Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 664

 

     Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

        Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 7 дугаар хороо, хувьсгалчид гудамжны 712 тоотод оршин суух, 1961 онд төрсөн, 55 настай, эрэгтэй, РД:УС61103051, Булгадар овогт Минжүүрийн Цогоогийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

       Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Сайнбуян, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

      Нэхэмжлэгч М.Цогоо шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 1961 онд төрсөн, 55 настай. Би 1979 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 1980 оны 6 дугаар сарын 06-ны өдөр хүртэл Хартарвагатайн уурхайд слесиараар ажиллаж байгаад 1980 оны 6 дугаар сарын 07-ны өдрөөс 1983 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл цэргийн алба хаасан. Цэргийн албанаас халагдаж ирээд үргэлжлүүлэн 1983 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс 2000 оны хооронд Хартарвагатайн нүүрсний уурхайд эксковаторчнаар тус тус ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор бичиг баримтаа бүрдүүлэхэд хөдөлмөрийн дэвтрийн бичилт дутуу, зарим ажилд орсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаал олдохгүй байгаа тул шүүхэд хандаж байна. Иймд миний 1979 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 1980 оны 6 дугаар сарын 07-ны өдөр хүртэл Хартарвагатайн уурхайд слесиараар, 1983 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Хартарвагатайн нүүрсний уурхайд эксковаторчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.

    Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Сайнбуян шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М.Цогоо нь 1979 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 1980 оны 6 дугаар сарын 06-ны өдөр хүртэл Хартарвагатайн уурхайд слесиараар ажиллаж байгаад 1980 оны 6 дугаар сарын 07-ны өдрөөс 1983 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл цэргийн алба хаасан. Цэргийн албанаас халагдаж ирээд үргэлжлүүлэн 1983 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс 2000 оны хооронд Хартарвагатайн нүүрсний уурхайд эксковаторчнаар тус тус ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор бичиг баримтаа бүрдүүлэхэд түүний хөдөлмөрийн дэвтрийн бичилт дутуу, зарим ажилд орсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаалууд нь олдохгүй байгаа тул шүүхэд хандсан. Иймд М.Цогоогийн 1979 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 1980 оны 6 дугаар сарын 07-ны өдөр хүртэл Хартарвагатайн уурхайд слесиараар, 1983 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Хартарвагатайн нүүрсний уурхайд эксковаторчнаар тус тус ажиллаж байсан хугацааг нь тогтоож өгнө үү” гэжээ.

         Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

       Нэхэмжлэгч М.Цогоо нь Хартарвагатайн нүүрсний уурхайд 1979 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 1980 оны 6 дугаар сарын 07-ны өдөр хүртэл слесариар,  Хартарвагатайн нүүрсний уурхайд 1983 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарыг дуустал эксковаторчнаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараахь нотлох баримтууд авагджээ. Үүнд: 

1. Хартарвагатайн нүүрсний уурхайгаас Минжүүрийн Цогоод нээсэн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

2. Хартарвагатайн нүүрсний уурхайн даргын 1980 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 32 тоот  “Цогоог ажлаас чөлөөлөх тухай” тушаал,

3. Хартарвагатайн нүүрсний уурхайн даргын 1983 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 45 тоот  “Ажилд томилох тухай” тушаалд “М.Цогоог 7 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн эксковаторчноор томилж ажиллуулсугай” гэжээ,

4. Итгэмжлэл,

5. Увс аймгийн Архивын тасгаас 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр ирүүлсэн Увс аймгийн Хартарвагатайн уурхайн баримт манай архивт ирээгүй тул М.Цогоогийн ажилласан жилийг шүүн үзэх боломжгүй байна” гэх тодорхойлолт,

6. Гэрч Х.Катавын шүүхэд өгсөн: “Миний бие 1988 оноос Увс аймгийн Хартарвагатайн уурхайд нягтлан бодогчоор одоог хүртэл ажиллаж байна. Намайг 1988 онд тус уурхайд ажилд ороход М.Цогоо тэнд эксковаторчнаар ажиллаж байсан бөгөөд 1998 оны үед хувьчлалаар ажлаас чөлөөлөгдсөн санагдаж байна. Би М.Цогоог ажилд орсон цагаасаа мэдэх бөгөөд би ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан учраас түүнийг сайн таньж мэднэ. Тухайн үед манай байгууллагад түүний эхнэр Отгонноров мөн борлуулалтын албанд борлуулагчаар ажиллаж байсан, одоо Улаанбаатар хотод амьдарч байгаа хүмүүс юм. Увс аймгийн Хартарвагатайн уурхайн даргаар Б.Пүрэвжав, Г.Нямдагва, Б.Санхүү гэх хүмүүс ажиллаж байсан одоо Д.Сурмаажав ажиллаж байна” гэх мэдүүлэг,

7. Гэрч Н.Эрдэнэбилэгийн шүүхэд өгсөн: “Миний бие 1986 оноос Увс аймгийн Хартарвагатайн уурхайд мастер, инженерээр1996 он хүртэл тасралтгүй ажилласан юм. Намайг 1986 онд тус уурхайд ажилд ороход М.Цогоо тэнд эксковаторчнаар ажиллаж байсан бөгөөд 1998 он хүртэл ажилласан юм. Би М.Цогоог ажилд орсон цагаасаа мэдэх бөгөөд миний удирдлагад ажиллаж байсан учраас түүнийг сайн таньж мэднэ. Тухайн үед манай байгууллагад түүний эхнэр Отгонноров мөн борлуулалтын албанд борлуулагчаар ажиллаж байсан” гэх мэдүүлэг,

8. Гэрч Х.Катав, Н.Эрдэнэбилэг нарын Хартарвагатайн нүүрсний уурхайд ажиллаж байсныг нотлох тэд нарын хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлэгдсэн хуулбарууд зэрэг нотлох баримтууд хэрэгт авагджээ.  

      Нэхэмжлэгч М.Цогоо нь 1983 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс Хартарвагатайн нүүрсний уурхайд эксковаторчнаар ажиллаж байсан гэж тайлбарлаж байгаа ба ажилд томилсон тушаал нь 1983 оны 7 дугаар сарын 02-ны өдөр гарсан боловч түүнийг 1983 оны 7 дугаар сарын 24-ний өдрөөс эксковаторчнаар томилсон байх тул М.Цогоог Хартарвагатайн нүүрсний уурхайд 1983 оны 7 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн ажилласан гэж тооцсон болно.  

        Нэхэмжлэгч М.Цогоо нь Увс аймгийн Хартарвагатайн нүүрсний уурхайд 1979 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 1980 оны 6 дугаар сарын 07-ны өдөр хүртэл слесариар,  Хартарвагатайн нүүрсний уурхайд 1983 оны 7 дугаар сарын 24-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарыг дуустал эксковаторчнаар тус тус ажиллаж байсан болох нь Хартарвагатайн нүүрсний уурхайгаас Минжүүрийн Цогоод нээсэн хөдөлмөрийн дэвтэр, Хартарвагатайн нүүрсний уурхайн даргын 1980 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 32 тоот  “Цогоог ажлаас чөлөөлөх тухай” тушаал, Хартарвагатайн нүүрсний уурхайн даргын 1983 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 45 тоот  “Ажилд томилох тухай” тушаал, гэрч Х.Катав, Н.Эрдэнэбилэг нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.

      Иймд нэхэмжлэгч М.Цогоогийн Увс аймгийн Хартарвагатайн нүүрсний уурхайд 1979 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 1980 оны 6 дугаар сарын 07-ны өдөр хүртэл 1 жил, 23 хоног слесариар,  Хартарвагатайн нүүрсний уурхайд 1983 оны 7 дугаар сарын 24-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарыг дуустал 11 жил, 5 сар, 7 хоног эксковаторчнаар, нийт 12 жил, 6 сар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.   

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч М.Цогоогийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

      1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Булгадар овогт Минжүүрийн Цогоогийн Увс аймгийн Хартарвагатайн нүүрсний уурхайд 1979 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 1980 оны 6 дугаар сарын 07-ны өдөр хүртэл 1 /нэг/ жил, 23 /хорин гурав/ хоног слесариар,  Хартарвагатайн нүүрсний уурхайд 1983 оны 7 дугаар сарын 24-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарыг дуустал 11 /арван нэг/ жил, 5 /тав/ сар, 7 /долоо/ хоног эксковаторчнаар, нийт 12 /арван хоёр/ жил, 6 /зургаа/ саражиллаж байсан байдлыг тогтоосугай.

        2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч М.Цогоогийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас  хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

                                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             П.БОЛОР