| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сономдовчингийн Энхтөр |
| Хэргийн индекс | 101/2016/10559/и |
| Дугаар | 1794 |
| Огноо | 2016-10-26 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 10 сарын 26 өдөр
Дугаар 1794
Ч-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Т.Туяа, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2016 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 101/ШШ2016/05529 дүгээр шийдвэртэй,
Нэхэмжлэгч Ч-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч Х.Г-д холбогдох
Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 394 375 150 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,
Хариуцагч Х.Г-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бүгд Найрамдах Хятад Ард улсын иргэн C.W нь Монгол улсын иргэн Х.Г-тай тохиролцон өөрийн өмчлөлийн труба, квадрат, лист булан зэрэг бараа материалыг 2014 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээгээр 866 482 юанийн барааг, энэ байгуулагдсан гэрээнээс хойш нэмж 2014 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 241 300 юанийн барааг, 2014 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 122 862 юанийн бараа материалыг Х.Г-ын тээвэрлэгч н.П-аар дамжуулан тус тус өгсөн бөгөөд нийт 1 229 644 юанийн бараа материалыг хүлээлгэн өгсөн байна. Дээрх хүлээн авсан материалын төлбөрийг 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 2 талаас тооцоо нийлэн 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцсон ба дээрх төлбөрийг тохирсон хугацаандаа төлөхгүй тохиолдолд 2 хувийн хүүг төлөхөөр 2 талаас хүлээн зөвшөөрсөн. Х.Г нь дээрх бараа материалыг хүлээн авснаас хойш худалдаж авсны төлбөрөөс нэг ч төлөлтийг төлөөгүй. Ч.В-д учруулсан хохирол болох 1 229 644 юанийн буюу 386 624 660 төгрөг, түүний 2 хувийн хүү болох 7 732 490 төгрөг, нийт 394 375 150 төгрөгийг Х.Г ас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.А , Х.Г нарын хооронд эрх зүйн харилцаа үүсээгүй тул тэрээр уг төлбөрийг шаардах эрхгүй. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжгүй юм гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Х.Г ас 386 624 660 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Бүгд Найрамдах Хятад Ард улсын иргэн Ч.В-д олгож, нэхэмжлэлээс 7 732 200 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 129 825 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 2 091 723 төгрөг гаргуулж, нэхмэжлэгчийн төлөөлөгч Ч.А т олгож шийдвэрлэжээ.
Хариуцагч Х.Г давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. 386 624 660 төгрөг төлөхийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрсөн гэжээ. Миний бие хэн нэгэнд итгэмжлэл олгоогүй тул уг дүгнэлт үндэслэлгүй байх бөгөөд 386 500 000 төгрөг төлөх ёстой байх тул 124 660 төгрөг илүү төлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Нэхэмжлэгч Ч.В-д хэргийн материал танилцуулах тухай шүүгчийн захирамж биелэгдээгүй, нэхэмжлэл гаргаагүй байхад түүний гаргасан гэх нэхэмжлэлийг хянан хэлэлцсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил болно гэжээ.
ХЯНАВАЛ:
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан шаардлагын дагуу үнэлээгүйгээс тухайн маргааныг зохицуулсан Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүй байна.
Нэхэмжлэгч Ч.В нь хариуцагч Х.Г-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 394 375 150 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн ба анхан шатны шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа 7 732 490 төгрөгөөр багасгаж, 386 624 660 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилжээ. /хэргийн 83 дугаар тал/
Хариуцагч Х.Г 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардаж авсан боловч хариу тайлбар гаргаагүй байх бөгөөд харин түүний өмгөөлөгч Г.Н 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр гаргасан тайлбартаа үндсэн төлбөрийг зөвшөөрч, хүү төлөхийг зөвшөөрөхгүй гэжээ. /хэргийн 10, 16 дугаар тал/
Нэхэмжлэгч Ч.В нь Ч.А т өөрийгөө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бүрэн төлөөлж оролцох эрх бүхий итгэмжлэлийг 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр олгосны дагуу тэрээр түүний нэрээр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь талуудын хооронд 2014 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 241 300 юанийн, 2014 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 122 862 юанийн, 2014 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 866 482 юанийн барилгын материал худалдах-худалдан авах гэрээ байгуулагдаж, хариуцагч нийт 1 229 644 юанийн төлбөрийг төлөөгүй гэснийг хариуцагч үгүйсгэсэн тайлбар, нотлох баримтыг шүүхэд гаргаж мэтгэлцээгүй байна. /хэргийн 5 дугаар тал/
Иймээс нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар “Худалдах-худалдан авах гэрээ”-ний төлбөрийг хариуцагчаас шаардах эрхтэй юм.
Хариуцагч нь дээрх төлбөрийг 2015 оны 8 дугаар сарын 15-ны дотор төлж дуусгах талаар 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдөр бичгийн баримт үйлдсэн байгааг үндэслэн анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.1 дэх хэсэгт заасан “Тооцоо нийлэх гэрээ” байгуулагдсан гэж дүгнэж, хэргийг шийдвэрлэсэн нь буруу болжээ. /хэргийн 6 дугаар тал/
Хариуцагчийн дээрх төлбөр төлөх баримтыг үйлдсэн өдөр буюу 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн Монгол банкны ханшаар 1 юанийг 314.42 төгрөгөөр тооцож, 1 229 644 юань буюу 386 624 660 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 217 дугаар зүйлийн 217.1, 218 дугаар зүйлийн 218.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсгийг зөрчөөгүй байна.
Харин давж заалдах шатны шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсан 124 660 төгрөгийн хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж, шийдвэрт өөрчлөлт оруулахад татгалзахгүй гэсэн тул шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнгийн хэмжээнд тус тус өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 101/ШШ2016/05529 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар 386 500 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Ч.В-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7 856 860 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,
2 дахь заалтын “2 091 723” гэснийг “2 090 450” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Х.Г-ын төлсөн 4 500 төгрөгийг тус шүүхийн шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ
ШҮҮГЧИД Т.ТУЯА
С.ЭНХТӨР