Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 1183

 

    Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа, улсын яллагч Г.Цэрэнжамц, шүүгдэгч Ш.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Цэрэнжамцаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт Ш Э холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 02284 1490 дугаартай хэргийг 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

            Яллагдагч Ш.Э нь 2019 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 8  дугаар хороо Ус-15 байрны хажууд байх Алдаржин дэлгүүрийн гадаа иргэн Ц.Б маргалдаж хавирган тус газар нь цохиж газарт унагаж, унасан байхад нь өшиглөж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.     

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.Э мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

            Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 3/, мөрдөн шалгах ажиллгааны шатанд Ц.Б хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-н 7-8, 30/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 4432 дугаартай дүгнэлт /хх-н 15/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар Ш.Э өгсөн мэдүүлэг /хх-н 26-27/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчээр Ц.Ц өгсөн мэдүүлэг /хх-н 11/, гэрчээр Х.Г өгсөн мэдүүлэг /хх-н 10/, насанд хүрээгүй гэрчээр Л.А өгсөн мэдүүлэг /хх-н 12/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 32/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 33/ зэрэг болно.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

            Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Цэрэнжамцаас шүүгдэгч Ш.Энь 2019 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 8  дугаар хороо Ус-15 байрны хажууд байх Алдаржин дэлгүүрийн гадаа иргэн Ц.Б маргалдаж хавирган тус газар нь цохиж газарт унагаж, унасан байхад нь өшиглөж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.    

 

Шүүхээс шүүгдэгч Ш.Э 2019 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр иргэн Ц.Б маргалдаж хавирган тус газар нь цохиж, өшиглөж, эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:     

            Мөрдөн шалгах ажиллагаанд шатанд Ц.Б хохирогчоор өгсөн: “...." гэх мэдүүлэг /хх-н 7-8/,

            “...Э миний баруун талын хавирга орчим 2 удаа цохиж унагаасан. Хажууд нь байсан хүмүүс намайг татаж босгож байсан. Миний хавирганы гэмтлийг Энхжаргал учруулсан. Өөр намайг цохиж, зодсон хүн байхгүй.” гэх мэдүүлэг /хх-н 30/,

            Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Х.Г гэрчээр өгсөн: “...Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ус-15 дугаар байранд манай ээжийнх байдаг юм. 2019 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр яг очсон эсэхээ санахгүй байна. Хааяа очихоороо архи юм уу, архи мөнгө асуухаар нь өгдөг. Батхуягтай маргалдсан асуудал байхгүй. Э Б цохиж зодсон асуудлыг мэдэхгүй байна. Дараа нь очиход Б Э цохиж, зодсон гэсэн яриа гарсан байсан. Би Б цохиж, зодсон асуудал байхгүй.” гэх мэдүүлэг /хх-н 10/,

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ц.Ц гэрчээр өгсөн: “....” гэх мэдүүлэг /хх-н 11/,

            Мөрдөн шалгах ажиллагааны шатанд насанд хүрээгүй Л.А гэрчээр өгсөн: “....” гэх мэдүүлэг /хх-н 12/,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 4432 дугаартай:

1. Ц.Б биед баруун талын 6-р хавирганы хоёрлосон хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-н 15/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар  хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.

Иймд шүүгдэгч Ш.Э хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна гэж үзэв.

Шүүхээс шүүгдэгч Ш.Э ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.  

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

Хохирогч Ц.Б нь баримтаар нэхэмжилсэн зүйлгүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:          

1. Шүүгдэгч Б овогт Ш Э хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Э 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.   

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Э оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.    

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Энь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.   

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ш.Э нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоолын хүрээнд бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.  

6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Э урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.