Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 1773

 

М.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ш.Оюунханд, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШШ2016/00406 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч М.Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Х” ХХК-д холбогдох

 

Хас банкны Хүний нөөцийн захирлын 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн В/194 тоот тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, Хас банкны гүйцэтгэх захирлын 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн А/190 тоот тушаалын мэдээллийн технологийн удирдлагын багийн программ хангамжийн мэдээллийн сангийн архитекторын албан тушаалыг хасахаар шийдвэрлэсэн хэсгийг хүчингүйд тооцуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Б,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О , Э.М ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд өгсөн нэхэмжлэл, шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Миний бие 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Хас банктай Хөдөлмөрийн гэрээ хийж Программ хангамжийн мэдээллийн сангийн архитекторын албан тушаалд ажиллаж эхэлсэн. Ажил олгогчийн зүгээс өгсөн чиг үүргийн дагуу үүрэгт ажлаа ямар нэгэн зөрчилгүй хийж ирсэн. Гэтэл 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Мэдээллийн технологийн удирдлагын багийн технологи хариуцсан захирал Ж.Б өрөөндөө дуудаж Хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа талаар мэдэгдэж гарын үсэг зуруулсан. Тухайн үед ямар үндэслэлээр халж байгааг ойлгоогүй. Мэдэгдэлд миний ажилладаг орон тоог хасч байгаа тухай дурдсан байсан. Тухайн үед надад ажлаас халж байгаа тушаалаа өгөөгүй бөгөөд би өөрөө хөөцөлдөж 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдөр албан ёсоор бичгээр гардаж авсан.

Хүний нөөц хариуцсан захирал Г.З-ын 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн В/194 тоот тушаалыг гардуулан өгсөн бөгөөд уг тушаалд миний ажиллаж байсан албан тушаалыг орон тооны хамт хассан үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасныг удирдлага болгосон байсан. Миний бие дээрх тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт ажил олгогч энэ хуулийн 40.1.1-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэнэ гэж заасан байдаг.

Гэтэл надад 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдөр мэдэгдсэн атлаа тэр өдрөө миний хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцалсан В/194 тоот тушаалыг гаргасан.

Миний бие 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдөр ажлаас халагдсан. Миний эрхэлж байсан ажил нь компьютер, мэдээллийн технологитой холбоотой бөгөөд банкны сүлжээнд нэвтрэх бүх эрхийг цуцалснаар албан үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон. Миний дансанд 2016 оны 3 дугаар сарын 25, 4 дүгээр сарын 07-ны өдрүүдэд Хас банкнаас тодорхой хэмжээний мөнгө орж ирсэн нь үнэн.

Миний орон тоог Хас банкны гүйцэтгэх захирлын 2016 оны А/190 тоот тушаалаар батлагдсан орон тооны бүтцэд өөрчлөлт оруулах тушаалын дагуу хассан гэж байгаа бөгөөд банкны бүтэц орон тоог өөрчлөх, хасах эрх гүйцэтгэх захирлын эрх хэмжээний асуудал биш гэж үзэж байна. Намайг дээрх үндэслэлээр халаагүй бөгөөд манай банкны Мэдээлэл технологи хариуцсан захирлаар шинээр ирсэн Сандийп Хера гэдэг Энэтхэг хүнийг хүндэтгээгүй, үл тоомсорлосон, хуралд ирээгүй гэдэг шалтгаанаар халсан гэдгийг миний бие сайн мэдэж байна. Үүнийг хүний нөөц хариуцсан захирал Г.З надад хэлж байсан. Намайг бусдад таалагдахгүй байна гэдэг үндэслэлээр ажлаас халж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул Хас банкны Хүний нөөцийн захирлын 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн В/194 тоот тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, Хас банкны гүйцэтгэх захирлын 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн А/190 тоот тушаалын мэдээллийн технологийн удирдлагын багийн программ хангамжийн мэдээллийн сангийн архитекторын албан тушаалыг нэг орон тооны хамт хасахаар шийдвэрлэсэн хэсгийг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.5 дахь хэсэгт заасны дагуу 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Технологи хариуцсан захирал Ж.Б Хүний нөөцийн удирдлагын хэлтсийн хүний нөөцийн менежер Э.О нар М.Бд Хас банкны гүйцэтгэх захирлын 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Мэдээллийн технологи хариуцсан захирлын харъяанд буй нэгжүүдийн бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулах, түүнтэй холбоотой зарим арга хэмжээний тухай А-190 дугаар тушаалын хүрээнд 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдрөөс хөдөлмөрийн гэрээг цуцлах гэж буй талаар мэдэгдлийг гардуулж тайлбарлаж өгсөн. Гэтэл ажилтан өөрийгөө 02 дугаар сарын 24-ний өдрөөс ажлаас халсан гэж ташаа ойлгон мэдэгдэлд гарын үсэг зураагүй. Хөдөлмөрийн гэрээг 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдрөөс ээлжийн амралт ажил хүлээлцэх зэрэг хуульд заасны дагуу ажилласанд тооцон цуцлах тул тушаалыг 3 дугаар сарын 24-нд гаргах байсан боловч ажилтны шаардсаны дагуу 02 дугаар сарын 24-нд гаргасан. Орон тоо цомхотгох талаар нэг сарын өмнө мэдэгдэх тухай хуулийн заалтыг зөрчөөгүй, гэрээ цуцлах тухай мэдэгдсэн. Шинэ захирал ирж өөрийнхөө ажиллах бүтэц өөрчлөлтийг баталсан. М.Б-ийг шүүхэд хандах үед ажлаас халаагүй байсан. 4 дүгээр сарын 01-ний өдрөөр дуусгавар болгоод ажлаас халагдсаны тэтгэмжээ авсан, 3 дугаар сарын 11-нд цалингийн урьдчилгаа, 3 дугаар сарын 25-нд 3 дугаар сарын сүүлийн цалин, ээлжийн амралтын мөнгө, 4 дүгээр сарын 7-нд ажлаас халагдсаны тэтгэмжийн мөнгийг М.Бд олгосон. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан М.Б-ийг Хас банкны Мэдээллийн технологийн удирдлагын багийн программ хангамжийн мэдээллийн сангийн архитекторын ажилд эгүүлэн тогтоож, Хүний нөөцийн захирлын 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн В/194 тоот, Хас банкны гүйцэтгэх захирлын 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн А/190 тоот тушаалуудыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх М.Б-ийн нэхэмжлэлтэй, Х Б-д холбогдох, ажилд эгүүлэн тогтоолгох, ХасБанкны зарим албан тушаалтны шийдвэрийг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдөр хянан хэлэлцээд 181/ШШ2016/00406 дугаартай шийдвэр гаргасныг хариуцагч Х Банк эс зөвшөөрч давж заалдах гомдол доорхи үндэслэлээр гаргаж байна.

1. Х Банк нь орон тооны цомхотголын талаар М.Б 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдөр мэдэгдсэн бөгөөд холбогдох бичгэн мэдэгдлийг танилцуулж гарын үсэг зуруулахыг хүссэн боловч өөрөө зураагүй болох нь М.Б-ийн нэхэмжлэл /нэхэмжлэлийн эхний хуудас 2 дахь догол мөр “...Ж.Б өрөөндөө дуудаж надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа талаар мэдэгдэж гарын үсэг зуруулсан”/, шүүх хуралдааны явцад гаргасан тайлбар зэргээр нотлогддог. Хэдийгээр ажилтан үнэн хэрэгтээ орон тоо цомхотгох талаар ажил олгогчийн мэдэгдэлд гарын үсэг зурахаас татгалзсан боловч дээрх байдлаар нэхэмжлэлдээ “гарын үсэг зуруулсан... Мэдэгдэлд миний орон тоог хасч байгаа тухай дурдсан байсан” гэж илэрхийлсэн нь тухайн үед ажил олгогч цомхотголын талаар мэдэгдсэн, ажилтан өөрөө уг нөхцөл байдлыг ойлгосон болохыг илэрхийлсэн байгаа юм. Гэтэл шүүх “гарын үсэг зуруулаагүй” л бол мэдэгдсэнд тооцохгүй гэж тайлбарласан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.5 дахь заалт, хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасан журам зөрчигдсөн гэж шүүх үзвэл шүүхийн шийдвэр үндэслэл бүхий бөгөөд хууль ёсны байх зарчмын дагуу “1 сарын өмнө мэдэгдэж гарын үсэг зуруулаагүй” байдал Хөдөлмөрийн хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т дурдсан “ажлаас үндэслэлгүй халагдсан” ажилтныг эгүүлэн авах гэх үр дагавартай хэрхэн холбогдож байгааг тайлбарлаагүй. Өөрөөр хэлбэл “ажлаас үндэслэлгүй халагдсан” учир эгүүлэн тогтооно гэж хууль зүйн болон учир шалтгааны хувьд дүгнэхэд Хөдөлмөрийн тухай хуулийн 36, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт дурдагдсан ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээ цуцлах буюу “ажлаас халах” үндэслэлүүд хэрхэн холбогдож байгаа талаар тайлбарлах ёстой байсан боловч тийнхүү тайлбарлаагүй. Мөн түүнчлэн 40.5 дахь хэсгийг ер нь хэрхэн зөрчсөн, зөрчсөн бол түүний үр дагавар нь ажилд эгүүлэн тогтоох байх уу, өөр хууль зүйн үр дагавар, хариуцлага бий болгох уу гэдэгт дүгнэлт өгсний дараа дээр дурдсан дүгнэлтийг хийвэл “шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх” шинжийг наад зах нь хэлбэрийн хувьд хангах байсан боловч дээрх гаргалгаа үндэслэлийг огт дурдаагүй.

Бодит нөхцөл байдлын хувьд Х Банк М.Бд хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэлээр цуцлах тухай 2016 оны 02 дугаар сарын 24-нд мэдэгдсэн, тийнхүү мэдэгдсэнээс хойш 1 сарын дараагаас ээлжийн амралтын хугацааг оролцуулах тооцож 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс хөдөлмөрийн гэрээ ажил олгогчийн санаачилгаар цуцлагдсан, энэ хугацаанд ажилтан цалин хөлсөө авч, нийгмийн даатгал төлөгдөж, мөн хуульд заасан тэтгэмжээ авсан бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэг ямар нэгэн байдлаар зөрчигдөөгүй, ажилтны эрхийн байдал аливаа байдлаар дордоогүй юм.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 36, 40 дүгээр зүйлүүдийн холбогдох хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 181/ШШ2016/00406 дугаартай шийдвэр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох тухай өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Нэхэмжлэгч М.Б нь хариуцагч “Х” ХХК-д холбогдуулан гаргасан Х банкны Хүний нөөцийн захирлын 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн В/194 тоот тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, Хас банкны гүйцэтгэх захирлын 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн А/190 тоот тушаалын мэдээллийн технологийн удирдлагын багийн программ хангамжийн мэдээллийн сангийн архитекторын албан тушаалыг хасахаар шийдвэрлэсэн хэсгийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.

 

Хариуцагч “Х” ХХК-ийн Хүний нөөц хариуцсан захирлын 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн В/194 тоот тушаалаар Х банкны Гүйцэтгэх захирлын 2016 оны “Мэдээллийн технологи хариуцсан захирлын харъяанд буй нэгжүүдийн бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулах, түүнтэй холбоотой зарим арга хэмжээний тухай” А/190 дүгээр тушаал, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1, Хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.2.8, 16 дугаар зүйлийн 16.1.8, 16.2, 16.11 дэх хэсгийг үндэслэн нэхэмжлэгч М.Б-ийг Мэдээллийн технологийн удирдлагын багийн программ хангамжийн мэдээллийн сангийн архитектурын албан тушаалаас 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөр тасалбар болгон, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг түүний ээлжийн амралтын хугацааг оролцуулан 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс цуцлахаар шийдвэрлэжээ. /хэргийн 4 дүгээр тал/

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ тайлбарлахдаа “…А-190 дүгээр тушаалын хүрээнд 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдрөөс хөдөлмөрийн гэрээг цуцлах гэж буй талаар мэдэгдлийг гардуулж тайлбарлаж өгсөн боловч нэхэмжлэгч нь 02 дугаар сарын 24-ний өдрөөс ажлаас халсан гэж ташаа ойлгон мэдэгдэлд гарын үсэг зураагүй. Хөдөлмөрийн гэрээг 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдрөөс ээлжийн амралт ажил хүлээлцэх зэрэг хуульд заасны дагуу ажилласанд тооцон цуцлах тул тушаалыг 3 дугаар сарын 24-нд гаргах байсан боловч ажилтны шаардсаны дагуу 02 дугаар сарын 24-нд гаргасан. Орон тоо цомхотгох талаар нэг сарын өмнө мэдэгдэх тухай хуулийн заалтыг зөрчөөгүй, гэрээ цуцлах тухай мэдэгдсэн” гэх боловч үүнийгээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргийнхээ дагуу баримтаар нотлож чадаагүй байна.

 

Учир нь хариуцагч нь ажил олгогчийн санаачлагаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэлээр нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа мөн хуулийн 40.5 дахь хэсэгт зааснаар 1 сарын өмнө ажилтанд мэдэгдэх үүргээ хэрэгжүүлэлгүй 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдөр буюу орон тоо хасагдсан тушаал гарснаас 1 хоногийн дараа түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөр тасалбар болгож үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Нэхэмжлэгч нь мөн өдрөөс хойш гэрээнд заасан ажил үүргээ гүйцэтгээгүй талаар зохигчид маргаагүй тул түүнд 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ээлжийн амралтын хугацааг тооцож олговор, ажлаас чөлөөлөгдсөний тэтгэмж олгосон явдлыг хариуцагч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт зааснаар нэг сарын өмнө ажлаас чөлөөлөхийг ажилтанд мэдэгдэх үүргээ хэрэгжүүлсэн гэж үзэх үндэслэл болохгүй юм.

 

Хариуцагч буюу ажил олгогч дээрх хуульд заасан хугацааны өмнө нэхэмжлэгч буюу ажилтанд түүнтэй байгуулсан хөдөлмөрийг гэрээг цуцлах болсныг мэдэгдэх үүргээ хэрэгжүүлээгүй явдал нь хөдөлмөрийг гэрээг хууль бусаар цуцалсанд тооцогдоно.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ Х банкны Хүний нөөцийн захирлын 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн В/194 тоот тушаалыг хууль бус тул хүчингүй болгох гэсэн нь ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагын үндэслэл болох бөгөөд бие даасан нэхэмжлэлийн шаардлага болохгүй юм. Гэтэл шүүх нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоох шаардлагыг хангаснаар уг тушаалыг хүчингүй болгох шаардлага нь давхар хангагдаж байгаа гэж дүгнэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу байх бөгөөд харилцан зөрчилтэй болжээ.

 

Харин хариуцагч нь нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхийн тулд түүний ажиллаж байсан орон тоог хассан гэх үндэслэл тогтоогдохгүй байх бөгөөд тодорхой нөхцөл байдлын улмаас орон тоо, бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийх эсэх нь тухайн байгууллагын эрх хэмжээний хүрээнд хамаарах асуудал гэж шүүх дүгнэж Х банкны гүйцэтгэх захирлын 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн А/190 тоот тушаалын мэдээллийн технологийн удирдлагын багийн программ хангамжийн мэдээллийн сангийн архитекторын албан тушаалыг хасахаар шийдвэрлэсэн хэсгийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байх бөгөөд үүнд нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй байна.

 

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт дээрх үндэслэлээр найруулгын хувьд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШШ2016/00406 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан М.Б-ийг Хас банкны Мэдээллийн технологийн удирдлагын багийн программ хангамжийн мэдээллийн сангийн архитекторын ажилд эгүүлэн тогтоож, Хас банкны гүйцэтгэх захирлын 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн А/190 тоот тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Н.БАТЗОРИГ    

 

                                                          ШҮҮГЧИД                                 Ш.ОЮУНХАНД    

                       

                                                                                                           С.ЭНХТӨР