Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2025/01487

 

  

 

“*******” ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч М.Баясгалан, шүүгч О.Одгэрэл нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 192/ШШ2025/03781 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: “*******” ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “*******” ХХК, *******нарт холбогдох,

*******дугаар хороо, *******бүхий 12.041 м.кв талбайтай үйлдвэрлэлийн барилга байгууламж бусад газар зориулалттай газрыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч О.Одгэрэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********, хариуцагчийн өмгөөлөгч *********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1.”*******” ХК-ийн нэхэмжлэлтэй “*******” ХХК, “******* *******” ХХК, *******нарын дөрвөн иргэнд холбогдох зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой маргасан. Ингээд талууд эвлэрч зээлийн гэрээний төлбөрийг тодорхой хугацаанд төлөх бөгөөд төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгийг шилжүүлэхээр болж Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08476 дугаар захирамж гарсан. Төлбөр төлөгч сайн дураар шийдвэрийг биелүүлээгүй тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж талууд эвлэрсэн бөгөөд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн албан бичгээр тус эвлэрэлтэй холбоотой талуудын зээлийн гэрээнд барьцаалсан газар үл хөдлөх хөрөнгийг төлбөрт тооцон шилжүүлэхээр эрх шилжүүлэх албан бичгийг өгсөн болно.

Тухайн үед газар дээрх үл хөдлөх хөрөнгийг шилжүүлсэн бөгөөд 2024 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 02-156/20718 дугаар албан бичгийн дагуу Нийслэлийн Засаг даргын 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн А/65 дугаар захирамж гарч “******* *******” ХХК-ийн /2077434/-ийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах 12041 м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай газрын эзэмших эрхийг “*******” ХК-ийн нэр дээр шилжүүлж өгсөн.

1.2.Гэтэл хариуцагч өнөөдрийг хүртэл дээрх үл хөдлөх эд хөрөнгө, газрыг өөрийн эзэмшилд байлгаж ашиглаж эзэмшиж байна.

1.3.Үйлдвэрийн барилгыг шилжүүлж өгөх тал дээр хариуцагч тал маргадаггүй. Гэхдээ үүнтэй холбоотой тайлбараа тодорхой өгөөгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаад явах үндэслэлтэй гэж үзэж байна. Газрын хувьд иргэний шүүхэд маргаан үүсэх нь үүссэн. Гэхдээ энэ хэргийг хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд шийдвэрлэх боломжтой. Тухайн хэрэг маргаан нь зөвхөн газрыг шилжүүлэх талаар гаргасан албан бичигтэй холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд гаргасан гомдол тул газрыг чөлөөлөх эсэх дээр сүүлд шинээр илэрсэн нөхцөл байдал гэж хянуулах боломжтой. Захиргааны шүүхийн маргаан эцэслэгдсэн. Иймд хэрэгт авагдсан баримтын хүрээнд үл хөдлөх хөрөнгө болон газрыг чөлөөлөх шийдвэр гаргах боломжтой гэж үзэж байна.

1.4.Иймд *******тоот хаягт байршилтай 7.556 м.кв талбай бүхий үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороонд байрлах нэгж талбарын ******* дугаар бүхий 12.041 м.кв талбайтай газрыг хууль бус эзэмшлээс чөлөөлж, албадан гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1.“******* *******” ХХК нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/991 дүгээр захирамжаар тус дүүргийн 20 дугаар хороо, Сонсголонгийн 6 тоот хаягт байрлах үйлдвэрлэлийн барилга байгууламжийн зориулалт бүхий 12041 м.кв газрыг эзэмших эрхтэй болж, хуулийн дагуу газраа эзэмшиж, ашиглаж ирсэн.

Гэтэл уг газрыг Нийслэлийн Засаг даргын 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн А/65 дугаар захирамжаар манай эзэмшлийн дээрх газрыг “*******” ХК-д шилжүүлэн эзэмшүүлэхдээ биднээс зөвшөөрөл авахгүй, бидэнд мэдэгдэлгүйгээр, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийг зөрчиж, хууль бусаар эзэмшүүлснийг энэ нэхэмжлэлийг гардаж авахдаа мэдсэн. Үүнтэй холбогдуулан бидний зүгээс дээрх газар эзэмших эрхийг шилжүүлсэн захирамжийг хууль бус учир хүчингүй болгуулахаар Газрын тухай хуульд заасны дагуу Газрын эрхийн маргаан таслах зөвлөлд хандсан.

2.2.“******* *******” ХХК болон “*******” ХК-ийн хооронд 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Буцаан худалдах, худалдан авах нөхцөлтэйгөөр эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээ байгуулж, зээлтэй холбоотой шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон. Уг гэрээнд газар эзэмших эрхийг шилжүүлэх агуулга байхгүй, мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дээрх гэрээ байгуулагдсанаар дуусгавар болсон байхад Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 02-156/20718 дугаартай албан бичгийг үндэслэн манай газар эзэмших эрхийг шилжүүлэн авсан нь хууль бус болсон.

2.3.“*******” ХК-тай 2014 онд байгуулсан хамгийн анхны ипотекийн гэрээнд зөвхөн үл хөдлөх хөрөнгийн доод талын газрыг шилжүүлнэ гэсэн хэсэг байгаа. Анх зээл авахдаа авч байгаа зээлээс хэд дахин өндөр үнэтэй барьцаа хөрөнгийг зээлийн барьцаанд авсан. Гэтэл үл хөдлөх хөрөнгийнхөө доод талын газрыг тохирох хэмжээгээр шилжигдэхээр байтал газрыг бүхэлд нь шилжүүлж авсныг бид зөвшөөрөхгүй. Харин үл хөдлөх хөрөнгөө шилжүүлэх дээр маргаан байхгүй. Цаг хугацааны хувьд 2019-2022 онд ковид гараад 2020 онд Улсын их хурлын сонгууль болсон тул бид зээлээ төлөх ямар ч боломж байхгүй байсан. Бодит нөхцөл байдалд *******2020 онд Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвших гээд танай компани өргүй байх ёстой гэдэг шаардлага тавигдсан. Тухайн үед бид аргагүйн эрхэнд “*******” ХК-тай шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад эвлэрсэн байсан.

2.4.Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хууль бус ажиллагаатай холбогдуулан Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна. Дээр дурдсанаар нэхэмжлэгч нь манай газар эзэмших эрхийг хууль бусаар шилжүүлсэн авсан учир нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “*******” ХК-ийн ******* хаягт байршилтай,  7556 м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн *******дугаартай, 000804723 дугаартай өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ бүхий үл хөдлөх эд хөрөнгө, Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо, нэгж талбарын ******* дугаар бүхий, 12041 м.кв талбай бүхий үйлдвэрлэлийн барилга байгууламж бусад газар зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Э-2201063940 дугаарт бүртгэлтэй, эзэмших эрхийн ******* дугаартай гэрчилгээ бүхий газрыг тус тус хариуцагч “*******” ХХК-ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “*******” ХХК-аас 140,400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4.Хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1.Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлд иргэн бүр өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах эрхтэй гэж заасан.

Хариуцагч талаас өмгөөлөгчөөр *******ыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан бөгөөд шүүх хуралдаанд өмгөөлөгчийг оролцуулалгүйгээр хуульд заасан үндсэн эрхийг зөрчсөн. Өмгөөлөгчийн хувьд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хоёр шүүх хуралдаантай байсан талаарх холбогдох баримтыг шүүхэд хүргүүлсэн боловч шүүх хүлээн авалгүй хэргийг шийдвэрлэсэн нь өмгөөлүүлэх эрхийг зөрчсөн үйлдэл болсон.

4.2.Нэхэмжлэгч Иргэний хуулийн 106 дугаар зүйлийг үндэслэл болгосон бөгөөд шүүх хуулийн дээрх заалтыг үндэслэж хэргийг шийдвэрлэсэн. Гэтэл хуулийн дээрх зохицуулалт нь бусдын хөрөнгөд хууль бусаар эзэмшиж байхыг шаарддаг бөгөөд харин хариуцагчийн хувьд хууль ёсны дагуу эзэмшиж ашиглаж байгаа тул шүүхийн дээрх дүгнэлт үндэслэлгүй бөгөөд хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

4.3.“*******” ХХК, “*******” ХХК нарын нэхэмжлэлтэй, “*******” ХК-д холбогдох гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, үл хөдлөх хөрөнгийг буцаан шилжүүлэхийг даалгах, мөн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох иргэний хэргүүдийг шийдвэрлэхээс өмнө энэхүү маргааныг шийдвэрлэх боломжгүй талаар хүсэлт гаргасан ч шүүх уг нөхцөл байдлыг тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

5.Нэхэмжлэгч талын давж заалдах гомдолд гаргасан татгалзал, тайлбарын агуулга:

5.1.Хариуцагч өмгөөлөгч авах хүсэлтээ удаа дараа гаргаж байсан бөгөөд шүүх тэдгээрийг нь хангаж, өмгөөлөгч оролцуулан хуралдааныг хойшлуулж ирсэн. Хариуцагчийн хүсэлтээр хэд хэдэн удаа шүүх хуралдаан хойшилсон тул уг үндэслэлээр өмгөөлүүлэх эрх зөрчигдсөн гэж үзэх боломжгүй.

5.2.Тухайн үл хөдлөх эд хөрөнгө, газар нь шүүхийн шийдвэр гарч, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дагуу хөрөнгө манай өмчлөл, эзэмшилд шилжиж ирсэн. Үл хөдлөх эд хөрөнгийг “*******” ХК-ийн өмчлөлд шилжүүлсэнд хариуцагч маргахгүй байгаа.  Газрын эрх шилжүүлсэн талаар хариуцагч маргаан үүсгэсэн ч Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр эцэслэн шийдэгдсэн. Хөрөнгийн өмчлөх эрх, газрын эзэмших эрхийг хууль ёсны дагуу банк олж авсан тул шаардах эрхтэй.

5.3.Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох иргэний хэргийн маргаан шууд хамаарахгүй. Газрын эзэмших эрхийг манай талд шилжсэнтэй холбоотойгоор хариуцагч Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд уг хэрэг эцэслэн шийдэгдсэн. Хариуцагчийн зүгээс дахин төлбөрт тооцон шилжүүлэх гэрээг хүчингүйд тооцуулах, үл хөдлөх эд хөрөнгийг буцааж шилжүүлэхийг даалгах гэх утгатай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан нь нэгэнт эцэслэгдсэн асуудлыг давхардуулан маргаж байна. Иймд давж заалдах гомдол үндэслэлгүй тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2.Нэхэмжлэгч “*******” ХК нь хариуцагч *******, “*******” ХХК нарт холбогдуулан эрхийн улсын бүртгэлийн *******дугаарт бүртгэлтэй, ******* хаягт байршилтай 7556 м.кв талбайтай, үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороонд байрших, нэгж талбарын ******* дугаар бүхий 12041 м.кв талбайтай газрыг “*******” ХХК-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагчаас  эрхийн улсын бүртгэлийн *******дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлж өгөхийг  хүлээн зөвшөөрч, харин газрын хувьд “банк хууль бусаар эзэмших эрхийг шилжүүлж авсан, шүүхэд маргаантай байгаа” үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ.

2.1.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хариуцагч *******д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байна. /хх.27/

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн дээрх татгалзлыг шийдвэрийн үндэслэх хэсэгтээ дурдсан боловч тогтоох хэсэгт шийдвэрлээгүй орхигдуулсан байх тул тогтоох хэсэгт нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон агуулга бүхий 2 дахь заалт нэмнэ.

 

3.Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж дараах үйл баримтыг зөв тогтоосон байна. Үүнд:

3.1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШЗ2018/08476 дугаар шүүгчийн захирамжаар: “*******” ХК-ийн нэхэмжлэлтэй “*******” ХХК, *******, Б******** нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 17,873,513,666 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай хэрэгт талуудын байгуулсан эвлэрлийн гэрээг баталгаажуулжээ. Дээрх эвлэрлээр: “*******” ХХК, *******нар нь “*******" ХК-ийн нэхэмжилсэн 17,873,513,666 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг тохиролцсон хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахаар, хэрэв хугацаандаа төлөөгүй тохиолдолд “*******" ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн *******дугаартай, ******* тоот хаягт байрлах 7556 м.кв талбайтай барилга, гэрчилгээний №ГД-0000272, нэгж талбарын дугаар 8028/0104, Сонгинохайрхан дүүрэгт байрлах 154200 м.кв талбайтай газрын хамт, мөн бусад нэр бүхий хөрөнгүүдээс хангуулахаар тохиролцжээ. /хх.14-15/

3.2.Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдөр “*******” ХК болон “*******” ХХК, “******* *******” ХХК нар тохиролцож, хариуцагч нарын нийт өр болох 17,875,013,666 төгрөгт тооцож Баянгол болон Сонгинохайрхан дүүрэгт байрших нэр бүхий үл хөдлөх эд хөрөнгө, газрыг тус тус банкны өмчлөлд шилжүүлэхээр тусгасны дотор маргааны зүйл болсон Сонгинохайрхан дүүрэгт байрших эрхийн улсын бүртгэлийн  *******дугаар бүртгэлтэй, 7.556 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах ГД-000159041 дугаартай үйлдвэрийн зориулалттай 12051 м.кв талбайтай эзэмших эрх бүхий газрыг хамтад нь 11,334,000,000 төгрөгт тооцож банканд шилжүүлэхээр, хэрэв хариуцагч нар 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн дотор төлбөрийг хэсэгчлэн төлсөн тохиолдолд хөрөнгийн өмчлөл, эзэмшлийг банк буцаан шилжүүлэхээр тус тус тохиролцсон байна. /хх.67-68/

3.3.Улмаар бүртгэх байгууллагаас эрхийн улсын бүртгэлийн *******дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр “*******” ХК-ийг бүртгэж түүнд 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдөр өмчлөх эрхийн 000804723 тоот гэрчилгээг олгосон, мөн Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны даргын 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн А/65 тоот шийдвэрийг үндэслэж Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах, нэгж талбарын ******* дугаартай, 12041 м.кв талбайтай газрыг “*******” ХК-д 15 жилийн хугацаагаар эзэмшүүлж, ******* тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг олгожээ. Дээрх өмчлөх, эзэмших эрхийг баталгаажуулсан гэрчилгээнүүд хүчин төгөлдөр байна. /хх.5-11, 62, 66/

 

4.Анхан шатны шүүхээс шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад тодорхой нэр төрлийн хөрөнгийг төлбөртөө тооцож банкны өмчлөлд шилжүүлэхээр талууд харилцан тохиролцсон боловч хариуцагч тохирсон хугацаандаа төлбөрийг төлөөгүйгээс хөрөнгийг буцаан худалдан авах эрхээ алдсан, улмаар банк хуулийн дагуу газар эзэмших эрхийг олж авсан  талаарх шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1, 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.

Түүнчлэн, газар эзэмших эрхийг банк хууль бусаар шилжүүлж авсан тухай татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нотолж чадаагүй байна.

Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар бүртгэл үнэн зөвд тооцогдох ба маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө, газар эзэмших эрх нэхэмжлэгчийн өмчлөл, эзэмшилд бүртгэгдсэнээр өмнөх өмчлөгч, эзэмшигчийн эрх дуусгавар болсон буюу хариуцагчийн эзэмшлийг хууль бус гэж үзэх тул нэхэмжлэгч өөрийн хөрөнгөө хариуцагч байгууллагын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасантай нийцнэ. Иймд шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

 

5.Мөн анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн талаарх  гомдлын энэ хэсэг үндэслэлгүй.

5.1.Хэрэгт авагдсан баримтаар шүүхээс хариуцагч талын хууль зүйн туслалцаа авах эрхийг хангаж 2024 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн /хх.41/, мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүх хуралдаанд оролцох эрхийг хангаж 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн /хх.71-72/, 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн /хх. 82/, 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн /хх.139/ товлон зарлагдсан хуралдааныг тус тус хойшлуулж байжээ. 

Иймд хариуцагчийн өмгөөлөгч *******ын хуралдаан хойшлуулах талаарх хүсэлтийг анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтад тулгуурлаж үндэслэл бүхий дүгнэж бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэсэн байх тул өмгөөлүүлэх эрхийг хязгаарласан талаарх хариуцагчийн гомдлыг хангахгүй.  

5.2.Хариуцагч “*******” ХХК-аас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулж тус газрын 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 02-156/20718 дугаартай албан бичгийг Сонгинохайрхан дүүргийн газар зохион байгуулалтын албанд хүргүүлсэн ажиллагаа хууль бус болохыг тогтоолгох, уг албан бичгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан, улмаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШЗ2024/15375 дугаар шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн үйл баримт тогтоогдсон. Гэвч дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд гаргасан гомдлыг  хянан шийдвэрлэхээс өмнө энэ маргааныг шийдвэрлэх боломжгүй гэж үзэх үндэслэлгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан хэсгийг зөрчөөгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.2 дахь хэсэгт зааснаар хуульд тухайлан зааснаас бусад шалтгаанаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэхийг хориглосныг дурдах нь зүйтэй.

5.3.Хариуцагч давж заалдах гомдлын үндэслэлдээ “*******” ХХК, “*******” ХХК нарын нэхэмжлэлтэй, “*******” ХК-д холбогдох 2020 оны барьцаа хөрөнгийг зээлийн төлбөрт тооцон шилжүүлэх тухай гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, үл хөдлөх хөрөнгийг буцаан шилжүүлэхийг даалгах тухай хэрэг хянагдаж байгаа талаар дурдаж, энэ талаар тайлбарлах боловч хэрэгт энэ талаарх баримт авагдаагүй, талууд мэтгэлцээгүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5, 161 дүгээр зүйлийн 161.4 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй үйл баримтыг давж заалдах  гомдлын үндэслэлд заах эрхгүй тул энэ талаарх гомдлыг хангахгүй.

6. Дээрх үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 192/ШШ2025/03781 дугаар шийдвэрийн тогтоох хэсэгт

2 дахь заалт нэмж, уг заалтад “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******д холбогдох, хууль бус эзэмшлээс хөрөнгө чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч “*******” ХК татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж нэмж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын дугаарыг 3 болгон өөрчлөн дугаарлаж, уг заалтын “59 дүгээр зүйлийн 59.1” гэснийг “56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2” гэж өөрчилж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтыг 4 гэж өөрчлөн дугаарлаж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Д.ЗОЛЗАЯА
 

                                            ШҮҮГЧИД                                   М.БАЯСГАЛАН

 

                                                           О.ОДГЭРЭЛ