| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ламжавын Соёлмаа |
| Хэргийн индекс | 148/2016/00458/И |
| Дугаар | 506 |
| Огноо | 2016-09-20 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 20 өдөр
Дугаар 506
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Соёлмаа даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Түшиг сумын 2 дугаар Ар нуга 4 дүгээр гудамж 127 тоотод оршин суух, 28 настай, эмэгтэй, одоо Түшиг сумын 27 дугаар цэцэрлэгт багш ажилтай Боржигон овогт Нэргүйгийн Баянжаргалын /МН-88061668/ нэхэмжлэлтэй
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Түшиг сумын 1 дүгээр баг Жаргалмандах 3-117 тоотод оршин суух, 30 настай, эрэгтэй одоо Түшиг сумын Ерөнхий боловсролын дунд сургуульд физикийн багш ажилтай Цахар овогт Бат-Очирын Отгонбаатарт /МН-86021674/ холбогдох
“Гэрлэлт цуцалж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай“ иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд; Нэхэмжлэгч Н.Баянжаргал, хариуцагч Б.Отгонбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Бүүвэйцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Баянжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Би Б.Отгонбаатартай 2009 онд танилцан, 2009 оны 12 дугаар сарын 18-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. 2010 оны 10 дугаар сарын 12-нд хүү О.Шинэбаяр төрсөн. Б.Отгонбаатар нь намайг 5 сартай жирэмсэн байхад өөр хүнтэй болж түүнээс хойш дахин хамтран амьдраагүй. Одоо бид хоёр аль аль нь гэр бүл, үр хүүхэдтэй болсон учир гэрлэлт цуцалж, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. Хамтран амьдарч байх хугацаандаа тусдаа гарч амьдраагүй аав, ээжийнхээрээ байдаг байсан учир бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй гэх.
Хариуцагч Б.Отгонбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Бид хоёр тус тусдаа олон жил амьдарч байгаа. Одоо хоёулаа тус тусдаа гэр бүлтэй болсон. Хүүхдийн тэтгэлэгийг хууль ёсны дагуу тогтооход татгалзах зүйлгүй гэх.
ҮНДЭСЛЭХ нь :
Н.Баянжаргалын нэхэмжлэлтэй Б.Отгонбаатарт холбогдох “Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай“ нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Зохигчид нь 2009 онд танилцан гэр бүл болж хамтран амьдарч гэрлэлтээ 2009 оны 12 дугаар сарын 18-ны өдөр бүртгүүлж, 2010 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүү О.Шинэбаяр төрсөн болох нь 2009 оны 12 дугаар сарын 18-ны өдөр гэрлэлт бүртгэсэн тухай 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 00/006115 дугаартай “Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа”, О.Шинэбаярыг 2010 оны 10 дугаар сарын 12-ны өдөр төрснийг 2010 оны 10 дугаар сарын 25-ны өдөр №0000476293 Г-27 дугаарт бүртгэсэн “Төрсний гэрчилгээ”-ний хуулбарууд зэргээр нотлогдож байгаа болно.
Зохигчдын хооронд эд хөрөнгийн маргаангүй бөгөөд зохигчид нь 2010 оноос эхлэн тус тусдаа 6 жил гаруй амьдарч, аль аль нь гэр бүлтэй болцгоосон, цаашид хамтран амьдрах боломжгүй болсон талаар нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ”...Б.Отгонбаатар нь намайг 5 сартай жирэмсэн байхад өөр хүнтэй болж түүнээс хойш дахин хамтран амьдраагүй. Одоо бид хоёр аль аль нь гэр бүл, үр хүүхэдтэй болсон учир гэрлэлт цуцалж, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү.” гэх, хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Бид хоёр тус тусдаа олон жил амьдарч байгаа. Одоо хоёулаа тус тусдаа гэр бүлтэй болсон. Хүүхдийн тэтгэлэгийг хууль ёсны дагуу тогтооход татгалзах зүйлгүй” гэх мэдүүлэг зэргээр зохигчдын гэр бүлийн амьдралыг цаашид үргэлжлүүлэх боломжгүй гэж үзэж байх тул гэрлэлтийг цуцлах үндэслэл болно.
Иймд зохигчдын гэрлэлтийг цуцалж, 2010 оны 10 дугаар сарын 12-ны өдөр төрсөн хүү О.Шинэбаярыг эх Н.Баянжаргалын асрамжинд үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар 2010 оны 10 дугаар сарын 12-ны өдөр төрсөн хүү О.Шинэбаярыг 11 нас хүртэл нь тухайн орон нтуагт тогтоогдсон амьжиргааны түвшингийн 50 хувиар, 40.1.2-д зааснаар 11-16 нас (суралцаж байгаа бол 18 нас)-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.Отгонбаатараар тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Зохигчид нь Сэлэнгэ аймаг дахь Иргэний хэргийн эвлэрүүлэн зуучлах хэсгээр орж 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон байна.
Энэ нэхэмжлэлийн үнийн дүн нь Б.Отгонбаатараас хүү О.Шинэбаярт төлөх тэтгэлэгийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тодорхойлогдох тул (/164.300:2х12=985.200төгрөг) улсын тэмдэгтийн хураамжинд 28.195 төгрөгийг орон нтугийн төсвийн орлогод, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн115 дугаа зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасны удирдлага болгох ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-т зааснаар Нэргүйгийн Баянжаргал, Бат-Очирын Отгонбаатар нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2010 оны 10 дугаар сарын 12-ны өдөр төрсөн хүү О.Шинэбаярыг эх Н.Баянжаргалын асрамжинд үлдээсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар 2010 оны 10 дугаар сарын 12-ны өдөр төрсөн хүү О.Шинэбаярыг 11 нас хүртэл нь орон нутагт тогтоогдсон амьжиргааны түвшингийн 50 хувиар, 40.1.2-т зааснаар 11-16 нас (суралцаж байгаа бол 18 нас)-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.Отгонбаатараар тэжээн тэтгүүлсүгэй.
4. Зохигчдын хооронд эд хөрөнгийн маргаангүй болорхыг дурьдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөг, орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар Б.Отгонбаатараас 28.195 төгрөг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.
7.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-т зааснаар зохигчдын гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Д.Ариунтуяад даалгасугай.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.
9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг анхааруулсугай.
10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурьдсугай.
11.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл, 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.СОЁЛМАА