Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 2019/ШЦТ/103

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга би даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа

Улсын яллагч Д.Бат-Эрдэнэ

Шүүгдэгч Б.Д-н өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ

Шүүгдэгч Ж.Ж-н өмгөөлөгч Б.Одбаяр

Хохирогчийн өмгөөлөгч М.Энхзаяа

Хохирогч Ч.А

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.О

Шүүгдэгч Б.Д, Ж.Ж

Шинжээч Т.Алтайбаатар

Гэрч Л.Аз нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Говь-Алтай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Бат-Эрдэнийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт  заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Д, Ж.Ж нарт холбогдох 1916001880097 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Д овогт Б-н Д.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, У овогт Ж-н Ж.

Шүүгдэгч Б.Д, Ж.Ж нар нь бүлэглэн 2019 оны 05 дугаар сарын 23-ны шөнө 23 цагийн үед Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төвд үйл ажиллагаа явуулдаг Мон-Алтай төвийн урд талын зам дээр Ч.А-н нүүрэн тус газарт цохиж,  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан шүүгдэгч нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн” гэмт хэрэгт хамааруулан прокурор яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох

Шүүгдэгч Б.Д-н шүүх хуралдаанд өгсөн “... 2019 оны 05 дугаар сарын 23-ны орой Ч.А, Аз хоёр Мон Алтай төвийн үүдээр намайг мөрлөөд гараад явсан чинь Ж.Ж дуудаж ирүүлээд цохисон. Би салгах гэж очоод салгаж байхдаа Ч.А-н хацар руу нэг удаа зөөлөн дэлссэн, өөр цохиж зодсон зүйл байхгүй... Л.Аз, Ч.А хоёр намайг мөрлөж аваад Ж.Ж дуудсан. Ж.Ж-г салгах гэж байгаад хацар руу нэг цохисон ... Баруун талын шанаа руу нь цохисон ...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Шүүгдэгч Ж.Ж-н шүүх хуралдаанд өгсөн “...Би дуудаж байгаад цохисон. Б.Д-г мөрлөж гараад доошоо явж байхаар нь би дуудаж ирүүлээд нэг удаа шүд рүү нь цохисон. Тэгэхэд хойшоо унаад босож ирсэн дахиж цохиогүй ...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Хохирогч Ч.А-н шүүх хуралдаанд  өгсөн “...2019 оны 05 дугаар сарын 23-ны орой 11 цагийн үед найзтай явж байсан. Би мөрлөөгүй зүгээр гараад явж байсан чинь ардаас чи нааш ир дээ гэхээр нь яваад очсон чинь чи ямар пээдгэр алхдаг пизда вэ? гэсэн. Б.Д нь хажууд зогсож байгаад гараараа уруул хэсэг рүү цохиод урдаас Ж.Ж цохиод уначихаад босоод ирсэн чинь дахиад цохисон ... Б.Д уруулын дээд хэсэг рүү цохисон ... Б.Д нэг удаа цохисон, Ж.Ж хоёр удаа цохисон ... 2 шүд эмтэрээд нэг нь хугарсан ... Паалан нь байнга унаад тогтохгүй, унах болгонд нь тавиулсан. 908.900 төгрөг болсон. Паалан нь бүрээс хийлгэхгүй бол тогтохгүй гэсэн. Нэг шүдийг нь солиод хоёр шүдийг нь бүрээс хийлгэхгүй бол тогтохгүй гэсэн... ” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Гэрч Л.Аз-н шүүх хуралдаанд өгсөн “...А бид хоёр хүүхдээс цэнэглэгч авах гээд явж байсан. “Гурван Жаргалант” орж хоол идчихээд нөгөө хүүхэд “Мон Алтай” төвийн үүдэн дээр ирчихлээ гэхээр нь очих гээд явж байтал Б.Д намайг юу байна гэхээр нь би тайван сайхан гэхэд Ч.А миний хажуугаар гараад явсан. Ж.Ж гэдэг нь хөөе тэр улаан цамцтай банди ямар том алхдаг юм чи нааш ир гээд дуудсан. Тэгээд А яасан гээд яваад очсон чинь Б.Д хажуу талаас нь цохиж аваад Ж.Ж нэг цохиод авсан ... Ам хэсэг рүү нь цохисон ... Б.Д 1 удаа, Ж.Ж 2 удаа цохисон ...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Шинжээч Т.Алтайбаатарын шүүх хуралдаанд өгсөн “...Ч.А-г үзэхэд 11,22,21 дүгээр шүд эмтэрсэн байсан. 11 дүгээр шүд эмтрэхэдээ арай жоохон гүнзгий эмтэрсэн байсан ... дүгнэлтийг өөрийн үзлэгээр гаргасан ... Цаг хугацааны хувьд гэх юм бол цөгц ил гарсан байсан нь шинэ гэмтэл байсан. Нөгөө хоёр нь цуг үүссэн байх яагаад гэхээр ир нь ирмэгтэй байсан. Тэгэхээр шинэ байсан байх. Хэрвээ хуучирсан бол юм идэх явцад мохдог ... Тал нь хугарсан цөгц нь ил гарсан шүд дээр зовиур илэрнэ. Энэ дээр гэмтлийн зэрэг гарч байгаа. Нөгөө хоёр дээр нь гэмтлийн зэрэг гарахгүй. Яагаад гэхээр эмтэрэл байгаа. Нэг шүдний цөгц нь ил гарсан мэдрэл нь гэмтсэн учраас өвдөлт зовиур өгнө. Заавал эм тариа хийж байж өвдөлт намдана. Тийм учраас энэ шүдээр гэмтлийн зэрэг нь гарч байгаа ... Эмчилгээ хийлгэхгүй цөгц нь ил явах юм бол цаашаа өвчлөөд тухайн шүд унах боломжтой  ... Манай заалт дээр хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ тогтоох хүснэгт гээд тусдаа хүснэгт дээр заагаад өгсөн байгаа. Хэдэнч шүдний цөгц эмтэрэх, шүдний цөгцний тал хугарахад шүд унасанд тооцохгүй гээд заагаад өгсөн байгаа. Тийм учраас А-н хувьд шүд булгарч унаагүй. Гэмтэл нь хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. Миний гаргасан дүгнэлт 2.4.1 гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан гэдгээр гэмтлийн зэрэг гарч байгаа юм. Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээгээр гэмтлийн зэрэг тогтоогдож болно. Энэ нь тусдаа шүдний хугарал юм уу, тусдаа гэмтлийн зэрэг байдаг. Хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөөгүй, гэхдээ учрах үедээ эмнэл зүйн хувьд ямар нэгэн эрхтэнийг хямрааж байгаа учраас гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа. Манай гэмтлийн зэрэг тогтоох 4 шалгуур үзүүлэлт байдаг. Амь насанд аюултай эсэх, эрүүл мэндийг сарниулсан хугацаа, гэмтлээс үүсэх үлдэц хор уршиг, ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалт гэсэн 4 шалгуур үзүүлэлтээр гэмтлийн зэрэг тогтоодог. Эндээс эрүүл мэнд сарниулсан хугацаа гэдгээр гэмтлийн зэрэг гарч байгаа ... Буйль, завьж гэмтэлгүйгээр шүд гэмтэх боломжтой ... Нэг удаагийн үйлчлэлээр 3 шүд эмтэрч болно. Эхнийх дээр нь үүсээд дараагийн хоёр дээр үүсэхгүй байж болно. Эхнийх дээр нь үүсэхгүй байсан ч хоёр дахь дээр үүсэж болно...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,    

 Хохирогч Ч.А-н мөрдөн байцаалтад өгсөн “... Д эхлээд гараараа ам уруул орчим 1 удаа цохиод, араас нь Д бас гараараа 1 удаа ам уруул орчим цохисон. Тэгээд би хойшоо газар унасан. Босох гэхэд Д дахиад нэг удаа гараараа мөн ам уруул орчим цохисон. Миний үүдэн 3 шүд хөдөлж эмтэрсэн. Нэг шүд нь их гэмтсэн солиулах шаардлагатай болсон...” гэсэн мэдүүлэг /ХХ13-15/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.О-н мөрдөн байцаалтад өгсөн “... манай хүү А гэртээ ганцаараа орж ирсэн. Нүүр, амаа гараараа дарсан байдалтай байхаар нь яасан, юу болов гээд гарыг нь аваад хартал хамар амнаас нь цус гараад арчиж цэвэрлэсэн байдалтай байсан... Тэгээд яасан талаар нь шалгааж асуухад зүгээр найзтайгаа гудамжинд явж байхад танихгүй 2 залуу нийлж зодсон гэж хэлсэн ... үүдэн 3 шүд нь гэмтсэн. Нэг шүд их гэмтэлтэй, дундуураа хугарсан байсан...” гэсэн мэдүүлэг /ХХ17-19/,                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                         

Шинжээч эмч Т.Алтайбаатарын 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 170 дугаартай “...1.Ч.А-н биед 11, 21, 22-р шүдний эмтрэл, баруун гарын алганд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

З.Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт  /ХХ29-30/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Д, Ж.Ж нар нь бүлэглэн 2019 оны 05 дугаар сарын 23-ны шөнө 23 цагийн үед Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төвд үйл ажиллагаа явуулдаг Мон-Алтай төвийн урд талын зам дээр Ч.А-н нүүрэн тус газарт цохиж, 11, 21, 22 дугаар шүдний эмтрэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Д, Ж.Ж нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ. 

Хэдийгээр шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдэхээр урьдчилан үгсэж тохиролцоогүй боловч хохирогчийн биед гэмтэл учруулахуйц санаатай үйлдлээрээ нэгдсэн тул шүүгдэгч нарыг шүүх гэмт хэргийн бүлэглэн үйлдсэн гэж үзсэн болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой байна.

Шүүх хуралдаанд оролцсон гэрч Л.Аз-н мэдүүлэг нь мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр өгсөн мэдүүлэгтэй ноцтой зөрөөгүй, тогтвортой байсан тул үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх

Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэргийн хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэлийг тогтоох зорилгоор шүүгдэгч Б.Д, Ж.Ж нарын иргэний үнэмлэхний лавлагаа/ХХ-86,91/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас/ХХ-78,87/ шүүгдэгч Б.Д-н насыг тоолсон тэмдэглэл/ХХ-79/, Амин дэм Алтай ХХК 63.900 төгрөгийн үнийн дүн бүхий зарлагын баримт, Анар дент 95.000 төгрөг, 250.000 төгрөг, 200.000 төгрөгийн үнийн дүн бүхий 3 ширхэг орлогын баримт, нүүр амны их эмч Э.Аз гэсэн тэмдэг дарагдсан “...нийт үнийн дүн 300.000 төгрөг болно...” утгатай гараар бичсэн тодорхойлолт зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

Үүний үндсэн дээр шүүгдэгч Б.Д, Ж.Ж нарыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Б.Д нь гэмт хэрэг үйлдэх үедээ 18 насанд хүрээгүй байсан мөн хохирогчийн нэхэмжлэл дараах байдлаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Бүлэглэн гүйцэтгэсэн гэмт хэргийг гүйцэтгэгчдийн үйлдлийг нэгтгэн зүйлчилж, гүйцэтгэгч тус бүрийн гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулна” гэж, 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан хүнд өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч Ж.Ж торгох ял оногдуулах болон шүүгдэгч Б.Д-д хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон дээрх хүчин зүйлсүүдийг тал бүрээс нь харгалзан үзсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг найман жил, түүнээс доош хугацаагаар тогтоосон, эсхүл энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан ял оногдуулахыг тэнсэж нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэж болно” гэж заасныг журамлан мөн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Шүүх гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнийг гэм бурууг нь ухамсарлуулах, хохирлыг нөхөн төлүүлэх, хөдөлмөрлөх, амьдрах зөв арга барилд сургах, гэмт хэрэг дахин үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үүргийг хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Б.Д-д ял оногдуулахыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч, дээрхи хугацаанд гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг арилгах үүрэг хүлээлгэж шийдвэрлэлээ.

Мөн шүүгдэгч Ж.Ж-д дээрх хүчин зүйлсүүдийг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого олох боломжоос нь хамааран шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хохирогч Ч.А эмчилгээ сувилгаатай холбоотой нийт 908.900 төгрөгийг баримтаар нэхэмжилсэнээс нүүр амны их эмч Э.Аз-н 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн тодорхойлолтонд дурдагдсан үнэ бүхий эмчилгээг хохирогч хийлгэсэн нь тогтоогдохгүй, баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул 300.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, 608.900 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, шүүгдэгч тус бүрээс 304.450 төгрөг гаргуулан хохирогч Ч.А-д олгож, хохирогчийн цаашид шүдээ эмчилүүлэх, сэргээн засахтай холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх хохиргчийн эрхийг нь нээлтэй үлдээж шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй,  эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан шүүгдэгч Д овогт Б-н Д, У овогт Ж-н Ж нарыг мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ж-г  500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-д ял оногдуулахыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Б.Д-д тэнссэн хугацаанд гэмт хэргийн улмаас учируулсан хохирол, хор уршгийг арилгах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Б.Д-д сануулсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ж.Ж-д шүүхээс оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш  3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоосугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ж.Ж торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/  хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ж.Ж-д сануулсугай.

8. Шүүгдэгч Б.Д, Ж.Ж нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Хохирогч Ч.А-н нэхэмжилсэн 908.900 төгрөгийн нэхэмжлэлээс 608.900 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, шүүгдэгч тус бүрээс 304.450 төгрөг гаргуулж, хохирогч Ч.А-д олгож, 300.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, цаашид шүдээ эмчилүүлэхтэй холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх хохиргчийн эрхийг нээлттэй үлдээсүгэй.

10. Энэ хэрэгт шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй,  эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.                                                                                                                                                                                

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар  шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

13. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.МӨНХТУЛГА