Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 782

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Жаргалмаа, улсын яллагч Б.Ундрах, шүүгдэгч Б.Э-ыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт Б-ийн Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908002360926 дугаартай хэргийг 2019 оны 07 дугаар 02-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овогт Б-ийн Э, Монгол Улсын иргэн, 1990 оны09 дүгээр сарын 24-ний өдөр Архангай аймгийн Хотонт суманд төрсөн, 28настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, “Сутайн олхонууд” ХХК-д барилгын мужаан ажилтай, ам бүл нэг,Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал овоо *** тоотод түр оршин суудаг, *** регистрийн дугаартай,урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд тусгаснаар:

Шүүгдэгч Б.Э нь 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өглөө Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт П.М-ын цээж, гаран тус газар нь өшиглөж эрүүл мэндэд нь баруун хөх, зүүн бугалгад цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр “шүүгдэгч Б овогт Б-ийн Э нь 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өглөө согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо,Мандал Овооны 24 дүгээр гудамжинд П.М-ыг “явах гэлээ” гэсэн шалтгаанаар цээж, гар луу нь өшиглөж,түүний бие махбодод“...баруун хөх, зүүн бугалгад цус хуралт...” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1. Шүүгдэгч Б.Э-ын шүүх хуралдаанд өгсөн: “...мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Би хэргийн үйл баримт, учирсан хор уршиг, зүйлчлэлийн талаар маргахгүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн...” гэсэн мэдүүлэг;

2. Хохирогч П.М-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 02-ны орой найз Г-тэй хамт “Азука” нэртэй караокены газарт ороод шөнө 04 цаг хүртэл дуулсан юм. Бид хоёр караокеноос гараад буудлаас шар айраг авах гэсэн чинь зарахгүй гээд буцаад, такси бариад явж байгаад жолоочтой нь танилцсан. Тэгсэн тэр залуу “...манайд очиж архи, шар айраг уух уу...” гэхээр нь “...тэгье...” гээд Г бид хоёр гэрт нь очсон. Гэрт нь очиход бас танихгүй 2 залуу байсан. Би нэрсийг нь сайн санахгүй байна. Гэрийн эзэн нь Э гэдэг залуу байсан. Тэгээд өглөө үүрээр 07 цаг өнгөрч байхад Г бид хоёр тэр айлаас гараад гэр лүүгээ явж байсан чинь Э гэдэг залуу араас ганцаараа гүйж гарч ирээд явуулахгүй гээд хориод байхаар нь явлаа гэсэн чинь миний цээж, гар хэсэг рүү 2 удаа өшиглөчхөөд гэр лүүгээ гүйгээд орсон юм. Намайг Э гэдэг залуу өшиглөж зодоход миний хажууд Г байсан. ...Миний биед учирсан гэмтэл бэртэл эм, тариа хэрэглээгүй байхад өөрөө эдгэрсэн. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 26 дугаар хуудас),

3. Гэрч Л.Г-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...найз М-ын хамт Арвайн үндэс худалдааны төвийн зүүн талд байдаг зочид буудлаас том шар айраг авч уух гэсэн чинь зарахгүй гээд бид хоёр тэр буудлын хүнтэй ам зөрчхөөд гарч ирсэн. Буудлаас гараад такси барих гээд зогсож байсан чинь нэг машинтай залуу ирээд та хоёршар айраг уух гээд байгаа юм уу,гэхээр нь бид хоёрт өгсөнгүй гэж хэлсэн чинь би авсан байна, манай гэрт очоод хуваагаад уучихъя гэсэн.Тэгэхээр нь М бид хоёршар айраг уумаар санагдаад тэр машинд суугаад М-ын гэрийн хойно нэг айлд очсон. Тэр гэрт орсон чинь хоёр залуу байсан. М бид хоёршар айраг уучхаад гадаа үүр цайх гэж байхад явлаа гэсэн чинь нэг залуу нь М-ыг гаргахгүй гээд хоорондоо муудалцсан.Тэгээд М бид хоёрыг гараад явах гэж байхад тэр залуу М-ыг татаж унагаад цээж рүү нь хоёр удаа өшиглөчихөөр нь би салгаад М-ыг дагуулаад явсан чинь М цагдаад хандсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 30 дугаар хуудас) ;

4. Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2019 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 1028 дугаартай “...П. М-ын биед баруун хөх, зүүн бугалгад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь Шүүх гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...." гэсэн дүгнэлт (хх-ийн 31 дүгээр хуудас);

5. Шүүгдэгч Б.Э-ын иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 46 дугаар хуудас), урьд ял шийтгүүлж байгаагүй талаарх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 49 дүгээр хуудас), оршин суугаа хаягийн тодорхойлолт (хх-ийн 47 дугаар хуудас), “Сутайн Олхонууд” ХХК-ийн тодорхойлолт (хх-ийн 48 дугаар хуудас),

6. Шүүгдэгч Б.Э-ын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 02-ны орой манай найз болох Б, Э нар манай гэрт ирээд бид нар 2-3 савтай шар айраг уусан. Авсан шар айргаа ууж дуусгачхаад унтах гээд байж байсан чинь Б, Э хоёр шар айраг авна гээд явсан. Би гэртээ ганцаараа унтаад үлдсэн. Тэгсэн шөнө дундын үед тэр хоёр 2 хүүхэн дагуулаад ирсэн байсан. Мөн шар айраг, архи авчирсан байсан. Тэгээд намайг цуг ууя гээд бид авсан архи, шар айргаа уусан. Архи, шар айргаа ууж дуусгачхаад байж байсан чинь нөгөө хоёр хүүхэн явах гээд манай найзууд явуулахгүй гээд байсан. Би шар царайтай хүүхнийг нь газар унагааж байгаад 2 удаа өшиглөчихсөн юм. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Надаас өөр хүн тэр хүүхнийг цохиж зодоогүй...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 43 дугаар хуудас) зэрэг нотлох баримт болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн шинжилгээний төв байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Б.М-ын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй тогтоогдсон байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж, хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэв.

Шүүгдэгч Б.Э-ын үйлдэл нь идэвхтэй, ухамсарт үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч Б.М-ын биед хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Б.Э-ыг“хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч Б.М нь мөрдөн байцаалтын явцад гомдол, санал, баримтаар нэхэмжилсэн зүйлгүй тул шүүгдэгч Б.Э-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэн тогтоолд дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.Э нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй байгааг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-д зургаан зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун тавин мянган төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна...” гэв.

Шүүгдэгч Б.Э өөрийгөө өмгөөлж: “...Хэргийн үйл баримт, учирсан хор уршиг, зүйлчлэлийн талаар маргахгүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн...” гэв.

Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-д таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний хөрөнгө, цалин хөлс, орлогод нийцүүлэн гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломж олгох нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, учирсан хохирлын хэр хэмжээ, хэргийн нөхцөл байдалд тохирсон бөгөөд түүнийг нийгэмжүүлэх үр нөлөөтэй гэж үзэв. 

Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Э нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүллээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Б овогт Б-ийн Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-д таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-д оногдуулсан торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай.

4.Шүүгдэгч Б.Э-д торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Э нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Э-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                       Б.БАТАА