| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунчимэг Одгэрэл |
| Хэргийн индекс | 101/2024/08554/И |
| Дугаар | 210/МА2025/01625 |
| Огноо | 2025-09-24 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 24 өдөр
Дугаар 210/МА2025/01625
“********” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, О.Одгэрэл нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “********” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ********д холбогдох
******** тоот хаягт байрлах 44,3 мкв талбайтай орон сууцыг албадан чөлөөлүүлэх, гэрээний үүрэгт алданги 12,530,560 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй,
Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг даалгах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч О.Одгэрэл илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********, *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********, хариуцагчийн өмгөөлөгч ********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1.“********” ХХК нь ********тай 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 2/65-а дугаартай Орон сууц захиалан бариулах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, ********тоот 44.3 м.кв 2 өрөө орон сууцыг худалдсан.
1.2.******** гэрээний дагуу урьдчилгаанд 14,619,000 төгрөг төлж, графикийн дагуу 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүртэл улирал бүр 8,353,720 төгрөг буюу 58,476,000 төгрөг, нийт 73,095,000 төгрөгийг төлөх ёстой байсан. Гэвч гэрээ байгуулснаас хойш 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүртэл 12 удаагийн гүйлгээгээр нийт 42,415,440 төгрөгийг төлсөн.
1.3.Компанийн зүгээс 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдөр барилгыг байнгын ашиглалтад оруулж, ******** орон сууцыг манайхаас хүлээн авсан хугацаа болох 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд орон сууцыг бусдад түрээслүүлж орлого олж байна. Бид удаа дараа төлбөрөө төлөхийг шаардаж хугацаа олгосон ч төлөөгүй тул гэрээнээс татгалзаж, ********гийн эзэмшлээс уг орон сууцыг чөлөөлж өгнө үү.
********гаас гэрээний үүрэгт төлсөн 42,415,440 төгрөгөөс гэрээний 7.2-т зааснаар төлсөн төлбөрийн хорин хувийг суутган тооцож үлдэгдлийг нь компанийн зүгээс буцаан өгөхөд татгалзах зүйлгүй болно.
1.4.Гэрээний дагуу хамгийн сүүлд 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр төлбөр төлөх үүрэгтэй байсан ч хариуцагч 25,061,120 төгрөгийг төлөөгүй 173-аас 1,571 хоног хугацаа хоцроосон. Гэрээний 4.4-т алданги төлөхөөр тохирсон тул хэтрүүлсэн хоног тутамд 0.5 хувийн алдангийг 25,061,120 төгрөгөөс тооцож Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар алдангид 12,530,560 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
2.1.Иргэн ******** нь “********” ХХК-тай 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр гэрээ байгуулсан. Уг гэрээгээр 44.3 м.кв талбай бүхий орон сууцыг 1 м.кв талбайг 1,650,000 төгрөг, нийт 73,095,000 төгрөгөөр худалдан авахаар гэрээ байгуулсан.
2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хооронд нийт 73,095,000 төгрөгийг бүрэн шилжүүлсэн. ******** нь 2019-2021 оны хооронд орон сууцны үнийн дийлэнх хэсгийг буюу 56,034,440 төгрөгийг төлсөн.
2.2.Гэрээ байгуулагдсанаас хойш Ковид-19 цар тахал гарч, зах худалдааны төвүүдийг удаан хугацаанд ажиллуулахгүй, хилээр бараа таваар оруулж ирэхэд хүндрэлтэй болж санхүүгийн хувьд хүндхэн байдалд орсноос гэрээнд заасан хугацаандаа төлбөрөө төлж чадахгүй байсан. ******** орон сууцны үнийг бүрэн төлсөн тул “********” ХХК нь орон сууцыг шилжүүлэх үүрэгтэй.
2.3.Гэрээний төлбөрийг хугацаа хэтрүүлэн төлсөн талаар маргахгүй тул хугацаа хэтрүүлсний хариуцлага хүлээж төлөөгүй байсан үлдэгдэл төлбөрийн үнийн дүн болох 16,060,560 төгрөгийн 8,03,0280 төгрөгийн алданги төлөхөд татгалзах зүйлгүй. Одоогийн байдлаар гэрээнд заасан нийт төлбөрийг бүрэн төлж барагдуулсан байгаа гэжээ.
3.Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, тайлбарын агуулга:
3.1.******** орон сууцыг хүлээн авч, хэлэлцэн тохиролцсон хөлсийг буюу орон сууцны үнийг төлөх үүргийг гүйцэтгэсэн байх тул ******** тоот хаягт байрлах 44,3 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагч “********” ХХК-д даалгаж өгнө үү гэжээ.
4.Нэхэмжлэгчээс сөрөг нэхэмжлэлд гаргасан татгалзал, тайлбарын агуулга:
4.1.Манай компанийн зүгээс гэрээнээс татгалзаж орон сууцыг чөлөөлүүлэхээр шаардлага гаргасан тул орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт гаргуулахыг даалгах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. ********гийн гэрээний үүрэгт төлсөн төлбөрийг буцаан өгөхөд татгалзах зүйлгүй гэжээ.
5.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч ********гаас гэрээний үүрэгт алданги 8,030,280 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “********” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас Улаанбаатар хот, ******** тоот хаягт байрлах 44,3 м.кв талбайтай орон сууцыг албадан чөлөөлүүлэх шаардлага, алдангийн төлбөрийн үлдэх 4,500,280 төгрөгт холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож,
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч ********г Улаанбаатар хот, ******** тоот хаягт байрлах 44,3 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, уг орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлж үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг нэхэмжлэгч “********” ХХК-д даалгаж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 285,700 төгрөг, хариуцагчийн төлсөн нийт 593,625 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч ********гаас 143,434 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “********” ХХК-д олгож, нэхэмжлэгч “********” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид нийт 593,625 төгрөгийг гаргуулж хариуцагч ********д олгож шийдвэрлэжээ.
6.Нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
6.1.Нэхэмжлэгч “********” ХХК нь иргэн ********тай 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр гэрээ байгуулсан. Тус гэрээний дагуу орон сууцны урьдчилгаа төлбөрт 14,619,000 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэгдэл төлбөр болох 58,476,000 төгрөгийг 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүртэлх хугацаанд улирал бүр 8,353,720 төгрөг төлөхөөр тохиролцсон.
6.2.Гэвч хариуцагч ******** 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр, 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдөр, 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн нийт 3 удаагийн төлөлтийг төлөхгүй хугацаа хоцроосон бөгөөд 4 жилийн хугацаанд тухайн төлбөрийг төлөөгүй буюу гэрээний үүргээ биелүүлээгүй.
******** гэрээний графикт заасан төлбөрийг 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн хугацаа хоцроосон бөгөөд тухай бүр утсаар болон биечлэн удаа дараа уулзаж гэрээний гол нөхцөл болох төлбөр болон алдангийг шаардаж байсан. Мөн 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 24/30 тоот мэдэгдлээр алданги төлөхийг шаардаж байсан.
Гэвч шүүх алдангийн 8,030,280 төгрөгийг хангаж, үлдэх 4,500,280 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон. Тухайн хэрэгт хамаарах нотлох баримт болон гэрээний хавсралт, алданги тооцсон хүснэгт, шаардлага гаргаж байсан талаарх мэдэгдэл зэрэг нотлох баримтуудыг бүрэн бодитойгоор үнэлэлгүй орхигдуулж шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Иймд алдангийн төлбөрт 12,530,560 төгрөгийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
7.Хариуцагчийн давж заалдах гомдолд гаргасан татгалзал, тайлбарын агуулга:
7.1.Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаанд 16,060,000 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байсан бөгөөд тухайн төлбөрийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бүрэн төлж барагдуулсан. Хариуцагч тухайн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс тооцож алданги 8,031,280 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа. Анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш 2025 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 22-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 4,000,000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 01-ний өдөр 31,280 төгрөг гэх зэргээр нийт алдангийн 8,031,280 төгрөгийг бүрэн төлж, барагдуулсан.
7.2.Үлдэгдэл 4,500,280 төгрөгийн алданги нь хуульд заасан алдангийн 50 хувиас хэтэрч байгаа. Түүнчлэн хариуцагч ******** хоёр хүүхэдтэй, өрх толгойлсон эх бөгөөд 2025 онд хөлөө хөлдөөсний улмаас тэргэнцэртэй буюу хөгжлийн бэрхшээлтэй болсон учир дээрх мөнгийг төлөх боломжгүй нөхцөл байдалтай байгаа.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч “********” ХХК нь хариуцагч ********д холбогдуулан ******** тоот хаягт байрлах 44,3 м.кв талбайтай орон сууцыг албадан чөлөөлүүлэх, алданги 12,530,560 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч алдангиас 8,030,280 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг эс зөвшөөрч, хариуцагч нь орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг даалгуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
3.Анхан шатны шүүх хэрэгт цугларсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоосон. Үүнд:
3.1.Талууд 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Орон сууц захиалан бариулах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, гэрээгээр худалдагч “********” ХХК нь ******** тоот хаягт байрших 44,3 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцыг барьж, худалдан авагчид 2019 оны 8 сард хүлээлгэн өгөх, худалдан авагч нь орон сууцны үнэд нэг м.кв талбайг 1,650,000 төгрөгөөр тооцон нийт 73,095,000 төгрөгийг гэрээгээр тохирсон графикийн дагуу хэсэгчлэн төлөх, хэрэв хугацаандаа төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 0,5 хувийн алданги тооцож худалдагч талд төлөх нөхцөлийг харилцан тохиролцсон байна. /хх 6-11/
3.2.Худалдагч нь орон сууцны барилгыг ашиглалтад оруулж, 2019 оны 9 дүгээр сард худалдан авагчийн эзэмшил ашиглалтад шилжүүлэн өгсөн, Худалдан авагч нь 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар 42,415,440 төгрөг төлсөн, шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш үлдэх 16,060,560 төгрөгийг төлжээ. /хх 16, 84-89, 118-123/
4.Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр талаар зөв дүгнэсэн.
5.Худалдан авагч ******** орон сууцны үнийг гэрээгээр тохирсон хугацаандаа төлөх үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй боловч гэрээний дийлэнх хэсгийг биелүүлсэн байсан үндэслэлээр түүний гаргасан зөрчлийг үүргийн ялимгүй зөрчилд тооцож улмаар худалдагч “********” ХХК-г гэрээнээс татгалзах эрхгүй талаарх шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1 дэх хэсгийг зөрчөөгүй байна.
Анхан шатны шүүх гэрээнээс татгалзсаны үр дагаварт худалдан авагчийн эзэмшлээс орон сууцыг чөлөөлүүлэх “********” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, харин “үнийг төлсөн” үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, маргааны зүйл болсон орон сууцны өмчлөгчөөр ********г тогтоож шийдвэрлэсэн хэсгийг эс зөвшөөрч зохигч хэн алин нь гомдол гаргаагүй тул давж заалдах шатны шүүхээс эрх зүйн дэлгэрэнгүй дүгнэлт өгөхгүй байх нь талуудын зарчимд нийцнэ.
6.Харин шүүх хариуцагчийг орон сууцны өмчлөгчөөр тогтоож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан хүрээнд давж заалдах шатны шүүхээс бүртгэлийн асуудлыг нэг мөр шийдвэрлэх үүднээс өмчлөгчөөр бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгасан өөрчлөлтийг шийдвэрт нэмж тусгана.
7.Анхан шатны шүүх алдангид 8,030,280 төгрөгийг гаргуулж шийдвэрлэхдээ шүүхэд нэхэмжлэл гаргасан 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс хойших хугацаанд, гүйцэтгээгүй үүргийг ажиллагааны явцад төлсөн 16,060,560 төгрөгөөс тус тус тооцсон нь буруу болсон тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангана.
7.1.Хэргийн баримтаар хариуцагч Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт заасан “үүргийг зохих ёсоор, хугацаанд нь гүйцэтгэх” үүргээ хэрэгжүүлээгүй, төлбөр хэсэгчлэн төлөхөөр тохирсон хугацаа болох 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр 8,353,720 төгрөг, 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдөр 8,353,720 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй, 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 8,353,720 төгрөг төлөхөөс 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 2,000,000 төгрөг төлж үлдэх хэсгийг төлөөгүй болох нь тогтоогдсон. Иймд худалдан авагч гэрээний үүргийн зөрчил гаргасан 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрөөс эхэлж гүйцэтгээгүй дүнгийн хэмжээгээр тооцож Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар алданги шаардах эрх нэхэмжлэгчид үүснэ.
7.2.Хариуцагч 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 3,000,000 төгрөг, 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр 1,000,000 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 1,000,000 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 2,000,000 төгрөг, 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөгийг, ажиллагааны явцад 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн хооронд үлдэх 16,060,560 төгрөгийг тус тус төлжээ.
Нэхэмжлэгч алдангийг хугацаа хэтрүүлж төлсөн нийт 25,061,120 төгрөгөөс хэтрүүлсэн хоног тус бүрээр, төлөгдөөгүй дүнгээр тооцож, улмаар Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасан “анзын хэмжээ гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” зохицуулалтад нийцүүлэн 12,530,560 төгрөг шаардсан нь үндэслэлтэй, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцсэн байна.
8.Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 191/ШШ2025/03997 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ********гаас 12,530,560 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “********” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас Улаанбаатар хот, ******** тоот хаягт байрлах 44,3 м.кв талбайтай орон сууцыг албадан чөлөөлүүлэх шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн найруулж,
2 дахь заалтад “******** ХХК-д” гэсний дараа “, өмчлөгчөөр бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт тус тус” гэж нэмж,
3 дахь заалтад “143,434” гэснийг “215,439” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 86,955 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ
О.ОДГЭРЭЛ