| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунчимэг Одгэрэл |
| Хэргийн индекс | 183/2024/06191/И |
| Дугаар | 210/МА2025/01624 |
| Огноо | 2025-09-24 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 24 өдөр
Дугаар 210/МА2025/01624
“*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн, бүрэлдэхүүнд шүүгч Ц.Алтанцэцэг, шүүгч О.Одгэрэл нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******, *******нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 56,230,103 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч О.Одгэрэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1.“*******” ХХК нь зээлдэгч ******* нартай 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 1280004600 тоот зээлийн гэрээ байгуулан 205,000,000 төгрөгийн зээлийг 6 сарын хугацаатай, сарын 3 хувь, жилийн 36-н хүүтэйгээр Бизнесийн зээлийн зориулалтаар, иргэн *******ийн өмчлөлийн ******* тоот хаягтай улсын бүртгэлийн *******дугаартай 90.25 мкв талбайтай гурван өрөө орон сууцыг барьцаалан зээл авсан.
1.2.Гэтэл зээлдэгч ******* зээлээ төлөөгүй тул 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 29,244,827 төгрөг, үндсэн хүү 25,002,461 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,982,814 төгрөг, нийт 56,230,103 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулж өгнө үү.
1.3.Зээлийг олгосноос хойш 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр 146,000,000 төгрөгийг төлж, үндсэн зээлийн үлдэгдэл 59,000,000 төгрөг болсон. Зээлдэгч нар харилцан тохиролцоод үлдэгдэл зээлийг тэнцүү хуваагаад 29,244,827 төгрөгийг тус тусдаа төлөхөөр болж хоёр хуваагаад зээлийн гэрээ байгуулж өгнө үү гэсэн хүсэлтийг тавьсан. Ингээд н.Энхбаяр нь өөрт ногдох мөнгийг төлж барагдуулж, барьцаа хөрөнгөө сулласан.
******* зээлдэгч 29,244,827 төгрөгийн өртэй үлдсэн, үүнээс хойш 2024 оны 3 дугаар сарын 14-ний өдөр 3,000,000 төгрөгийг төлсөн, өөр төлөлт хийгээгүй. Өмнөх зээл төлөгдөөгүй учраас зээлийн данс нь хаагдахгүй, гэрээ үргэлжилж байгаа, тиймээс үргэлжлүүлээд хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцох тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
2.1.Хариуцагч ******* нь Ч.Энхболдтой хамтран “*******” ХХК-аас 2022 оны 3 дугаар сарын 30-ний өдөр зээлийн гэрээ байгуулан 205,000,000 төгрөгийг зээлж авсан. Зээлийн барьцаанд хариуцагч *******ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан талаараа маргахгүй. Зээлээс 146,000,000 төгрөгийг удалгүй төлж үлдэх 59,000,000 төгрөгийг хоёр хуваагаад төлнө гэсэн. Уг мөнгөн дээрээ шинэчлэн гэрээ байгуулна гэсэн. Хэрхэн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцоод байгаа нь ойлгомжгүй байна.
Тухайн үед үндсэн зээлийн үлдэгдэл хуваагаад 29,500,000 төгрөг үлдсэн гэсэн атлаа үндсэн зээл нэмэгдээд түүнээс хүү тооцоод байгааг ойлгохгүй байна. Мөн төлсөн төлбөр үндсэн зээлээс хасагдаагүй байгаа нь эргэлзээтэй. Харин хамтран зээлдэгч *******өөрт холбогдох зээлийг төлсөн талаар, мөн барьцааны гэрээ байгуулсан талаар бол маргаагүй гэжээ.
3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар хариуцагч *******аас зээлийн гэрээний үүрэгт 26,244,827 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “*******” ХХК-нд олгож, нэхэмжлэлээс үлдэх 29,985,276 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч ******* нь үүргээ гүйцэтгэхгүй, зохих ёсоор гүйцэтгэхгүй бол хариуцагч *******ийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 4 хороо *******байр 94 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн *******дугаартай 90.25 мкв талбайтай, 3 өрөө орон сууцыг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “*******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 618,011 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас 359 374 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “*******” ХХК-д олгож шийдвэрлэжээ.
4.Нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
4.1.Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдлыг гаргаж байна.
Үндсэн зээлдэгч ******* гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй улмаас нэхэмжлэгч тал шаардах эрхээ хэрэгжүүлж нэхэмжлэл гаргасныг шүүх анхаарч үзнэ үү. Мөн гэрээний үүрэг *******тай дуусгавар болоогүй байхад дахин шинээр гэрээ байгуулах боломжгүй, зээлийн данс хаагдахгүй.
4.2.Шүүх гэрээг хүчин төгөлдөр хэлцэл гэж дүгнэсэн атлаа үндэслэх хэсэгт зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хэрхэн тооцсон эсэх нь ойлгомжгүй, эргэлзээтэй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Хариуцагч *******ын хувьд нэхэмжлэлийн шаардлагыг няцаасан нотлох баримт, үндэслэл бүхий тайлбарыг гаргаагүй байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Иймд шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
5.Хариуцагч нарын давж заалдах гомдолд гаргасан тайлбар, татгалзлын агуулга:
5.1.Нэхэмжлэгч нийт авсан зээлийн үнийн дүнгээс 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр төлөлт хийж, үлдсэн үнийн дүнг 2 зээлдэгч 50:50 хувиар хариуцах байдлаар харилцан тохиролцож, хамтран үүрэг гүйцэтгэгчийн үүрэг дуусгавар болсон, бид гэрээг шинэчилсэн гэх агуулгатай тайлбарыг өгдөг.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний дагуу хүү шаардаж байгаа эсэх эсвэл тухайн гэрээг дуусгавар болгож, шинэчилсэн гэрээний дагуу хүү шаардаж байгаа эсэх нөхцөл байдал тодорхойгүй байна гэж дүгнэсэн. Түүнчлэн нэхэмжлэгч тал нь өмнөх хүчин төгөлдөр үйлчилж байгаа гэрээний дагуу зээлийн хүүг шаардаж байна гэж тайлбарладаг боловч хамтран үүрэг гүйцэтгэгч нь өөрт ногдох хэсгээ төлж, энэ талаарх харилцааг дуусгавар болгосон гэх байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байгаа нь үндэслэлгүй учир хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардаж байгаа нь үндэслэлгүй гэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон.
Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх тул давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянан үзээд гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч *******, *******нарт холбогдуулж зээлийн гэрээний үүрэгт 56,230,103 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөнөөс хангуулах шаардлага гаргасныг хариуцагч нар “үндсэн зээл төлөхийг хүлээн зөвшөөрч, харин хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцоолол ойлгомжгүй” үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ.
3.Анхан шатны шүүх хэрэгт цугларсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоосон. Үүнд:
3.1.“*******” ХХК болон *******, *******нарын хооронд 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдөр тохиролцож, зээлдүүлэгч 205,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай зээлдэгчийн өмчлөлд шилжүүлэхээр, зээлдэгч жилийн 36 хувийн хүүтэй, хэрэв хугацаандаа төлөөгүй тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүүтэй буцаан төлөхөөр тохирч 1280004600 тоот гэрээг байгуулсан. /хх 6-8/
3.2.Дээрх зээлийн гэрээний үүргийг нэр бүхий хэд хэдэн хөрөнгөнөөс хангуулахаар тохирсны дотор *******ийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн *******дугаартай, Хан-Уул дүүрэг, 4 хороо, *******байр 94 тоот хаягт байрлах, 90.25 мкв талбайтай, 3 өрөө орон сууцнаас хангуулахаар зээлдэгч *******, *******болон барьцаалуулагч *******нартай 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрөө барьцааны гэрээг байгуулсан. /хх 9-12/
3.3.Зээлдэгч зээлийн мөнгөн хөрөнгийг хүлээн авсан, 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 29,244,827 төгрөг байсан, үүнээс хойш 2024 оны 3 дугаар сарын 14-ний өдөр 3,000,000 төгрөг төлж, үлдэх зээлийг төлөөгүй үйл баримтуудад зохигчид маргаагүй байна.
4.Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж талуудын хоорондох эрх зүйн харилцааг зөв тодорхойлж дүгнэсэн.
Мөн “*******” ХХК болон *******, Ч.Энхболд, *******нарын хоорондох барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан “гэрээг бичгээр хийх”, “үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгүүлэх” шаардлагыг хангасан хүчин төгөлдөр талаарх шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна.
5.Харин анхан шатны шүүх Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэснийг буруу тайлбарлан хэрэглэж хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс залруулна.
6.Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дах хэсэгт “Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болно” гэж заасан, талуудын хоорондох зээлийн гэрээ хүчин төгөлдөр тул нэхэмжлэгч *******аас зээлийг буцаан шаардах эрхтэй. Хамтран зээлдэгч болох *******зээлээс тодорхой хэсгийг төлсөн үндэслэлээр нэхэмжлэгч хариуцагч *******аас зээлийн үлдэх хэсгийг шаардсаныг шүүх буруутгах үндэслэлгүй.
7.Монгол банкны ерөнхийлөгчийн 2018 оны А-203 дугаар тушаалаар батлагдсан /Монгол банкны ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны хамтарсан 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн А-106/218 тушаалаар журмыг шинэчилсэн ч тооцооллын хувьд адил/ зээлийн хүү тооцох аргачлалын дагуу 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс хойш нэхэмжлэгчийн шаардсан 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаагаар тооцож үзэхэд үндсэн зээлийн үлдэгдэл 29,244,827 төгрөг, хүү 15,516,663 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,103,332 төгрөг, нийт төлбөл зохих дүн 47,864,822 төгрөг байгаагаас хариуцагчийн төлсөн 3,000,000 /үүнийг нэхэмжлэгч нэмэгдүүлсэн хүүгээс хасаж шаардсан/ төгрөгийг хасаж үлдэх 44,864,822 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, шийдвэрт энэ талаарх зохих өөрчлөлтийг оруулна.
8.Барьцааны гэрээ хүчин төгөлдөр тул шүүх Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөнөөс хангуулахаар шийдвэрлэсэн нь зөв, үүнд зохигчид гомдол гаргаагүй болно.
9.Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 192/ШШ2025/05257 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтад “451.1” гэсний дараа “452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1” гэж нэмж, мөн “26,244,827” гэснийг “44,864,822” гэж, “29,985,276” гэснийг “11,365,281” гэж,
3 дахь заалтад “359,374” гэснийг “452,474” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 307,876 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ
О.ОДГЭРЭЛ