| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунчимэг Одгэрэл |
| Хэргийн индекс | 182/2024/06376/И |
| Дугаар | 210/МА2025/01601 |
| Огноо | 2025-09-19 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 19 өдөр
Дугаар 210/МА2025/01601
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, шүүгч О.Одгэрэл нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “*******” ТБАГ-т холбогдох,
2024 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн Б/90 тоот тушаалыг хүчингүй болгож, Улаанбаатар хотын *******даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, нэмэлт цалин хөлс болох ТҮМ-9 албан тушаалын зэрэглэлийн сар бүр олгох 40 хувийн цалин 648,480 төгрөгийг ажлаас чөлөөлсөн тушаал гарсан өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл тооцон гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч О.Одгэрэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******, *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******, хариуцагчийн өмгөөлөгч ******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүлэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1.******* миний бие “*******” /ЦУОШГ/-ын харьяа *******д архив, мэдээллийн дэд сангийн технологич инженерээр ажилладаг. ЦУОШГ-ын даргын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/125 тоот тушаалаар Улаанбаатар хотын *******даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс томилогдож, 2024/02 тоот хөдөлмөрийн гэрээг байгуулсан. Гэрээний 1.6-т зааснаар Улаанбаатар хотын *******даргыг сонгон шалгаруулалтаар томилогдох хүртэл ажиллахаар гэрээнд заасан, гэрээ хүчин төгөлдөр хэрэгжиж байсан.
1.2.Гэтэл 2024 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн Б/90 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2 дахь заалтыг үндэслэл болгож намайг төвийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн ажлаас хувийн сонирхлоор чөлөөлсөн. Намайг гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болохыг тогтоосон төрийн байгууллага, хяналт шалгалт, хууль, шүүхийн шийдвэр огт гараагүй. Байгууллагын үйл ажиллагаанд хийсэн аудитын дүгнэлтээр “******* нь хэвийн ажиллаж байгаа” гэж дүгнэлт гарсан.
1.3.2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Байгаль орчны яамны Төрийн албаны салбар зөвлөлөөс зарласан сонгон шалгаруулалтад ******* бид хоёр шалгуур үзүүлэлт хангаагүй шалтгаанаар шалгалт цуцлагдсан. Улаанбаатар хотын *******даргын сонгон шалгаруулалт явагдаагүй, зарлагдаагүй байхад намайг ажлаас чөлөөлж, өөрийн хамаарал бүхий *******ыг төвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон. *******“яамнаас хурдан чамайг соль гэж хэлсэн, чамд боломж олгоё, ******* гэдэг хүнийг хэлтсийн даргаар ажилд авах талаар бодоод хариу өгөөрэй” гэж хэлж байсан. Би боломжгүй гэсэн тайлбарыг өгсөн. Миний бие төвийн даргын сонгон шалгаруулалтад тэнцэж томилогдсон хүнд нь ажлаа хүлээлгэж өгөхөд бэлэн гэдгээ илэрхийлж байсан.
1.4.Ажил олгогч Б/90 тоот тушаалыг хамт олны дунд амаар тайлбарлахдаа ******* ажиглалтын мэдээ хоцроосон, буруу дамжуулсан, үүрэг даалгавар биелүүлээгүй, албан бичгээр болон албан ёсны хурлын протоколоор өгсөн үүрэг даалгавар байхгүй гэх мэт нотолгоо баримтгүй үндэслэлүүдийг дурдсан.
Иймд миний бие дээрх үндэслэлүүдийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул 2024 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн Б/90 дугаар тушаалыг хүчингүй болгож, Улаанбаатар хотын *******даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, нэмэлт цалин хөлс болох ТҮМ-9 албан тушаалын зэрэглэлийн сар бүр олгох 40 хувийн цалин 648,480 төгрөгийг ажлаас чөлөөлсөн тушаал гарсан өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл тооцон олгож өгнө үү гэжээ.
2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
2.1.Тухайн байгууллагыг төсөв захирагчгүй байлгаж болохгүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасны дагуу тус төвийн Архив, мэдээллийн дэд сангийн ерөнхий технологич инженер *******тай харилцан тохиролцож Улаанбаатар хотын *******даргын албан үүргийг давхар хавсран түр гүйцэтгүүлэхээр 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/125 дугаар тушаал гарсан.
2024 оны Б/90 дугаар тушаалаар *******ыг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалаас нь чөлөөлөөгүй тэрээр Архив, мэдээллийн дэд сангийн ерөнхий технологич инженерээр одоо ажиллаж байна.
2.2.Удирдах албан тушаалд ажилласан туршлага байхгүй хүнд хавсран гүйцэтгүүлсэн тул салбар зөвлөлөөс сонгон шалгаруулалт зарлаж Улаанбаатар хотын *******даргын сул орон тоонд *******, ******* нар бүртгүүлсэн боловч ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан “гурваас доошгүй жилийн хугацаанд удирдах албан тушаал хашсан байх” шалгуурыг аль нь ч хангаагүй учир шалгалтад орж чадаагүй, сул орон тоог сонгон шалгаруулалтаар нөхөж чадаагүй. Тус төвийн даргын албан тушаал нь төрийн үйлчилгээний албан тушаал хэдий ч удирдах албан тушаалын хувьд төрийн захиргааны дэс түшмэлд тавигдах шаардлага хангагдсан байх шаардлагатай байдаг.
2.3.******* төвийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэж байх хугацаандаа Багануур өртөөний дарга *******ийн гаргасан нэхэмжлэлийн дагуу шүүхийн шийдвэрийг биелүүлж 12,000,000 төгрөгийг олгохдоо нийгмийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татварын суутгалаа аваагүй, ажилтанд хагас жилийн үр дүнгийн урамшуулал олгохдоо төвийн даргын тушаалгүй олгосон, хэлтсийн дарга ******* тушаалгүй ажиглагчаар Хан-Уул өртөөнд ажиллуулахдаа хэлтсийн даргын цалинг олгосон, хийн генераторч *******ы хортой нөхцөлийн нормын сүүний мөнгийг 2024 онд огт олгоогүй, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмаа шинэчлэхдээ албан хаагчдад мэдэгдээгүй, танилцуулаагүй, санал аваагүй зэрэг зөрчлүүд гаргасан.
2.4.******* 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр, 2024 оны 7 дугаар сарын 04-ний өдөр өргөдөл гаргахдаа эрүүл мэндийн шалтгаанаар эмчлүүлж байгаа талаар дурдсан байсан тул ажлын ачаалал нь *******ын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй нөхцөл байдал бий болсон.
Иймд ажлын ачааллыг арилгах, Улаанбаатар хотын *******үйл ажиллагааг сайжруулах, хүний нөөцийг бэлтгэх гэсэн шалтгааны улмаас маргаан бүхий тушаалыг гаргаж хавсран гүйцэтгэж байсан ажил үүргээс нь чөлөөлсөн тул түүний хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөөгүй гэж үзэж байна.
Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1-д заасныг баримтлан хариуцагч “*******” УТҮГ-т холбогдох ******* даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2024 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн Б/90 дугаар тушаалыг хүчингүй болгож, Улаанбаатар хотын *******даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, нэмэлт цалин хөлс болох ТҮМ-9 албан тушаалын зэрэглэлийн сар бүр олгох 40 хувийн цалин 648,480 төгрөгийг ажлаас халсан тушаал гарсан өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл тооцон олгуулах тухай нэхэмжлэгч *******ын гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, нэхэмжлэгчийн 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн улсын тэмдэгтийн хураамжийн ******* дугаар данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
4.Нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
4.1.Нэхэмжлэгч би ажил олгогчтой 2024/02 тоот Хөдөлмөрийн гэрээ байгуулж, гэрээ болон ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ алдаа дутагдалгүй гүйцэтгэж байсан. *******дарга хууль бус тушаал өгөхөд би биелүүлээгүй тул намайг чөлөөлсөн. Мөн ээлжийн амралтаар амраасан байхад хүчээр ажил хүлээж авсан.
4.2.Шүүх “2024 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн Б/90 дугаар тушаалаар хавсран гүйцэтгэж байсан түр орлон гүйцэтгэгчийн албан үүргээс чөлөөлөгдсөн, энэ талаар талууд маргаагүй" гэж дүгнэсэн нь нэхэмжлэл, түүний шаардлагыг шийдвэрлээгүй, маргааны үйл баримтыг үнэн зөв тогтоогоогүй. Мөн цаг хугацааны хувьд маргаанд хамааралгүй сүүлд 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр батлагдсан Хөдөлмөрийн дотоод журмыг хууль бусаар тайлбарлан бичсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй.
Зохигчдын хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 1.6-д “төвийн даргыг сонгон шалгаруулалтаар томилох хүртэл” гэж гэрээний хугацааг заасан байтал шүүх хөдөлмөрийн гэрээг үнэлээгүй. Мөн Хөдөлмөрийн тухай хуульд үндсэн болон түр ажлын байранд хөдөлмөрийн гэрээний хугацааг ялгавартайгаар хэрэглэх талаар заагаагүй байхад шүүх өөрийн санаачилгаар гэрээний заалтыг хуулиас гадуур тайлбарлан дүгнэсэн.
4.3.Улаанбаатар хотын Ус, цаг уур орчны шинжилгээний төвийн даргын албан тушаалд “удирдах албан тушаалд гурваас доошгүй жил ажилласан байх” тусгай шаардлага тавигдсан. Албан тушаалын тодорхойлолтод заагдсан дээрх тусгай шаардлагыг нэхэмжлэгч болон шинээр томилогдсон ******* хэн хэн нь хангаагүй тул сонгон шалгаруулалт дахин зарлаагүй гэж нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлдээ, хариуцагч энэ тухай хариу тайлбартаа мөн адил дурдсан байхад шүүх үүнийг нотлох баримтаар үнэлээгүй.
4.4.Шүүх "Хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан *******ыг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон, Хөдөлмөрийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасныг баримтлан *******ыг сэлгэн ажиллуулахаар тус тус шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй, Хөдөлмөрийн дотоод журамтай нийцсэн, ажил олгогчид хуульд олгогдсон эрхийн хүрээнд хийгдсэн ажиллагаа" гэж шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 10-т дүгнэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийг буруу хэрэглэсэн. Хэрэг маргаан нэхэмжлэлийн үндэслэл шаардлагыг ойлгоогүй төдийгүй нэхэмжлэгчийн ажилд авсан тушаалд маргаагүй байхад маргасан мэтээр дүгнэсэн нь шүүгч шийдвэрийнхээ үндэслэлийг үнэн зөв тодорхойлж чадаагүй.
4.5.Мөн “...тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2-ыг үндэслэн гаргасан учир дутагдалтай байх боловч уг шийдвэр гарснаар нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж эрх ашгийг нь зөрчсөн гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов” гэж дүгнэсэн.
Ийнхүү анхан шатны шүүх ажлаас халсан тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2-г баримталсан нь учир дутагдалтай гэж дүгнэсэн атлаа маргааныг өөрөөр шийдвэрлэсэн. Ажилтан ажилдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон үйл баримт, шийдвэр, дүгнэлт аливаа баримт байхгүй байхад ажлаас халсан тушаал гаргасан нь өөрөө хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл юм. Нэгэнт тушаалд хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн бол тухайн тушаалыг хууль зөрчсөн, алдаатай тушаал болохыг дүгнэх эрх хэмжээний газар бол шүүхийн байгууллага өөрөө юм. Гэтэл хууль зөрчсөн гэж дүгнэсэн атлаа илт худал дүгнэлтүүдийг шүүхийн шийдвэрийн үндэслэлд заасан байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгнө үү гэжээ.
5.Хариуцагч талын давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:
5.1.2024 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн Б/90 тоот тушаалын гол зорилго нь Улаанбаатар хотын *******үйл ажиллагааг сайжруулах үндэслэл байсан. Нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасны дагуу түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалд хавсран гүйцэтгэгчээр томилогдоод ажиллаж байсан.
Нэхэмжлэгч ажил олгогчид тайлбарлахдаа төвийн дарга, технологич, архив бичиг хэргийн ажлаа өөрөө хийдэг байсан гэдэг. Энэ хүний гол зорилго удирдлага зохион байгуулалтын чиг үүргээ хангах зорилготой боловч олон ажлыг өөрөө давхар хийгээд байна гэдэг зүйлийг хэлдэг байсан. Нөгөө талаас олон ажил давхар хийгээд байхаар бие, эрүүл мэнд өвчтэй байна гэдэг шалтгаан ярьж хэд хэдэн удаа чөлөө авч байсан, үүнийг ажил олгогч харгалзсан.
Ажлын ачаалал нь нэмэгдээд хавсарч байсан “даргын түр орлон гүйцэтгэгч”-ийн ажлын байрыг болиулсан болохоос биш үндсэн ажил албан тушаалд нь хэвээр хадгалж ажиллуулж байгаа. Иймд тухайн нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрх нь зөрчигдсөн асуудал яригдах боломжгүй.
5.2.Хөдөлмөрийн гэрээгээр “төвийн даргыг сонгон шалгаруулах хүртэл хугацаанд” гэж гэрээний хугацааг тодорхойлсон. Гэхдээ сонгон шалгаруулалт зарласан ч ******* ******* хоёр шаардлага хангаагүйгээс цуцлагдсан. Тус төвийн даргын албан тушаал өөрөө төрийн үйлчилгээний удирдах албан тушаал бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 240 дүгээр тогтоол, Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн төрийн үйлчилгээний удирдах албан тушаалыг төрийн захиргааны албан тушаалтай адилтган авч үзэх тухай тушаал зэргээс үзвэл төрийн захиргааны албан тушаалд ажиллаж байсан байх шаардлага тавигддаг. Нэгэнт шаардлага хангасан хүн олдоогүй тул ажил олгогч шийдвэрээ гаргасан.
5.3.Мөн *******ыг ажиллах явцад байгууллагын хэвийн үйл ажиллагаа алдагдаж, алдаа их гарч байсан. Шүүхийн шийдвэрээр орсон ажилтны нийгмийн даатгалын шимтгэлийн суутгалыг аваагүй, ажилтанд үр дүнгийн урамшуулал олгохдоо тушаал шийдвэр гаргаагүй, хэлтсийн дарга н.Нямчулуун гэдэг хүнийг өөр ажил буюу цаг уурын ажиглагчаар өртөөнд ажиллуулахдаа Хэлтсийн даргын цалин хөлсийг олгосон, хүнд нөхцөлд ажиллаж байгаа хүмүүст олгох ёстой мөнгийг нь өгөхгүй байна гэсэн гомдол ирдэг. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.1-д заасны дагуу ажил олгогч бүрэн эрхийн хүрээнд *******ыг томилж *******ыг даргын түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлсөн.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч “*******” ТБАГ-т холбогдуулан 2024 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн Б/90 тоот тушаалыг хүчингүй болгож, Улаанбаатар хотын *******даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, нэмэлт цалин хөлс болох ТҮМ-9 албан тушаалын зэрэглэлийн сар бүр олгох 40 хувийн нэмэгдэл 648,480 төгрөгийг ажлаас чөлөөлсөн тушаал гарсан өдрөөс хойш шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаагаар гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3.Анхан шатны шүүх дараах үйл баримтыг зөв тогтоосон. Үүнд:
3.1.Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/125 тоот тушаалаар: Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 43 дугаар зүйлийн 43.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь хэсгийг баримтлан Улаанбаатар хотын *******Архив, мэдээллийн дэд сангийн ерөнхий технологич инженер ажилтай *******ыг тус төвийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн томилж, улмаар түүнтэй 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр “төвийн даргыг сонгон шалгаруулалтаар томилох хүртэл” хугацаагаар хөдөлмөрийн гэрээг байгуулжээ. /хх 8, 9-10/
3.2.Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын 2024 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн Б/90 тоот тушаалаар: Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9, 80 дугаар зүйлийн 80.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Улаанбаатар хотын *******үйл ажиллагааг сайжруулах шаардлагатай тул *******ын хавсран гүйцэтгэж байгаа тус төвийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээс 2024 оны 9 дүгээр сарын 04-ний өдрөөр тасалбар болгон чөлөөлжээ. /хх 18/
4.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, уг алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй байна.
Анхан шатны шүүх нэхэмжлэгч *******ын гаргасан 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн нэхэмжлэлийг шүүх хүлээн авч, 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 182/ШЗ2024/18557 дугаар шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэж, улмаар маргааныг 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн нь буруу болжээ.
4.1.Тодруулбал: Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн “Иргэний болон захиргааны хэргийн харьяаллыг зааглахтай холбоотой Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг тайлбарлах тухай” 25 дугаар тогтоолын тайлбарлах нь хэсгийн 3-т Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т заасан "... бусад байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа болон тэдгээрийн гаргасан захиргааны актын талаар гаргасан гомдол" гэдгийг иргэний хэргийн шүүх хэрэглэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.1.1 дэх заалтын ... аж ахуйн нэгж, тэдгээрийн албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаанд хуульд заасны дагуу гаргасан гомдол"-ыг хянан шийдвэрлэхэд Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2, 14.1.3-т заасан төрийн үйлчилгээний байгууллагын дарга, захирал, эрхлэгч (эрх баригч)-ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг үүсгэсэн, өөрчилсөн, дуусгавар болгосон талаарх гомдол иргэний хэргийн шүүхэд харьяалагдахгүй тул шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж тайлбарласан. Зарим төрлийн маргаанд шүүхийн харьяаллыг заагласан дээрх тогтоолыг 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр уг тогтоолын 5-д заажээ.
4.2.Нэхэмжлэгч *******ын эрхэлж байсан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох “*******”-ын харьяа Улаанбаатар хотын *******даргын албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.3-т заасан төрийн үйлчилгээний удирдах албан тушаал /эрх баригч/-д хамаарах болох нь дараах байдлаар тогтоогдож байна. Үүнд:
4.2.1.Хэрэгт авагдсан албан тушаалын тодорхойлолтод “төвийн дарга, албан тушаалын ангилал зэрэглэлийн хувьд ТҮ-11”-д хамаарахаар, албан тушаалын зорилгод “байгууллагыг удирдах, гүйцэтгэлийн үр дүнг газрын даргын өмнө хариуцах”-аар, албан тушаалын гүйцэтгэх чиг үүргийн 1.2-т “хүний нөөцийн бодлогыг хэрэгжүүлэх... тогтвортой ажиллуулах”-аар, 1.6-д “байгууллагын төсөв санхүүгийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах”-аар, албан тушаалд шууд харьяалах ажилтан, албан хаагчийн тоо “нийт 50 хүн” байхаар тус тус заасан байна. /хх 35-39/
4.2.2.Хэргийн 81, 82, 86-88 дахь талд авагдсан төрийн сангаас гүйлгээ хийлгэхийг хүссэн төлбөрийн хүсэлт дэх баримтуудад “дарга *******” гэж тусгагдсан байгаагаас үзвэл нэхэмжлэгч Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.38, 16 дугаар зүйлийн 16.4.18 дахь хэсэгт зааснаар тухайн байгууллагынхаа төсвийн шууд захирагч бөгөөд мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт зааснаар үр дүнгийн гэрээ байгуулдаг этгээд болох нь тогтоогдож байна.
4.2.3.Улаанбаатар хотын *******даргын албан тушаалыг Төрийн албаны тухай хуулийн дагуу сонгон шалгаруулалтын журмаар томилогддог албан тушаал гэдэгт зохигч хэн аль нь маргаагүй байна.
Дээрх байдлаас дүгнэвэл Улаанбаатар хотын *******дарга нь байгууллагынхаа хэмжээнд ажилтнуудыг томилох, чөлөөлөх, сахилга хариуцлага ногдуулах, тэдгээрийн ажил үүргийг хуваарилах, цалин хөлс, урамшууллын асуудлыг шийдвэрлэх зэрэг эрх хэмжээтэй болох нь хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар тогтоогдож байна. Энэ нь төрийн үйлчилгээний байгууллагын эрх баригч болохыг нотолно.
4.3.Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгчийн тогтоолгохыг хүссэн албан тушаалын онцлог, эрх зүйн байдлыг бүрэн тодруулаагүйгээс Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 25 дугаар тогтоолыг дагаж мөрдөж эхэлснээс хойш даруй хоёр сар гаруйн дараа иргэний хэргийн журмаар хянан шийдвэрлэх ажиллагаанд хамаарахгүй нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэж, улмаар хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасан хэргийн харьяаллыг зөрчжээ.
Хэргийг хурдан шуурхай шийдвэрлэх, процессын хэмнэлттэй байх зарчим нь хэргийн харьяалал зөрчсөн энэ байдалд хамаарах учиргүй.
5.Иймд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1-д зааснаар хэргийн харьяалал зөрчсөн тул мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
6.Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэгчийн гаргасан “шүүх Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас үнэлж чадаагүй” талаарх давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт өгөөгүйг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 191/ШШ2025/04537 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар *******ын нэхэмжлэлтэй, “*******” ТБАГ-т холбогдох 2024 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн Б/90 тоот тушаалыг хүчингүй болгож, Улаанбаатар хотын *******даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, нэмэлт цалин хөлс болох ТҮМ-9 албан тушаалын зэрэглэлийн сар бүр олгох 40 хувийн цалин 648,480 төгрөгийг ажлаас чөлөөлсөн тушаал гарсан өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаанд тооцон гаргуулах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ
О.ОДГЭРЭЛ