| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхээгийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 185/2019/0815/Э |
| Дугаар | 817 |
| Огноо | 2019-09-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.М |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 13 өдөр
Дугаар 817
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Цэгмэд,
Улсын яллагч Б.Мөнгөншагай,
Шүүгдэгч Г.С, түүний өмгөөлөгч О.Оюунчимэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Байчууд овогт Г-н С-т холбогдох эрүүгийн 1909030880913 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 2000 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Хөвсгөл аймгийн Галт сумын 5 дугаар багийн задгайд тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Саруул тэнгэр хотхоны 156 дугаар байрны 127 тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, / РД: РД00270519 / Байчууд овогт Г-н С нь:
- 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 05-06 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Фокус” нэртэй зочид буудалд иргэн Б.Эрдэнэбаяртай хувийн таарамжгүй харилцаанаас маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Б.Эрдэнэбаяр мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 05-06 цагийн үед Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Фокус” гэх нэртэй зочид буудалд өрөө хөлслөөд найзуудтайгаа пиво ууж байсан. Тухай үед Г.С гэх залуу орж ирээд ах нартайгаа эвгүй харьцаад байсан. Тэгэхээр нь бие засах газар руу авч ороод Г.С-т хандаж “Ахын дүү ах нартайгаа ингэж харицаж болдоггүй юмаа” гэж хэлээд нэг удаа мөр рүү нь цохиод алгадсан. Тухайн үед Г.С нь намайг зөрүүлээд хөмсөг рүү нилээн олон удаа гараараа цохьсон. Тэгэхээр нь би урдаас нь хөдлөөгүй. Ингээд гарч ирээд буцаж орж ирсэн. Гэтэл дахиад миний хацар руу цохиод байсан. Дараа нь манай найзууд Г.С бид хоёрыг салгаад нэг нь намайг гэмтлийн эмнэлэг рүү хүргэсэн гэжээ. / хх 4-8 /
Гэрч А.Будхүү мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Бие засах өрөөнд орилоон болохоор нь сэрээд очоод харсан чинь Б.Эрдэнэбаярын хөмсөгнөөс цус гарсан байдалтай уйлаад байсан. Ингээд хэн зодсон талаар асууж тодруулахад Б.Эрдэнэбаяр, Г.С хоёр хоорондоо маргалдаад Г.С, Б.Эрдэнэбаярыг цохьсон гэж олж мэдсэн гэжээ. / хх 14-15 /
Яллагдагч Г.С-ын мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: ...2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн үүрийн 06 цагийн үед Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Фокус” гэх нэртэй зочид буудалд Будхүү гэх надтай ажилладаг байсан танил ах намайг дуудахаар нь очсон. Очоод буудлын хамгийн доод давхарын буюу Б1 давхарт ороод ганц байсан өрөө рүү нь орсон. Өрөөнд ороход Марал-Эрдэнэ, Будхүү, Эрдэнэбаяр гэх ах нар байсан. Тэгээд тэд нар дундаа том 2.5 литрийн савлагаатай гурван пиво ууж байсан ба тэдгээр пивоны 2 том пивыг уугаад дуусгасан байсан. Тэр гуравтай цуг суугаад уг пивоноос 2 удаа уусан. Ингээд сууж байтал Эрдэнэбаяр ах над руу үг хаяаад бид хоорондоо үл ойлголцоод Эрдэнэбаяр ах “Бие засах өрөөнд оръё. Зүгээр юм яръя ахын дүү” гэж дагуулаад орсон. Тухайн үед Б.Эрдэнэбаяр ах надтай юм ярилцаж байснаа миний баруун хацар руу зүүн гараараа нэг удаа алгадаад баруун гараараа нүүр рүү маань нэг цохиод, толгойгоороо нэг мөргөсөн. Тэгэхээр нь би хариуд нь Б.Эрдэнэбаяр ахыг зөрүүлээд баруун гараараа нүүр рүү нь нийтдээ 3 удаа цохьсон. Энэ үед Б.Эрдэнэбаяр ахын нүднээс цус гараад хөмсөг нь гэмтсэн байх шиг байсан. Тэгээд бид хоёр хоорондоо салаад би түрүүлээд өрөөнд ороод сууж байсан чинь Б.Эрдэнэбаяр ах хойноос гарч ирээд чи ахыгаа зодчихлоо гээд дахиад үг хаяад намайг цохих гээд байхаар би Б.Эрдэнэбаяр ахыг нэг удаа толгой руу нь баруун гараараа цохьсон. Дараа нь Б.Эрдэнэбаяр ах Будхүү гэх найзтайгаа хамт гэмтлийн эмнэлэг явсан гэжээ. / хх 30 /
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 9993 дугаар дүгнэлтэнд:
1. Б.Эрдэнэбаярын биед зүүн хацар, баруун хөмсөгт шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт, дээд уруулд хавантай гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд байх боломжтой байна.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. / хх 17 /
Шүүгдэгч Г.С-ыг 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 28-31 /
Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 47 /
Шүүгдэгч Г.С нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Гэм буруу болон ялыг хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.
Шүүүгдэгч Г.С нь 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 05-06 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Фокус” нэртэй зочид буудалд иргэн Б.Эрдэнэбаяртай хувийн таарамжгүй харилцаанаас маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар гараар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ... Г.Содбаярт хандаж “Ахын дүү ах нартайгаа ингэж харицаж болдоггүй юмаа” гэж хэлээд нэг удаа мөр рүү нь цохиод алгадсан. Г.С нь намайг зөрүүлээд хөмсөг рүү олон удаа гараараа цохьсон. Би урдаас нь хөдлөөгүй. Дахиад миний хацар руу цохиод байсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Б. Эрдэнэбаярын мэдүүлэг / хх 4-8 /, ...Бие засах өрөөнд орилоон болохоор нь очоод харсан чинь Б.Эрдэнэбаярын хөмсөгнөөс цус гарсан байдалтай уйлаад байсан. Г.Содбаяр, Б.Эрдэнэбаярыг цохьсон гэдгийг олж мэдсэн гэж мөдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч А.Будхүүгийн мэдүүлэг / хх 14-15 /, ... Б.Эрдэнэбаяр ахыг зөрүүлээд баруун гараараа нүүр рүү нь нийтдээ 3 удаа цохьсон. Энэ үед Б.Эрдэнэбаяр ахын нүднээс цус гараад хөмсөг нь гэмтсэн байх шиг байсан. Дахиад үг хаяад байхаар би Б.Эрдэнэбаяр ахыг нэг удаа толгой руу нь баруун гараараа цохьсон гэж мөдөн шалгалтын явцад мэдүүлсэн яллагдагч Г.С-ын мэдүүлэг / хх 30 /, ...Б.Эрдэнэбаярын биед зүүн хацар, баруун хөмсөгт шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт, дээд уруулд хавантай гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 9993 дугаар дүгнэлт / хх 17 / зэрэг болно.
Шүүхээс шүүгдэгч Г.С-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Г.С нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол зэргийг харгалзан прокурорын санал болгосон торгох ялаар шийтгэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Г.С нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Б.Эрдэнэбаяр нь нэхэмжлэх зүйл, саналгүй / хх 64 / гэсэн тул түүнийг төлөх төлбөргүй болохыг дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Байчууд овогт Г-н С-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Г-н С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 / дөрвөн зуун тавь / нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Г.С нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар Г.С нь шүүхээс тогтоосон торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж болохыг түүнд мэдэгдсүгэй.
5. Г.С-т авсан хувийн баталгаа таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах годмол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.С-д авсан хувийн баталгаа таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ОЮУНЧИМЭГ