Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2025/01523

 

 

 

“********” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч М.Баясгалан, шүүгч О.Одгэрэл нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 191/ШШ2025/05267 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: “********” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ********т холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 10,861,606 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч О.Одгэрэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийг төлөөлж *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч ********, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1.Хариуцагч ******** нь “********” ХХК-аас 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 15,000,000 төгрөгийг, 6 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлсэн. Зээлийн үндсэн төлбөрт 8,897,974 төгрөг, зээлийн хүүд 2,977,026 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл төлбөрийг төлөхийг шаардсан сүүлдээ утсаа авахаа больсон.

1.2.Хариуцагч манай ажлын байранд ирж зээлийн гэрээ байгуулж, гарын үсэг зурж зээл авсан. Зээлийг олгосон нь дансны хуулгаар нотлогдож байгаа. Одоо үндсэн зээлийн төлбөрт 6,102,026 төгрөг, зээлийн хүү 4,759,580 төгрөг, нийт 10,861,606 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1.“********” ХХК-аас мөнгө зээлээгүй. Тус байгууллагатай хийсэн нотариатын гарын үсэг минийх биш. Харин ******* хувиараа өдрийн 6 хувийн хүүтэй мөнгө зээлдүүлсэн. Зээлсэн мөнгөө цаг тухайд нь төлсөн.

2.2.Хамгийн сүүлд 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 15,000,000 төгрөг зээлсэн ба шимтгэл 1 хувь 150,000 төгрөг суутгаад ********14,850,000 төгрөг миний данс руу шилжүүлсэн байдаг. Дансны хуулгаар ******** би зээлсэн мөнгөө төлсөн тул төлөх төлбөргүй гэжээ.

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 286 дугаар зүйлийн 286.1-д заасныг баримтлан хариуцагч ********ээс 9,030,998 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “********” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,830,607 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 188,736 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч ********ээс 136,252 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “********” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4.Хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1.Талуудын хооронд хийгдсэн гэх зээлийн гэрээ хүчин төгөлдөр эсэх, зээлдэгч ******** гарын үсэг зурсан эсэх дээр маргасан. Үүнийг анхан шатны шүүх бүрэн тогтоогдоогүй байхад шийдвэрлэсэнд гомдолтой байна. Зээлийн гэрээ бодитоор, бичгээр байгуулагдсан эсэхийг тогтоох нь зээл төлөгдсөн эсэх, хүү тооцогдох эсэх зэрэг маш олон үр дагавартай байтал шүүх нотлогдвол зохих байдал бүрэн тогтоогдоогүй байхад шийдвэрлэсэн.

4.2.Шинжээч томилсон шүүгчийн захирамж биелэгдээгүй байхад хэргийг шууд хариуцагчийн эзгүйд хийсэн нь талуудыг мэтгэлцэх эрхээр хангаагүй.

4.3.******** миний бие шүүх хуралдааны өдөр хөлөө хугалсан эмнэлэгт байсан бөгөөд энэ талаараа шүүгчийн туслахад мэдэгдсэн боловч хүргэгдээгүй байна. Хариуцагч намайг шүүх хуралд биечлэн оролцуулах, мэтгэлцэх, өмгөөлөгч авах зэрэг эрхээ хэрэгжүүлэх, мэтгэлцэх эрхийг хангаагүйд гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

5.Нэхэмжлэгч талын давж заалдах гомдолд гаргасан тайлбар татгалзлын агуулга:

5.1.Тухайн маргаан 2024 оны 02 дугаар сараас эхлэн үүссэн. Хариуцагчийг эрэн сурвалжилж өнөөдрийг хүртэл үргэлжилсэн. Дээрх хугацаанд хариуцагчтай тогтмол уулзаж байсан.

5.2.Зээлийг хувийн дансаар эсхүл компанийн дансаар шилжүүлэх нь зээлдүүлэгчид хамааралтай боловч зээлдэгчид хамааралгүй. Шүүх хэргийг тал бүрээс нь нотлох баримтын хүрээнд шийдвэрлэсэн тул  анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

2.Нэхэмжлэгч “********” ХХК нь хариуцагч ********т холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 6,102,026 төгрөг, хүү 4,759,580 төгрөг, нийт 10,861,606 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч “нэхэмжлэгчтэй эрх зүйн харилцаанд ороогүй, иргэнээс авсан зээлээ бүрэн төлсөн” үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ.

 

3.Хэрэгт авагдсан баримтаар, нэхэмжлэгч “********” ХХК хариуцагч ********тэй 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдөр зээлийн гэрээг байгуулж, зээлдүүлэгч 15,000,000 төгрөгийг нэг жилийн хугацаатай зээлдэгчийн өмчлөлд шилжүүлэхээр, зээлдэгч  сарын 6 хувийн хүүтэй эргүүлэн төлөхөөр тохирчээ.

“********” ХХК нь барьцаалан зээлдүүлэх журмаар зээл олгох үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээд болох нь улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрмээр тогтоогдсон тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 286 дугаар зүйлийн 286.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн талаарх шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн байна.

Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.

 

4.“********” ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь ********байх бөгөөд хуулийн этгээдтэй эрх зүйн харилцаанд ороогүй, иргэнтэй хэлцэл хийсэн талаарх хариуцагчийн татгалзал хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

 

5.Анхан шатны шүүхээс зээлдэгч үндсэн зээлд 8,897,974 төгрөг, зээлийн хүүд 2,977,026 төгрөг, нийт 11,875,000 төгрөг төлсөн гэж дүгнэн төлөгдөөгүй зээлийн үлдэгдэл 6,102,026 төгрөг, хүүгийн үлдэгдэл 2,928,972 төгрөгийг гаргуулж шийдвэрлэхдээ зохигчдын хоорондох гэрээгээр тохирсон нэг сарын 6 хувийн хүүг, арван хоёр сарын хугацаагаар тооцож шийдвэрлэсэн шүүхийн шийдэл Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 286 дугаар зүйлийн 286.1 дэх хэсгийн зохицуулалтад нийцнэ.  

Мөн хариуцагч зээлийг бүрэн төлсөн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Хэрэгт баримтаар ирүүлсэн хариуцагчийн Хаан банкны дансны хуулгаар зээлийг олгосноос хойш тухайн дансаар буцааж нийт 10,495,000 төгрөг төлсөн байх боловч шүүх нэхэмжлэгчийн хүлээн зөвшөөрсөн хэмжээгээр зээлийг төлөгдсөн гэж үзсэн нь иргэний эрх зүйн диспозитив зарчимд нийцжээ.

 

6.Харин зээлдүүлэгчээс 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 15,000,000 төгрөг бус бодитоор 14,875,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан Хаан банкны депозит дансны хуулгаар тогтоогдож байна. Мөн зохигчдын хоорондох гэрээгээр зээл олгосны шимтгэл “0” байхаар тохирсон тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар зээлдэгчид бодитоор шилжүүлсэн 14,875,000 төгрөгийн хэмжээгээр зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэстэй. Иймд энэ үндэслэлээр олгогдоогүй зээл 150,000 төгрөг, түүнд ногдох хүүг гэрээгээр тохирсон хугацаа, хэмжээнд тооцоолж 108,000 төгрөг /150,000*6%*12 сар/, нийт 258,000 төгрөгийг хасаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулна.

 

7.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн талаарх хариуцагчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна. 

7.1.Хариуцагчийн гаргасан “зээлийн гэрээ дэх гарын үсэгт шинжээч томилуулах” хүсэлтийг шүүх хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 191/ШЗ2025/09635 дугаар шүүгчийн захирамжаар Шүүх шинжилгээний ерөнхий газрыг шинжээчээр томилсон боловч хариуцагчаас харьцуулах гарын үсгийн чөлөөт, харьцангуй чөлөөт загварыг шаардлага хангасан хэлбэрээр ирүүлээгүйгээс шинжилгээний объект хангагдаагүй үндэслэлээр тус газрын 2025 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 14/4363 тоот албан бичгээр шинжээчийн дүгнэлт гаргахаас татгалзсан байна. Шүүхээс шинжилгээ хийхэд шаардагдах баримтыг хариуцагчаас удаа дараа шаардаж 2025 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 2587 тоот, 2025 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 3947 тоот албан бичгийг хүргүүлж байжээ. Иймд шүүгчийн захирамжийн биелэлт хангагдаагүй, шүүх нотлогдвол зохих байдал бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн талаарх гомдлыг хангахгүй.

7.2.Хариуцагч ********т Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт заасны дагуу шүүх хуралдааны товыг хүргүүлснийг тэрээр 2025 оны 6 дугаар сарын 04-ний өдөр гардан авчээ. Хариуцагч тухайн өдрийн 13:30 цагт товлон зарласан шүүх хуралдаанд хүрэлцэн ирэх боломжгүй хүндэтгэх шалтгаантай талаараа хуралдаан эхлэхээс өмнө мэдэгдээгүй, харин шүүх хуралдаан дууссаны дараа шүүхэд 14:49 цагт мэдэгдсэнийг хэрэгт баримтжуулсан байна.

Иймд анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дах хэсэгт зааснаар хэргийг хариуцагчийн эзгүйд хянан хэлэлцэж, нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоонд үндэслэн шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн.

 

8.Анхан шатны шүүх улсын тэмдэгтийн хураамжийг буруу хуваарилсныг залруулна.

 

9.Дээрх үндэслэлээр давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 191/ШШ2025/05267 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтад “281.1” гэсний дараа “282 дугаар зүйлийн 282.1” гэж нэмж, “9,030,998” гэснийг “8,772,998” гэж, “1,830,607” гэснийг “2,088,608” гэж,

2 дахь заалтын “136,252” гэснийг “155,318” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 190,000 төгрөгөөс 188,736 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлөгдсөн 1,264 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Д.ЗОЛЗАЯА
 

                                            ШҮҮГЧИД                             М.БАЯСГАЛАН

 

                                               О.ОДГЭРЭЛ