| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунчимэг Одгэрэл |
| Хэргийн индекс | 191/2025/02297/И |
| Дугаар | 210/МА2025/01656 |
| Огноо | 2025-09-29 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 29 өдөр
Дугаар 210/МА2025/01656
“*******” ХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч М.Баясгалан, шүүгч О.Одгэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 191/ШШ2025/05912 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: “*******” ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******т холбогдох
Хохиролд 76,433,777 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч О.Одгэрэл илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1.*******ийг Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 2021/ШЦТ/195 дугаар шийтгэх тогтоолоор *******ны Дархан-Уул аймаг дахь Хуучин дархан тооцооны төвд харилцааны менежерээр ажиллаж байхдаа ... бусдад их хэмжээний буюу 291,685,500 төгрөгийн хохирол учруулсан гэж үзэж Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Энэхүү шийтгэх тогтоолыг Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 2021/ДЗМ/58 дугаар магадлалаар хэвээр үлдээж, хуулийн хүчин төгөлдөр болсон.
1.2.Хариуцагч ******* нь “...зээлдэгч *******, *******нарын нэр дээр 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 140900383676 дугаартай Зээлийн болон Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ байгуулан 30,000,000 төгрөгийн хэрэглээний зээлийг орон сууц барьцаалан жилийн 30 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай олгосон. Тухайн зээлийн барьцаанд барьцаалсан Ү-******* улсын бүртгэлийн дугаартай орон сууцыг барьцаалахдаа, өмчлөгч болох *******, *******нарыг хуурч, *******гарын үсгийг хуурамчаар зурж тэдний өмнөөс зээл авч өөрөө ашигласан. Энэхүү хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56 дугаар зүйлийн 56.1.10-д зааснаар зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, тухайн орон сууцыг барьцаанаас чөлөөлж өгөхийг *******анд даалгасны дагуу тухайн орон сууцыг нэр бүхий иргэдэд чөлөөлж өгсөн. Мөн тухайн зээлийн гэрээний үүрэг болох 30,000,000 төгрөгийг шүүгдэгч *******ээс гаргуулж иргэний нэхэмжлэгч *******анд олгохоор тогтоосны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж байна.
Тус банкны зүгээс тухайн зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гарах эрхтэй гэж үзсэний дагуу 42,433,777 төгрөгийн шаардлага гаргаж нэхэмжилж байна.
1.3.Мөн хариуцагч нь *******хуурч хамтран эзэмшигчийн зөвшөөрөл гарын үсэггүйгээр банкин дахь түүний хадгаламжаас 17,000,000 төгрөг гаргуулж өөртөө ашигласан, мөн банкны харилцагч *******т зээл олгоно гэж хуурч 17,000,000 төгрөг тус тус залилж авсныг тогтоож Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт зааснаар ажил олгогч *******наас гаргуулж *******, ******* нарт тус бүр 17,000,000 төгрөг буюу нийт 34,000,000 төгрөгийг олгохыг даалгаж шийдвэрлэсний дагуу банкны зүгээс энэхүү хохирлыг бүрэн барагдуулсан.
Иймд хариуцагчаас нийт 76,433,777 гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
2.1.******* нь 34,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.
2.2.Харин 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн Зээлийн гэрээний улмаас үүссэн гэм хорын хохиролд 42,433,777 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь тус зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.1.10 дахь хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг шийтгэх тогтоол, магадлалаар тогтоож шийдвэрлэсэн. Нэгэнт энэхүү гэрээ нь байгуулагдсан үеэсээ эрх зүйн үр дагаварт хүргэхгүй, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасны дагуу хэлцэл хийсэн талууд уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй бөгөөд зээлийн гэрээгээр шилжүүлсэн 30,000,000 төгрөгийг төлөх талаар шийтгэх тогтоолоор шийдвэрлэн, одоо Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна.
2.3.Нэхэмжлэгч нь тус шүүхэд гэм хорын хохирол гаргуулахаар шаардахдаа Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт заасан зохицуулалтыг үндэслэл болгосон байна. Гэтэл “*******” ХК-д 30,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийн хохирогч нь нэхэмжлэгч өөрөө байх тул хуулийн дээрх зохицуулалт нь тус шүүхэд гаргасан 42,433,777 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагад хамаарахгүй.
2.4.Мөн “*******” ХК нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хохирол, хор уршигт тооцож нэхэмжлээгүй. Анх зээлийн гэрээ байгуулснаас хойш 7 жилийн дараа, хэргийг шүүх шийдвэрлэж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн дараа нэхэмжлэл гаргаж байгаа нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.4 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн.
Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 34,000,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, үлдэх 42,433,777 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан *******ээс 34,000,000 төгрөгийг гаргуулан “*******” ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 42,433,777 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “*******” ХК нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч *******ээс 327,950 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэлээ.
4.Нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
4.1.Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.
Анхан шатны шүүх 30,000,000 төгрөгийн зээлийн гэрээний хүү, нэмэгдүүлсэн хүү 42,438,777 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхгүй гэж дүгнэсэн нь буруу болжээ. Учир нь зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэж байгаа биш гэм хор учруулсанд тооцож тоон утгыг бодохдоо хүү, нэмэгдүүлсэн хүүг бодох аргачлал хэмжээгээр тооцож байгаа бөгөөд нэхэмжилж байгаа зүйл нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүргийн хүрээнд шаардаж байгаа тухай тайлбар хэлж мэтгэлцсэнийг анхаарч үзээгүй.
4.2.Банкны зүгээс хүчин төгөлдөр зээлийн гэрээний үүрэг шаардаагүй, харин Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д заасан "Хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө" гэж, гэм хорыг арилгахдаа мөн хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-д заасан "Үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй" гэсэн зохицуулалт, 88 дугаар зүйлийн 88.3-д заасан "Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол эд юмсын болон эрхийн үр шимийг тухайн эд юмс болон эрхийн хууль ёсны эзэмшигч олж авах эрхтэй" гэсэн тус тус шаардах эрхийг хэрэгжүүлж нэхэмжлэл гаргасан.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж хэрэгсэхгүй болгосон 42,433,777 төгрөгийг нэмж гаргуулж өгнө үү гэжээ.
5.Давж заалдах гомдолд хариуцагч хариу тайлбар ирүүлээгүй болно.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянан үзээд гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч “*******” ХК нь хариуцагч *******т холбогдуулан гэм хорын хохиролд 76,433,777 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч 34,000,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч үлдэх хэсгийг “зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нь учирсан бодит хохирол биш, хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн” үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ.
3.Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж дараах үйл баримтыг зөв тогтоосон байна. Үүнд:
3.1.Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021/ШШТ/195 дугаар шийтгэх тогтоол, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн өдрийн 2021/ДМ/58 дугаар магадлалаар хариуцагч *******ийг “*******” ХК-ийн Дархан-Уул аймаг дахь тооцооны төвд харилцааны менежерээр ажиллаж байх хугацаандаа албан тушаалын байдлаа ашиглан бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, иргэний хариуцагч “*******” ХК-аас 34,000,000 төгрөгийг гаргуулж хохирогч *******, ******* нарт олгохоор шийдвэрлэсэн, шийтгэх тогтоолыг биелүүлж “*******” ХК-аас дээрх мөнгөн хөрөнгийг хохирогч нарт 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр олгосон байна.
3.2.Мөн шийтгэх тогтоолоор: 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр П.Ариунжаргал, ******* нарын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан 30,000,000 төгрөгийн зээлийн болон барьцааны гэрээг байгуулахдаа хамтран өмчлөгч *******ын гарын үсгийг хуурамчаар зурсан, зээлийн мөнгөн хөрөнгө болох 30,000,000 төгрөгийг өөртөө авч ашигласан үйл баримтыг тогтоож, зээлийн болон барьцааны гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.1.10-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлж өгөхийг “*******” ХК-д даалгаж, *******ээс зээлийн 30,000,000 төгрөгийг хохиролд тооцон гаргуулж “*******” ХК-д олгохоор шийдвэрлэсэн байна.
4.Анхан шатны шүүхээс ажилтнуудын бусдад учруулсан хохирлыг арилгах харилцааг зохицуулсан Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт заасан регресс шаардах эрхийг зөв тайлбарлан хэрэглэж, хариуцагч *******ээс 34,000,000 төгрөгийг гаргуулж “*******” ХК-д олгохоор шийдвэрлэсэн, зохигч хэн алин нь шийдвэрийн энэ хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаагүй байна.
5.Харин 30,000,000 төгрөгийн зээлтэй холбоотой үйлдлийн хувьд, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нь учирсан бодит хохиролд хамаарах эсэх нь талуудын маргааны зүйл болсон байна.
6.Анхан шатны шүүхээс зээлийн гэрээний хүү, нэмэгдүүлсэн хүүг тус тус “учирсан бодит хохирол”-д тооцох боломжгүй гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагаас 42,433,777 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулна.
6.1.Энэ магадлалын 3.2-т дурдсанаар ажилтан ******* зээлийн болон барьцааны гэрээг хуурч байгуулсан, хамтран зээлдэгчийн гарын үсгийг хуурамчаар зурсан, зээлийг хувьдаа ашигласан санаатай үйлдэл шийтгэх тогтоолоор тогтоогдсон, түүний улмаас ажил олгогч болох банк зээлийн гэрээний дагуу хүү авах эрхээ алдсан буюу төдий хэмжээгээр хөрөнгийн хохирол хүлээсэн, тэдгээрийн хооронд шууд шалтгаант холбоо тогтоогдсон гэж үзэх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар хохирол шаардах эрхийн урьдчилсан нөхцөл бүрдсэн, нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.
6.2.Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт гэм хорыг арилгах хэмжээг тодорхойлохдоо “... учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж зохицуулсан.
Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс зээл олгох гэрээний хувьд гэрээний хугацаанд төлөгдвөл зохих хүү нь гэрээний үндсэн үүрэгт, хэтэрсэн хугацааны хүү нь үүргээ зохих ёсоор биелүүлээгүй хугацаа хэтрүүлснээс үүсэх нэмэлт үүрэгт, нэмэгдүүлсэн хүү нь хариуцлагад тус тус хамаардаг тул маргааны энэ тохиолдолд гэрээний хугацаанд төлөгдвөл зохих байсан хүүг “олох ёстой байсан орлого”-д хамааруулж үзэх үндэстэй.
6.3.Хэрэгт авагдсан 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн зээлийн гэрээнд 30,000,000 төгрөгийн зээлийг сарын 2,5 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай байхаар тусгаж, зээлийн эргэн төлөлтийн хуваариар нийтдээ 15,909,837 төгрөгийн хүү төлөхөөр тусгагдсан, үүнээс зээлийн хүүд 4,331,361 төгрөг төлөгдсөн байх тул үлдэх 11,578,476 төгрөгийг “олох ёстой байсан орлого”-д тооцох нь Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт нийцнэ гэж үзлээ. /хх 11, 17, 18/ Энэ үндэслэлээр нэхэмжлэгчийн гомдлын зарим хэсгийг хүлээн авах нь зүйтэй.
6.4.Харин хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү зайлшгүй олох ёстой байсан орлогод тооцогдохгүй тул энэ талаарх хариуцагчийн татгалзал үндэслэлтэй гэж үзнэ.
7.Иймд нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 191/ШШ2025/05912 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтад “498 дугаар зүйлийн 498.5” гэсний дараа “497 дугаар зүйлийн 497.1, 229 дүгээр зүйлийн 229.1” гэж нэмж, “34,000,000 /гучин дөрвөн сая/” гэснийг “45,578,476” гэж, “42,433,777 /дөчин хоёр сая дөрвөн зуун гучин гурван мянга долоон зуун далан долоо/” гэснийг “30,855,301” гэж,
2 дахь заалтад “327,950 /гурван зуун хорин долоон мянга есөн зуун тавь/” гэснийг “385,842” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч “*******” ХК давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН
О.ОДГЭРЭЛ