Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2025/01602

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, шүүгч О.Одгэрэл нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 192/ШШ2025/05582 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******т холбогдох,

Орон сууц худалдан авахаар шилжүүлсэн 45,000,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч О.Одгэрэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүлэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1.*******ын эхнэр *******ын дүүгийн нөхөр ******* нь 2022 онд үнэ хямд боломжийн байр байгаа талаар хэлж, өөрийн танил болох ******* гэх хүнтэй танилцуулсан. Ингээд ******* нь Хан-Уул дүүргийн яармагт байрлах Буянт-Ухаа хороололд хямд үнэтэй хоёр өрөө байр удахгүй сул гарах гэж байгаа талаар надад хэлсэн.

******* урьдчилгаа мөнгөө шилжүүлээд үлдэгдлээ байрандаа орохдоо төлөөд гэрчилгээгээ авах боломжтой гэхээр нь 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдөр *******ийн Хаан банкны ******* тоот дансанд 45,000,000 төгрөг шилжүүлсэн. Үүнээс хойш удаа дараа байрандаа орох талаар хэлсэн боловч худалдах боломжгүй болсон учраас мөнгийг тань эргүүлж өгнө гээд өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг өгөөгүй. Иймд хариуцагчаас байр худалдан авахаар шилжүүлсэн 45,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. ******* гэдэг хүн энэ асуудлуудаас гадна өөр олон байрны мөнгө авсан асуудлаар цагдаад шалгагдаж байгаад амиа хорлосон юм билээ гэв.

 

2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1.Миний хувьд ******* гэдэг хүнийг нэг ч удаа харж байгаагүй танихгүй. Би өөрийн байрыг худалдана, нэмж мөнгө авна гэж хэлсэн удаа байхгүй. Бид хоёрын дунд хийсэн гэрээ хэлцэл байхгүй.

Харин 2022 оны 6 дугаар сарын сүүлээр ******* гэдэг эмэгтэй холбогдоод Буянт-Ухаа 2 хороололд зорилтот бүлгийнхэнд зориулсан квотын байна гэж зөвлөсний дагуу ******* гэж залууд энэ саналыг тавьсан. Ингээд ******* квотын байрыг авъя гээд мөнгөө шилжүүлэхээр болсон.

2.2.******* чи өөрийн дансаараа аваад над руу шилжүүлээд өгөөч гэж гуйсан тул итгээд зөвшөөрч 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдөр өөрийн Хаан банкны 508516229 тоот дансаар тухайн байрны мөнгийг шилжүүлэн авч, *******ын Хаан банкны өөрийнх нь данс болоод түүний шилжүүл гэсэн данс руу нийт 52,800,0000 төгрөг шилжүүлсэн. Үүний 45,000,000 төгрөг нь *******ийн мөнгө болно.

2.3.******* нь ******* дугаар байр, 2 өрөө байрны түлхүүр өгч *******ийг амьдруулсан. *******ийн хадам эгч *******байрны гэрчилгээ яагаад гарахгүй байна вэ гэж холбогдсон. Тэгээд би *******ын дугаарыг *******д өгсөн. Байрны гэрчилгээ удахгүй гарна, *******ийнхийг байранд нь амьдруулж байгаа биз дээ хүлээж байгаад байраа авах хэрэгтэй байна гээд ******* хугацаа товлон амлалт өгдөг байв. *******тай 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Хууль зүйн яамны тэнд уулзсан. Анх удаа тэгэхэд би *******гэдэг хүнтэй уулзсан. Энэ үед тэдний ярианаас 45,000,000 төгрөгөөс гадна дахиад 38,000,000 төгрөгийг ******* нь *******аас авсан байсныг сүүлд мэдсэн. ******* би мөнгийг чинь өгнө гээд уулзалт дууссан.

Маргааш нь *******утсаар ярихдаа би 38,000,000 төгрөгөө авлаа, 45,000,000 төгрөгөө үлдээлээ, хүлээж байгаад байраа авчихмаар байна гэсэн. Би бүх мөнгөө авах юм байна гэж уулзалтын үеэр ойлгосон байсан ч *******бодлоо өөрчилж байраа хүлээж байгаад авахаар шийдсэн байсан. Энэ асуудал чамд ямар ч хамаагүй, бид хоорондоо тохиролцсон бүтсэн гэж хэлдэг байв. *******ийнх 2025 оны 1 дүгээр cap хүртэл 1017 дугаар байрны 2 өрөө байранд амьдарч байсан.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******ээс 45,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******од олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 382,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ээс улсын тэмдэгтийн хураамжид 382,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******од олгож шийдвэрлэжээ.

 

4.Хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1.Анхан шатны шүүх хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэлээ. Орон сууц худалдан авах зорилгоор *******нь 45,000,000 төгрөгийг нэхэмжлэгч *******ын дансаар дамжуулан миний банкны харилцах данс руу шилжүүлснийг би дамжуулан *******ын данс руу шилжүүлсэн.

Баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-40.3 дахь хэсэгт зааснаар үнэлээгүй. Дансны хуулга болон утасны мессеж, фейсбүүк захидал зэрэг нотлох баримтыг үнэлсэнгүй. 45,000,000 төгрөгийг ******* шилжүүлсэн нотлох баримтыг нэхэмжлэгч няцаагаагүй. 2024 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр *******аас буцааж *******д 38,000,000 төгрөгийг шилжүүлснийг, энэ мөнгийг хүлээн авснаа *******хүлээн зөвшөөрч байгаа үйл баримттай талууд маргаагүй.

4.2.Анхан шатны шүүх Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт заасан зуучлалын гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн атлаа Иргэний хуулийн 492 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.  

*******ыг байранд оруулах талаар ******* болон өөр хэн нэгэн этгээдтэй зуучлалын гэрээг байгуулаагүй, амаар ч харилцан тохирсон хэлцэл байхгүй болно.

4.3.Мөн миний бие Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст өргөдөл гарган дээрх 45,000,000 төгрөгийг *******д шилжүүлж залилуулсан талаар хэрэг бүртгэлтийн 1100060250003520 хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байхад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлтийг хүлээн авалгүй хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

5.Нэхэмжлэгч талын давж заалдах гомдолд гаргасан тайлбар, татгалзлын агуулга:

5.1.Шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэл бүхий гарсан. Хариуцагч шүүхэд иргэний хэрэг үүссэний дараа Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан байдаг. Хэрэг бүртгэлтийн хэрэг нь нэхэмжлэгчийн өөрийнх нь залилуулсан 7,000,000 төгрөгийн асуудал тул энэ хэрэгт хамааралгүй. Хариуцагч талаас хэрэг түдгэлзүүлэх хүсэлт гаргахад шүүх уг хүсэлтийг хүлээн аваагүй нь зөв болсон.

5.2.Шүүх 38,000,000 төгрөг болон 45,000,000 төгрөг нь тусдаа асуудал гэдгийг зөв тогтоосон. Хариуцагч нь анх шүүхэд гаргасан тайлбартаа би 45,000,000 төгрөгөөс гадна 38,000,000 төгрөгийг *******аас *******авсан байсныг мэдсэн гэж тайлбарладаг. Гэтэл сүүлд өмгөөлөгч маргахдаа энэ 45,000,000 төгрөгөөс 38,000,000 төгрөгийг төлсөн гэж өмнөх тайлбараа үгүйсгэдэг.

Иймд хариуцагч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулж 45,000,000 төгрөг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3.Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ “Буянт-Ухаа хороололд хямд үнэтэй орон сууц худалдан авахаар 45,000,000 төгрөгийг шилжүүлсэн боловч байрыг аваагүй тул төлсөн мөнгөө буцаан гаргуулна” гэж, хариуцагч нь татгалзлын үндэслэлээ “мөнгийг өөртөө аваагүй, өөрийн дансаараа дамжуулж *******д шилжүүлсэн, нэхэмжлэгч *******аас орон сууц авахаар тохирсон, *******аас байрны түлхүүр авч ******* уг байранд амьдарч байсан, уг асуудал эрүүгийн журмаар шалгагдаж байгаа” гэж тус тус тайлбарлан маргажээ.

 

4.Анхан шатны шүүх дараах үйл баримтыг зөв тогтоосон. Үүнд:

4.1.******* нь 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хоёр удаагийн гүйлгээгээр 45,000,000 төгрөгийг *******т шилжүүлсэн, тухайн мөнгө *******ийн дансанд 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдөр шилжин орж ирснээс тухайн өдөртөө цааш 52,800,000 төгрөгийг *******д шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон, үүнд талууд маргаагүй байна.

 

5.Хэрэгт баримтаар Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс хэрэг бүртгэлтийн 251002281 дугаартай хэргээс ирүүлсэн *******ийг хохирогчоор тогтоосон 2025 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн мөрдөгчийн тогтоол /хх 46/, 2025 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 49-50/, 2025 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн мөрдөгчийн тогтоол /хх 45/ зэрэг авагджээ.

5.1.Тухайн мэдүүлэгт “миний төрсөн дүү ******* надад ******* гэдэг эмэгтэй байгаа, Буянт-Ухаа 2 хороололд хөнгөлөлттэй нөхцөлөөр зорилтод бүлгийн хүмүүст байранд оруулж байгаа гэж надад хэлсэн. ...******* надад наадмын өмнө, эсвэл дараа их удлаа гэхэд 2 сарын дотор байрны гэрчилгээнүүд гарна гэж хэлсэн...Тэгээд ******* миний гурван өрөө байр байгаа ... гэж хэлж байсан бөгөөд тухайн үед өөрийн хамт ажиллаж байсан *******өд энийг хэлэхэд очиж үзье гээд ...нэг түлхүүрийг нь ******* надад зааж өгсөн. Тэгэхээр нь тэр түлхүүрийг нь *******өд өгөөд явуулсан. ******* тэр байрыг нь үзээд авъя гээд мөнгөө хадам ах *******ын дансаар миний Хаан банкны данс руу 45,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Тухайн үед нь ******* болохоор чи өөрөө мөнгөө аваад над руу шилжүүлээрэй гэж хэлж байсан юм. Тэгээд би өөрийнхөө Хаан банкны данснаас *******ын өгсөн данс руу шилжүүлсэн юм.  ....Би *******оос орж ирсэн 45,000,000 төгрөгийг *******ын хэлсэн 5114047831, 5084369199 тоот данс руу хувааж шилжүүлсэн. Би *******ын мөнгөнөөс хувьдаа хэрэглэж ашигласан зүйл байхгүй....” гэж мэдүүлсэн байна. /хх 49-50/

Дээрх мэдүүлгээс үзвэл зохигчдын маргаж байгаа үйл баримтыг эрүүгийн журмаар шалгаж байгаа болох нь тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

6.Энэ үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоос “эрүүгийн журмаар шалгаж байгаа” хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн  192/ШШ2025/05582 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хариуцагч *******т холбогдох 45,000,000 төгрөг гаргуулах тухай *******ын нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 382,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Ж.ЛХАГВАСҮРЭН
 

                                            ШҮҮГЧИД                              Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

                                                О.ОДГЭРЭЛ