Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 808

 

          

 

 

 

 

 

 

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,

            Нарийн бичгийн дарга Б.Цэгмэд                                                                                       

Улсын яллагч Т.Жавхлантөгс

            Шүүгдэгч Э.Ц нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

            Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржигон овогт Э-н Ц-т холбогдох эрүүгийн 1909024600892 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

 

            Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1989 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн  хамт, Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын 250б тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, / РД:ТА 89092619 / Боржигон овогт Э-н Ц нь:

 

- 2019 оны 06 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө иргэн Б.Баатарсүхтэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт нь гараараа 2 цохиж, түлхэж унагаан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Б.Баатарсүх мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр ажлаасаа найз Элбэгийн хамт гараад нисдэг машины хажууд байрлах караокед орж 02 цаг өнгөрч байхад гарсан. Бид хоёр такси бариад 32 найт клабын гадаа ирээд баар руу дөнгөж ороод гарсан. Гадаа байсан шорлог зарж байсан хүнээс шорлог авч идсэн. Тэгээд байж байхад үл таних 3 залуу нэг эмэгтэй ирсэн. Өндөр хар подволктой залуутай манай найз Элбэгээ маргалдаж байгаад болиод салаад явсан. Тэгсэн тэр е-мартын ажлын хувцастай намхан залуу бид хоёрыг зодолдъё гээд байсныг хамт явж байсан цэнхэр подволктой өндөр залуу ирээд “Боль” гээд салгаад аваад явсан. Тэгэхээр нь бид хоёр такси барих гээд зогсож байхад хар подволктой өндөр залуу, и-мартын ажлын хувцастай намхан залуус бид хоёр руу гүйгээд ирж байгаа харагдсан. Тэгэхээр нь бид хоёр далан руу зугтаасан манай найз Элбэгээг бариад тэр хоёр залуучууд нийлээд зодоод байхаар нь би “Болио” гээд салгах гээд очиход хар подволктой өндөр залуу миний нүүр хэсэгт гараараа нэг удаа цохьсон.

Би тэр залууг барьж аваад дээр доороо ороод ноцолдож байгаад би газарт унасан. Тэгээд миний араас бооход би хэсэг ухаан алдсан байсан. Намайг хажуу талын далан руу унагаасан байсан гэжээ. / хх 6- 7 /

 

            Гэрч Ц.Мөнхбаяр мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2019 оны 06 дугаар сарын 19-ний  өдөр найз Ц, Ганжаргал манай нөхөр болох Ганхуяг нартай 4-үүлээ 39 дүгээр дунд сургуулийн замын эсрэг талын Win center караокед 17 цаг өнгөрч байх үед орцгоогоод 2 цаг дуулаад гарсан. Тэгээд цаашаа алхаад 57 дугаар сургуулийн тэндээс пиво авах гээд очоод Хүнсний дэлгүүр гэсэн хаягтай яг автобусных нь буудал дээр байдаг дэлгүүр дээр очтол гадаа нь шорлог зарж байхаар нь бүгдээрээ шорлог авч идэж байхад тухайн үед Э.Ц танихгүй 2 халамцуу эрэгтэйтэй шорлогон дээрээс болж маргалдсан.  Тэгтэл нөгөө танихгүй 2 залуу Э.Цын 2 талаас нь дайраад тэр 3 түлхэлцээд байсан ба Э.Цогтоо тэр 2 залуугийн арай махлаг, шар нь болох жинсэн өмд, яактай, саравчтай малгайтай залуугийн цээж хэсэгт гараараа 1-2 удаа цохьсон. Тэгээд тэр 2 залуу салаад явсан бөгөөд би нөхөртэйгөө дэлгүүр орж пиво авчихаад гэрт пиво уугаад сууж байтал цагдаа нар ирээд Э.Ц, Г.Ганжаргал 2-ыг аваад явсан  гэжээ.  / хх 11 /

 

            Гэрч Г.Ганжаргал мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... Э.Ц тэр залуустай шорон орон яриад маргалдаад байсан. Тэгээд бид нарыг явах гэж байхад араас янз янзын юм яриад байсан чинь Э.Ц араас нь гүйж очоод нэг залууг нь 1-2 удаа цохиод түлхсэн. Тэгээд бид нар зам хөндлөн гараад алхаад Ганхуягийнд очоод байж байхад араас хоёр цагдаа орж ирээд Э.Ц бид 2-ыг аваад явсан гэжээ. / хх 10 /

 

Гэрч Б.Ганхуяг мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2019 оны 06 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө найз Э.Ц, Г.Ганжаргал, эхнэр Мөнхбаяр нарын хамт дэнжийн 1000 руу эргэдэг уулзвар дээр байдаг караокед сууж байгаад гараад хойшоо алхаад НЖ нэртэй баарны гадаа очоод шорлог зарж байхаар нь бид дөрөв шорлог авч идэж байгаад үл таних хоёр залуутай маргалдсан. Тэгээд би “Болио” гээд салгачаад эхнэр Мөнхбаярын хамт дэлгүүр орсон. Гараад иртэл Г.Ганжаргал, Э.Ц хоёр тэр үл таних хоёр залуутай зууралдаад маргалдаад байж байсан. Тэгээд ахиад салгаад аваад зам хөндлөн гараад манай гэр рүү явсан. Гэрт ирээд байж байхад цагдаа нар ирээд Г.Ганжаргал, Э.Ц хоёрыг аваад явсан гэжээ. / хх 12 /

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 7758 дугаар дүгнэлтэнд:

1. Б.Баатарсүхийн биед хоёр нүдний дотор  булан, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын зүүн хэсэг, зүүн хацрын дээд хэсгийн зөөлөн эдийн няцрал, доод уруулд цус хуралт, шарх, цээж, бүсэлхийн зүүн ар хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг бус удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.

2. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой гэжээ. /хх 14 / 

 

Шүүгдэгч Э.Ц-ыг 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 23-24 /

           

Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 25 / зэрэг болно.

           

Шүүгдэгч Э.Ц нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Гэм буруугаа болон ялыг хүлээн зөвшөөрч байна. Хохирогч Б.Баатарсүхийн эмчилгээний зардалд 200.000 төгрөг төлж барагдуулсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

 

            Шүүгдэгч Э.Ц нь 2019 оны 06 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө Б.Баатарсүхтэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт нь гараараа 2 удаа цохиж, түлхэж унагаан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаан хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ...Хар подволктой өндөр залуу миний нүүр хэсэгт гараараа нэг удаа цохьсон гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Б.Баатарсүхийн мэдүүлэг / хх 6-7 /, ... Э.Ц танихгүй 2 халамцуу эрэгтэйтэй шорлогон дээрээс болж маргалдсан.  Э.Ц тэр 2 залуугийн арай махлаг, шар нь болох жинсэн өмд, яактай, саравчтай малгайтай залууг цээж хэсэгт гараараа 1-2 удаа цохьсон гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Ц.Мөнхбаярын мэдүүлэг / хх 11 /, ... Э.Ц араас нь гүйж очоод нэг залууг нь 1-2 удаа цохиод түлхсэн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Г.Ганжаргалын мэдүүлэг / хх 10 /, ... эхнэр Мөнхбаярын хамт дэлгүүр ороод гараад ирсэн чинь Г.Ганжаргал, Э.Ц хоёр тэр үл таних хоёр залуутай зууралдаад маргалдаад байж байсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Б.Ганхуягийн мэдүүлэг / хх 12 /, ...Б.Баатарсүхийн биед хоёр нүдний дотор  булан, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын зүүн хэсэг, зүүн хацрын дээд хэсгийн зөөлөн эдийн няцрал, доод уруулд цус хуралт, шарх, цээж, бүсэлхийн зүүн ар хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг бус удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 7758 дугаар дүгнэлт / хх 14 / зэрэг болно.   

            Шүүхээс шүүгдэгч Э.Ц-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Э.Ц нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд хохирлыг нөхөн төлж, өөрийн гэм буруу болон ялыг хүлээн зөвшөөрсөн тул түүний хувийн байдал, прокурорын саналыг харгалзан 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ц нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Э.Ц нь төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүйг дурьдав.

 

            Шүүхээс шүүгдэгч Э.Ц-ыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтанд хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Э-н Ц-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Э-н Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 / таван зуу / нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Э.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Э.Ц нь шүүхээс тогтоосон торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж болохыг түүнд мэдэгдсүгэй.

 

5. Э.Ц-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч,  яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардаж авснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Э.Ц-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

   

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.ОЮУНЧИМЭГ