Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2025/01488

 

 

 

*******, *******нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Ж.Лхагвасүрэн, шүүгч О.Одгэрэл нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 192/ШШ2025/03662 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******, *******нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “*******” ХХК, ******* нарт холбогдох,

2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн Орон сууц захиалан бариулах гэрээний алданги 441,000,000 төгрөг гаргуулах, 2 ширхэг авто зогсоолын хохиролд 140,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч *******ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч О.Одгэрэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,  нэхэмжлэгч нарын өмгөөлөгч *******, хариуцагч “*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, түүний өмгөөлөгч ******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

            1.1.Нэхэмжлэгч *******миний бие “*******” ХХК-тай 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн ******* тоот “Орон сууц захиалан бариулах гэрээ”-г байгуулан Хан-Уул дүүрэг, Их монголын гудамжинд баригдаж буй ******* орон сууцны хорооллын ******* тоотод байрлах, 199,53 м.кв талбайтай дөрвөн өрөө орон сууцыг нэг м.кв-ыг 4,420,387.91 төгрөгөөр тооцож төлөхөөр, орон сууцыг 2020 оны 3 дугаар улиралд ашиглалтад хүлээн авах нөхцөлтэй худалдан авахаар тохиролцож, нийт 882,000,000 төгрөгийг 100 хувь бэлнээр төлж захиалагчийн үүргээ бүрэн биелүүлсэн. “*******” ХХК өнөөдрийг хүртэл хугацаанд орон сууцыг ашиглалтад оруулаагүй.  

Гэрээний 5.5-д "Гүйцэтгэгч орон сууцыг хүлээлгэн өгөх хугацааг 30 хоногоос дээш хугацаанд хэтрүүлсэн нөхцөлд 31 дэх хоногоос эхлэн хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлнө” гэж заасан тул 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх 335 хоногоос Ковид-19 цар тахлын үед хатуу хөл хорио тогтоосон 90 хоногийг хасаж, нийт 245 хоногт ногдох алданги болох 441,000,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

Хариуцагч “*******” ХХК нь *******, *******нартай алдангийн үнийн дүнгийн хүрээнд эвлэрлийн гэрээг байгуулж “Орон сууц захиалан бариулах гэрээ”-ний үүргийн биелэлтийг хангуулсан тул шүүхээс эвлэрлийг баталж өгнө үү.

1.2.Мөн “*******” ХХК-ийн борлуулалтын менежер ******* нь хоёр ширхэг дулаан зогсоол худалдах санал гаргасны дагуу 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр №02-24 тоот “Дулаан зогсоол захиалан бариулах гэрээ шилжүүлэх нь” нэртэй хэлцлийг эхнэр *******гаар дамжуулан байгуулж, 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хоёр ширхэг дулаан авто зогсоолын үнэ болох 40,000,000 төгрөгийг гүйцэтгэгч талын зөвшөөрлөөр н.Балданжавын дансанд 100 хувь төлж барагдуулсан. Гүйцэтгэгч авто зогсоол захиалгаар худалдан авах гэрээг бичгээр байгуулах санал тавихад тодорхой хариу өгөөгүй, нэхэмжлэгч нарын шударгаар худалдан авсан эд хөрөнгийн эрхийг зөрчиж байна.

Иймд 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн хэлцлийг хүчин төгөлдөр хэлцэлд тооцуулан, “*******” орон сууцны хороолол дахь 108, 109 тоот хоёр ширхэг автомашины зогсоолыг *******гийн нэр дээр шилжүүлэхийг “*******” ХХК-д даалгахаар шаардсан.

1.3.Хариуцагч “*******” ХХК өөрийн борлуулалтын менежер *******ээр дамжуулан худалдсан хоёр ширхэг дулаан зогсоолыг өнөөдрийг хүртэл хүлээлгэж өгөөгүйгээр зогсохгүй, нэхэмжлэгч *******ийн Хаан банк дахь ам.долларын дансанд түүнд мэдэгдэлгүйгээр авто зогсоолын төлбөрийг буцаан шилжүүлсэн. Мөн хоёр зогсоолыг толгой компани болох “Тэсо групп” ХХК-ийн хамаарал бүхий этгээдэд бэлэн мөнгөөр зарсан гэх баримтыг ирүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ******* шүүхийн журмаар гэрчийн мэдүүлэг өгсөн. Уг мэдүүлгийг үндэслэн нэхэмжлэлийн дээрх шаардлагыг гэм хорын улмаас учирсан хохирол болгож өөрчилж байна.

Хэдийгээр борлуулалтын ажилтан ******* гэрчээр өгсөн мэдүүлэгтээ надад худалдан борлуулсан дулаан зогсоолын талаар компанид огт мэдэгдээгүй, дур мэдэн хийсэн гэж мэдүүлсэн боловч бодит байдал дээр энэ нөхцөл байдлыг тухайн үед компанийн удирдлагууд мэдэж байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвхөн ажилтны хууль бус буруутай үйлдлийн улмаас гэм хор учирсан гэж үзэхэд учир дутагдалтай.

Манай гэр бүл дулаан зогсоол худалдан авах хэрэгцээ шаардлага нь тухайн хотхоны барилгаас орон сууц захиалж цаашид энэ хотхонд амьдрах зорилготой байсан. Гэвч хариуцагч компанийн буруутай үйл ажиллагааны улмаас орон сууцанд хугацаандаа ороогүй, шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх явцад орон сууцны захиалгын гэрээтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд өөр орон сууц авч эвлэрэн, тухайн орон сууцыг зарж борлуулсан тул цаашид тухайн орон сууцны хороололд амьдрахгүй. Иймээс нэгэнт тухайн газар амьдрахгүй учир худалдан авахаар тохиролцсон хоёр ширхэг дулаан зогсоолыг бодитоор шаардах нь ач холбогдолгүй болж байна.

Тус орон сууцны хорооллын 108, 109 тоот хоёр ширхэг зогсоолын үнийг одоогийн зах зээлийн бодит үнэлгээ болох 90,000,000 төгрөгөөр үнэлж, үүнээс *******ийн буцааж өгсөн тус бүр 20,000,000 төгрөгийг хасаж, нэг дулаан зогсоолын үнийн зөрүү болох 70,000,000 төгрөг, хоёр ширхэг дулаан зогсоолын үнийн зөрүүнд нийтдээ 140,000,000 төгрөгийг хариуцагч “*******” ХХК болон ******* нараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч “*******” ХХК-ийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1.Нэхэмжлэгч орон сууц захиалан бариулах гэрээний 5.5-т "Гүйцэтгэгч нь орон сууцыг улсын комисст хүлээлгэн өгөх хугацааг 30 хоногоос дээш хоногоор хэтрүүлсэн нөхцөлд 31 дэх хоногоос эхлэн хугацаа хэтэрсэн хоног тутамд буюу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг захиалагчид төлнө" гэж заасныг баримтлан 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн алдангийг тооцож 441,000,000 төгрөгийн алданги нэхэмжилсэн. Энэ шаардлагын хүрээнд талууд эвлэрч, эвлэрлийн гэрээг шүүхэд бичгээр ирүүлсэн.

2.2.Хохирол гаргуулах шаардлагын хүрээнд: Үндэслэл болгосон Дулаан зогсоолын эрх шилжүүлэх гэрээ, түүний хамт байгаа *******захирлын гарын үсэгтэй албан бичиг нь хариуцагчид байхгүй бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл олгогдоогүй хууль бус буюу хүчин төгөлдөр бус хэлцэл, баримт бичгүүд юм. Тухайн үед ажиллаж байсан борлуулалтын менежер ******* хариуцагч компанид мэдэгдэлгүйгээр, хуурамч бичиг баримт ашиглан хэлцэл хийж төлбөрийг өөрийн хамаарал бүхий хүн рүү /Т.Баасандамба/ шилжүүлэн авсан байдаг.

Мөн борлуулалтын менежер байсан ******* нэхэмжлэлийн эхний шаардлагын үндэслэл болсон “Орон сууц захиалан бариулах гэрээ”-г нэхэмжлэгчтэй байгуулсан байдаг. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн шаардлага бүхий гэрээнүүд нь хүчин төгөлдөр эсэх нь эргэлзээтэй бөгөөд шүүхийн шатанд шинжээч томилж хүчин төгөлдөр эсэхийг тогтоолгох шаардлагатай гэрээнүүд юм.

2.3.Түүнчлэн хариуцагчийн зүгээс гэрээ байгуулсан гэх борлуулалтын менежер *******ийг эрүүгийн журмаар шалгуулахаар баримт бүрдүүлэн ажиллаж байгааг шүүхээс анхаарч өгнө үү.

Иймд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3.Хариуцагч ******* шүүхэд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй.

Хариуцагч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Уг хоёр авто зогсоолд нэхэмжлэгчийн төлсөн 40,000,000 төгрөгийг хоёр хувааж буцаан шилжүүлсэн байдаг. Энэ нь нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг зөрчигдөхөөс өмнөх байдалд сэргээсэн гэж харагдаж байна. Нэхэмжлэгч нар уг авто зогсоолыг одоогийн зах зээлийн үнэлгээг 90,000,000 төгрөгөөр тодорхойлдог ч нотолсон баримт байхгүй. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

4.Гуравдагч этгээд *******ын тайлбарын агуулга:

4.1.*******, *******нарын нэхэмжлэлтэй “*******” ХХК-д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж “*******” орон сууцны хорооллын автомашины 108, 109 тоот хоёр ширхэг зогсоолын үнийн зөрүү 140,000,000 төгрөг гаргуулах болгосон. Ийнхүү уг нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор гуравдагч этгээд Л.Наранбатын эрх ашиг хөндөгдөхгүй байх тул гуравдагч этгээдийн эзгүйд хэргийг шийдвэрлэж өгнө үү. Хэрэв нэхэмжлэгч дахин нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилбөл тухайн үед гуравдагч этгээдийн зүгээс шүүх хуралдаанд оролцох хүсэлтэй гэжээ.

 

5.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч “*******” ХХК-д холбогдох 140,000,000 төгрөг гаргуулах, хариуцагч *******ээс 80,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, хариуцагч *******ээс 60,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******, *******нарт олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн *******тоот "Орон сууц захиалан бариулах гэрээ"-нд заасан "*******" орон сууцны хорооллын ******* тоот, 199,53 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг тус хорооллын 1-р ээлжид ашиглалтад орсон 303 дугаар байрны 17 давхрын 1701 тоот 238,97 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцаар сольж, зөрүү 39,44 м.кв талбайн үнийг нийт 283,968,000 /хоёр зуун наян гурван сая есөн зуун жаран найман мянган / төгрөгийн алдангид тооцуулан төлөхөөр, нэхэмжлэгч нь шилжүүлэн авсан орон сууцны талбайн зөрүү 39,44 м.кв талбайн 1 м.кв-ыг 7,200,000 төгрөгөөр тооцсон нийт үнэ болох 283,968,000  төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагад дурдсан алдангид тооцон, үлдэх алданги болох 157,032,000 төгрөгийн шаардлагаас татгалзаж, нэхэмжлэгч *******, *******нарт хүлээлгэн өгөхөөр заасан "*******" ХХК-ийн өмчлөлийн *******тоот 238,97 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууц нь аливаа эрхийн болон үүргийн зөрчилгүй, биет байдлын доголдолгүй, бусдад худалдагдаагүй, ямар нэг үнэ төлбөргүй гэдгийг хариуцагч тал баталж, хариуцагч энэхүү гэрээг баталгаажсанаас хойш 30 өдрийн дотор 1701 тоот 238,97 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг нэхэмжлэгч *******, *******нарт хүлээлгэн өгч, өмчлөх эрхийн гэрчилгээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газраас гаргуулан авахад шаардагдах баримт бичгийн бүрдэлийг бүрэн хангаж хариуцагч өгөхөөр, талууд энэхүү гэрээг хэрэгжүүлэхтэй холбоотой аливаа татвар, хураамжийг холбогдох хууль тогтоомжийн дагуу төлөхөөр эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******, *******нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,720,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “*******" ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 1,360,450 төгрөгийг, хариуцагч *******ээс улсын тэмдэгтийн хураамжид 457,950 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч *******, *******нарт олгож шийдвэрлэжээ.

 

6.Хариуцагч *******ийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

6.1.Хууль бус бүрэлдэхүүнтэйгээр хэрэг хянан шийдвэрлэсэн. ...нэхэмжлэгч талаас хоёр ширхэг дулаан зогсоолыг нэхэмжлэгч *******гийн нэр дээр шилжүүлэхийг хариуцагч “*******” ХХК-д даалгуулах шаардлага гаргаж, 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр нэхэмжлэлийн шаардлага өөрчилж, хамтран хариуцагчаар иргэн *******ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулж, нэхэмжлэлийн хувийг гардуулсан.

Нэхэмжлэгч бичгээр гаргасан нэхэмжлэлдээ “зөвхөн ажилтны хууль бус буруутай үйлдлийн улмаас гэм хор учирсан гэж үзэхэд учир дутагдалтай тул гэм хорын улмаас ажилтны бусдад учруулсан гэм хорыг байгууллагаас гаргуулахаар нэхэмжлэлийг өөрчлөх боломжгүй гэж үзэж байна” гэж дурдсан.

Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгч тал гэм хор учруулсан этгээдээс гэм хорыг хариуцан арилгах шаардлага гаргаагүй байхад ямар үндэслэлээр бүрэлдэхүүнтэй шийдвэрлэхээр болсон нь тодорхойгүй, шүүгч дангаараа хянан шийдвэрлэх хэргийг хууль бус бүрэлдэхүүнээр шийдвэрлэсэн.

6.2.Нэхэмжлэгч талаас зогсоолыг 90,000,000 төгрөгөөр үнэлж шаардахдаа хэрхэн тооцоолсон талаар ямар ч нотлох баримт гаргаж өгөөгүй. Гэтэл анхан шатны шүүх зогсоолыг ******* тус бүрийг 50,000,000 төгрөгөөр худалдан авсан байх тул хоёр зогсоолын үнийг уг гэрээний дагуу 100,000,000 төгрөгөөр тооцож, төлсөн 40,000,000 төгрөгийг хасаж, үлдэх 60,000,000 төгрөгийн хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь буруу юм.

Маргаан бүхий авто зогсоолын зах зээлийн үнэлгээг иргэн *******ын худалдан авсан гэрээний үнийн дүнгээр тооцож тодорхойлсон нь шүүх хөндлөнгийн байх зарчмыг зөрчиж, өөрийн санаачилгаар нэхэмжлэгчийн нотолж чадаагүй үнийн дүнгийн тооцооллыг огт өөр этгээдийн талуудын чөлөөтэй, сайн дурын үндсэн дээр байгуулагдсан гэрээний үнийн дүнгээр тооцсон. Иргэн *******, “*******” ХХК нарын хооронд байгуулагдсан “Авто зогсоолын талбай захиалан бариулах гэрээ" нь маргаан бүхий авто зогсоолын зах зээлийн үнэ мөн гэх хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон нотлох баримт биш.

6.3.Шүүх хариуцагч ******* өөрийн санаатай үйлдлийн улмаас нэхэмжлэгч *******, *******нарт хоёр ширхэг дулаан зогсоол худалдан авах буюу эд хөрөнгө өмчлөх эрх олж авахад нь саад учруулж, түүний буруутай үйлдлийн улмаас уг зогсоолыг олж авах хөрөнгийн төлбөрийн хэмжээгээр хохирол учруулсан гэм буруутай гэж дүгнэсэн.

Маргаан бүхий авто зогсоолыг бусдад тус бүрийг 90,000,000 төгрөг, нийт 180,000,000 төгрөгөөр худалдан борлуулж, ашиг олох байсан гэх агуулгаар нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнг нэхэмжлэгч тооцсон. Ирээдүйд олох байсан орлого нь гэм хорын хохиролд тооцогдох учиргүй.

Харин талуудын хооронд байгуулагдсан гэрээгээр хүлээсэн үүргээ зохих этгээд биелүүлээгүйгээс үүссэн маргаанд тооцогдох тул шүүгч хэргийг дангаар шийдвэрлэж, иргэн *******ийг 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс хариуцагчаар оролцуулсан тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгч нарын ирээдүйд олох байсан ашиг орлогыг иргэн *******ийн буруутай үйлдлийн улмаас учирсан гэм хорын хохирол гэж хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрээс хариуцагч *******д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

6.Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:

6.1.Шүүгч хэргийг дангаар шийдвэрлэх гэрээний маргаан байтал бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн, хууль бус бүрэлдэхүүн гэж байгаа нь үндэслэлгүй. Мөн хариуцагч гомдолд дурдагдаагүй буюу албажаагүй бүрэлдэхүүн хэргийг шийдвэрлэсэн гэх асуудлыг хөндөж байна. Манайх гэм хорын хохирол гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн.

Хариуцагч ******* нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагыг гардаж авсан атлаа шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт зааснаар хариу тайлбар ирүүлээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно. Мөн гэрээний зөрчил эсвэл компанийн буруутай үйлдэл байна уу эсэхэд хариу тайлбар гаргаагүй.

6.2.Хариуцагч нарын зүгээс авто зогсоолын үнийн талаар маргаагүй учраас шүүх гуравдагч этгээд *******т борлуулсан гэрээний үнийн дүнгээр тогтоосон анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй. Мөн Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2 дахь хэсэгт бодит хохирлоос гадна олох ёстой байсан орлого буюу алдагдсан боломжийг хамруулан тооцдог.

6.3.Иргэний хуулийн 497 дугаар зүйлд зааснаар шаардахад хөөн хэлэлцэх хугацаа таван жил байхаар заасан тул гомдлын энэ хэсэг үндэслэлгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

7.Хариуцагч “*******” ХХК-ийн төлөөлөгчөөс давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:

7.1.Анх нэхэмжлэгч нар хэлцлийг хүчин төгөлдөрт тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Дараа нь гэм хорын маргаан болж хувирсан. Сүүлийн шүүх хуралдааны явцад шүүгчээс дахин тодруулж асуухад нэхэмжлэгч тал гэм хороор шаардсан гэж хариулсан. Үүний үндсэн дээр шүүхээс гэм хорын маргаан гэж шийдвэрлэсэн бөгөөд үүнийг хууль бус бүрэлдэхүүн гэж үзэх үндэслэлгүй.

7.2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох үүргээ, харин хариуцагч ******* хариу тайлбар гаргах, нотлох баримтаа бүрдүүлж өгөх үүргээ биелүүлээгүй. Талууд өөрсдийн эрх, үүргээ хэрэгжүүлээгүй нь шүүхийн шийдвэрийг хууль бус болгох үндэслэл болохгүй.

7.3.Хамтран хариуцагч ******* өөрөө буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч, би нэхэмжлэгчдийг хуурч мэхэлсэн гэж мэдүүлсэн. Нэхэмжлэгчдийн зүгээс бид болгоомжгүйгээр, хямд байсан тул худалдан авсан гэж хүлээн зөвшөөрсөн. Үйл баримт хэрэгт тодорхой тогтоогдсон бөгөөд ******* хохирлыг хариуцах нь зүй ёсны хэрэг.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ. 

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдлын хүрээгээр хязгаарлахгүй хэргийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

            2.Нэхэмжлэгч *******, *******нар нь хариуцагч “*******” ХХК-д холбогдуулан 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн “Орон сууц захиалан бариулах гэрээ”-ний алданги 441,000,000 төгрөг гаргуулах /нэг дэх шаардлага/,

            2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн №02-24 тоот “Дулаан зогсоол захиалан бариулах гэрээ шилжүүлэх нь” нэртэй хэлцлийн үндсэн дээр хоёр ширхэг авто зогсоолыг 40,000,000 төгрөгөөр худалдан авахаар захиалсан болохыг тогтоолгох, уг хоёр ширхэг авто зогсоолын өмчлөх эрхийг *******гийн нэр дээр шилжүүлэхийг  даалгах тухай /хоёр дахь шаардлага/ нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. /1хх.1-2/

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэд хэдэн удаа нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, өөрчилж, хамтран хариуцагчаар *******ийг оролцуулснаар нэхэмжлэлийн хоёр дахь шаардлагаа “*******” ХХК, ******* нараас хохиролд хоёр ширхэг авто зогсоолын үнийн зөрүү 140,000,000 төгрөг гаргуулахаар шаарджээ.

 

3.Алданги 441,000,000 төгрөг гаргуулах тухай нэг дэх шаардлагын хүрээнд зохигчид эвлэрэн хэлэлцэж, 2019 оны гэрээний дагуу нэхэмжлэгч "*******" орон сууцны хорооллын ******* тоот хаягт байршилтай, 199,53 м.кв талбайтай дөрвөн өрөө орон сууц захиалсныг тус хотхоны 303 дугаар байрны 17 давхрын 1701 тоот хаягт байршилтай 238,97 м.кв талбайтай дөрвөн өрөө орон сууц болгон солихоор, орон сууцны зөрүү 39,44 м.кв талбайн үнэ болох 283,968,000 төгрөгийг нэхэмжлэгчийн шаардсан алдангид тооцохоор, нэхэмжлэгч үлдэх 157,032,000 төгрөгийн алдангиас татгалзахаар тохирч эвлэрлийн гэрээг шүүхэд ирүүлжээ.

Нэхэмжлэгч нар нэг нэхэмжлэлээр хоёр гэрээний үүрэг шаардсан, эхний нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд харилцан тохирч эвлэрсэн тул шүүх зохигчдын эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт нийцнэ.

           

4.Харин зохигчид хохиролд 140,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн хоёр дахь шаардлагын хүрээнд мэтгэлцэж, хариуцагч “*******” ХХК-иас гэм буруугүй гэж, хариуцагч *******ээс үнийг төлсөн, учирсан бодит хохирол биш гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрч тус тус маргажээ.

 

            5.Хэрэгт авагдсан баримтаар: “*******” ХХК-ийг төлөөлж борлуулалтын менежер *******, нөгөө талаас ******* нар 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр “Дулаан зогсоол захиалан бариулах гэрээ шилжүүлэх” тухай 02-24 тоот гэрээг байгуулсан, уг гэрээгээр: Захиалагч Т.Баасанбадамын ******* орон сууцны хотхоны SGR-SOU-HU-082 тоот орон сууц, дулаан зогсоолын захиалгын гэрээнд хамаарах 108, 109 тоот хоёр ширхэг авто зогсоол дахь хэлцлийн эрх үүргийг *******д шилжүүлэхээр тохирсон, улмаар 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэгч *******оос “гаражийн төлбөр” утгаар 40,000,000 төгрөгийг Т.Баасанбадамын Хаан банкны 5015364080 тоот дансаар шилжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас хоёр ширхэг зогсоолын төлбөрт төлсөн 40,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан шилжүүлсэн үйл баримтуудыг шүүх зөв тогтоосон.

           

            6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар бусдын ... эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.  

            Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцах урьдчилсан нөхцөл нь хариуцагч этгээдийн хууль бус үйлдэл, уг үйлдлээс нэхэмжлэгчид гэм хор учирсан байх, үйлдэл, хохирол хоорондоо шалтгаант холбоотой буюу тухайн этгээдийн гэм буруутай үйлдэл тогтоогдсон тохиолдолд гэм хорыг арилгах үүрэг үүснэ. Гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дахь хэсэгт зааснаар гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө.

 

7.Нэхэмжлэгч гэм хорын хохирол гаргуулах хэмээн шаардах эрхийн үндэслэлээ тодорхойлсон, тус шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 192/ЕШ2025/02419 дүгээр Ерөнхий шүүгчийн захирамжаар хэргийг хянан хэлэлцэх шүүх бүрэлдэхүүнд шүүгч Ц.Оюунбилэг, Д.Даваасүрэн, Д.Хулан нарыг томилсон байх тул гомдлын энэ хэсэг үндэслэлгүй. /2хх 24/ 

 

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5, 161 дүгээр зүйлийн 161.4 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй үйл баримтыг давж заалдах гомдлын үндэслэлд заах эрхгүй тул хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн талаарх гомдлыг хангахгүй.

 

            9.Анхан шатны шүүх *******ийн гэрчээр оролцох үедээ өгсөн 2023 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн мэдүүлэгт тулгуурлаж, түүнийг санаатайгаар эд хөрөнгө олж авахад саад учруулсан гэм буруутай үйлдэл тогтоогдсон гэж дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй үнэн зөв талаас нь үнэлж чадаагүй байна.

            Тодруулбал, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар гэрчийн мэдүүлэг хэргийн нотлох баримтад хамаарах хэдий ч гэрч нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа зохигч бус этгээд байхаар мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 26 дугаар зүйлийн 26.1, 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт зохицуулсан. Уг хэрэгт *******ийг анх гэрчийн хувиар оролцуулж, гэрчийн мэдүүлэг авсны дараа түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамтран хариуцагчаар оролцуулснаар тэрээр хэргийн зохигч болсон тул шүүх түүний гэрчийн хувиар өгсөн мэдүүлгийг шийдвэрийн үндэслэлээ болгож гэм бурууг тогтоосон нь буруу юм.

 

            10.Хэргийн баримтаар хариуцагч ******* нь хамтран хариуцагч “*******” ХХК-ийн борлуулалт, маркетингийн албанд борлуулалтын менежерээр 2018 оны 8 дугаар сараас 2021 оны 8 дугаар сар хүртэл ажиллаж байсан, тэрээр өөрийн ажлын үндсэн чиг үүргийн хүрээндээ нэхэмжлэгч нартай 2019, 2020 онд тус тус холбогдож маргааны зүйл болсон орон сууц захиалгын гэрээ, авто зогсоолын эрх шилжүүлэх гэрээг тус тус компанийг төлөөлж байгуулсан байна. Мөн хариуцагч компаниас нэхэмжлэгч нарт 2020 оны 02 дугаар сарын 09-нд, 2021 оны 3 дугаар сарын 03-нд тус тус албан бичгийг хүргүүлсэн, тухайн албан бичигт “давтан худалдан авалт болон зуучлагчийн дулаан зогсоолын урамшуулалтай холбоотой...” гэж тусгагдсан, шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэлээр нэхэмжлэгч нар зөвхөн *******ийн мэйлээс гадна компанийн ******** цахим хаягаар гэрээний үүргийг шаардаж байсан, үүнд хариуцагч компанийн зүгээс аливаа эсэргүүцсэн тайлбарыг гаргаагүй, хариуцагч *******тэй вайберээр 2019 оны 6 дугаар сараас 2021 оны 8 дугаар сарын хооронд харилцсан захидалд маргаанд хамаарах орон сууц, авто зогсоолоос гадна өөр хөрөнгийг санал болгох, компаниас зарласан урамшууллын талаар мэдэгдэх зэргээр харилцжээ. /1хх 8-16, 19-20, 22, 23, 79-89, 101-104/

Дээрхээс үзвэл тухайн авто зогсоолын хувьд компанид мэдэгдэлгүйгээр ажилтан дур мэдэн ажилласан, холбогдох баримтыг ажилтан хууль бусаар үйлдсэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул *******ийг нэхэмжлэгч нарт санаатай болон болгоомжгүй үйлдлээрээ хохирол учруулсан гэм буруутай этгээд гэж үзэх боломжгүй байна.

Хариуцагч “*******” ХХК-иас “гарын үсэг дуурайлган зурсан, ажилтан баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, тамга тэмдгийг хуурамчаар ашигласан” талаарх татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй.

Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт зааснаар маргааны энэ тохиолдолд авто зогсоолтой холбоотой хэлцэл нэхэмжлэгч болон хариуцагч “*******” ХХК нарын хооронд байгуулагдсан гэж үзэх тул түүнээс гарах үр дагаврыг хариуцагч компани хариуцан арилгах үүргийг хүлээнэ.

 

11.Гэвч анхан шатны шүүхээс хариуцагч “*******” ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосонд нэхэмжлэгч гомдол гаргаагүй тул иргэний эрх зүйн диспозитив зарчмын хүрээнд энэ шийдлийг хэвээр үлдээнэ.

 

            12.Мөн шүүх хохирлын хэмжээг тогтоохдоо *******, “*******” ХХК-ийн нарын хоорондох гэрээний үнийн дүнгээр тооцсон нь Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасантай нийцсэн гэж үзэх боломжгүй, учирсан бодит хохирол биш, олох ёстой орлогыг нэмж тооцсон тухай хариуцагчийн гомдол үндэслэлтэй.

 

            13.Иргэдийн төлөөлөгч В.Цэндсүрэнгээс “*******” ХХК болон борлуулалтын менежер *******, гүйцэтгэх захирал *******нар энэ хэрэгт гэм буруутай гэж дүгнэлт гаргаснаас хариуцагч “*******” ХХК-ийн гэм буруугийн талаарх дүгнэлт дээрх байдлаар магадлалын үндэслэлтэй нийцнэ. Харин хамтран хариуцагч *******ийн хувьд шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд шийдвэрлэв.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж хариуцагч *******д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 192/ШШ2025/03662 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул “*******” ХХК, ******* нарт холбогдох гэм хорын хохиролд 140,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******, ******* нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, 3 дахь заалтын “56.2” гэснийг “56.1” гэж тус тус өөрчилж,

3 дахь заалтаас “хариуцагч ******* улсын тэмдэгтийн хураамжид 457,950 төгрөгийг тус тус” гэснийг хасаж,  шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 457,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 М.БАЯСГАЛАН
 

                                            ШҮҮГЧИД                                Ж.ЛХАГВАСҮРЭН

 

                                                     О.ОДГЭРЭЛ