Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 00473

 

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мягмарсүрэн даргалж,тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч МТ Хан-Уул ХХК-ийг төлөөлөн Б.Уранцэцэгийн төлөөлөн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Булган аймгийн Булган сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд холбогдох

гэрээний үүргийн гүйцэтгэл 388725 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий132/2016/00141/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч МТ Хан-Уул ХХК-ийн Булган аймаг дахь салбарын эрхлэгч ажилтай, Булган аймгийн Булган сумын Ачуут баг 1-2 тоотод оршин суух, Чонос овогт Балдансанжаагийн Оюунцэцэг /РД: ГЭ71123009/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Булган аймгийн Булган сумын Засаг даргын Тамгын газарт нягтлан бодогч ажилтай, Булган аймгийн Булган сумын 6 дугаар баг Д хэсгийн 19-9 тоотод оршин суух До овогт Долгорын Бямбажаргал /РД: ГА87082970/, нарийн бичгийн дарга И.Буманбаяр нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч МТ Хан-Уул ХХК-ийг төлөөлөн нэхэмжлэгч Б.Уранцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Манай компани Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралтай байгуулсан 27/11 Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээг 2011 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2011 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаагаар байгуулсан бөгөөд манай компани стандартын шаардлага хангасан барааг цаг тухайд нь нийлүүлж байсан. Энэхүү гэрээний 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт заасны дагуу сар бүрийн 05-ны өдрийн дотор тооцоо нийлж акт үйлдэх бөгөөд акт нийлснээс хойш 5 хоногийн дотор худалдан авсан шатахууны төлбөрийг барагдуулах байсан боловч өнөөдрийн байдлаар гэрээний үүргийн гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөр болох 259150 төгрөгийг төлж барагдуулаагүй байна. Иймд 27/11 тоот гэрээний 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар гэрээний үүргийн гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөр болох 259150 /хоёр зуун тавин есөн мянга нэг зуун тавин/ төгрөг, түүний алданги болох 129 575 /нэг зуун хорин есөн мянга таван зуун далан таван/ төгрөг, нийт 388725 /гурван зуун наян найман мянга долоон зуун хорин таван/ төгрөгийг Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани Булган сумын Иргэдийн тлөөлөгчдийн хуралтай шатахуун зээлээр худалдан авах гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан. 2011-2012 онуудад ийм гэрээ хийгдсэн. 2011 оноос 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн тайлангаас харахад шатахууны төлбөрөө дутуу төлсөн харагдаж байна. 2011 онд 259150 төгрөг, 2012 онд 129600 төгрөгийн төлбөр үлдсэн байна гэж ойлгож байна. Тооцоо нийлсэн актыг жилийн эцсээр гаргаад төлбөр төлөхийг шаарддаг. Хугацаандаа төлбөрөө төлөөгүй учраас алданги нэхэмжлэх нь зөв гэж бодож байна. 2015 оны сүүлээр тус байгууллагыг шатахууны үлдэгдэл тооцоотой гэж ярьж байсан гэв.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бямбажаргал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Би 2010 оны үед энэ байгууллагад ажиллаж байгаагүй. Гэхдээ байгууллагын санхүүгийн баримтыг шалгаж шүүж үзсэн. Мөн хуучин ажиллаж байсан нягтлангаас нь энэ асуудлын талаар асууж тодруулахад төлбөрийн үлдэгдэл байхгүй гэж хэлж байсан. 2011 онд Булган сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь МТ Хан-Уул ХХК-тай гэрээ байгуулж зээлээр бензин шатахуун авч байсан юм билээ. 2012 онд гэрээ байгуулаагүй байдаг. Жил бүр үлдэгдэл тооцоогоо нийлээгүй. 4 жилийн дараа шатахууны тооцооны үлдэгдэл гаргаад алданги тооцоод нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Тооцоотой байгаа талаараа манайд нэг ч удаа хэлж ярьж байгаагүй. Шүүхэд нэхэмжлэл өгөхөд нь мэдлээ гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаадҮНДЭСЛЭХ нь:

МТ Хан-Уул ХХК-ийг төлөөлөн нэхэмжлэгч Б.Уранцэцэг нь хариуцагч Булган аймгийн Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд холбогдуулан гэрээний үүргийн гүйцэтгэл 388725 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаа сольж Булган сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг татан оролцуулсан байна.

Нэхэмжлэгч тал нь Булган сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг 2011 оноос 2012 оны зээлээр авсан шатахууны үнийг төлөөгүй гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж төлбөрийн үлдэгдэл 259150 төгрөг, түүний алданги болох 129575 төгрөг бүгд 388725 төгрөг нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч төлбөрийн үлдэгдэл гараагүй, жил бүр үлдэгдэл тооцоогоо нийлээгүй. 4 жилийн дараа шатахууны тооцооны үлдэгдэл гаргаад алданги тооцоод нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

МТ Хан-Уул ХХК нь Булган сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралтай газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах худалдан авах гэрээг 2011 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс 2011 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаатайгаар байгуулж, нэг талаас стандартын шаардлага хангасан барааг нийлүүлж, нөгөө тал үнийг сар бүрийн 5-ны дотор, акт үйлдсэнээс хойш 5 хоногийн дотор төлж байхаар харилцан тохиролцож гэрээг байгуулсан нь хавтаст хэргийн 11-13 дугаар талд авагдсан газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байх бөгөөдталуудын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасан гэрээний үүргийн харилцаа үүссэн байна.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байхаар заасан байх бөгөөд нэхэмжлэгч тал 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хуульд заасан дээрх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээр байна. /хх-1-2/

Нэхэмжлэгч тал 2015 онд төлбөр гаргуулах тухай албан тоот, тооцооны үлдэгдлийн баталгаа, 2009-2013 оны тооцооны баримт /хх-ийн 16-17, 62-63/ зэргийг нотлох баримтаар ирүүлсэн боловч төлбөр төлөгч байгууллагад энэ талаар мэдэгдэж гарын үсэг зурагдаагүй, төлбөр авагч өөрөө дээрх баримтанд гарын үсэг зурж баталгаажаагүй байх тул төлбөрийн үлдэгдэлтэй талаар хариуцагч талд мэдэгдсэн гэж үзэх боломжгүй, хөөн хэлэлцэх хугацааг сэргээх үндэслэл болохгүй байна.

Иймд зөрчигдсөн эрхээ сэргээлгэх шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр Булган аймгийн Булган сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд холбогдуулан гэрээний үүргийн гүйцэтгэл 388725 төгрөг гаргуулах тухай МТ Хан-Уул ХХК-ийн төлөөлөн нэхэмжлэгч Б.Уранцэцэгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийг 75.2.1, 262 дугаар зүйлийн 262.1-д заасныг баримтланхариуцагч Булган аймгийн Булган сумын Иргэдийн төлөөлөгчдийн Хуралд холбогдох гэрээний үүргийн гүйцэтгэл 388725 /гурван зуун наян найман мянга долоон зуун хорин тав/ төгрөг гаргуулах тухай МТ Хан-Уул ХХК-ийг төлөөлөн нэхэмжлэгч Б.Уранцэцэгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч МТ Хан-Уул ХХК-н улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 12311 /арван хоёр мянга гурван зуун арван нэгэн/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.МЯГМАРСҮРЭН