| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунчимэг Одгэрэл |
| Хэргийн индекс | 101/2023/00082/И |
| Дугаар | 210/МА2025/01554 |
| Огноо | 2025-09-12 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 210/МА2025/01554
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Д.Золзаяа, шүүгч О.Одгэрэл нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “*******” ХХК-д холбогдох,
Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 73,943,188 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч О.Одгэрэл илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүлэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1.“*******” ХХК-тай 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 01 дугаар “Амины орон сууц барих ажил гүйцэтгэх гэрээ"-г байгуулан ******* зусланд 97 м.кв талбай бүхий Канад технологийн 4 улирлын амины орон сууцыг бариулахаар харилцан тохиролцсон. Түүнчлэн тус амины орон сууцны ард талд гарааш барихаар болж, хариуцагчаар суурийн ажлыг 5,500,000 төгрөгөөр нэмж хийлгэхээр тохиролцсон.
Гэрээнд заасан ажлын хөлс болох 55,000,000 төгрөг, гараашны суурийн ажлын хөлс 5,500,000 төгрөг, нийт 60,500,000 төгрөгийг “*******” ХХК-ийн захирал Ж.Өлзийбаярын эзэмшлийн Хаан банкны ******* тоот дансанд шилжүүлгээр болон бэлнээр хувааж төлсөн болно.
Дээрх гэрээний дагуу 2020 оны 7 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд ажлаа бүрэн хийж гүйцэтгээд хүлээлгэж өгөх ёстой байсан боловч хугацаа хэтрүүлэн 2020 оны 8 дугаар сард хүлээлгэж өгсөн.
1.2.Орон сууцаа хүлээн авч амьдарч эхэлсэн бөгөөд 2021 оны 01 дүгээр сард доголдол илэрсэн. Энэ тухай хариуцагчид удаа дараа мэдэгдсэн боловч хариуцагч доголдлыг арилгахаар бодитой үйлдэл хийдэггүй.
Хариуцагч нь 2021 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр доголдлуудыг бичин нэмээд 3,000,000 төгрөг өгчих, 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн дотор тус доголдлуудыг арилгаж өгнө хэмээн баримт үйлдэн гарын үсэг зурсан. Миний зүгээс тохиролцсон ёсоор 3,000,000 төгрөгийг шилжүүлсэн боловч хариуцагчийн зүгээс өнөөдрийг хүртэл бодитойгоор доголдлыг арилгах ямар нэгэн ажил хийгээгүй.
1.3.Маргаан бүхий амины орон сууцанд бий болсон доголдлыг арилгахад гарах өртгийн хэмжээг 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр мэргэшсэн төсөвчин “*******” ХХК-аар гаргуулахад нийт 73,833,188 төгрөг болсон.
Иймд хариуцагч нэгэнт доголдлыг арилгаж өгөхгүй нь илт байх тул түүнээс доголдлыг арилгахад гарах зардал 73,833,188 төгрөг, төсөвт өртгийн шинжилгээ хийлгэхэд гарсан зардал 110,000 төгрөг, нийт 73,943,188 төгрөгийг хариуцагч “*******” ХХК-аас гаргуулж өгнө үү.
1.4.“Хөрөнгийн үнэлгээ” болон “*******” ХХК нарын дүгнэлт адилхан буюу гүйцэтгэгчийн буруугаас хөрсний шинжилгээ хийгээгүй, зураггүй учраас эдгээр доголдол үүссэн байна гэж зөв тогтоосон. Харилцан адилгүй үнийн дүн тогтоосон боловч үндэслэл бүхий дүгнэлт байна гэж үзэж байна.
1.5.Гэрээнд компанийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд Ж.Өлзийбаяр гарын үсэг зурсан. Зөвхөн тамга дарагдаагүй байдлыг компани гэрээ байгуулаагүй гэж үзэх боломжгүй. Иймд “*******” ХХК-ийн төсвийн дагуу 73,943,188 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
2.1.Манай компани нь иргэн *******той гэрээ байгуулаагүй тул хариуцагч биш гэж үзэж байна.
2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдрөөс нэхэмжлэгч *******той фейсбүүкээр холбогдож, зурвасаар харилцаж эхэлсэн. Канад стандартын байшин бариулахаар хандсан. Анх надад гар палан зураг явуулж, ийм байдлаар хиймээр байна гэж хэлсэн. Нэхэмжлэгчид компаниар хийх юм бол 55,000,000 төгрөг хүрэхгүй гэж хэлсэн. Нэхэмжлэгч ******* гэрээгээ өөрчлөөд хувь хүнээр хийе, гарын үсгээ зуралцъя, би танд урьдчилгаа 15,000,000 төгрөгийг өгье гэж хэлэхээр нь зөвшөөрсөн.
2.2.Танай газар хашааныхаа урд нэлээн цэвдэгтэй, ус их орж ирдэг юм байна, танай хөрс ямархуу вэ гэсэн чинь манай энэ хавь зүгээр, та энд 55,000,000 төгрөгт багтаагаад байшин бариад өгөөч гэж хэлсэн. Хөрсийг 40-50 сантиметр хуулаад экскаватороор бохирын цооногоо 4 метр ухаад суулгах явцад ямар нэгэн ус, цэвдгийн шинжтэй зүйл гарч ирээгүй, ажиглагдаагүй тул бид ажлаа эхлүүлсэн. Нэхэмжлэгч ажлаасаа тарж ирээд байнгын хяналтаа тавьж байсан. Би яаж хийсэн, ямар зургаар хийсэн, хэдэн сантиметр ухсан зэргийг нэхэмжлэгчид үзүүлж байсан.
2.3.Шүүх шинжилгээний дүгнэлтээр дээшээ цан цохидог, цан алддаг, дулаалгын материал хийгээгүй гэдэг асуудал гарч ирж байгаа. Бид энэ барилгад канад технологийн өөрийнх нь үндсэн шилэн хөвөн, ус чийг нэвтрүүлдэг материалыг хийж өгсөн. Канад технологийн барилга дээр норм, стандартын дагуу яаж хийгдэж ёстой түүнийх нь дагуу хөрсийг 30-40 сантиметр хуулсан, үндсэн бор хөрс дээр нь сууриа хийж эхэлсэн. Шинжээчийн дүгнэлтэд барилгын хийцийн талаар алдаатай гүйцэтгэл хийсэн гэсэн дүгнэлт огт байхгүй. 2021 оны 9 дүгээр сард нэхэмжлэгчээс мөнгө авахаар очиход 4,000,000 төгрөг өгье, ийм ийм доголдол гарчихсан байна гэж хэлсэн.
2.4.Маргааны гол зүйл нь барилгын чанар байдал муудах болсон шалтгаан байх ёстой гэж үзэж байна. Барилга барих хөрсний геологийн судалгааг нэхэмжлэгч тодорхойлоогүй. Захиалагч талын хүсэлт нь палан зураг өгөөд 55,000,000 төгрөгт багтаагаад бариад өгчих, илүү зардал байхгүй гэж хэлсэн. Би зөвхөн захиалагч талын захиалгыг гүйцэтгэсэн.
Иргэний хуульд заасны дагуу ямар шалтгааны улмаас хохирол учирсан байгаа, хэний буруутай үйл ажиллагаа явуулаад хэн нь ямар оролцоотой байсан гэдгийг шүүх дүгнэлт хийж өгнө үү. Шинжээчийн дүгнэлт гурван өөр гарсан. Шинжээчийн дүгнэлт дээр маргахгүй байгаа асуудал нь хөрсний цэвдгээс болсон байна гэдэг дээр талууд нэгдэж байна. Иймд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч “*******” ХХК-аас 21,586,466 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******од олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 52,356,722 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 527,666 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “*******” ХХК-аас 265,882.33 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******од олгож шийдвэрлэжээ.
4.Хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
4.1.Анхан шатны шүүх шинжээч "*******" ХХК-ийн 2025 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 25/0022 дугаар дүгнэлтийн төсөвт дүн 43,172,932 төгрөгөөр хохирлыг тогтоосонд гомдолтой байна.
Дээрх шинжээчийн дүгнэлт нь төсвийг гаргахдаа "...Estimator Pro" программ буюу улсын төсвөөс зарласан тендерт зориулагдсан техник эдийн засгийн үндэслэл..." /ТЭЗҮ/-г боловсруулахад гаргадаг программ ашигласны улмаас хэт өндөр нэмүү өртөг шингэсэн бодит байдалд нийцэхгүй төсөв гаргасан байсныг анхан шатны шүүхээс тал бүрээс нь бодитоор хянаж үзэлгүй шүүхийн шийдвэрийн гол үндэслэл хэсгээ болгож 21,586,466 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна.
"*******" ХХК-ийн шинжээчийн дүгнэлтийн "Төсөвт өртгийн нэгдсэн товчоо"-нд материалын зардалд 17,151,995 төгрөг, барилгын удирдлага, зохион байгуулалтын зардалд 3,228,629 төгрөг, ашгийн 15 хувь буюу 4,889,088 төгрөг, НӨАТ-д 10 хувь 3,748,301 төгрөг, нормчлолын сан гэж нийт өртгийн 0.8 хувиар 67,469 төгрөг, захиалагчийн техник хяналтын зардалд 749,660 төгрөг, зураг төсөл зохиогчийн хяналтын зардалд 374,830 төгрөг,
магадалшгүй ажилд нийт өртгийн 2 хувь буюу 749,660 төгрөг буюу нийт 23,430,183 төгрөгийн илүү зардлыг төсөвт өртгийн товчоондоо үндэслэлгүйгээр нэмж тооцсон.
Тодруулбал:
4.1.1.Тус амины орон сууцны доголдлыг арилгах зөвхөн материалын зардалд 17,151,995 төгрөг төсөвлөсөн байх боловч яг адил норм, норматив холбогдох сайдын тушаалыг баримтлан гаргасан ижил, тоо, хэмжээ бүхий ажлуудад "*******" ХХК нь ажлын хөлс ороод 11,472,000 төгрөг гаргасан байдаг. Харин энэхүү ганцхан жишээгээр авч үзэхэд тус хоёр шинжээчийн дүгнэлтийн нэг ижил зүйлд өгсөн үнэлгээний зардал нь 5,679,995 төгрөгийн зөрүүтэй гарч байгаа юм.
4.1.2.Барилгын хөгжлийн төвөөс баталсан 2006 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн шалны ажлын БНБД 31-09-05-ын 3.2-ын /хүснэгт 1-д/ тодорхойлсноор зоорины давхрын шалны зузаан 8-12 см байна гэж стандартчилсан атал “*******" ХХК-ний хувьд амины орон сууцны шалыг 20 см бетон цутгалт хийнэ гэж үзэж 5,224,032 төгрөгийн өндөр тооцоо гаргасан байгаа болно. Харин бодит байдалд энэхүү амины орон сууцыг хэт өндөр барилгын шалны зузааны 8 см-ээр бодоод м.куб-д шилжүүлэхэд 7.8 м.куб бетон орж байх ба үүнийг тус дүгнэлтийн шаврын м.куб-ын үнэлгээ болох 240.000 төгрөгөөр тооцоход 1,872,000 төгрөг болж 3,352,032 төгрөгийн зөрүү гарч байна.
4.1.3.Мөн хувь хүний /иргэний/ амины орон сууцны барилгад удирдлагын хяналт, зохион байгуулалтын зардал тооцдоггүй байтал /5/-д тооцсон, компанийн ашгийн 15 хувь орлого олох мэтээр төсөвт өртөгт /6/-д нэмж оруулсан, /7/-д НӨАТ төлөгч биш аж ахуйн хувьд НӨАТ 10 хувиар нэмж тооцсон.
Түүнчлэн /8/-д Нормчлолын сан төсөвлөсөн байх боловч энэхүү нормчлолын санд юуг хэрхэн тооцсон эсэх талаарх задаргaa байхгүй хэт ерөнхий байдлаар бичсэн, /9/-д Захиалагчийн техник хяналтын зардалд 749,660 төгрөг гэх боловч энэ нь зөвхөн захиалагчтай холбоотой зардал, /11/-д Зураг төсөл зохиогчийн хяналтын зардалд 374,830 төгрөг төсөвлөсөн боловч тухайн амины орон сууц маань зураг төсөлгүй баригдсан бөгөөд анхан шатны шүүхээс зураг төсөл гаргах үүрэг нь нэхэмжлэгчид байсан гэж үзсэн атлаа байхгүй байгаа зургийн хяналтад төсөв нэмж тооцсон нь үндэслэлгүй, /12/-д хийгдэх ажил буюу доголдол нь тодорхой гэж үзэн материалын зардлыг 17,151,995 төгрөг гэж гаргасан атлаа магадалшгүй ажил гэж дахин 749,660 төгрөг төсөвлөсөн нь үндэслэлгүй байна.
4.2.Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан “*******” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтийн баримтлаагүй “*******” ХХК-ийн үнэлгээгээр шийдвэрлэсэн талаараа дурдсан боловч, “*******” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтийг яагаад үнэлээгүй талаараа шийдвэрт дурдаагүй. Шинжээчээр ажилласан “*******” ХХК-ийн үнэлгээний тайлан нь бодит байдалд нийцсэн байхад үүнийг үнэлээгүй талаараа шүүхийн шийдвэрт дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна.
”*******” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт доголдлыг арилгах бус, шинээр дотоод заслын ажлыг гүйцэтгэхэд шаардагдах хөрөнгө, бараа материалын тооцоог гаргасан байдаг. Үүнийг шүүх анхаараагүй уг дүгнэлтийг үндэслэж, 50 хувийн төлбөрийг гаргуулсан.
4.3.Хэрэгт баримтаар гаргаж өгсөн гэрээнд хариуцагч гарын үсэг зураагүй тул гарын үсгийн шинжээч томилуулах хүсэлт гаргахад шүүх хүлээж аваагүй. Мөн ажлын гүйцэтгэлийг хүлээлгэн өгсөн талаарх талууд чат бичиж зургийг илгээж байсан бөгөөд уг үйл баримтыг нотлуулахаар харилцаж байсан “Фейсбүүк мессенжерт” үзлэг хийлгэх хүсэлт гаргахад мөн л хангаагүй, хэрэг хянан шийдвэрлэхэд зайлшгүй нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр бүрдүүлэх ажиллагааг хангалтгүй хийсэн нь хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн.
Иймд "*******" ХХК-ийн 2025 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 25/0022 дугаар шинжээчийн дүгнэлтийн "Төсөвт өртгийн нэгдсэн товчоо"-нд тусгагдсан төсвөөс 17,159,669 төгрөгийг дээр дурдсан нөхцөл байдал үндэслэлийн хүрээнд эс зөвшөөрч байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон төсөвт өртгийн дүн 43,172,932 төгрөгөөс хасан тооцож үлдэгдэл 26,013,263 төгрөгийг талуудад тэнцүү хуваарилах буюу 13,006,632 төгрөг болгон багасгаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
5.Нэхэмжлэгч талын давж заалдах гомдолд гаргасан татгалзал, тайлбарын агуулга:
5.1.Тус хэрэгт гурван төрлийн дүгнэлт гардаг. “*******” ХХК-ийн дүгнэлтээр 42,172,932 төгрөг, “*******” ХХК нь 73,833,188 төгрөг, “*******” ХХК-ийн 11,47,2000 төгрөгийн дүгнэлтүүд гаргасан. Эхний хоёр дүгнэлт хоорондоо хэт үнийн зөрүүтэй байдал бий болгосон тул шүүхээс дахин шинжээч томилж “*******” ХХК-ийн дүгнэлт гаргаж, шүүх уг дүгнэлтийг үндэслэсэн нь хуульд нийцсэн. Хариуцагч нь шинжээчийн дүгнэлтийн тооцоололд маргадаг. Гэвч шинжээч тусгай мэргэжил эзэмшсэнийхээ хувьд хууль, дүрэм журам, норм нормативын дагуу шинжилгээ хийж дүгнэлт гаргаж байгаа учраас үүнийг шууд буруутгах үндэслэлгүй.
Хариуцагч иргэнээр гэрээ байгуулсан учраас бага үнийн дүнгээр байгуулсан гэж маргадаг боловч шинжээч одоогийн зах зээлд тулгуурлан үнийн дүнг гаргасан.
5.2.Анхан шатны шүүхэд ямар ч үндэслэлгүй хүсэлтүүдийг гаргасан. Миний гарын үсэг биш, үзлэг хийж өгөөч гэсэн хүсэлтүүдийг шүүх зөвшөөрөөгүй. Энэ нь хэрэгт нотолгооны ач холбогдолгүй хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байгаа учраас хүсэлтийг хүлээн аваагүйг оролцогчийн эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч “*******” ХХК-д холбогдуулан амины орон сууц барих “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний дагуу гүйцэтгэсэн ажлын доголдол арилгахад шаардагдах 73,833,188 төгрөг, шинжээчийн ажлын хөлсөнд төлсөн 110,000 төгрөг, нийт 73,943,188 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.
3.Зохигчид 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Амины орон сууц барих гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагч “*******” ХХК нь ******* зусланд Канад технологийн 4 улирлын амины орон сууцыг барьж захиалагчид хүлээлгэн өгөхөөр, нэхэмжлэгч ******* нь ажлын үр дүнг хүлээн авч, ажлын хөлсөнд 55,000,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон болох нь талуудын тайлбар, 01 тоот гэрээ зэрэг нотлох баримтаар тогтоогдсон байна. /1хх 22-25/
Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр талаар зөв дүгнэсэн.
4.Гүйцэтгэгч болох “*******” ХХК ажлыг гүйцэтгэж захиалагчид 2020 оны 8 дугаар сард хүлээлгэн өгсөн, захиалагч болох ******* хөлсийг төлсөн үйл баримт тогтоогдсон, талууд үүнд маргаагүй байна. Харин доголдол захиалагч эсхүл гүйцэтгэгчийн алины буруутай үйлдлээс үүдэлтэй болох, доголдлыг арилгахад гарах зардлын хэмжээнд тус тус маргажээ.
“*******” ХХК-ийн 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 248 тоот шинжээчийн дүгнэлт, “*******” ХХК-ийн 2025 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 25/0022 тоот шинжээчийн дүгнэлтүүдээр гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн амины орон сууцны барилгад “шал бүхэлдээ хотойж доош суусан, угаалтуур доош сууж плита, хана шал хагарсан, цонхнуудын шил хагарсан, узелийн өрөөний бетон шал бүхэлдээ хагарсан, зочны өрөөний тааз цуурсан, бүх өрөөний хаалга гажсан” зэргээр доголдол илэрсэн болох нь тогтоогдсон байна.
Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.2-т зааснаар гүйцэтгэгч “*******” ХХК нь захиалагч *******ын өмчлөлд ямар нэгэн доголдолгүй ажлын үр дүнг шилжүүлэх үүрэг хүлээх ба хэрэв уг үүргээ зөрчсөн тохиолдолд захиалагч нь мөн хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.1-д зааснаар гүйцэтгэгчийн зардлаар тухайн доголдлыг арилгуулах, эсхүл ажлыг шинээр гүйцэтгүүлэх эрхтэй тул нэхэмжлэгч доголдлыг арилгахад гарах зардлыг шаардах эрхтэй талаарх шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
5.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад барилгын ажлын гүйцэтгэлтэй холбогдуулан зохигчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг үндэслэн “*******” ХХК-ийг шинжээчээр томилж дүгнэлт гаргуулжээ. Уг шинжээчийн дүгнэлтийг зохигч эс зөвшөөрснөөр шүүхээс дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилсноор “*******” ХХК-ийн 2025 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 25/0022 дугаар дүгнэлт гарчээ. Мөн “*******” ХХК-аас дүгнэлтийг гаргахдаа барилгын үнэлгээ, нормативын зөвлөх “*******”, барилгын тэргүүлэх төсөвчин “*******” нарыг оролцуулсан байх тул анхан шатны шүүхээс уг дүгнэлтийг үндэслэл болгож хохирлын хэмжээг тооцсоныг буруутгахгүй.
“*******” ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн “Амины орон сууцны засварын төсөв өртгийн тайлан”-д төсөвт өртгийн дүн 73,833,188 төгрөг гэж тусгагдсан, тухайн баримтыг нэхэмжлэгч талаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргийнхээ хүрээнд шүүхэд баримтаар ирүүлснээс гадна уг дүгнэлтэд барилгыг буулгаж, дахин барихаар төсөвтөө тооцож суулгасан байна. /1хх 38-39,40-63/ Харин “*******” ХХК-аас доголдлыг арилгахад гарах зардлын тооцоог 11,472,000 төгрөг гэж тооцохдоо барилгын холбогдох норм, нормативыг баримталж гаргаагүй, харин олон улсын үнэлгээний стандарт буюу өртгийн хандлагын аргыг ашигласан талаараа тайландаа тусгасан байна. /2хх 98,125-128/
Анхан шатны шүүх дээрх үнэлгээнүүдийг шийдвэрийн үндэслэл болгоогүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэг заасан “нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас үнэлэх” зарчимтай нийцжээ. Иймд энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5, 161 дүгээр зүйлийн 161.4 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй үйл баримтыг давж заалдах гомдлын үндэслэлд заах эрхгүй тул шинжээч “*******” ХХК төсвийг гаргахдаа буруу программ ашигласан, 17,159,669 төгрөгийг илүү тусгасан, тооцооллын алдаатай талаарх хариуцагчийн гомдлыг мөн хангахгүй.
7.Дээрх доголдолтой холбоотойгоор гэрээний талууд хэн аль нь буруутай гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасантай нийцэх боловч хохирлыг адил тэнцүү хэмжээгээр хувааж хариуцуулсан нь үндэслэл бүхий болж чадаагүй байна гэж үзлээ.
7.1.Тодруулбал: Шинжээч “*******” ХХК-ийн дүгнэлтэд “ ...тухайн барилга барих газар нь газар хөдлөлтийн өндөр баллтай, цэвдэг хөрстэй бөгөөд барилга барихад хөрсний шинжилгээ хийж, инженер геологийн дүгнэлтийн дагуу түүнд тохируулж ажлын зураг боловсруулж, барих ёстой боловч ажлын зураг хийгдээгүй, палан зургаар хийгдсэн, ...уг барилга нь барилгын ажлын зөвшөөрөл шаардахгүй боловч хөрсний төвөгтэй нөхцөлөөс шалтгаалж хөрсний шинжилгээ зайлшгүй хийх шаардлагатай байсан, ...хөрсний шинжилгээ хийж, түүний дагуу суурийн зураг, тооцоолол хийгдээгүйгээс шалтгаалж дээрх доголдол зөрчил үүссэн гэж дүгнэж байна” хэмээн доголдол үүссэн шалтгаан нөхцөлийг нэгтгэж дүгнэсэн, мөн “*******” ХХК-ийн дүгнэлтэд “сууцны барилгын хувьд суурийн бүтээцээс болж барилгад доголдол үүсээгүй байна, барилга барих газрын хөрсний онцлог, бүтцээс болж үүссэн доголдол болно” гэж дүгнэсэн байна.
Дээрх хоёр дүгнэлтээс үзвэл нэхэмжлэгч нь ажлыг гүйцэтгүүлэхдээ барилга байгууламжийн баримт бичгийг холбогдох хууль тогтоомж, норм, нормативын баримт бичгийн шаардлагын дагуу бүрдүүлэх, техникийн нөхцөл, зураг төслөө хийлгэж, холбогдох зөвшөөрлийг авч өгөх зэргээр Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.3-т заасан захиалагчийн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй байна.
7.2.Нөгөө талаас гүйцэтгэгч болох “*******” ХХК нь Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан “зураг төсөвгүйгээр гүйцэтгэхийг хориглоно” гэсэн хуулийн заалтыг зөрчиж зураг төсөлгүй байхад ажлыг гүйцэтгэсэн, мөн ажлыг хийж гүйцэтгэх үедээ “шалны доод суурийг хийхдээ уур дулаан тусгаарлагч хийгдээгүйгээс өвлийн цагт дулааныг ажиллуулахад халуун уур доош нэвчин хөрсний цэвдэг гэсэж доош суулт өгч хамар хана шалны эвдрэл үүсэн шалтгаан болсон” болохыг шинжээч “*******” ХХК-ийн дүгнэлтээр тогтоосон тул тэрээр доголдлыг арилгахад гарах зардлыг мөн хариуцах учиртай.
7.3.Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт заасан үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх зарчмыг зөрчсөн нь гэрээний үүргийн зөрчил бөгөөд зөрчил ба хохирлын хоорондох шалтгаант холбоо, гэм буруугийн хэр хэмжээг харгалзан үзэж хохирлын хэмжээг тогтоодог.
Дээрх нөхцөл бүрдсэн тохиолдолд учруулсан хохирлыг гэм хор арилгах нийтлэг журмыг баримтлан хэмжээг тодорхойлох бөгөөд ингэхдээ нэхэмжлэгчийн ашиг сонирхол, гэм хор учирсан нөхцөл, гэм хор учруулагчийн гэм буруугийн хэр хэмжээг харгалзан үзэхийг Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 229 дүгээр зүйлийн 229.2 дахь хэсэгт тус тус заасан байна.
Иймд “*******” ХХК-ийн 2025 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 25/0022 тоот шинжээчийн дүгнэлтээр тодорхойлогдсон 43,172,932 төгрөгийн үнэлгээнээс зохигчдын гэм буруугийн хэр хэмжээг харгалзан үзэж зардлын 1/3 хувийг гүйцэтгэгч болох “*******” ХХК-д, 2/3 хувийг захиалагч болох *******од тус тус хувааж хариуцуулан, энэ үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.
8.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас “цахим захидалд үзлэг хийлгэх”, “гэрээн дэх гарын үсэгт шинжилгээ хийлгэх” хүсэлт гаргасныг шүүх 2023 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШЗ2023/14570 дугаар шүүгчийн захирамжаар үзлэг хийлгэх хүсэлтийг хангахаас татгалзаж, харин шинжээч томилуулах хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн байна. Уг захирамжид нэхэмжлэгч гомдол гаргаснаар 2023 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШТ2023/00425 дугаар шүүхийн тогтоолоор захирамжийг хүчингүй болгосон, түүнээс хойш энэ талаар шүүхэд дахин хүсэлт гаргаагүй байна. Иймд зохигчийн хүсэлтээр нотлох баримт бүрдүүлэх шүүхийн ажиллагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй гэж үзнэ.
Мөн анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн талаарх давж заалдах гомдлын үндэслэлээ хариуцагч шүүх хуралдааны явцад дэмжээгүйг дурдав.
9.Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын “нөхцөл байдлыг харгалзан төлөх хохирлын хэмжээг хасаж багасгах” гэсэн хэсгийг хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 191/ШШ2025/04816 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтаас “227 дугаар зүйлийн 227.3” гэснийг “219 дүгээр зүйлийн 219.1” гэж, “21,586,466” гэснийг “14,930,977” гэж, “52,356,722” гэснийг “59,552,211” гэж,
2 дахь заалтын “265,882.33” гэснийг “232,605” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 152,228 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА
О.ОДГЭРЭЛ