Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 455

 

 

 

 

 

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч Архангай аймгийн Хотонт сумын Хотонт баг, Улаан хужирт гудамжны 2-6 тоотод оршин суух Шонхор овогт Жүгдэрийн Базаррагчаа /РД:АМ58041210/-ийн нэхэмжлэлтэй, 
Хариуцагч Архангай аймгийн Хотонт сумын Ерөнхий боловсролын сургуульд холбогдох тус сургуулийн захирлын 2016 оны 6-р сарын 13-ны өдрийн б/28 тоот тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох тухай тухай иргэний хэргийг хэлэлцэв.
      Шүүх хуралдаанд: 
        нэхэмжлэгч Ж.Базаррагчаа,
        хариуцагчийн төлөөлөгч Н.Мөнхтамир, 
        шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дөлгөөн нар оролцов.
                                                             
                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.Базаррагчаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжихдээ: Mиний бие 2016 оны орон нутгийн сонгуульд Архангай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 17 дугаар тойрогт Хотонт суманд Монгол ардын намаас нэр дэвшин өрсөлдөж буй бөгөөд 2016 оны 6-р сарын 7-ны өдөр нэр дэвшигчийн бүртгэлд албан ёсоор бүртгэгдсэн. 
Архангай аймгийн Хотонт сумын С.Данзангийн нэрэмжит Ерөнхий боловсролын сургуулийн захирал Н.Мөнхтамир нь үндэслэлгүйгээр ажлаас халах тушаалыг 2016 оны 6-р сарын 13-ны өдөр гаргаж миний сонгогдох эрхэнд ноцтойгоор халдаж, сэтгэл санааны дарамтад оруулж байна. 
2015 оны 12-р сарын 26-ны өдөр батлагдсан Сонгуулийн тухай хуулийн 76 дугаар зүйлд “Сонгуулийн сурталчилгааны үйл ажиллагааны баталгаа”-г хуульчилж өгсөн бөгөөд Сонгуулийн тухай хуулийн 76-р зүйлийн 76.3-д заасан “Нэр дэвшигчийг бүртгэсэн өдрөөс эхэлж, сонгуулийн дүн гарах хүртэл хугацаанд түүнийг захиргааны санаачлагаар ажлаас халахыг хориглоно” гэж заасан бөгөөд энэхүү хуулийн заалтыг ноцтой зөрчин тушаал гарган халж буй явдал нь хууль зүйн үндэслэлгүй шийдвэр юм. 
Архангай аймгийн Хотонт сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2016 оны 6-р сарын 13-ны өдрийн б/28 тоот тушаалыг хүчингүй болгож, Архангай аймгийн Хотонт сумын Ерөнхий боловсролын сургуулийн насан туршийн боловсролын багшийн ажилд эгүүлэн томилж өгнө үү гэв. 
Хариуцагч байгууллагын төлөөлөгч Н.Мөнхтамир нь шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд нэхэмжлэлээс татгалзахдаа: Ж.Базаррагчаа нь 2016 оны 1-р сарын 4-ний өдөр Хотонт сумын ахлах сургуульд албан бус боловсролын багшийн орон тоо гарахад энэ орон тоон дээр Б/02 тоот түр тушаалаар орж ажилласан. Сонгон шалгаруулалт зарлагдана гэдгийг Ж.Базаррагчаа нь мэдэж байсан. 
Түр тушаалаар ажиллаж байсан Ж.Базаррагчааг хичээлийн жил дуусаж 6-р сарын 13-ны өдрөөс амралт болон цалинг олгож чөлөөлсөн. Тус орон тоог сонгон шалгаруулалт зарлаж түүнд тэнцсэн багшийг шинэ хичээлийн жилд албан бус боловсролын багшаар ажиллуулах болно. Ж.Базаррагчаа нь сонгон шалгаруулалт сонгон шалгаруулалтад оролцож, тухайн төрийн албанд ажиллах боломжтой. 
Ж.Базаррагчаа нь түр ажиллаж байх хугацаандаа сонгуульт ажилд томилогдон МАН-аас нэр дэвшихээр болсон байна. Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6-д зааснаар улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч нь төрийн албан тушаал эрхлэх хугацаандаа улс төрийн аливаа нам, хөдөлгөөний үйл ажиллагаанд ямар нэгэн хэлбэрээр оролцохгүй байх, хэрэв улс төрийн намын гишүүн бол намын гишүүнээс түдгэлзэж, тухайн албан тушаалд томилогдсон өдрөөс хойш 7 хоногийн дотор энэ тухайгаа байгууллагын захиргаа болон харьяалагдах намдаа бичгээр албан ёсоор мэдэгдэнэ гэж заасан. Гэтэл Ж.Базаррагчаа нь албан ёсоор бичгээр мэдэгдээгүй гэнэт улс төрийн нам болох Монгол ардын намаас нэр дэвшихээр болсон байсан. Түр тушаалтай төрийн албан хаагчийг сонгон шалгаруулалтгүйгээр ажиллуулах боломжгүй. Харин Ж.Базаррагчаа нь сонгон шалгаруулалтад оролцож, тухайн төрийн албанд ажиллах боломж нээлттэй байгаа. Нэхэмжлэлийг зөвүөөрөхгүй гэв.
 
        Хэрэгт авагдсан, шинжлэн судалсан нотлох баримтууд:
        - Архангай аймгийн Хотонт сумын С.Данзангийн нэрэмжит Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2016 оны 6-р сарын 13-ны өдрийн б/28 тоот тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /ХХ-н 4-р тал/,
        - 2012 оны 4-р сарын 24-ний өдөр нээлгэсэн Ж.Базаррагчаагийн 0413636 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /ХХ-н 6-8-р тал/, 
        - Ж.Базаррагчаагийн 66 дугаартай Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд нэр дэвшигчийн үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /ХХ-н 9-р тал/.        
    Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:
                                                                 ҮНДЭСЛЭХ нь:

        Нэхэмжлэгч Ж.Базаррагчаа нь Архангай аймгийн Хотонт сумын нэрэмжит Ерөнхий боловсролын сургуульд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ. 
        Нэхэмжлэлийг шүүхэд 2016 оны 6-р сарын 22-ны өдөр гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацааны шаардлагыг хангасан байна.
        Хариуцагч байгууллагын зүгээс Ж.Базаррагчааг түр хугацаагаар ажиллуулж байсан, мөн сонгуульд нэр дэвшсэн учир ажлаас чөлөөлсөн гэх байр суурийг илэрхийлсэн.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 
Ж.Базаррагчааг Архангай аймгийн Хотонт сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2016 оны 6-р сарын 13-ны өдрийн б/28 тоот тушаалаар, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6 дахь хэсэгт заасныг баримтлан чөлөөлжээ. 


I
Архангай аймгийн Хотонт сумын Ерөнхий боловсролын сургуулиас Ж.Базаррагчааг биеийн тамирын багшийн ажлаас чөлөөлсөн тушаал гаргахдаа баримталсан Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт “сонгууль, томилолтоор өөр орон тооны ажил, албан тушаалд ажиллах болсон” гэж заасан нь ажилтан албан ёсоор өөр ажил, албан тушаалд ажиллах болсон байхыг илэрхийлж байна.
Хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын тайлбараар нэхэмжлэгч нь сонгууль, томилолтын үр дүнд өөр ажил, албан тушаалд томилогдоогүй болох нь нотлогдсон.
Мөн Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6-д заасан “Улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч нь төрийн албан тушаал эрхлэх хугацаандаа улс төрийн аливаа нам, хөдөлгөөний үйл ажиллагаанд ямар нэг хэлбэрээр оролцохгүй байх,  хэрэв улс төрийн намын гишүүн бол намын гишүүнээс түдгэлзэж, тухайн төрийн албан тушаалд томилогдсон өдрөөс хойш 7 хоногийн дотор энэ тухайгаа байгууллагын захиргаа болон харьяалах намдаа бичгээр албан ёсоор мэдэгдэнэ” гэх зохицуулалт нь 
а/ Улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч нь төрийн албан тушаал эрхлэх хугацаандаа улс төрийн аливаа нам, хөдөлгөөний үйл ажиллагаанд ямар нэг хэлбэрээр оролцохгүй байх,
б/ төрийн намын гишүүн бол намын гишүүнээс түдгэлзэж, тухайн төрийн албан тушаалд томилогдсон өдрөөс хойш 7 хоногийн дотор энэ тухайгаа байгууллагын захиргаа болон харьяалах намдаа бичгээр албан ёсоор мэдэгдэнэ гэсэн 2 өөр нөхцөлийг өөртөө агуулсан байхад аль үндэслэлийг баримталсан нь тодорхойгүй, түүнчлэн хуулийн дээрх зохицуулалт нь нэхэмжлэгчийн Архангай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны сонгуулийн 17 дугаар тойрогт нэр дэвшсэн үйл явдалтай холбоогүй байна. 
Учир нь Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4-т “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал нь орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвших бол сонгуулийн жилийн дөрөвдүгээр сарын нэгний өдрөөс өмнө ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байх ба нэр дэвшигчээр бүртгүүлсэн өдрөөс хойш ажил, албан үүргээ гүйцэтгээгүй байвал зохино”, 154.5-д “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн үйлчилгээний албан хаагч орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвших эрхтэй” гэж зааж, үүнийгээ баталгаажуулан мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.3-т Нэр дэвшигчийг бүртгэсэн өдрөөс эхэлж, сонгуулийн дүн гарах хүртэл хугацаанд түүнийг захиргааны санаачилгаар ажлаас халахыг хориглоно” гэж тусгасан байдаг. 
Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлд зааснаар багш нь төрийн үйлчилгээний албан тушаал юм. 

ll
Хариуцагч байгууллагын зүгээс Ж.Базаррагчаа нь насан туршийн боловсролын багшийн албан тушаалд түр хугацаагаар ажиллаж байсан учир хичээлийн жил дууссантай холбогдуулан ажлаас чөлөөлсөн гэх байр суурийг илэрхийлсэн боловч тус сургуулийн захирлын 2016 оны 6-р сарын 13-ны өдрийн б/28 тоот тушаалд энэ талаар тодорхой тусгаагүй, хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсонтой холбоотой зохих хуулийн хэм хэмжээг удирдлага болгоогүй. 
Мөн ажлаас чөлөөлсөн үндэслэл нь тодорхой бус, ажилтны эрх ашгийг хохироосон ерөнхий шинж чанарыг агуулж байна.
Түүнчлэн багш Ж.Базаррагчааг түр хугацаагаар ажиллуулахдаа чухам ямар хугацаагаар ажиллуулж байсныг нотлох тушаал, хөдөлмөрийн гэрээ зэрэг холбогдох баримтыг хуульд заасан шаардлага хангасан хэлбэрээр шүүхэд ирүүлээгүй болно. 

Иймд дурдсан дүгнэлтүүдийн хүрээнд Ж.Базаррагчаагийн хөдөлмөрлөх эрх зөрчигдсөнийг сэргээж, урьд урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй. 

III
        Нэхэмжлэгчээс Архангай аймгийн Хотонт сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2016 оны 6-р сарын 13-ны өдрийн Б/28 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах шаардлага гаргасан боловч Ж.Базаррагчааг ажилд нь эгүүлэн тогтоосон тул Б/28 дугаартай тушаал нь цаашид эрх зүйн үр дагавар үүсгэхгүй бөгөөд дээрх шаардлага нь ажилд эгүүлэн тогтоолгох тухай шаардлагын үндэслэл болох учраас шүүх уг тушаалыг хүчингүй болгох шаардлагагүй байна. 
        Энэхүү нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх хэрэг тул улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуульд зааснаар чөлөөлөгдсөн бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хангасан тул ажлаас халагдсан шаардлага буюу үнэлэх боломжгүй шаардлагын улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж орон нутгийн төсвийн орлогод оруулах үндэслэлтэй байна. 

          Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан  Ж.Базаррагчааг Архангай аймгийн Хотонт сумын Ерөнхий боловсролын сургуулийн насан туршийн боловсролын багшийн ажилд эгүүлэн тогтоосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Архангай аймгийн Хотонт сумын Ерөнхий боловсролын сургуулиас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулсугай. 

    3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Т.БАДРАХ