Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 669

 

     Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

       Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын  6 дугаар баг, 6-03 тоотод оршин суух, 1966 онд төрсөн, 50 настай, эмэгтэй, РД:ОЛ66031166, Боржигон овогт Чулуунбаатарын Нарантуяагийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн  хянан хэлэлцэв.

       Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Нарантуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

       Нэхэмжлэгч Ч.Нарантуяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 1966 онд төрсөн, 50 настай. Би 1986 оноос эхлэн 1994 оныг дуустал Увс аймгийн Сагил сумын “Ялалт” нэгдэл болон “Ялалт”ХК-нд үхэр маллаж байсан юм. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох нас болсон бөгөөд бичиг баримтын зөрчилтэй гэсэн тул шүүхэд хандаж байна. Иймд миний 1986 оны 1 дүгээр сараас 1992 оны 6 дугаар сарын 04-ний өдөр хүртэл Увс аймгийн Сагил сумын “Ялалт” нэгдэлд малчнаар, 1992 оны 6 дугаар сарын 05-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарыг дуустал Сагил сумын “Ялалт” ХК-д малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.

         Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

       Нэхэмжлэгч Ч.Нарантуяа нь Увс аймгийн Сагил сумын “Ялалт” нэгдэлд 1986 оны 1 дүгээр сараас 1992 оны 6 дугаар сарын 04-ний өдөр хүртэл малчнаар, “Ялалт” ХК-нд 1992 оны 6 дугаар сарын 05-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараахь нотлох баримтууд авагджээ. Үүнд: 

1. Увс аймгийн Архивын тасгаас 2016 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр гаргаж ирүүлсэн Чулуунбаатарын Нарантуяагийн Увс аймгийн Сагил сумын “Ялалт” нэгдэлд 1986 оны 1 дүгээр сараас 1992 оны 6 дугаар сарын 04-ний өдөр хүртэл малчнаар, “Ялалт” ХК-нд 1992 оны 6 дугаар сарын 05-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарыг дуустал ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт,

2. Ч.Нарантуяад 1986 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр нээсэн 1986 оны 1 дүгээр сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал бичилттэй хөдөлмөрийн дэвтэр,

3. Ч.Нарантуяад 1991 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр нээсэн 1991 оны 1 дүгээр сараас 1994 оны 12 дугаар сарыг дуустал бичилттэй хөдөлмөрийн дэвтэр,

4. Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн “Ялалт” ХК нь 1992 оны 6 дугаар сарын 05-нд улсын бүртгэлд бүртгэгдсэн байна” гэх лавлагаа,

5. Гэрч А.Долгорын шүүхэд өгсөн: “Би 1983 оноос эхлэн Увс аймгийн Сагил сумын 10 жилийн сургуульд жижүүрээр 1994 оныг дуустал ажилласан юм. Ч.Нарантуяа нь 1986 оноос манай нэгдлийн Өндөрмод бригадад малчнаар ажилд орж 1992 он хүртэл ажиллаад нэгдэл хувьчлагдаж “Ялалт” компани болоход мөн малчнаар 1994 оныг дуустал ажилласан юм. Ч.Нарантуяа бид нэг сумын нэг бригадын айл саахалт амьдарч ирсэн хүмүүс учраас нэг нэгнээ эртнээс сайн таньж мэднэ. Түүний нөхөр нь мөн Өндөрмод бригадын малыг олон жил малласан хүн байсан” гэх мэдүүлэг,

6. Гэрч Ю.Буянхишигийн шүүхэд өгсөн: “Би 1981 оноос эхлэн Увс аймгийн Сагил сумын “Ялалт” нэгдлийн Баянзүрх бригадад малчнаар 1990 оныг дуустал ажилласан юм. Ч.Нарантуяа нь 1986 оноос манай нэгдлийн Өндөрмод бригадад малчнаар ажилд орж 1990 онд намайг ажлаас чөлөөлөгдөхөд тэндээ ажиллаад үлдсэн хүн юм. Мөн түүний нөхөр Рэнцэнсамбуу нь манай нөхөртэй дунд сургууль нэг ангид сурч байсан танилууд учраас би Ч.Нарантуяаг сайн таньж мэднэ. Бид хар багаасаа нэг нутагт төрж өссөн хүмүүс юм. Тухайн үед Сагил сумын “Ялалт- нэгдлийн даргаар Р.Содномжамц, Ц.Давааням гэх хүмүүс ажиллаж байсан юм” гэх мэдүүлэг,

7. Гэрч А.Долгорын Увс аймгийн Сагил суманд ажиллаж байсныг нотлох түүний хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлэгдсэн хуулбар, Ю.Буянхишигийн Увс аймгийн Сагил сумын “Ялалт” нэгдэлд ажиллаж байсныг нотлох түүний ажиллаж байсан байдлыг тогтоосон Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 982 тоот шийдвэрийн нотариатаар гэрчлэгдсэн хуулбар зэрэг нотлох баримтууд хэрэгт авагджээ.  

       Нэхэмжлэгч Ч.Нарантуяа нь Увс аймгийн Сагил сумын “Ялалт” нэгдэлд 1986 оны 1 дүгээр сараас 1992 оны 6 дугаар сарын 04-ний өдөр хүртэл малчнаар, “Ялалт” ХК-нд 1992 оны 6 дугаар сарын 05-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарыг дуустал тус тус малчнаар ажиллаж байсан болох нь Увс аймгийн Архивын тасгаас 2016 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр гаргаж ирүүлсэн Ч.Нарантуяагийн цалингийн тодорхойлолт, Ч.Нарантуяад 1986 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр нээсэн 1986 оны 1 дүгээр сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал бичилттэй хөдөлмөрийн дэвтэр, мөн 1991 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр нээсэн 1991 оны 1 дүгээр сараас 1994 оны 12 дугаар сарыг дуустал бичилттэй хөдөлмөрийн дэвтэр, Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн “Ялалт” ХК нь 1992 оны 6 дугаар сарын 05-нд улсын бүртгэлд бүртгэгдсэн байна” гэх лавлагаа, гэрч А.Долгор, Ю.Буянхишиг нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.

     Увс аймгийн Сагил сумын “Ялалт” нэгдэл нь 1992 оны 6 дугаар сарын 05-ны өдөр хувьчлагдаж “Ялалт” ХК болсон нь улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн 60 тоот лавлагаагаар нотлогдож байна.

       Иймд нэхэмжлэгч Ч.Нарантуяагийн Увс аймгийн Сагил сумын “Ялалт” нэгдэлд 1986 оны 1 дүгээр сараас 1992 оны 6 дугаар сарын 04-ний өдөр хүртэл 6 жил, 5 сар, 4 хоног малчнаар, “Ялалт” ХК-нд 1992 оны 6 дугаар сарын 05-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарыг дуустал 2 жил, 6 сар, 26 хоног малчнаар, нийт 9 жил малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.   

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ч.Нарантуяагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

       1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржигон овогт Чулуунбаатарын Нарантуяагийн Увс аймгийн Сагил сумын “Ялалт” нэгдэлд 1986 оны 1 дүгээр сараас 1992 оны 6 дугаар сарын 04-ний өдөр хүртэл 6 /зургаа/ жил, 5 /тав/ сар, 4 /дөрөв/ хоног малчнаар, “Ялалт” ХК-нд 1992 оны 6 дугаар сарын 05-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарыг дуустал 2 /хоёр/ жил, 6 /зургаа/ сар, 26 /хорин зургаа/ хоног малчнаар, нийт 9 /ес/ жил малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

       2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Ч.Нарантуяагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас  хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

 

                                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             П.БОЛОР