Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2025/01604

 

  

  

 

*******ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Д.Золзаяа, шүүгч О.Одгэрэл нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 191/ШШ2025/06323 дугаар шийдвэртэй ,

Нэхэмжлэгч: *******ы нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******, *******, ********нарт холбогдох,

Итгэмжлэлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, хэлцлээр шилжүүлсэн эд хөрөнгийг буцааж өгөхийг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч О.Одгэрэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүлэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1.Миний аав *******миний ээж ******** 1986 онд гэрлэлтээ батлуулж ******* би 3 дах хүү нь болж мэндэлсэн. ******* тоотод байрлах 144 м.кв хэмжээтэй хувийн сууцанд төрсөн цагаасаа эхлэн 2020 оныг хүртэл амьдарч байсан бөгөөд энэхүү хашаа байшингийн газрыг 2013 оны 8 дугаар сарын 26-ны өдөр, хувийн сууц, гараашийг 2013 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр миний аав *******өөрийн нэр дээр авч байсан, манай гэр бүлийн гишүүдийн дундын өмч хөрөнгө юм.

1.2.Аав минь 2023 онд цус харваснаас болж биеийн байдал муудаж байнгын асаргаа сувилгаанд орсон бөгөөд түүний төрсөн дүү болох *******аавын минь бие муутайг далимдуулж биднээс зөвшөөрөл авалгүйгээр 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдөр аавыг маань нотариат руу дагуулж яваад 0430, 0431 дугаартай итгэмжлэлүүд хийлгэн авч 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдөр худалдах, худалдан авах гэрээгээр эхнэр *******гийн нэр дээр шилжүүлэн өгсөн байна.

1.3.Дээрх үйлдэл нь Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.1, 128.2 дахь заалтуудыг тус тус зөрчсөн тул мөн хуулийн 128 дугаар зүйлийн 128.3, 128.4 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй.

Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасныг тус тус үндэслэн гэр бүлийн дундын өмч хөрөнгөө гэр бүлийн гишүүдийн зөвшөөрөлгүйгээр бусдад шилжүүлэн өгсөн итгэмжлэлийг хүчин төгөлдөр бусад тооцуулж хэлцлээр шилжүүлсэн газар, сууцыг буцааж *******гийн нэр дээр шилжүүлж өгөх үүргийг даалгуулахаар уг нэхэмжлэлийг гаргаж байна гэжээ.

 

2.Хариуцагч *******гийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн зөвшөөрч байна гэжээ.

3.Хариуцагч *******гийн татгалзал, тайлбарын агуулга:

3.1.Миний төрсөн ах *******тоот хашаанд /07 га/, 144 м.кв хувийн орон сууцыг өөрийн нэр дээрээ нэг хүний өмчлөлд авч өмчлөлийн гэрчилгээтэй байсан. Эхнэр *********тэй амьдарч байгаад 1999 онд салсан. 2004 оноос хойш *******гэгч эмэгтэйтэй хамтран амьдарч байна.

Миний төрсөн ах *******2023 онд тархиндаа цус харвалт өгч биеийн эрүүл мэндийн хувьд хүнд байсан. Би биеийн байдал хүнд байх үеэс байнга эргэж тойрч, сэтгэл санааны туслалцаа үзүүлж тусалсаар ирсэн. Энэ үед түүний хүү ******* аав *******г харж ханддаггүй, асардаггүй, эмнэлгийн яаралтай тусламж үзүүлээгүй, хайхардаггүй, утсаар ч ярьдаггүй байсан. Хүү *******ы эхнэр ******** нь хадам аав *******г 2025 оны 1 дүгээр сард гэрээсээ хөөж байсан. Мөн хамтран амьдрагч *******тэй муудалцсан үед ******* ирж аваагүйн улмаас осгосон байдалтай байхад нь би очиж авч байсан. 

3.2.2024 оны 3 дугаар сарын 26-ны өдөр миний төрсөн ах *******дүү *******надад өөрийнхөө Чингэлтэй дүүрэг 19 дүгээр хороо тахилт 1-86 тоот хашаа 07 га газар, 144 м.кв хувийн сууцаа өөрийн сайн дураар өмчлөх эрхийг олгохоор зөвшөөрч нотариатад өөрийн биеэр надтай хамт очиж итгэмжлэлийг хийж гарын үсэг зурж өгсөн. Тэр үед түүний хамтран амьдрагч ******* хамт байсан болно.

3.3.Хариуцагч *******би нотариатын 0430, 0431 дугаартай итгэмжлэлээр олгосон бүрэн эрхийн хүрээнд 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдөр эхнэр Ж*******гийн нэр дээр шилжүүлэхээр материалыг өгч 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 001227738 тоот 144 м.кв хувийн сууц эзэмших үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх гэрчилгээ, 07 га газрын 000841013 дугаартай гэрчилгээг баталгаажуулан авсан. Нэхэмжлэгч ******* ямар ч үндэслэлгүйгээр дээрх 07 га газар, 144 м.кв хувийн сууцыг өмчлөх эрхгүй атлаа нэхэмжлэл гаргаж байгааг эс зөвшөөрч байна гэжээ.

 

4.Хариуцагч *******гийн татгалзал, тайлбарын агуулга:

4.1.Миний бие *******, манай нөхөр *******тэй 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдөр том ах *******г эргэхээр гэрт нь очсон. *******нь очиход “миний хүүхдүүд ярихгүй, ирэхгүй байгаа” гээд сэтгэл санаагаар их унасан байсан бөгөөд “ах нь чамд хашаа байшингаа шилжүүлээд өгье, чи захиран зарцуулаад ахдаа өг” гэж хэлээд хамтран амьдрагч *******тэй гурвуулаа нотариат орсон байсан.

430, 431 дугаартай итгэмжлэлүүд үнэн зөв шударгаар явагдсаныг үгүйсгэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. *******гээс *******д шилжүүлсэн нь үнэн. Иймд *******нь хамтран эзэмших эрхтэй гэжээ.

 

5.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******ы хариуцагч *******, *******, ********нарт холбогдуулан гаргасан 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн № 0430, № 0431 дугаартай итгэмжлэлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, хэлцлээр шилжүүлсэн эд хөрөнгийг буцааж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч *******ы улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

6.Нэхэмжлэгч талын давж заалдах гомдлын агуулга:

6.1.Нэхэмжлэгч Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, мөн хуулийн 128 дугаар зүйлийн 128.1, 128.3, 128.4 гэж заасныг тус тус үндэслэн шаардах эрхийн үндэслэлээ тодорхойлж нэхэмжлэл гаргасан.

Гэтэл анхан шатны шүүхээс нэхэмжлэгч нь Үл хөдлөх эд хөрөнгө болон газрын хамтран өмчлөгчөөр бүртгэгдсэн болохыг нотлох баримт хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдаагүй байна гэж Иргэний хуулийн хоёр, гуравдугаар бүлэгт заасан өмчийн эрх болон гэр бүлийн хөрөнгийн эрхийн харилцааг буруу тайлбарлан, дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.

6.2.Монгол Улсын Дээд шүүхээс Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх заалтыг тайлбарлахдаа: Гэр бүлийн дундын өмч нь гэрлэлтийн дараагаар хуулийн дагуу бий болно, 126 дугаар зүйл нь гэр бүлийн дундын өмч буюу тусгай өмчид юу хамаарах талаар тогтоож өгсөн байна. Онцгой тохиолдлоор гэр бүлийн гишүүн өөрийн хуваарьт хөрөнгөө дундын хөрөнгөд шилжүүлэхээс бусад нөхцөлд дундын эмч нь ямар нэгэн хэлцлийн шилжүүлэг шаардлагагүйгээр цэвэр хуулийнхаа заалтын дагуу (126.1- 126.2.4, 126.3, 125.4) бий болно..." гэжээ.

Энэхүү тайлбараас үзэхэд гэр бүлийн гишүүдийн дундын өмч хөрөнгө нь эрхийн улсын бүртгэлд бүртгэгдсэнээр зөвхөн бий болохгүй, хуульд зааснаар тухайн хөрөнгийг гэр бүлийн гишүүдийн дундын өмч болгон тогтоох боломжтой бөгөөд ингэхдээ өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргах шаардлагагүйгээр гуравдагч этгээдийн эзэмшлээс өмчлөлийн зүйлээ буцаан гаргуулахаар шаардах эрхийг хуулиар олгосон байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй, холбогдох хуулийн зүйл заалтыг зөв тайлбарлан хэрэглээгүй байх тул хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

7.Хариуцагч *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа:

7.1.Хариуцагч *******гийн “хашаа байшинг тань банкны барьцаанд тавиад зээл авах гэсэн юм, нотариат ороод итгэмжлэл хийгээд өгөөч” гэсэн хүсэлтийнх нь дагуу түүнд итгээд, гэр бүлийн гишүүдтэйгээ зөвшилцөлгүй, тэдэнд мэдэгдэлгүй нотариат орж итгэмжлэл хийж өгсөн. Гэтэл *******өөрийн эхнэр Ж*******гийн нэр дээр шилжүүлж өгсөн байсныг сүүлд мэдсэн.

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа тул хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэв.

 

2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, *******, ********нарт холбогдуулан *******, *******нарын хоорондох 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 0430, 0431 дугаартай итгэмжлэлүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулж, хэлцлээр шилжүүлсэн эрхийн улсын бүртгэлийн Ү-2202020753 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, Тахилтын 1 дүгээр гудамж 86 тоот хаягт байршилтай 144 м.кв талбайтай хувийн сууц, гараашны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн *******дугаарт бүртгэлтэй, мөн хаягт байрлах нэгж талбарын ******* дугаартай гэр бүлийн хэрэгцээний 700 м.кв газрыг хариуцагч *******д буцаан шилжүүлж өгөхийг даалгах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч *******гээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч маргаагүй байна.

Хариуцагч *******, *******нараас эс зөвшөөрч, ”итгэмжлэл хуулийн дагуу хийгдсэн, итгэмжлэлээр олгогдсон эрхийн хүрээнд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлсэн” гэж маргажээ.

 

3.Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг тодруулаагүй, хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн алдаа гаргасныг давж заалдах шатны шүүх нөхөн гүйцэтгэх, залруулах боломжгүй байна.

3.1.Нэхэмжлэгч нь *******, *******, ********нарт холбогдуулж нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч *******д холбогдох шаардлага нь тодорхойгүй, шүүх хариуцагч тус бүрд холбогдох нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулахгүйгээр маргааныг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “ шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” шаардлагад нийцээгүй.

3.2.Нэхэмжлэгчээс маргааны зүйл болсон үл хөдлөх эд хөрөнгө, газрын өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг шаардсан, харин хариуцагч нараас “өмчлөх эрхийг гэрээгээр шилжүүлсэн” гэсэн тайлбар гаргасныг шүүх анхаараагүй байхаас гадна хэрэгт тухайн хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлсэн гэх гэрээ хэлцэл зэрэг холбогдох баримт авагдаагүй байна.

3.3.Үүнээс гадна хэрэгт авагдсан Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын цахим системээс гаргасан нэгж талбарын тодорхойлолтод маргааны зүйл болсон газрын өмчлөгч нь *******болж өөрчлөгдөхдөө 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 01125-УБЕГ/2024 тоот шийдвэрийг үндэслэсэн гэж нэхэмжлэлийн шаардлагад хамаарах 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн итгэмжлэлээс өмнөх цаг хугацааг дурдсан байх тул үүнийг шүүхээс тодруулах шаардлагатай.

Тодруулбал, хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй байна.

 

4. Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг нөхөн гүйцэтгэж, хэргийн болон маргааны үйл баримтын талаар эрх зүйн дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 191/ШШ2025/06323 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

 

                                            ШҮҮГЧИД                             Д.ЗОЛЗАЯА

 

 

                                               О.ОДГЭРЭЛ