Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2025/01555

 

    

 

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Д.Золзаяа, шүүгч О.Одгэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 192/ШШ2025/04258 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “*******” Сууц өмчлөгчдийн холбоонд холбогдох,

Ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах тухай хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч О.Одгэрэл илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагчийн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүлэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1.Миний бие 2024 оны 3 дугаар сард “*******” СӨХ-ийн гүйцэтгэх захирлын ажилд орсон. 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн өглөө хяналтын зөвлөлийн дарга *******залгаж, уулзах хэрэгтэй байна, маргааш ир, ирэхгүй бол хүүхдийн чинь сургууль дээр очиж ангид нь орж чамайг байгууллагын тамга, гэрчилгээг өгөхгүй байгаа талаар хэлнэ гэж хэлсэн. 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр нягтлангаас ажлаас халах шийдвэрийг хүлээж авсан.

1.2.Шийдвэр нь удирдах зөвлөлийн 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн хурлын тэмдэглэл, тогтоолыг үндэслэж, *******ын хүсэлтийн дагуу гэж дурдсан байсан. Миний бие ажлаас чөлөөлөгдөх хүсэлт илэрхийлж байгаагүй. Удирдах зөвлөлийн хурал болоогүй, хяналтын зөвлөлийн дарга *******хурал болсон мэтээр ****** шийдвэрт гарын үсэг зуруулсан гэж үзэж байна. Учир нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн тухай хуульд зааснаар удирдах зөвлөлийн тогтоолоор гүйцэтгэх захирлыг ажлаас чөлөөлдөг.

1.3.Гүйцэтгэх захирлаар ажиллаж байхад холбооны үйл ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулахыг шаардаж байсан, холбоо нь дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт үйлчилгээтэй холбоотой зардлыг үндэслэлгүйгээр өндөр тогтоох, оршин суугчдын авто зогсоолыг хууль бусаар эзэмшиж их хэмжээний орлого төвлөрүүлдэг байдлыг шийдвэрлүүлэхээр шүүхэд хандаж байсан зэрэг нь намайг ажлаас халах үндэслэл болсон гэж үзэж байгаа гэжээ.

 

2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1.Нэхэмжлэгч нь ажил үүргээ хангалтгүй гүйцэтгэж, холбооны гишүүд, оршин суугчдаас удаа дараа гомдол гаргаж байсан учраас 2024 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр холбооны үйл ажиллагаа, ажлын гүйцэтгэл үнэлэх тухай хуралдааныг хяналтын зөвлөл болон оршин суугчдын төлөөллийн хамт явуулж, хийгдээгүй ажилтай холбоотой тодруулахад нэхэмжлэгч нь “тийм байдлаар ажиллах боломжгүй, цаашид гүйцэтгэх захирлаар ажиллахгүй” гэх хариуг өгсөн учир 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл даалгасан ажлыг хийж гүйцэтгэх хугацаа тогтоосон.

2.2.Холбооны удирдах зөвлөлийн 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 60 хувийн ирцтэй удирдах зөвлөлийн хуралдаанаар *******ын ажлаас чөлөөлөгдөх саналыг үндэслэн түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.8.2-т заасныг зөрчөөгүй.

2.3.Нэхэмжлэгч нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан шийдвэрт 30 хоногийн дотор маргаан таслах зөвлөлд хандах байтал шүүхэд хандсан нь урьдчилан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 80 дугаар зүйлийн 80.1, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэг, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2021 оны А/192 дугаар тушаалаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 2 дугаар зүйлийн 2.1.1, 2.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч *******тай байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг үндэслэлгүйгээр цуцалсан болохыг тогтоож, хариуцагч “*******” СӨХ-өөс 11,443,547.8 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “*******” СӨХ-өөс 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******т, 198,046.8 төгрөгийг гаргуулж Төрийн сангийн 100200100941 дансанд нөхөн төлүүлж шийдвэрлэжээ.

 

4.Хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1.Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. “*******” СӨХ-ны 2024 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн Удирдах зөвлөлийн 2024/03/01 дугаар тогтоолоор *******ыг тус СӨХ-ны гүйцэтгэх захирлаар томилж, 5 жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ хийж сар тутам 1,500,000 төгрөгөөр цалинжуулахаар тохиролцсон.

4.2.2024 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр СӨХ-ны ...нэхэмжлэгч нь өөрөө цаашид гүйцэтгэх захирлаар ажиллах боломжгүй гэсэн хариултыг өгсөн. Хяналтын зөвлөлийн 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдааны тэмдэглэл болон даалгасан ажлын жагсаалт нь гүйцэтгэх захирал нэхэмжлэгч *******т эх хувиараа хадгалагдаж байгаа болно.

”*******” СӨХ-ны Удирдах зөвлөлийн гишүүд 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр "Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.8.2-т холбооны гүйцэтгэх захирлыг сонгох чөлөөлөх эрхийн хүрээнд *******ын гүйцэтгэх захирлаас чөлөөлөгдөх саналыг үндэслэн түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахаар шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгч ******* нь өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн болох нь түүний “*******” СӨХ-ны оршин суугчдын фейсбүүк группэд сар өдрөөрөө бичиж байсан постоор давхар нотлогдох болно.

4.3.“*******” СӨХ-ны удирдах зөвлөл хуульд заасан эрхийн хүрээнд гүйцэтгэх захирал *******тай байгуулсан гэрээг цуцалсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дүгээр зүйлийн 78.1.9, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.8.2-т заасныг зөрчөөгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй давж заалдах гомдол гаргаж байна гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1.Анхан шатны шүүх хэлэлцүүлгийн шатанд хэлж байсан тайлбаруудыг гомдолдоо дурдсан байдаг. Нэмэлтээр анхан шатны шүүх хэргийн материалд 10 дугаар сарын 01-ний өдөр Удирдах зөвлөл хуралдсан мэтээр Удирдах зөвлөлийн тогтоол гаргаж ирсэн байсан нь нотлох баримтын шаардлага хангахгүй гэж бодож байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх зөвхөн дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэв.

 

2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч “*******” Сууц өмчлөгчдийн холбоонд холбогдуулан ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулах, нөхөн гүйцэтгэх боломжгүй байна.

3.1.Маргааны зүйлд хамааралтай эрх бүхий албан тушаалтны шийдвэр буюу Сууц өмчлөгчдийн холбооны Удирдах зөвлөлийн даргын шийдвэр хэрэгт хуулбар хувиар авагдсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан хуулийн шаардлагад нийцээгүй байна.

3.2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа “... тухайн фэйсбүүкийн группд үзлэг хийлгэх хүсэлт гаргана...” гэж дурдагдсан байхад үүнийг шүүхээс тодруулаагүй маргааныг шийдвэрлэсэн нь буруу болжээ.

3.3.Нэхэмжлэгч “...өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаагүй, Удирдах зөвлөл хуралдаагүй байхад 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хуралдсан мэтээр бичиж Удирдах зөвлөлийн даргын шийдвэрийг гаргасан” гэж, хариуцагч нь “...холбооны гүйцэтгэх захирлын ажил үүргээ хангалтгүй гүйцэтгэж оршин суугчдаас удаа дараа гомдол ирсэн, 2024 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн хурлаар цаашид ажиллах боломжгүй талаараа нэхэмжлэгч хэлсэн, фэйсбүүк группд удаа дараа ажлаас чөлөөлөгдөх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн” гэж тус тус тайлбарласан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар “зохигчийн тайлбар” нотлох баримтад тооцогдох хэдий ч дээрх байдлаар маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүйгээс хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд давж заалдах шатны шүүхээс үйл баримтад дүгнэлт өгч, хэргийг шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал тогтоогдож байна.

Тодруулбал, анхан шатны шүүх маргааныг шийдвэрлэхдээ зөвхөн зохигч талуудын гаргасан тайлбарт үндэслэн шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт нийцэхгүй байна. Талуудын тайлбарыг эсрэг тал нь маргаагүй тохиолдолд хэрэгт цугларсан бичгийн баримтаар эргэлзээгүй тогтоогдож байж шүүхийн шийдвэрийн үндэслэл болох атал анхан шатны шүүх талуудын маргаантай үйл баримтыг талуудын тайлбарыг үндэслэн шийдвэрлэсэн алдааг залруулах боломжгүй.

 

4.Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй хэмээн шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 192/ШШ2025/04258 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 198,047 /70,200+127,847/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

                                            ШҮҮГЧИД                                   Д.ЗОЛЗАЯА

 

О.ОДГЭРЭЛ