| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунчимэг Одгэрэл |
| Хэргийн индекс | 183/2023/04580/И |
| Дугаар | 210/МА2025/01623 |
| Огноо | 2025-09-24 |
| Маргааны төрөл | ШБОС, зохиогч болон патент эзэмшигчийн эрхийг зөрчсөн маргаан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 24 өдөр
Дугаар 210/МА2025/01623
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, шүүгч О.Одгэрэл нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: ******* такси дуудлагын аппликэйшн программын хамтран өмчлөгч болохыг тогтоолгох тухай,
Нэхэмжлэгчээс 10,000,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч *******ын сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч О.Одгэрэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч нарын өмгөөлөгч *******, хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1.2013 оны 3 дугаар сарын үед манай найз ******* нь Америк явж ирээд анх такси дуудлагын аппликэйшн нэвтрүүлэх санааг гаргаж, улмаар ******* такси дуудлагын аппликэйшний арын эх код бичих ажлыг би ганцаараа бичсэн.
Тухайн үед *******, *******,*******, ******* нартай уулзаж, хийж буй ажлаа танилцуулж, хамтран ажиллах саналыг тавьж 2013 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс бид хамтарсан. 2013 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр аппликэйшн анхны кодыг серверт байршуулж, 2017 онд кодыг бүрэн бичиж дуусган, 2018 онд тогтвортой хувилбар гарсан. 2018 онд “*******” ХХК-аас гарах хүртэл ажиллахдаа би ямар нэг цалин хөлс аваагүй, хөдөлмөрөө зарцуулсан.
1.2.Миний хувьд “*******” ХХК-ийн эрхээ Америкийн Нэгдсэн Улсаас буцаж ирээд авах нөхцөлтэйгөөр “*******” ХХК-д шилжүүлсэн боловч 2020 онд тус аппликэйшнийг ашиглаж олж буй орлогоос ногдох хувь, ашгийг авах, үйл ажиллагаанд нь оролцох талаар хариуцагч нарт хандахад зөвшөөрөөгүй.
1.3.Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль /2006 он/-ийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2, Зохиогчийн эрхийн тухай хууль /2021 он/-ийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь 2013 оны 6 дугаар сараас ******* такси дуудлагын аппликэйшнийг боловсруулж, 2018 онд тогтвортой хувилбар гарсан үеэс зохиогчийн эрх үүссэн. Зохиогчийн эрхээ бусдад шилжүүлсэн зүйл байхгүй учир ******* такси дуудлагын аппликэйшн программын хамтран өмчлөгч болохыг тогтоолгохоор шаардах эрхтэй гэжээ.
2.Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1.Зохигч талууд хамтарч ******* аппликэйшнийг нэвтрүүлсэн нь үнэн. Бид 2013 онд такси дуудлагын аппликэйшнийг нэвтрүүлэхээр “*******” ХХК-ийг хамтран үүсгэн байгуулж, “*******” ХХК нь 60 хувь, нэхэмжлэгч ******* нь 15 хувь, ******* 25 хувийн хувьцаа эзэмшихээр тохиролцсон. Улмаар 2015 онд аппликэйшний нэр, логог “*******” ХХК-д эзэмшүүлж барааны тэмдгийн гэрчилгээ авсан.
2.2.*******, ******* нар компанийн хувьцааг 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр “*******” ХХК-нд шилжүүлсэн. Улмаар “*******” ХХК нь оюуны өмчийн эрхээ “*******” ХХК-нд бүрэн шилжүүлсэн. “*******” ХХК нь *******ы 25 хувийн хувьцааг 7,500,000 төгрөгөөр, *******ын 15 хувийн хувьцааг 11,111,000 төгрөгөөр тус тус худалдаж авсан.
2.3.2018 онд “Интелмайнд” гэдэг компани “*******” ХХК-д нэг тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, шинээр 21 технологийн ажилтнууд ажиллуулж аппликэйшнийг цоо шинээр бичсэн. *******ын анх бичсэн эх кодыг устгаж ******* 3.0 хувилбарыг нэвтрүүлсэн. *******ын бичсэн эх код ашиглагдахгүй байгаа. 2020 оны үеэс шинэ аппликэйшн хэрэглээнд нэвтэрч эхэлсний дараа нэхэмжлэгчийн хувьд өөрийн хувьцааг бага үнээр өгчихөж гээд мөнгө шаардаж эхэлсэн.
Иймд ******* нь оюуны өмчийн эрхээ гэрээний дагуу шилжүүлээд өгчихсөн учраас Зохиогчийн эрхийн тухай хуульд заасан 2018 он хүртэлх хугацаанд дорвитой ашиглаж чадаагүй аппликэйшнд хамаарах амины эрх нь хадгалагдаж үлдэнэ, харин бүтээл ашиглах эрх нь “*******” ХХК-д шилжсэн гэжээ.
3.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “*******” ХХК-ийн гаргасан тайлбарын агуулга:
3.1.Манай компани 2013 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр такси дуудлагын үйлчилгээ үзүүлэх зорилгоор үүсгэн байгуулагдаж байсан. Одоо тус компанийн хувьцааг нэхэмжлэгч, хариуцагч нар нь эзэмшдэггүй.
3.2.”*******” ХХК нь хэд хэдэн компани, хувь хүнээс хөрөнгө оруулалт татаж, аппликэйшнийг хөгжүүлэх технологийн зардалд зарцуулсан байдаг. “*******” ХХК-ийн санхүүгийн тайлангаас харахад 2022 оноос хойш бага хэмжээгээр ашигтай ажиллаж эхэлсэн. Иймд ******* такси дуудлагын аппликэйшний зохиогчийн эрх нэхэмжлэгч, хариуцагч нартай хамааралгүй гэжээ.
4.Хариуцагч *******ын сөрөг нэхэмжлэл, тайлбарын агуулга:
4.1.Нэхэмжлэгч нь 2023 онд *******тай уулзахдаа буцаад орох шаардлага тавьсныг зөвшөөрөөгүй. Үүнтэй холбоотойгоор 11,000,000 төгрөгөөр хямдхан зарсан байна, нэмж мөнгө өг гэсэн хууль бус шаардлага тавьж эхэлсэн. Ингээд ******* хувиасаа 10,000,000 төгрөгийг өгсөн учир үндэслэлгүйгээр шилжүүлсэн 10,000,000 төгрөгийг нэхэмжлэгчээс буцаан шаардаж байна гэжээ.
5.Сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгчийн татгалзал, тайлбарын агуулга:
5.1.Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Би мөнгө төгрөг нэхээгүй. Буцаад компанидаа орьё гэхэд 10,000,000 төгрөгийн санал тавьж, дахин уг асуудлаар хуулийн байгууллагад хандахгүй гэсэн агуулгатай баримт бэлдчихсэн байсан. Би өмгөөлөгчтэйгөө зөвшилцөөд авсан. Буцаагаад төлөхөд татгалзах зүйлгүй гэжээ.
6.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль (2006 он)-ийн 17 дугаар зүйлийн 17.2, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч *******, *******,*******, ******* нарт холбогдох ******* такси дуудлагын аппликэйшн программын хамтран өмчлөгч болохыг тогтоолгох тухай нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч *******оос 10,000,000 төгрөг гаргуулж хариуцагч *******т олгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч *******ын урьдчилан төлсөн 70,200 төгрөг, хариуцагч *******ын урьдчилан төлсөн 174,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч *******оос 174,950 төгрөгийг гаргуулж хариуцагч *******т олгож шийдвэрлэжээ.
7.Нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
7.1.Анхан шатны шүүх ...Компанийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч эх код бичсэнээр компани үүсгэн байгуулахад 15 хувийн хөрөнгө оруулалт хийсэн гэж үзэхээр байна гэж дүгнэн хэргийг шийдвэрлэсэн.
Эх код бичиж “*******” ХХК-ийг байгуулахад 15 хувийн хөрөнгө оруулалт хийсэн гэж үзэх боломжгүй. ******* Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, Оюуны өмчийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д заасны дагуу 2013 оны 6 дугаар сараас хойш тус программ бүхий такси дуудлагын аппликейшны хамтран өмчлөгч болох юм. Аливаа программ, аппликейшний ажиллах гол хүчин зүйл нь эх код буюу васк-end сервер байдаг.
Компанийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт зааснаар "*******" ХХК анхлан байгуулагдахдаа 1,020,000 төгрөгийн хувь нийлүүлсэн хөрөнгөтэй байсан бөгөөд нэг бүр нь 1000 төгрөгийн 1020 ширхэг хувьцаатай байсан. Энэхүү хувь нийлүүлсэн мөнгө компанийн дансанд байршсан бөгөөд хувь нийлүүлсэн хөрөнгөд ямар нэгэн программ, такси дуудлагын аппликейшн, бизнесийн модель хамааралгүй байсан болно.
7.2.******* миний бие "*******" ХХК болон "*******" ХХК-тай ямар нэгэн хөдөлмөрийн гэрээ, ажил гүйцэтгэх гэрээ, хөлсөөр ажиллах гэрээ байгуулж байгаагүй бөгөөд ямар нэгэн цалин хөлс авч албан тушаал дээр үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаагүй. Өөрийн хөлс хүч хөдөлмөрөөр 5 жилийн хугацаанд такси дуудлагын аппликейшны эх код бичиж, бизнесийн модель боловсруулсан. Тиймээс Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт заасны дагуу ажил хэргийн хүрээнд такси дуудлагын аппликейшны эх код бичиж, бизнесийн модель боловсруулсан гэж үзэхгүй юм.
7.3."*******" такси дуудлагын аппликейшны 2015 оны барааны тэмдгийн гэрчилгээ нь анх*******, *******, *******, *******, *******, ******* миний нэр дээр гарсан байдаг. Энэ нь анхнаасаа "*******" такси дуудлагын аппликейшн "*******" ХХК-ийн өмч байгаагүй хамтран ажиллаж гүйцэтгэж байсныг илтгэнэ.
7.4."*******" ХХК-ийн Хувьцаа худалдах худалдан авах гэрээ нь зөвхөн "*******" ХХК-д ******* миний эзэмшиж байсан 153 ширхэг 153,000 төгрөгийн хувьцааг худалдах тухай л гэрээ болно. Түүнээс биш "*******” такси дуудлагын аппликейшны өмчлөх эрхээ шилжүүлж буй гэрээ биш болно.
Хариуцагч нарын зүгээс "*******" такси дуудлагын аппликейшныг нийтэд танилцуулахдаа миний нэрийг нэг ч удаа дурдаж байгаагүй, зөвшөөрөл ч авч байгаагүй бөгөөд өнөөдрийг хүртэл өмчлөгчийн онцгой эрхийг зөрчсөн хэвээр байна.
Иймд "*******" такси дуудлагын аппликейшныг анхлан эх кодыг бичиж, бизнесийн модел боловсруулсан хүн нь ******* би бөгөөд энэхүү "*******" такси дуудлагын аппликейшныг өмчлөх онцгой эрхээ хэн нэгэнд ямар нэг гэрээгээр Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэгт заасны дагуу шилжүүлээгүй болно. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болоогүй.
7.5.Сөрөг нэхэмжлэлийн тухайд "*******" ХХК-ийн Хувьцаа худалдах худалдан авах гэрээний дагуу ******* миний эзэмшиж байсан 153 ширхэг хувьцааг 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр худалдсан.
Харин Хувьцаа худалдах худалдан авах гэрээний үнэ дээр нэмж 10,000,000 төгрөг өгье гээд тус мөнгийг шилжүүлсэн. Тиймээс тус мөнгө нь Хувьцаа худалдах худалдан авах гэрээний нэмэгдэл төлбөр юм. Хэрэв тус 10,000,000 төгрөгөө буцаан нэхэмжилж байгаа бол Хувьцаа худалдах худалдан авах гэрээнээсээ татгалзаж байгаа гэж үзэх бөгөөд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасны дагуу харилцан "*******" ХХК-д миний эзэмшиж байсан 15 хувийн хувьцааг буцаан шилжүүлэх үүрэгтэй болно. Мөн миний зүгээс үлдэгдэл 11,111,013 төгрөгийг нь буцаан өгөх болно.
Гэтэл анхан шатны шүүх 10,000,000 төгрөгийг гэрээний дагуу бус Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасны дагуу буцаан өгөх үүрэгтэй гэж үзсэн атлаа "*******" ХХК-д миний эзэмшиж байсан 15 хувийн хувьцааг буцаан шилжүүлэхээр шийдвэрлээгүй нь үндэслэлгүй байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
8.Хариуцагч нарын давж заалдах гомдолд гаргасан тайлбар, татгалзлын агуулга:
8.1.Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Анх нэр бүхий 6 хүн нийлж ******* гэх аппликэйшны эх кодыг бичиж эхэлсэн бөгөөд түүний нэг нь ******* байсан болохыг хэн ч үгүйсгэдэггүй. ******* нь 2018 онд би энэ төслөөс гаръя, хувьцаагаа шилжүүлье гэх санал тавьсан тул түүний хувьцааг шилжүүлэхээр гэрээг байгуулсан.
8.2.Тухайн гэрээний 5.2-д ******* нь өөрийн ******* аппликэйшн, лого, нэр, эх код зэрэг оюуны өмчийн эрхүүдээ хувьцааны хамт худалдан авагчид шилжүүлнэ гэсэн маш тодорхой заалтыг зааж өгсөн. Худалдан авагч нь тухайн үед “*******” ХХК гэх компани байсан. Тэгэхээр ******* нь “*******” ХХК-д “*******” ХХК-д эзэмшиж байсан 15 хувийн хувьцаагаа шилжүүлэхдээ бусад оюуны өмчийн эрхээ бүхэлд нь шилжүүлж өгсөн тул тухайн эрхийг 11,000,000 төгрөгөөр худалдаж авсан. Тухайн үед “*******” ХХК-ийн *******ын эзэмшиж байсан хувьцаа нь 153,000 төгрөгийн үнэлгээтэй байсан. Компанийн дүрэмд тусгагдсанаар *******ын хувьцааны үнэлгээ 153,000 төгрөг байхад нь 11,000,000 төгрөгөөр тооцож “*******” ХХК авч байгаа, зөрүү мөнгө нь *******ын бий болгосон ******* аппликэйшны оюуны өмч болон бусад зохиогчийн эрхүүдийг шилжүүлж авсны төлбөр юм.
8.3.Иргэний хуулийн 122 дугаар зүйлийн 122.2 дахь хэсэгт заасны дагуу ******* оюуны өмчийн эрх болон зохиогчийн эрхээ шилжүүлсэн юм. 2018 оноос өмнөх хөрөнгийг ******* бичсэн, гэхдээ гэрээний дагуу эрхээ шилжүүлсэн, тухайн хугацаанаас хойших хөрөнгүүдийн хувьд ******* ямар нэгэн эрх эдлэхгүй гэдгийг тогтоож өгсөн.
Бид оюуны өмчийн хөрөнгийн тухай ярьж байгаа учир чухал зүйл нь эх код бөгөөд тухайн эх кодоор нэг хөрөнгө үү, өөр өөр хөрөнгө үү гэдэг нь ялгарч харагдана. Анхан шатны шүүх тухайн хөрөнгүүдийг 2018 оноос өмнөх хөрөнгө болон 2018 оноос хойших хөрөнгө гэдгийг ялгаж тогтоосон нь маш зөв үндэслэл болсон гэж үзэж байна.
8.4.Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд анхан шатны шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлд заасныг үндэслэж, шийдвэрлэснийг үндэслэлтэй гэж үзэж байна.
8.5.Процессын шинжтэй зарим асуудал үүссэн болохыг үгүйсгэхгүй бөгөөд анхан шатны шүүх тухайн программын эх кодыг шинжээч томилж шинжлэн судлуулаагүй үндэслэлүүд байдаг. Хариуцагч нарт ******* гэх аппликэйшны зохиогчийн эрх анхнаасаа байгаагүй бөгөөд одоо ч байхгүй. Гэтэл тухайн эрх байхгүй хүмүүсийг хариуцагчаар татаж шүүхэд нэхэмжлэл гаргасан нь эргэлзээтэй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* нарт холбогдуулан ******* такси дуудлагын аппликэйшн программын хамтран өмчлөгч болохыг тогтоолгох шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.
Хариуцагч ******* нь нэхэмжлэгчид холбогдуулан үндэслэлгүй шилжүүлсэн 10,000,000 төгрөгийг буцаан гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасныг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч маргаагүй байна.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “*******” ХХК нь хариуцагч нарыг дэмжиж, нэхэмжлэлийг эс зөвшөөрчээ.
3.Шүүх дараах үйл баримтыг зөв тогтоосон байна. Үүнд:
3.1.2013 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр “*******” ХХК-ийг үүсгэн байгуулж, нэхэмжлэгч ******* 15 хувь, ******* 25 хувь, “*******” ХХК нь 60 хувийн хувьцааг эзэмшсэн, ******* такси дуудлагын аппликэйшний анхны эх кодыг нэхэмжлэгч бичсэн, 2018 онд тус аппликэйшний анхны тогтвортой хувилбар гарсанд талууд маргаагүй байна.
3.2.Нэхэмжлэгч нь өөрийн эзэмшлийн “*******” ХХК-ийн 15 хувийн хувьцааг 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр 11,111,013 төгрөгөөр “*******” ХХК-д худалдахаар худалдах худалдан авах гэрээг байгуулсан.
3.3.Хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******од 2023 оны 01 дүгээр сараас 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 4 удаагийн гүйлгээгээр 10,000,000 төгрөг шилжүүлсэн.
4.Нэхэмжлэгч үндэслэлээ “...******* такси дуудлагын аппликэйшнийг боловсруулж эх кодыг би анх бичсэн, анхны тогтвортой хувилбарыг 2018 онд гаргасан, 2018 онд “*******” ХХК-ийн эрхээ АНУ улсаас буцаж ирээд авах нөхцөлтэйгээр шилжүүлсэн боловч 2020 онд буцаж ирэхэд өгөөгүй...” гэж, хариуцагч нар татгалзлын үндэслэлээ “...нэхэмжлэгч ”*******” ХХК-д эзэмшиж байсан 15 хувийн хувьцаагаа худалдах худалдан авах гэрээгээр “*******” ХХК-д оюуны өмчийн эрхийнхээ хамт шилжүүлсэн, нэхэмжлэгчийн бичсэн эх код ашиглагдахгүй байгаа, эх кодыг устгаж шинээр ******* 3.0 хувилбарыг нэвтрүүлсэн...” гэж, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “*******” ХХК нь “...манай компанийн хувьцааг нэхэмжлэгч хариуцагч нар эзэмшдэггүй, мөн ******* такси дуудлагын аппликэйшний зохиогчийн эрх нэхэмжлэгч болон хариуцагч нартай хамааралгүй...” гэж тус тус тайлбарласан байна.
5.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулах, боломжгүй байна.
5.1.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, хамтран хариуцагчаар “*******” ХХК-ийг оролцуулах хүсэлт гаргасныг 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШЗ2023/22331 дүгээр шүүгчийн захирамжаар хангахаас татгалзаж хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дахь хэсэгт заасантай нийцээгүй буюу хэнээс юуг шаардахаа өөрөө тодорхойлох нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн гэж үзнэ. /1хх 115-116, 118-119/
Нэхэмжлэгч 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн гэрээгээр “*******” ХХК-ийн хувьцааны эрхээ эдийн бус эрх буюу нэхэмжлэгчийн зохиосон эх код бүхий такси дуудлагын аппликэйшны хамт шилжүүлсэн эсэхэд зохигчид маргасан нөхцөлд шүүх хүсэлтийг хангахаас татгалзсан нь хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хангаагүй гэж үзэх үндэстэй.
5.2.Түүнчлэн хариуцагч талаас маргааны зүйл болох ******* такси дуудлагын аппликэйшний нэхэмжлэгчийн зохиосон эх кодыг ашиглахгүй байгаа, бүрэн устгаж одоо ******* 3.0 хувилбар гарсан гэж тайлбарлаж үүнийг тогтоолгохоор шинжээч томилуулах хүсэлт гаргасныг 2025 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 192/ШЗ2025/26735 дугаар шүүгчийн захирамжаар мөн хангахаас татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт нийцээгүй байна.
Иймд хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болно.
6.Давж заалдах шатны шүүх дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэж, хэргийг шийдвэрлэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй хэмээн шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан тул гомдолд дурдсан үндэслэлд шүүхээс эрх зүйн дүгнэлт өгөөгүй болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 192/ШШ2025/05102 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 246,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ
О.ОДГЭРЭЛ