авалт, ажил үйлчилгээ нь бодит бус, хий бичилттэй гэх зөрчлийг үгүйсгэж маргаагүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч хуулийн этгээдэд дээрх зөрчилд хамаарах санхүүгийн анхан шатны болоод бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн гэдгээ нотлох баримтуудыг гаргаж өгөх хангалттай боломж байсан ч энэ эрх, үүргээ хэрэгжүүлээгүй.
24.Хариуцагчаас хяналтын гомдлын шаардлагаа “нөхөн ногдуулалтын актыг өөрчлөлт оруулах боломжоор хангаж өгнө үү” гэж тодорхойлсон боловч үндэслэлээ “... хуульд нийцүүлэн дахин шинээр акт үйлдсэн байгааг хууль бус гэж хүчингүй болгох үндэслэлгүй. Татварын ерөнхий хуулийн “2008 он” гэж дурдаагүй нь нэхэмжлэгчийн зөрчлийг үгүйсгэх үндэслэл биш” гэсэн агуулгаар хяналтын гомдол гаргасан.
25.Анхан шатны шүүх татварын хяналт шалгалт явуулах болон актын талаар сонсох ажиллагаа явуулах, мэдэгдэх ажиллагааг хариуцагч өөрийн эрх хэмжээний хүрээнд явуулсан талаар хангалттай дүгнэлт өгсөн. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв. Энэхүү шийдвэр гаргах ажиллагааны процесс зөрчигдсөн гэх нэхэмжлэлийн үндэслэлийг няцаасан анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг эс зөвшөөрч маргаагүй тул хяналтын шатны шүүх дахин дүгнэлт өгөх шаардлагагүй.
26.Харин давж заалдах шатны шүүхээс хяналтын шалгалт хийх хугацааны талаар буруу дүгнэлт хийсэн байх бөгөөд хариуцагчаас шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойшоос шийдвэрт заасан хугацаанд дахин акт үйлдсэн байх тул энэ талаарх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг хүлээн авах үндэслэлгүй.
27.Улсын дээд шүүх нь хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах үндсэн чиг үүргийн хүрээнд хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэлд тулгуурлан анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль зүйн үндэслэл, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлийг бүхэлд нь хянаж, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тохиолдолд хуулийн шаардлагыг хангуулах үүрэгтэй.
28.Шүүхүүд нөхөн ногдуулалтын актад нэхэмжлэгчийн гаргасан зөрчил, хууль зүйн үндэслэлийг тодорхой тусгасан байхад “өмнөх шүүхийн шийдвэрийг хэлбэрийн төдий биелүүлсэн” гэх үндэслэлээр татварын актыг хүчингүй болгосон нь буруу байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 128/ШШ2025/0600 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 221/МА2025/0684 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Б” ХХК-ийн “Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч нарын 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн НА-*** дугаар нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАТСУУРЬ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Д.МӨНХТУЯА
ШҮҮГЧИД Д.БАТБААТАР
П.СОЁЛ-ЭРДЭНЭ
Ц.ЦОГТ