| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Ариунхишиг |
| Хэргийн индекс | 105/2019/1155/Э |
| Дугаар | 1184 |
| Огноо | 2019-07-26 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Э.Намуун |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 26 өдөр
Дугаар 1184
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа, улсын яллагч Э.Намуун, шүүгдэгч С.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Намуунаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт М овогт С С холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 01085 1469 дугаартай хэргийг 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч С.С нь 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Бүгд Найрамдах Солонгос улсын виз гаргана гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж иргэн Ц.Г Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны бэлэн мөнгөний машинаас 3.300.000 төгрөг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.С мэдүүлэхдээ: “…Би Гэсэр эгчтэй уулзсан. Би Солонгосын их сургуульд сурч байсан. Би сургуультайгаа холбогдоод Гэсэр эгчийн хүүхдийг оруулж өгнө гэсэн боловч хүүхдийнх нь оноо хүрээгүй. Би боломжгүй боллоо гэж хэлээд 800.000 төгрөгийг буцааж өгсөн. Тэгээд үлдэгдлийг нь өгч амжаагүй.” гэв.
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 5/, Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл /хх-6/, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоор Ц.Г мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 12-15/, мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар С.С мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 47-49/, “Хаан банк”-ны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-н 8-10/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 38/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 41/, хохирол төлсөн баримт /хх-н 72/, зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Намуунаас шүүгдэгч С.С нь 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Бүгд Найрамдах Солонгос улсын виз гаргана гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж иргэн Ц.Г Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны бэлэн мөнгөний машинаас 3.300.000 төгрөг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүхээс шүүгдэгч С.Сод-Эрдэнийг 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Ц.Г Солонгос улс руу сургуульд явуулж өгнө гэж 3.300.000 төгрөг шилжүүлэн авч залилсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Г өгсөн: “...Манай эхнэр 2017 онд өөрийн хамт ажилладаг хүн болох С.С нь Солонгос улс руу хүн гаргадаг гэж байна гээд бид хоёр хоорондоо хүү Б сургуульд явуулах талаар ярилцсан. Тэгээд бид хоёр хүүхдээ явуулахаар болоод манай эхнэр хүү хоёр 2017 оны намар С уулзсан. Тэгээд визэнд орно тэрний тулд 3.000.000 төгрөг хэрэг болно гэж хэлсэн. Тэгээд бичиг баримт бүрдүүлэхэд мөнгө хэрэг болно гээд 300.000 төгрөг авсан ба тэр мөнгийг би 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах АТМ-с шилжүүлсэн. Тэрнээс хойш визний мөнгө болох 3.000.000 төгрөгийг бид хоёр хувааж өгсөн ба эхлээд 1.000.000 төгрөг дараа нь 2.000.000 төгрөгийг Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах АТМ-с шилжүүлсэн." гэх мэдүүлэг /хх-н 12-13/,
Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар С.С өгсөн: "…." гэх мэдүүлэг /хх-н 48-49/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.
Иймд шүүхээс шүүгдэгч С.С 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж иргэн Ц.Г 3.300.000 төгрөг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах нь үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Хохирогч Ц.Г 3.300.000 төгрөгийг хохирол учирсанаас шүүгдэгч 2.300.000 төгрөгийг төлж, үлдэгдэл 1.000.000 төгрөг төлөгдөөгүй байгаа гэх /хх-н 73/ тул шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүхээс шүүгдэгч С.С ял шийтгэл оногдуулахдаа ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч С.С Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 471 дугаартай Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн болохыг дурдав. /хх-н 53-58/
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М овогт С С бусдыг хуурч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.С 720 /долоон зуун хорь/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.С нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын ажлын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар сарын 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч С.С 1.000.000 /нэг сая/ төгрөгийг гаргуулж хохирогч Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Ар согоот 1-3 тоотод оршин суух Б овогт Ц Г /РД:ЧЖ72033118/-т олгосугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.С авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.