| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 105/2019/1464/Э |
| Дугаар | 1490 |
| Огноо | 2019-09-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Намуун |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 1490
2019 09 26 2019/ШЦТ/1490
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баасанбат даргалж,
Улсын яллагч Э.Намуун,
Нарийн бичгийн дарга Л.Ундармаа,
Шүүгдэгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Бат овогт Б.Мыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 05241 1973 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б.М,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.М нь 2019 оны 8 дугаар сарын 30-ны орой 23 цагийн орчим Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт таксины мөнгөний улмаас маргалдаж Б.Алтангагнуурын нүүр хэсэгт нэг удаа гараараа цохиж, хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
/яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 1906 05241 1973 дугаар хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан:
Хохирогч Б.Алтангагнуурын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
Би 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 23 цагийн орчим Улсын драмын театрын ард байрлах Гранд хаан рестораны үүднээс 39-23 УНЯ гэсэн приус маркийн машинд суугаад Баянзүрх дүүрэгт байрлах Шөлөндөө хоолны газрын урд ирээд зогссон. Бид нар машинаас буухгүй хэсэг ярилцаж байхад таксины жолооч хурдан буу би удаан хүлээж чадахгүй гээд уурлаад байсан бөгөөд чи яагаад уурлаад байгаа юм гэж хэлсэн. Тэгтэл муу банди минь би хүлээхгүй гэж хэлээд хэрүүл эхэлсэн бөгөөд бид гурав буугаад маргалдаж байхад Буянбат бэлэн арван мянган төгрөг өгсөн. Тэр үед жолооч залуу манай найз Буянбат руу нулимсан ба намайг очиход жолооч машинаасаа буугаад надтай зууралдаж байгаад хажууд байсан цагаан өнгийн машин дээр дарж байгаад түлхүүртэй гараараа миний нүүрэн хэсэгт цохисон. Тэр үед манай хоёр найз салгаад цагдаад дуудлага өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 7-8 тал/,
Гэрч Д.Буянбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
Би 2019 оны 8 дугаар сарын 30-ны 23:00 цагийн үед Б.Алтангагнуур болон Батдулам гэх найзуудтайгаа уулзаад такси бариад Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо Бөхийн өргөөний замын хойд талд байрлах таксины зогсоол дээр ирсэн. Бид гурав хэн нь түрүүлж буухаа ярилцаж байхад жолооч залуу хажуунаас удаан хүлээж чадахгүй гэж хэлсэн. Би тэр жолоочид хандаад чи ингэж хэлж болохгүй гэхэд жолооч залуу тэгж хэлэхээр яадаг юм хөгшин төгцөгнүүдээ гэж хэлсэн. Би хамт явж байсан найзууддаа энд бууя гээд буусан. Бид гурав буугаад Батдулам мөнгөө мобайл банкаар төлөх гэхэд дансаа хэлэхгүй байсан. Удалгүй тэр жолооч гарч ирээд бид маргалдаж эхэлсэн. Хэрүүл хийгээд байхаар нь би бэлэн арван мянган төгрөг өгөхөд тэр залуу надруу нулимсан. Би хариуд нь хариулт мөнгөөр нь нүүр рүү нь шударсан. Тэр үед Алтангагнуур ирээд чи яагаад эмэгтэй хүн рүү нулимаад байгаа юм гэж хэлээд тэр залуу руу нулимхад жолооч машины хамар дээр өргөж авч шидээд гараараа Алтангагнуурыг хэд хэдэн удаа цохисон. Тэр үед би тэр жолооч залууг салгах гээд чадаагүй болохоор цамцнаас нь татахад цамц нь урагдах үед жолооч болиод цаашаа болсон. Удалгүй цагдаа нар эргүүлд гарч байхтай таараад бид нар дээр хүрч ирээд тэр жолооч болон бид нарыг цагдаагийн хэлтэс рүү явуулсан гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 тал/,
Гэрч А.Батдуламын мөрдөн байцаалтад өгсөн:
Би 2019 оны 08 дугаар сарын 30-ны 23:00 цагийн үед Б.Алтангагнуур болон Буянбат гэх найзуудтайгаа Драмын театрын хажууд IRISH PUB-д уулзаад хэсэг байж байгаад 22:00 цагийн үед тэндээс гараад такси бариад Бөхийн өргөөний замын хойд талд байрлах таксины зогсоол дээр ирсэн. Бид гурав хэн нь түрүүлж гэртээ харих талаар ярилцаж байхад жолооч залуу хажуунаас удаан хүлээж чадахгүй гэж хэлсэн. Би тэр жолоочид одоо буулаа ямар сүртэй юм бэ гэж хэлээд би түрүүлж буусан. Би таксины мөнгөө мобайл банкаар төлөх гэхэд дансаа хэлэхгүй байсан. Удалгүй тэр жолооч гарч ирээд бид маргалдаж эхэлсэн бөгөөд хэрүүл хийгээд байхаар нь манай найз Буянбат бэлэн арван мянган төгрөг өгөхөд тэр залуу хариулт өгөхдөө Буянбатруу нулимсан байсан. Тэгэхэд жолооч залуу Буянбаттай маргалдаж байхад Буянбат чи яагаад надруу нулимаад байгаа юм бэ гэхэд Алтангагнуур хүрч очоод чи эмэгтэй хүнрүү нулимлаа гэж хэлээд тэр жолооч залуутай маргалдахад Алтангагнуурыг жолооч залуу барьж аваад өргөөд хажууд байсан цагаан машины хамар дээр дараад нүүр хэсэгт нь хэд хэдэн удаа цохисон гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 10535 дугаартай:
Б.Алтангагнуурын биед хамар уруулын гурвалжинд шарх, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, хүзүү, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх 16 тал/,
Шүүгдэгч Б.Мын мөрдөн байцаалтад өгсөн:
Би 2019 оны 8 дугаар сарын 30-ны орой 24:00 цагийн үед би өөрийн 39-29 УНЯ улсын дугаартай Приус 30 маркийн авто машинаар халтуур хийж яваад Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс нэг эрэгтэй, хоёр эмэгтэй хүнийг суулгаад Бөхийн өргөөний замын эсрэг талын таксины зогсоол дээр хүрч ирсэн. Тэр үед нэг эмэгтэй нь хохирогч болох Алтангагнуурыг одоо чи энд буучих дараа уулзая гэхэд тэр залуу бүгдээрээ хамт бууя гээд ярилцаад суугаад байхаар нь би одоо ингээд явлаа удаан хүлээмээргүй байна араас машин сигналдаад байна гэж тэд нарт хэлсэн. Удалгүй буухдаа Алтангагнуур намайг ямар сүртэй юм бэ гөлөг чинь тэгвэл тэгээд зайлаач дээ халтуурчин бацаан минь гээд хэл амаар доромжлоод байсан. Тэгээд бид нар маргалдаж эхэлсэн ба хамт явсан нэг эмэгтэй нь тооцоогоо хийх гээд ирэх үед миний цонхоороо нулимах хоёр таарсан ба тэр эмэгтэй рүү нулимсан зүйл байхгүй бөгөөд өөр газар руу нулимхад хариултаа авахдаа миний нүүр рүү мөнгөөрөө шударсан. Гэтэл цаанаас Алтангагнуур ирээд надруу нулимсан тэгэхэд би буугаад түлхээд дараа нь хоёр удаа нулимсан мөн би баруун гараараа нэг удаа нүүрэн хэсэгт цохисон гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 тал/
-Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 тал/, шүүгдэгч Б.Мын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 29 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 28 тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 31 тал/, шүүгдэгч, хохирогч нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт /хх 34-35 тал/ зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.
Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.
Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.
Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Б.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.М нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Иймд шүүгдэгч Б.Мыг иргэн Б.Алтангагнуурын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Хохирогч нь нотлох баримтаар ямар нэгэн хохирол нэхэмжлээгүй байх ба шүүгдэгч нь 750.000 төгрөгийг хохиролд тооцож хохирогчид төлсөн гэх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй болохоо илэрхийлж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.
Шүүгдэгч Б.М нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүйг дурьдах нь зүйтэй байна.
Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мыг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мд оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэргийн учир шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогч санал гомдолгүй гэснийг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Мд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ