Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сүхээгийн Оюунчимэг |
Хэргийн индекс | 185/2019/0822/Э |
Дугаар | 824 |
Огноо | 2019-09-17 |
Зүйл хэсэг | 10.2., |
Улсын яллагч | Н.Т |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 17 өдөр
Дугаар 824
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Цэгмэд,
Улсын яллагч Н.Түвшинбаяр,
Шүүгдэгч С.Т, түүний өмгөөлөгч Д.Ганбат,
Хохирогч Т.Хаш-Эрдэнэ,
Гэрч Т.Онбаяр, Т.Уранчимэг, Б.Анар нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Халх овогт С-н Тд холбогдох эрүүгийн 1909000000185 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1951 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар аймагт төрсөн, 68 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт, ам бүл 1, Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлхийн 5 дугаар гудамжны 926 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, / РД:Ц3 51032419 / Халх овогт С-н Т нь:
- 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлхийн 5 дугаар гудамжны 925 тоот хашаанд байрлах байшин дотор өөрийн эхнэр Ж.Санжмятавын зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, цээж хэвлийн тус газар нь 2 удаа хутгалж алсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 1 дүгээр хавтас 12-21 /
Цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 1 дүгээр хавтас 26-27 /
Хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл / 1 дүгээр хавтас 34 /
Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл / 1 дүгээр хавтас 32 /
Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл / 1 дүгээр хавтас 33 /
Хохирогч Т.Хаш-Эрдэнэ мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Ээж Жамбалын Санжмятав нь Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд 1948 оны 07 дугаар сарын 01-ний өдөр төрсөн. Аав С.Ттай ээж Ж.Санжмятав гэрлээд 4 хүүхэдтэй болсон байдаг. Миний ээж ерөнхий боловсролын дунд сургуульд насаараа ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан. Орос хэлний багшаар олон жил ажиллаж байсан. Ж.Санжмятав нь дээд боловсролтой, энгийн зан төлөвтэй хүн байсан. Миний ээж Ж.Санжмятав 2008 оноос “Альцгемер” өвчнөөр өвчилж, нэрээ санахгүй, гэрээ олохгүй, өнгөрсөн, нас барсан хүмүүсээ байнга нэхэх зэргээр сүүлийн жилүүдэд өвчин нь маш их хүндэрсэн юм. Аав энэ байдлаас болж маш их хямардаг байсан бөгөөд ээжийг асрамжийн газар өгөх гэтэл аав дургүйцээд өгөөгүй. Би өөрөө Ж.Санжмятавыг харна гээд өгөөгүй юм гэжээ. / 1 дүгээр хавтас 42-46 /
Гэрч Т.Уранчимэг мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Миний ээж 3 жилийн өмнө эмчид үзүүлэхэд Альцгеймер буюу тэнэглэл гэдэг өвчин туссан талаар шар хадны эмч хэлсэн. Шар хадны эмнэлэг настай хүнийг авдаггүй юм байна лээ. Аав С.Т сүүл рүүгээ ээжийг харсаар байгаад их ядраад байхаар нь бид нар эмнэлэгт хэвтүүлэхэд аавын санаа нь зовоод эмнэлгээс гараад ирдэг. Аав ээжийг асрамжийн газарт өгөх гэхээр их дургүй байсан. Сүүлдээ аав маш их ядарч нойргүйдэлд орж, сэтгэл санаагаар унаад сэтгэл гутралд орсон. Миний аав ээжид маш их хайртай байсан. Аав ямар шалтгаанаар ийм зүйл хийсэн бэ гэхээр ээж, аав руу дайрахаар нь аав аргагүй хамгаалалт хийгээд ийм байдалд хүргэсэн байх. Ээжийн өвчин хөдлөөд аав руу заазуур бариад ална гээд дайрч байсан удаа байдаг. Энэ асуудал өнгөрсөн зун болоход Баярхүүгийн хүү Анар хажууд нь байсан гэсэн. Би аав С.Тыг ээжийн хажуунаас холд гэж их гуйсан гэжээ. / 1 дүгээр хавтас 49-50 /
Гэрч Г.Ган-Эрдэнэ мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Хадам ээж Ж.Санжмятав сүүлийн хэдэн жил өвчин нь хүндэрч маш хэцүү байдалд орсон. Наад зах нь намайг танихгүй хадам аав С.Тыг танихгүй, хааяа гадаа ээж ирсэн байна гээд гэрээс гараад гүйчихдэг байсан. Ээж Ж.Санжмятав их хурц араншинтай гэрээс гарна гээд аав С.Тыг маажих цохих бол наад захын асуудал. С.Т гэрээс гаргахгүй гэхээр шууд сэрээ бариад дайрч байсан. Өвчин нь гэнэт гэнэт байнга хөдөлдөг байсан гэжээ. / 1 дүгээр хавтас 56- 57 /
Яллагдагч С.Т мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Би сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна гэжээ. / 2 дугаар хавтас 6-8 /
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 601 дүгээр дүгнэлтэнд:
1. ...Талийгаач нь 157 см урттай, 6З кг жинтэй байна. Талийгаачийн цогцост хийсэн задлан шинжилгээгээр цээж хэвлийн хөндий нэвтэрч өрц хатгагдсан шарх, цээж, хэвлийн хөндийд цус хураа /600мл/, өрц, хавирга хоорондын булчинд цус хуралт, баруун сарвууны хуруунд шарх, дагзны хуйх, баруун сарвуу, баруун шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл хурц, ир үзүүртэй болон мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэжээ. / 1 дүгээр хавтас 62-65 /
Шүүх сэтгэц эмгэг судлалын 486 дугаар дүгнэлтэнд:
1. С.Т нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.
2. С.Т нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.
3. С.Т нь өөрийн үйлдсэн хэргээ хариуцах чадвартай байна.
4. С.Т нь хэрэг үйлдэх үедээ сэтгэл санаа нь цочрон давчидсан байх боломжтой байна гэжээ. / 1 дүгээр хавтас 102-103 /
Шинжээч Э.Амгалан мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Холбогдогч С.Т нь сэтгэл санааны дарамттай болон стрестэй удаан хугацаагаар явсан болно. Энэ байдал нь хэрэг үйлдэх үедээ цочрон давчидсан байх боломжтой. Өөрийн хийж байгаа үйлдлээ хянах боломжтой байдаг ч сэтгэл санаа цочрон давчидна гэдэг нь тухайн агшинд болж өнгөрдөг асуудал юм гэжээ. / 2 дугаар хавтас 1 /
Эмчлүүлэгчдийн картын хуулбар / 1 дүгээр хавтас 120-148 /
Шүүгдэгч С.Тыг 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 143-144 /
Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 155 / зэрэг болно.
Шүүгдэгч С.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Сэлхийн зуслан дээрээ эхнэрийнхээ хамт очсон. Цахилгааны мөнгөө тушааж, гэртээ гал түлэх зорилготой очсон. Учир нь эхнэр бид 2 хүүгийндээ байсан бөгөөд эхнэр гэртээ очъё гэсэн. Бид хоёр гэртээ ороод би галаа түлэхээр хутгаар мод жиргэж байтал эхнэр гэнэт гарч гүйх гэхээр нь би сандраад хутгатай гараараа “ Хайчих нь вэ “ гээд бариад автал унаад өгсөн. Би амьсгалыг нь үзтэл амьсгаагүй болсон байсан. Тэгээд хажуу айлдаа орж хэлээд цагдаа, эмнэлэг дуудуулсан. Би эхнэрээ хутгалж, амь насыг нь хохирооё гэж бодоогүй. Гэнэт л ийм зүйл болсон. Гэм буруу болон зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна гэв.
Хохирогч Т.Хаш-Эрдэнэ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Ээж маань 2008 оноос альцгемер буюу сэтгэцийн өвчтэй болсон. Сүүлийн үед өвчин нь хүндэрсэн. Ээжийн өвчин хүндрээд хэцүү байсан учир асрамжийн газарт өгье гэхээр аав зөвшөөрдөггүй, өөрөө асарч хардаг байсан. Өвчин нь хөдлөөд хөл нүцгэн ч хамаагүй гэрээсээ гараад гүйчихдэг. Олон удаа алга болж, бид хайж олж ирдэг байсан. Мөн нас барсан хүмүүсийг ирчихсэн байна гэдэг. Биднийг гэрт оруулах гэхээр өөдөөс эсэргүүцдэг. Ээжийгээ алдчихлаа. Одоо аав маань өндөр настай, бие муутай учир хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү. Оршуулгын ажлыг аавын хадгаламжийн мөнгөөр хийсэн. Нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй гэв.
Гэрч Т.Уранчимэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Ээж маань олон жил өвчтэй байсан бөгөөд аав ээжийг өөрөө харсаар байгаад ядраад байхаар нь бид нар аавыг эмнэлэгт хэвтүүлэхээр ээжид санаа зовоод гараад ирдэг байсан. Ээж маань гэнэт гэрээсээ гараад гүйчихдэг, буруу зөрүү ярьдаг, гэнэт огцом өвчин нь хөдөлдөг. Өвчин нь хөдлөхөөрөө эсэргүүцэл үзүүлдэг. Аймаар аймаар зан авир гаргадаг. Хүчээр оруулах үед гар хөл нь хөхрөх тохиолдол гардаг. Аав маань ээжийг харсаар байгаад сүүлийн үед маш их ядарч, нойргүйдэлд орсон. Сэтгэл санаагаар унаж, сэтгэл гутралд орсон гэв.
Гэрч Б.Анар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Манайх эмээ, өвөөтэй хамт нэг зусланд гардаг байсан. Нэг удаа эмээгийн өвчин хөдлөөд өвөөгийн араас заазуур бариад дайрч байсан. Тэгээд би өвчин нь хүндэрсэн юм байна даа л гэж бодсон. Энэ талаар хамаатнууд руугаа утасдаж хэлсэн. Энэ асуудал болохоос өмнө эмээ бэртэл гэмтэл авсан эсэхийг мэдэхгүй гэв.
Гэрч Т.Онбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Ээж, аав 2 маань манайд хамт байсан. 2019 оны 02 дугаар сарын 22-ны өглөө босоход ээж, аав хоёр цайгаа уугаад сууж байсан. Ээжийн биеийн байдал гайгүй байсан. Тэгээд зуслан явна гэхээр нь би “ Та хоёр машин аваад яв “ гэж хэлэхэд аав хэрэггүй гэсэн. Ингээд би ажилдаа явсан. Гэтэл зуслангийн хажуу айлын хүн над руу утасдаад “ Хэцүү асуудал боллоо. Чи цагдаагийн газар оч “ гэж хэлсэн.
Ээж юмыг мартдаг. Гэрээсээ гараад алга болчихдог. Гэртээ харья гээд байдаг. Ер нь маш хэцүү байдаг байсан. Аав “ Би холдвол та нарт хэцүү “ гээд байнга ээжийг өөрөө хардаг байсан. Нас барахынхаа өмнөх өдөр ээжийн биеийн байдал хэвийн байсан. Ямар нэг асуудал гараагүй. Тэрнээс өмнөх өдрийг санахгүй байна гэв.
Шүүгдэгч С.Т нь 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлхийн 5 дугаар гудамжны 925 тоот хашаанд байрлах байшиндаа өөрийн эхнэр Ж.Санжмятавын зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, цээж хэвлийн тус газар нь 2 удаа хутгалж алсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараахь нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ...Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 1 дүгээр хавтас 12-21 /, ...Цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 1 дүгээр хавтас 26-27 /, ...Хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтас 34 /, ...Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл / 1 дүгээр хавтас 32 /, ...Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл / 1 дүгээр хавтас 33 /, ... Миний ээж Ж.Санжмятав нь 2008 оноос “Альцгемер” өвчнөөр өвчилж, нэрээ санахгүй, гэрээ олохгүй, өнгөрсөн, нас барсан хүмүүсээ байнга нэхэх зэргээр сүүлийн жилүүдэд өвчин нь маш их хүндэрсэн. Аав энэ байдлаас болж маш их хямардаг байсан бөгөөд ээжийг асрамжийн газар өгөх гэтэл аав дургүйцээд би өөрөө харна гээд өгөөгүй юм гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Т.Хаш-Эрдэний мэдүүлэг / 1 дүгээр хавтас 42-46 /, ... миний ээж Альцгеймер буюу тэнэглэл гэдэг өвчин туссан талаар шар хадны эмч хэлсэн. Аав С.Т сүүл рүүгээ ээжийг харсаар байгаад их ядраад байхаар нь бид нар эмнэлэгт хэвтүүлэхэд аав санаа нь зовоод эмнэлгээс гараад ирдэг. Аавд ээжийг асрамжийн газарт өгөхөд их дургүй байсан. Сүүлдээ аав маш их ядарч нойргүйдэлд орж, сэтгэл санаагаар унаад сэтгэл гутралд орсон гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Т.Уранчимэгийн мэдүүлэг / 1 дүгээр хавтас 49-50 /, ...Хадам ээж Ж.Санжмятав сүүлийн хэдэн жил өвчин нь хүндэрч хүн танихгүй, хааяа гадаа ээж ирсэн байна гээд гэрээс гараад гүйчихдэг байсан. Өвчин нь хөдлөхөөр их хурц араншинтай, гэрээс гарна гээд маажих цохих бол наад захын асуудал. Аав С.Т гэрээс гаргахгүй гэхээр шууд сэрээ бариад дайрч байсан. Өвчин нь гэнэт гэнэт байнга хөдөлдөг байсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Г.Ган-Эрдэнийн мэдүүлэг / 1 дүгээр хавтас 56- 57 /, ...Талийгаачийн цогцост хийсэн задлан шинжилгээгээр цээж хэвлийн хөндий нэвтэрч өрц хатгагдсан шарх, цээж, хэвлийн хөндийд цус хураа /600мл/, өрц, хавирга хоорондын булчинд цус хуралт, баруун сарвууны хуруунд шарх, дагзны хуйх, баруун сарвуу, баруун шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 601 дугаар дүгнэлт / 1 дүгээр хавтас 62-65 /, ... С.Т нь хэрэг үйлдэх үедээ сэтгэл санаа нь цочрон давчидсан байх боломжтой байна гэсэн Шүүх сэтгэц эмгэг судлалын 486 дугаар дүгнэлт / 1 дүгээр хавтас 102-103 /, ...Холбогдогч С.Т нь сэтгэл санааны дарамттай болон стрестэй удаан хугацаагаар явсан болно. Энэ байдал нь хэрэг үйлдэх үедээ цочрон давчидсан байх боломжтой. Өөрийн хийж байгаа үйлдлээ хянах боломжтой байдаг ч сэтгэл санаа цочрон давчидна гэдэг нь тухайн агшинд болж өнгөрдөг асуудал юм гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн шинжээч Э.Амгалангийн мэдүүлэг / 2 дугаар хавтас 1 / зэрэг болно.
Шүүхээс шүүгдэгч С.Т-ыг хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочиролд хоромхон зуур автаж, сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч С.Т нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, оршуулгын зардлыг нөхөн төлсөн тул түүний биеийн эрүүл мэнд болон өндөр настай, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн бариултай хутга 1ш, саарал өнгийн салаатай бээлий 1ш, шаргал өнгийн алчуур 1ш, хүрэн бор өнгийн үстэй эрт эмэгтэй хүний хүрэм, саарал өнгийн ноосон цамц, ягаан өнгийн энгэр нь задгай ноосон цамц, gred гэсэн бичиглэлтэй ногоон өнгийн гар утас 1ш, шар алаг өнгийн футболк, ягаан өнгийн левчик, хар эмжээртэй саарал өнгийн өмд, саарал өнгийн уяатай бэлтгэлийн өмд, ягаан өнгийн богино дотуур өмд, цагаан өнгийн үслэг малгай, бор цоохор өнгийн хүзүүний ороолт, шар өнгийн цахилгаантай түрийтэй гутал, ногоон алаг өнгийн оймс тус бүр 1ш тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч С.Т нь 182 хоног цагдан хоригдсонг дурьдаж, хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгч С.Т-ыг төлөх төлбөргүйг дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Халх овогт С-н Т-ыг хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочиролд хоромхон зуур автаж, сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч С-н Т-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-г журамлан тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн бариултай хутга 1ш, саарал өнгийн салаатай бээлий 1ш, шаргал өнгийн алчуур 1ш, хүрэн бор өнгийн үстэй эрт эмэгтэй хүний хүрэм, саарал өнгийн ноосон цамц, ягаан өнгийн энгэр нь задгай ноосон цамц, gred гэсэн бичиглэлтэй ногоон өнгийн гар утас 1ш, шар алаг өнгийн футболк, ягаан өнгийн левчик, хар эмжээртэй саарал өнгийн өмд, саарал өнгийн уяатай бэлтгэлийн өмд, ягаан өнгийн богино дотуур өмд, цагаан өнгийн үслэг малгай, бор цоохор өнгийн хүзүүний ороолт, шар өнгийн цахилгаантай түрийтэй гутал, ногоон алаг өнгийн оймс тус бүр 1ш тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Шүүхийн тамгын газарт хүргүүлж, шүүгдэгч С.Т нь 182 хоног цагдан хоригдсон, төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар С.Т нь тэнсэнгийн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. С.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардаж авснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЧИМЭГ