| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 105/2019/1405/Э |
| Дугаар | 1466 |
| Огноо | 2019-09-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц. Гантулгабат |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 20 өдөр
Дугаар 1466
2019 09 20 2019/ШЦТ/1466
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,
Улсын яллагч Ц.Гантулгабат,
Нарийн бичгийн дарга Л.Ундармаа,
Насанд хүрээгүй хохирогч О.Баттулга, түүний хууль ёсны төлөөлөгч А.Отгонжаргал,
Өсвөр насны шүүгдэгч О.Ө, хууль ёсны төлөөлөгч О.Отгонцэцэг,
Өсвөр насны шүүгдэгч Т.Б, хууль ёсны төлөөлөгч Ц.Тогоохүү, тэдний өмгөөлөгч Ц.Мандал нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Ө, Т.Б нарт холбогдох эрүүгийн 1906 04312 1770 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Өсвөр насны шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Т.Б,
О.Ө.
Холбогдсон хэргийн талаар:
Өсвөр насны шүүгдэгч Т.Б, О.Ө нар нь бүлэглэн 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт 12 настай О.Баттулгын биед нь халдаж, улмаар эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас өсвөр насны шүүгдэгч Т.Б, О.Ө нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 1906 04312 1770 дугаар хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан:
Насанд хүрээгүй хохирогч О.Баттулгын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
Багшийн дээдийн буудлаас хоёр ах орж ирээд автобусанд хамт явсан бөгөөд над руу нэг ах нь "Муухай хараад байна уу?" гэхээр нь би "Үгүй" гэсэн. Ингээд 14 цагийн үед Баянзүрх дүүргийн Кино үйлдвэрийн автобусны буудал дээр автобуснаас буусан. Гэтэл араас нөгөө хоёр ах хамт буугаад зам гарсан. Ингээд зам гараад "Амазон" баарны урд талд явж байхад нөгөө ах араас гэнэт цохьсон. Тэгэхээр нь би газар уначихсан бөгөөд газраас босох гэтэл "Хэвтэж бай" гээд бөгс рүү өшиглөсөн. Ингээд газар хэвтэж байхад нэг ах нь нүүр рүү өшиглөөд "Нүүр амаа бодож яваарай" гээд яваад өгсөн. Цэнхэр цамцтай ах нь хүзүү рүү цохьсон. Харин хар цамцтай ах нь нүүр рүү өшиглөсөн. Хүзүүнд цус хурсан гэмтлийг цэнхэр цамцтай хүүхэд нь цохиж учруулсан байх гэж бодож байна. Тэр хүүхэд маш чанга миний хүзүү рүү цохьсон. Хамар болон нүдэнд учирсан гэмтлийг тэр хар цамцтай хүүхэд нь өшиглөж учруулсан. Тэр хүүхэд нь миний нүүр рүү нэг удаа өшиглөхөд миний нүд болон хамрыг оносон гэх мэдүүлэг /хх-ийн 8-9, 11-13/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 8949 дугаартай:
О.Баттулгын биед зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн ХӨНГӨН зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 23/,
Өсвөр насны шүүгдэгч Т.Бийн мөрдөн байцаалтад өгсөн:
...хийсэн үйлдэлдээ харамсаж байна. Би шүүх эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон хохирогч О.Баттулгын биед учирсан гэмтлийг О.Өтэй нийлж учруулсанаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг /хх-ийн 57-58/,
Өсвөр насны шүүгдэгч О.Өгийн мөрдөн байцаалтад өгсөн:
...хэргээ хүлээн зөвшөөрч байна. Мөн энэ үйлдэлдээ харамсаж байна. ...Би шүүх эмнэлгийн дүгнэлт болон Т.Бтой нийлж хохирогч О.Баттулгын биед гэмтэл учруулсан болохыг хүлээн зөвшөөрч байна. Миний буруу гэх мэдүүлэг /хх-ийн 49-50/,
-гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3/,
-хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан гомдол /хх-ийн 4/,
-Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 42-43/,
-хохиролын талаарх гэх баримтууд /хх-ийн 44-45/,
-Т.Бийн иргэний үнэмлэхний лавлагаа, хорооны тодорхойлолт, төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 29-31/, О.Өгийн хорооны тодорхойлолт, төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 33-34/, нас тоолсон тэмдэглэл /хх-ийн 36-37/, өсвөр насны шүүгдэгч нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40-41/ зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.
Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.
Өсвөр насны шүүгдэгч нарыг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.
Өсвөр насны шүүгдэгч нар нь насанд хүрээгүй хохирогч худал мэдүүлсэн эсхүл өөрсдийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл прокурорт хандах эрх нь нээлттэй юм.
Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Т.Б, О.Ө нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.
Өсвөр насны шүүгдэгч Т.Б, О.Ө нар нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн болох нь дээр дурдсан насанд хүрээгүй хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, өсвөр насны шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Иймд өсвөр насны шүүгдэгч Т.Б, О.Ө нарын бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Насанд хүрээгүй хохирогч О.Баттулга болон түүний хууль ёсны төлөөлөгч нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нийт 430.000 төгрөг нэхэмжилсэн байна.
Уг нэхэмжлэлийг нотлох зарим бичгийн баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох баримтын шаардлагыг хангахгүй байна. Иймд дээрх хохиролын нэхэмжлэлээс зарим хэсгийг хангаж үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хавтаст хэргийн 45 дугаар талд авагдсан №268225 дугаартай зарлагын падаан болон гар утасны баталгааны хуудсаар нэхэмжилж байгаа 333.000 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж бусад нэхэмжлэлийн бусад хэсгийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэв.
Насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нь гэмт хэргийн улмаас учирсан, шүүх хуралдаанаар хэлэлцээгүй орхисон хохиролын талаарх нотлох баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар өсвөр насны шүүгдэгч нар, тэдний хууль ёсны төлөөлөгчөөс хохирол нэхэмжлэх эрхтэй юм.
Өсвөр насны шүүгдэгч Т.Б, О.Ө нар нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг дурьдах нь зүйтэй байна.
Шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ өсвөр насны шүүгдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг харгалзан шүүх хуралдааныг хаалттай явуулж, хуульд заасан ердийн журмаар явагдах ажиллагаанаас богино хугацаанд шийдвэрлэв.
Шүүх өсвар насны шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Өсвөр насны шүүгдэгч нарыг хянан хүмүүжүүлэх, хяналтдаа байлгаж хүмүүжүүлэх талаар хүсэлт, санал дүгнэлт шүүхэд гаргаагүй байх учир хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэж шийдвэрлэх боломжгүй болно.
Өсвөр насны шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, тэдний хувийн байдал, гэмт хэрэг үйлдэж байгаа сэдэлт, хохирол төлбөр төлөөгүй байгаа байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 8 дугаар бүлэгт заасныг журамлан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, өдөрт тодорхой цагийн хязгаарлалттайгаар хийлгэхээр тогтоох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 3, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Өсвөр насны шүүгдэгч Жонон тайж овогт Тогоохүүгийн Т.Б, Боржигон овогт Отгонцэцэгийн О.Ө нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 8.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Т.Б, О.Ө нарыг нэг зуун хорин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасныг баримтлан өсвөр насны шүүгдэгч Т.Б, О.Ө нарт оногдуулсан нэг зуун хорин цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ялыг өдөрт гурван цагаар тооцож хийлгэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг өсвөр насны шүүгдэгч О.Ө, Т.Б, тэдний хууль ёсны төлөөлөгч О.Отгонцэцэг, Ц.Тогоохүү нарт мэдэгдсүгэй.
5. Өсвөр насны шүүгдэгч О.Ө, Т.Б нар нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч О.Ө, Т.Б нараас 333.000 төгрөгийг тэнцүү хуваан гаргуулж насанд хүрээгүй хохирогч О.Баттулгад олгож, нэхэмжлэлийн бусад хэсгийг хэлэлцэхгүй орхисугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар насанд хүрээгүй хохирогч О.Баттулга нь уг гэмт хэргийн улмаас өөрт учирсан болон шүүх хуралдаанаар хэлэлцээгүй орхисон хохиролын талаарх нотлох баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар өсвөр насны шүүгдэгч болон тэдний хууль ёсны төлөөлөгчөөс хохирол нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч О.Ө, Т.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, өсвөр насны шүүгдэгч нар, насанд хүрээгүй хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ