Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 515

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Соёлмаа даргалж, тус шүүхийн шүүх хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Баянмонгол хороолол 416-147 тоотод оршин суух, 27 настай, эмэгтэй, одоо “Капитал” төв банкны эрсдэл удирдлагын газрын эрх зүйн мэргэжилтэн ажилтай Нанзан овогт Батнасангийн Мэндхишигийн /МХ-89052105/  нэхэмжлэлтэй

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн 2 дугаар баг Цагаан эрэг 1 дүгээр хэсэг 16-07 тоотод оршин суух, 39 настай, эрэгтэй, одоо Алтанбулаг төвийн захирал Боржигон овогт Цогтоогийн Ганболдод  /МЮ-77052715/  холбогдох        

“Түрээсийн гэрээнээс учирсан хохирол 14.892.000 төгрөг гаргуулах тухай”, Ц.Ганболдын сөрөг нэхэмжлэлтэй “Капитал” банкинд холбогдох “Засвар үйлчилгээний, АТМ байрлуулсан хөлс, түрээсийн төлбөрийн үлдэгдэл 19.184.000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мэндхишиг, хариуцагч буюу сөрөг нэхэмжлэгч Ц.Ганболд, хариуцагч буюу сөрөг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Доржпүрэв, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Энхтайван нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мэндхишиг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 “Капитал банк” нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд өөрийн салбар нэгжээ нээгээд үйл ажиллагаа явуулах үүднээс иргэн Ц.Ганболдын өмчлөлийн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр төв талбайн баруун талд байрлах Алтанбулаг худалдаа үйлчилгээний төвийн нэгдүгээр давхрын нэг өрөөг гэрээнд зааж тохиролцсон ёсоор 75м2 талбай бүхий байрыг банкны үйл ажиллагаа явуулах зорилгоор 2012 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 25-ныг хүртэлх хугацаагаанд 1м2-ыг 20.000 төгрөгөөр тооцоод түрээсийн гэрээ байгуулан үйл ажиллагаа явуулж эхэлсэн. 2012 оныг дуустал түрээсийн төлбөрийг Ц.Ганболдын хувийн данс руу шилжүүлж байгаад 2013 оноос түүний “Капитал банк”-н дахь дансанд түрээсийн төлбөрийг шилжүүлсэн баримт нь хавтаст хэрэгт авагдсан байгаа. “Капитал банк”-ны Сэлэнгэ салбар, Ц.Ганболд нарын хооронд хийгдсэн “Түрээсийн гэрээ”-г 2015 оны 12 дугаар сард сунгах тухай асуудал яригдаж төвөөс тухайн өрөөнд “хэмжилт хийлгэж үз” гэсний дагуу  хэмжилт хийхэд 75м2 биш 53м2 байсан. Шүүхэд хүсэлт гарган дахин хэмжилт хийж үзэхэд тухайн талбайг 55м2 гэж тогтоосон. Үүнээс үзэхэд манай банк 2012 оны 09 дүгээр сарын 10- наас 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл сар бүр байрны түрээсэнд 22м2 –ын талбайн дутууд 438.000 төгрөгийг илүү шилжүүлж байсан. Үүнийг сар бүрээр 3 жилийн хугацаанд тооцоод үзэхээр 14.892.000 /арван дөрвөн сая найман зуун ерин хоёр мянга/-н төгрөгийг түрээслүүлэгчид илүү төлсөн гэж үзсэн. Манай талаас Иргэний хуулинд заасны дагуу итгэлцлийн үндсэн дээр энэ хүнтэй гэрээ хийсэн. Иймд “Алтанбулаг төв”-ийн захирал Ц.Ганболдоос илүү төлөгдсөн түрээсийн төлбөр 14.892.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэх.       

Хариуцагч Ц.Ганболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Капитал банк”-ны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ярьсан зүйлийг эсэргүүцэж байна. Яагаад гэвэл нэгдүгээрт хоёр тал харилцан тохиролцож түрээсийн гэрээг байгуулсан. “Капитал” банкныхан өөрсдөө ирээд манай талбайг үзэж хараад “түрээслье” гэсэн санал тавьсан. Би уг талбайг түрээслэхдээ тухайн барилгын план зурган дээрх хэмжээгээр тус байрыг түрээслэсэн. Түүнээс биш энэ түрээслэсэн байрны талбайг 2 тал аль аль нь хэмжилт хийж авч өгөлцөөгүй. “Капитал” банк анх түрээслэхдээ хэмжилт хийх боломж байсан. Энэ гэрээг анх байгуулахдаа гадна дотно гэсэн тодорхой зүйлийг тусгаж өгөөгүй. Эдний талаас түрээсийн гэрээгээ байнга зөрчдөг байсан. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх.

Сөрөг нэхэмжлэгч Ц.Ганболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 Алтанбулаг төв “Капитал банк”-тай 2015 оны 04 дүгээр сард буюу  нэг жилийн хугацаатай гэрээгээ байгуулсан. Гэрээний хугацаа дуусахаар манай талбайд “Скайтел” компани орохоор ярьж тохирсон байсан. “Капитал банк”-ны тооцоог хариуцаж байсан хүн нь ажлаасаа гараад харин Улаанбаатараас ирсэн Амартүвшин гэдэг хүн гэрээ хийгээгүй байхад мөнгөө шилжүүлсэн байсан. 2015 оны 10 сард Д.Оюун-Эрдэнэ захирал надтай уулзаад манай салбар их хүйтэн байна. Бид нар нэмж өрөө түрээслье гэж надад санал болгосон.

 Манай зүгээс 3 жил хамтарч ажилласнаа бодоод “Капитал банк”-ыг 2  давхартаа оруулаад доод давхраа засаж эхэлсэн. Засварын ажлыг 7 хоног хүрэхгүй хугацаанд хийж гүйцэтгэсэн. Засвар хийхдээ автомашины граж хүртэл шинээр хийсэн. Эднийх өөрсдөө автомашины граж ч байхгүй байсан. Анх гэрээ хийхдээ эдний талаас талбайг хэмжиж болох л байсан. Урьд нь энэ талбайг олон хүн түрээслэж байсан. Түрээслэхдээ 75м2-аар л түрээслүүлдэг байсан. Засвар хийсэн тухай гэрчүүдийн мэдүүлэг хавтаст хэрэгт авагдсан байгаа. Нийтдээ манайд 19.184.000 /арван есөн сая нэг зуун наян дөрвөн мянга/-н төгрөгний хохирол учруулсан.

Эдний талаас “засвар хийнэ” гэж хэлчихээд хийхгүй байсан. Улаанбаатар хотод очоод удирдлагуудтай нь уулзах гэхээр ресефшиндээ хэлчихээд алга болчихдог. Түрээсийн төлбөр гэж надад 2015 оны 11 дүгээр сарын 07-ноос 2015 оын 12 дугаар сарын 07-ныг хүртэл аман хэлцлээр 2.500.000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 09-нөөс 2015 оны 12 дугаар сарын 27-ныг хүртэл 1.600.000 төгрөгийг аман хэлцлээр нийт 4.160.000 төгрөг өгөх ёстой байсан. 2015 оны 12 дугаар сарын 27-нд эднийх манайхаас гарч явсан. Гарч явахдаа манайд байрлуулсан АТМ дотор талын хяналтын дохиоллын системүүдээ аваагүй. 2016 оны 03 дугаар сарын 14-нд бид нар АТМ-ийг нь хүргэж өгөөд эднийх шалгаад авсан. АТМ авсан мөртлөө дохиоллоо салгахгүй байгаад байсан. Миний зүгээс шүүхэд нэхэмжлэл гаргах гэхээр “төв салбарын захиралтай уулзаж шийдвэрлэнэ та түр хүлээж бай” гэж хэлэхээр нь хүлээгээд л байж байсан. 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр манай харуул хамгаалалтын ажилтнууд тоног төхөөрөмжийг салгаж авсан.

Энэ хугацаанд “Капитал” банкны эд хөрөнгө байсан учир бидний зүгээс байраа түрээслүүлэх боломжгүй байсан. Эдний зүгээс гэрээнд заагдаагүй АТМ-ийг жил гаруй хугацаанд байрлуулсан. АТМ-ний төлбөр сарын 100.000 төгрөг жилийн 1.200.000 төгрөгөөр бодож нэхэмжилж байгаа. Эднийх гарж явахдаа ханын утсыг ялзлах, будгыг хуулах гэх мэтчилэнгийн эвдрэл гэмтэлтэй орхиод явсан. “Капитал” банкыг гараад явсаны дараа бид нар байрандаа засвар хийсэн. Ингээд үлдэгдэл түрээс, засварын мөнгийг нийлүүлээд 19.184.000 /арван есөн сая нэг зуун наян дөрвөн мянга/-н төгрөгийг нэхэмжил байна

Хариуцагч “Капитал” банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мэндхишиг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Ц.Ганболдын гаргасан сөрөг нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь: Банк үйл ажиллагаа явуулах зорилгоор эднийхээс өрөө түрээслэсэн. 2012 оны 09 дүгээр сарын 10-нд гэрээ байгуулсан талаар сөрөг нэхэмжлэгч өөрөө хүлээн зөвшөөрсөн түүний тайлбар хавтаст хэрэгт авагдсан байгаа. Сөрөг нэхэмжлэлээр нэхэмжилж байгаа 19.184.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь: түрээсийн гэрээний 6.2.1-д зааснаар түрээслүүлэгч ус борооноос хамгаалж дээврийн засвар болон байрны үндсэн бүтэц монтаж, сантехник, байрны суурь үйлчилгээтэй холбогдох засварыг түрээсийн гэрээний хугацаанд өөрийн хөрөнгөөр хийнэ гэж заасан байгаа. Түрээсийн байранд шаардлагатай сантехник эрчим хүчний сүлжээ болоод бусад засварыг түрээслүүлэгч цаг тухайд нь өөрийн хөрөнгөөр хийнэ гэж тодорхой заасан байдаг.

Түрээсийн гэрээний 6.2.8-д түрээсийн байранд хийх засварыг 4 жил тутамд өөрийн хөрөнгөөр, 6.2.10-д түрээслүүлэгч хүйтний улиралд түрээсийн байрны халаалтыг доголдуулахгүй байж түрээслэгч үйл ажиллагаа явуулах хэвийн боломжоор хангах үүрэгтэй гэж заасан байгаа. АТМ-ийг үнэ төлбөргүй ажиллуулахыг хүлээн зөвшөөрсөн гэж энэ хүн хариу тайлбартаа хэлсэн байгаа. Иргэний хуулинд зааснаар эд хөрөнгө доголдолтой байсны улмаас түүнийг ашиглах боломжгүй болсон тохиолдолд хөлслүүлэгч хөлс шаардах эрхгүй гэсэн заалт бий. Эдний зүгээс манайд гэрээнд заагдсан 75м2 талбай бүхий байрыг хүлээлгэж өгөх ёстой байсан. Граж барьж өгсөн гэж яриад байна. Манай зүгээс граж барьж өгөөч гэж албан ёсоор хүсэлт гаргасан зүйл байхгүй. Ц.Ганболд манай захиралд танайх манай байрыг түрээслэж байгаа учраас гражийг үнэ төлбөргүй ашиглуулж байгаа гэдгээ хэлсэн байгаа. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

“Капитал” банк Сэлэнгэ салбарын нэхэмжлэлтэй Сүхбаатар сумын “Алтанбулаг төв”-ийн захирал Ц.Ганболдод холбогдох “Түрээсийн гэрээнээс учирсан хохирол 14.982.000 төгрөг гаргуулах тухай”, Ц.Ганболдын сөрөг нэхэмжлэлтэй “Капитал” банкны Сэлэнгэ салбарт холбогдох засвар үйлчилгээ хийсэн, АТМ байрлуулсны хөлс, түрээсийн төлбөрийн үлдэгдэл нийт 19.184.000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна. Учир нь:

1.Зохигчдын хооронд 2014 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн 1 жилийн “Түрээсийн гэрээ” хийсэн болох нь хэрэгт авагдсан 2014 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн “Түрээсийн гэрээ”-ээр нотлогдож байна. Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд зохигчдоос анхны гэрээг 2012 оны сүүлээр хийгдсэн гэх боловч хэрэгт энэ талаар ямар ч бичгийн нотлох баримт байхгүй байх тул зохигчдын хооронд “Түрээсийн гэрээ”-г бичгээр хийгдсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд хариуцагчийн өмгөөлөгчөөс зохигчдын хооронд “Түрээсийн гэрээ” байгуулсан нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3, 318.4-т заасан шаардлагыг хангаагүй учир дээрх гэрээ нь хүчин төгөлдөр бус байна” гэж үзэж байгаа хэдий ч нэхэмжлэгч нь хоосон өрөө тасалгаа ашиглан үйл ажиллагаа явуулсан гэж үзэж байх тул талууд гэрээгээ “Түрээсийн гэрээ” гэж нэрлэснээс үл хамааран “Эд хөрөнгө хөлслөх гэрээ” гэж үзэн гэрээг хүчин төгөлдөр үйлчилж байна гэж үзнэ.

Зохигчдын хооронд хийгдсэн 2014 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн “Түрээсийн гэрээ”-ний 2.1-д “Түрээслүүлэгч нь Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум 2 дугаар багийн нутаг дэвсгэр, төв талбайн баруун урд талд байрлах өөрийн өмчлөлийн “Алтанбулаг” худалдаа үйлчилгээний төвийн 1 давхрын 75м2  талбай бүхий байрыг түрээслэгчид банкны үйл ажиллагаа явуулах зорилгоор шилжүүлэн өгч түрээслэгч нь ашиглахаар хүлээн авах бөгөөд гэрээнд заасан төлбөрийг шилжүүлнэ.”, ...4.1-д “Түрээсийн төлбөр 1м2  нь 20.000 төгрөг байх бөгөөд нэг сарын 1.500.000 төгрөг болно.” гэж заасан байх бөгөөд түрээслэгч буюу “Капитал банк” нь гэрээний заагдсаны дагуу төлбөрийг шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан “Депозит дансны хуулга”-аар нотлогдож байна.

Шүүх нэхэмжлэгчээс “Түрээсийн гэрээ”-гээр үйл ажиллагаа явуулж байсан гэх байранд дахин хэмжилт хийлгэхээр хүсэлт гаргасны дагуу хүсэлтийг ханган шийдвэрлэж “Сэлэнгэ барилга захиалагч” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын хяналтын инженерүүд дахин хэмжилт хийсэн бөгөөд зохигчид энэ талаар маргаагүй болно. Энэ хэмжилтээс үзэхэд “, “Капитал” банкинд анх түрээслэх үеийн нийт хэмжээ нь 56м2, түрээслэн авсны дараа засвар хийсэн байдлаар нийт хэмжээ 55.11м2  болсон байна” гэжээ. Энэ нь гэрээний үүргийг ялимгүй зөрчсөн гэж үзэх бөгөөд зохигчид нь харилцан тохиролцож гэрээ хийхдээ аль аль тал нь өрөөний талбайн хэмжээг мэдэх боломжгүй байсан, гэрээг хийхдээ хоёр талын аль нь ч талбайн хэмжилт хийх талаар санал гаргаагүй байна.

Зохигчид нь гэрээ дуусгавар болсны дараа буюу 2015 оны 11 дүгээр сард тухайн байрны талбайн хэмжээ бага байсныг мэдсэн бөгөөд тухайн банкинд талбайн хэмжээ бага байснаар ашиг орлогоо алдсан болон ямар нэгэн хохирол учраагүй бөгөөд энэ байранд 3 жил гаруй үйл ажиллагаа явуулснаар өөрсдийн зорилгодоо хүрч ашиг орлогоо олж, үйл ажиллагаа нь хэвийн явагдсан “Алтанбулаг төв” нь гэрээнд заагдсан үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэж үзэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Зохигчдын хооронд хийгдсэн “Түрээсийн гэрээ” нь 2014 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс 1 жилийн хугацаатай хийгдсэн бөгөөд тус гэрээний 9.1-д зааснаар “...гэрээг хугацаанаас өмнө цуцлах бол саналаа 30-аас доошгүй хоногийн өмнө нөгөө талдаа албан бичгээр мэдэгдэх бөгөөд талууд харилцан зөвшилцөн шийдвэрлэнэ” гэсний дагуу “Капитал” банк нь дахин гэрээг сунгах, нэмэлт өөрчлөлт оруулах талаар “Алтанбулаг төв”-д /захирал Ц.Ганболд/ санал гаргасан эсэх нь тодорхойгүй байх тул зохигчдын хооронд хийгдсэн “Түрээсийн гэрээ” нь дуусгавар болсон гэж үзнэ. Харин “Капитал” банк нь 2015 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр “Алтанбулаг төв”-д 1 сарын хөлс 1.500.000 төгрөг шилжүүлсэн бөгөөд зохигчид нь энэ тал дээр маргаангүй болохыг дурьдах нь зүйтэй.

2.Хариуцагч буюу сөрөг нэхэмжлэгч “Алтанбулаг төв”-ийн захирал Ц.Ганболд шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ “...үлдэгдэл түрээс, засварын мөнгийг нийлүүлээд 19.184.000 /арван есөн сая нэг зуун наян дөрвөн мянга/ төгрөгийг нэхэмжилж байна” гэх бөгөөд энэ нь зохигчдын хооронд хийгдсэн гэрээний хугацаа дууссаны дараа, анх түрээслэсэн өрөөгөө сольж дахин өөр өрөөг хөлсөлж авах талаар зохигчдын хооронд хийгдсэн гэрээгүй зөвхөн ам хэлцэл хийсэн гэх боловч энэ талаар аль аль талаасаа өрөө засварлах шинээр дахин өрөө авах, тухайн банкны АТМ-ийг төлбөртэй эсвэл төлбөргүй байршуулах  эсэх талаар бичгийн нотлох баримтаар нотолж чадаагүй байна.  

Иймд “Капитал” банкны нэхэмжлэлтэй “Алтанбулаг төв”-д /захирал Ц.Ганболд/ холбогдох “ Түрээсийн төлбөр 14.892.000 төгрөг гаргуулах”, “Алтанбулаг төв”-ийн сөрөг нэхэмжлэлтэй “Капитал банк”-нд холбогдох “19.184.000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагатай хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох зүйтэй гэж шүүх дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 232.410 төгрөг, сөрөг нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 253.870 төгрөгийг тус тус орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн       115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага  болгон  ТОГТООХ нь :

1.Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 290 дүгээр зүйлийн 290.2-т тус тус зааснаар “Капитал” банкны нэхэмжлэлтэй “Алтанбулаг төв”-д /захирал Ц.Ганболд/ холбогдох “ Түрээсийн төлбөрөөс учирсан хохирол 14892.000 төгрөг гаргуулах”, “Алтанбулаг төв”-ийн сөрөг нэхэмжлэлтэй “Капитал банк”-нд холбогдох “19.184.000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлтэй иргэний хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 232.410 төгрөг, сөрөг нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 253.870 төгрөгийг тус тус орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурьдсугай

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн  119.4-д зааснаар  шүүх  хуралдаанд  оролцсон тал  энэ  хуулийн 119.3-т заасан   хугацаа  өнгөрснөөс  хойш 14  хоногийн  дотор  шүүхэд  хүрэлцэн ирж шийдвэрийг  өөрөө  гардан  авахыг анхааруулсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурьдсугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид тэдгээрийн өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Л.СОЁЛМАА