Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2025/01657

 

 

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Ж.Лхагвасүрэн, шүүгч О.Одгэрэл нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 191/ШШ2025/05968 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******, ******* нарт холбогдох,

Гэрээний төлбөр төлж дуусгасан болохыг тогтоолгож, орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлж өгөхийг хариуцагч нарт даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч О.Одгэрэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******, хариуцагч *******, түүний өмгөөлөгч ******, хариуцагч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1.*******, ******* нартай ******* тоот хаягт байрлах 49 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцыг худалдаж авахаар 2014 онд тохиролцож, 22,500,000 төгрөгийн урьдчилгаа төлбөрийг *******т шилжүүлж, түүний нэр дээр Төрийн банкнаас 50,000,000 төгрөгийг 8 хувийн хүүтэй зээлж, намайг зээл төлж дуусахаар миний нэр дээр шилжүүлэн өгөхөөр тохиролцсон.

Үүнээс хойш *******т 2016 оны 8 дугаар сард 20,440,000 төгрөг, 2018 оны 01  дүгээр сарын 10-ны өдөр 10,000,000 төгрөг, 2020 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн хугацаанд 5,776,000 төгрөг нийт 36,216,000 төгрөг төлсөн болохыг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 210/МА21024/01462 дугаар магадлалаар тогтоосон. Нийт 32,306,911.77 төгрөг *******ийн Төрийн банкны ******* тоот дансанд шилжүүлсэн.

1.2.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2024/02440 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 210/МА2024/01462 дугаар магадлал гарч, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэн, шүүх шийдвэрлэх үед 32,306,911.77 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа гэдгийг тогтоож, хариуцагч талаас давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргаагүй болно.

1.3.2024 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн байдлаар шүүхээс тогтоосон 32,306,911.77 төгрөгийг *******ийн дансанд бүрэн шилжүүлэн төлбөрийн үүргийг гүйцэтгэсэн тул өмнөх шүүхийн шийдвэрээс өөр нөхцөл байдал буюу шаардах эрх бий болсон гэж үзэн дахин шүүхэд хандаж байна.

Иймд гэрээний төлбөр төлж дуусгасан болохыг тогтоолгож, орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлж өгөхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч *******ийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1.Дээрх орон сууцыг Хил хамгаалах байгууллагад ажиллаж байхдаа 2014 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр "*******" хотхоны орон сууц захиалгын гэрээг борлуулалтын албатай нь 72,900,000 төгрөгөөр захиалан бариулахаар харилцан тохиролцсон. Гэрээний дагуу урьдчилгаа төлбөрт 22,170,000 төгрөг төлж үлдэгдэл 50,000,000 төгрөгийг Төрийн банкны 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 964 дугаартай орон сууцны зээлийн гэрээг байгуулан төлсөн.

2.2.Нэхэмжлэгч орон сууцны төлбөрийг төлсөн гэдэг нь худлаа, түүнтэй байгуулсан ямар нэгэн худалдах, худалдан авах гэрээ байхгүй. Энэ талаарх Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 101/ШШ2024/02440 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 210/МА2024/01462 дугаар магадлал гарсан.  Уг шийдвэр магадлалыг нэхэмжлэгч ******* нь эс зөвшөөрч Улсын дээд шүүхэд хандсан боловч гомдлыг хэлэлцэхээс татгалзаж шийдвэрлэсэн.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3.Хариуцагч *******ийн татгалзал, тайлбарын агуулга:

3.1.Нэхэмжлэгчтэй худалдах, худалдан авах гэрээ байхгүй. Энэ талаар хоёр шатны шүүхийн шийдвэр гарсан. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

4.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 186 дугаар зүйлийн 186.1, 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч *******, ******* нарт холбогдох Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Харуул алтай хотхон, хилчний гудамж 100б байрны 64 тоот хаягт бүртгэлтэй, 49 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдах-худалдан авах гэрээний төлбөрийн үлдэгдлийг төлж дуусгасан болохыг тогтоолгож, орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлж өгөхийг хариуцагч нарт даалгах тухай нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

5.Нэхэмжлэгч талын давж заалдах гомдлын агуулга:

5.1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 210/МА21024/01462 дугаар магадлалаар талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан орон сууц худалдах, худалдан авах үүргийн харилцаа үүссэн, гэрээний үлдэгдэл 32,306,911.77 төгрөг байх тул нэхэмжлэгчийг гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн гэж дүгнэх боломжгүй байна гэж дүгнэсэн.  Дээрх дүгнэлтэд тулгуурлан 2024 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр төлбөрийг төлж, төлбөрийн үүргээ гүйцэтгэсэн баримтыг хавсарган шүүхэд хандсан.

5.2.Гэтэл анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон үндэслэлдээ дээрх магадлалд дурдсан, тогтоосон, үндэслэлийг эсрэгээр нь тайлбарлан дурдаж шийдвэрлэсэн.

Өмнө шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байсан, шүүхийн шийдвэр магадлал хуулийн хүчин төгөлдөр болоогүй байхад маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч нар өөр хоорондоо шилжүүлсэн, төлбөрийн үлдэгдэл тодорхой болсон нөхцөлд шүүхийн магадлалд дурдсан дүнгээр мөнгө шилжүүлсэн зэрэг нөхцөл байдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээгүй.  Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэснийг шүүх буруу тайлбарлаж хэрэглэсэн. Үүнээс гадна шүүх өмнөх шүүхийн шийдвэр, магадлалыг үгүйсгэсэн дүгнэлт хийсэн.

5.3.Мөн хариуцагч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад маргаан бүхий орон сууцыг бусдад худалдан борлуулах болсон үндэслэлээ *******ыг төлбөр төлөх үүргээ гүйцэтгээгүй учир гэрээнээс татгалзаж бусдад буюу *******т худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр шилжүүлсэн гэж тайлбарладаг.

Гэтэл анхан шатны шүүх энэхүү нөхцөл байдалтай холбоотой буюу гэрээнээс татгалзах үндэслэлийн талаар дүгнэлт хийгээгүй, үндэслэх хэсгийн 2.4 хэсэгт "Төлбөрийн үүргийг гүйцэтгээгүйгээс шалтгаан бусдад худалдан борлуулсан" гэж маргааны үйл баримтад нотолгооны ач холбогдолтой хэсэгт үндэслэл бүхий тайлбар өгөөгүй. Мөн нэхэмжлэгчийн зүгээс хэлцлийн тохирсон нөхцөлүүдийг зөрчөөгүй байхад ******* нь гэрээнээс татгалзаж байгаа хуулиар олгогдоогүй эрхийг эдэлж байна. Өөрөөр хэлбэл гэрээнээс татгалзах үндэслэл байсан эсэхийг дүгнэх ёстой байсан.

Иймд шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

6.Хариуцагч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдолд гаргасан татгалзал, тайлбарын агуулга:

6.1.Нэхэмжлэгч тал төлбөрөө бүрэн төлсөн гэж тайлбарладаг. Гэтэл тухайн байрны өмчлөлийн эрх 2024 оны 8 дугаар сарын 20-ны өдөр ******* рүү бүрэн шилжсэн байхад ******* нь 2024 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр үлдэгдэл төлбөр гэж мөнгө шилжүүлсэн байдаг. Тус төлбөрийг миний үйлчлүүлэгч хууль зүйн мэдлэггүйн улмаас дансандаа хадгалж байгаад, нэг ч төгрөг үрэлгүйгээр шүүхэд нэхэмжлэл гаргах үед нь буцаагаад шилжүүлсэн. *******ын дансанд тус мөнгө шилжиж орсон бөгөөд холбогдох баримтыг бид хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн.

6.2.Маргаан бүхий орон сууцны өмчлөл *******т байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэх боломжгүй. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаж байх тул нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

7.Хариуцагч *******, түүний өмгөөлөгчөөс давж заалдах гомдолд гаргасан татгалзал, тайлбарын агуулга:

7.1.Нэхэмжлэгчийн *******т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь *******т холбогдох шаардлагатай адилхан байсан. ******* болон ******* нарын хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүсээгүй, ямар нэгэн эрх зүйн харилцаанд оролцоогүй. Шүүх уг асуудлыг нэхэмжлэлийн шаардлага болон хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

7.2.Маргаан бүхий орон сууц *******ээс *******т шилжсэнтэй холбоотой асуудлаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй. Нэхэмжлэгч өмнө шийдвэрлэгдсэн хэргийн шийдвэр, магадлалын агуулгыг үндэслэл болгосон. Уг шийдвэрт *******, ******* нарын хооронд харилцаа үүссэн талаар дүгнэсэн бөгөөд тухайн үед ******* орон сууцны өмчлөгч болоогүй, үнийг төлөөгүй байсан. Төлбөр төлөгдөхгүй байсан учраас мөнгийг нь буцааж өгч, орон сууцыг өөр этгээдэд шилжүүлсэн. Маргаан бүхий орон сууцны өмчлөгч нь өнөөдрийн байдлаар ******* юм. ******* нь *******т орон сууц шилжүүлж өгөх үүрэг хүлээгээгүй. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй тул давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэв.

 

2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, ******* тоот хаягт байрлах 49 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдах-худалдан авах гэрээний төлбөрийн үлдэгдлийг төлж дуусгасан болохыг тогтоолгож, орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлж өгөхийг хариуцагч нарт даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

3.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ “хариуцагч *******тэй 2014 онд дээрх орон сууцыг худалдан авахаар, банкны зээл төлж дуусахаар нэр дээр шилжүүлэхээр тохиролцсон. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 210/МА2024/02440 дугаар  магадлалаар төлбөрийн үлдэгдэл 32,306,911.77 төгрөг байгааг тогтоосон, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу орон сууцны үлдэгдэл төлбөрийг төлсөн тул өмчлөгчөөр тогтоолгоно” гэж, хариуцагч *******ээс татгалзлын үндэслэлээ “нэхэмжлэгчтэй гэрээ байгуулаагүй, ******* төлбөрийг төлөөгүй, орон сууцны өмчлөгч биш болсон” гэж, хариуцагч *******ээс “нэхэмжлэгчийн өмнө үүрэг хүлээгээгүй, хэлцэл хийгээгүй, өмчлөх эрхийг *******ээс хуулийн дагуу шилжүүлж авсан” гэж тус тус маргасан байна.  

 

4.Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг тодруулаагүй, хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад хянан шийдвэрлэсэн алдаа гаргасныг давж заалдах шатны шүүх нөхөн гүйцэтгэх, залруулах боломжгүй байна.

4.1.Хэргийн 82 дугаар талд маргааны зүйл болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2204066195 дугаарт бүртгэлтэй, *******тоот хаягт байрлах 49 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцны өмчлөгчөөр *******ийг бүртгэсэн 2024 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ авагджээ.

Маргааны зүйл болох орон сууц нь *******ээс ******* рүү ямар гэрээ хэлцлийн үндсэн дээр шилжсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Талуудын маргааны зүйл нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлж авах асуудал тул энэ тохиолдолд нэхэмжлэгч нь хариуцагч *******т ямар үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага гаргасныг тодруулах, мөн хөрөнгө *******ээс *******т өмчлөх эрх хэрхэн шилжсэн зэрэг нь шүүхээс дүгнэвэл зохих үйл баримтад хамаарч байна.

 

5.Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй хэмээн шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан тул шүүхийн нотлох баримтын үнэлгээний талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдолд дүгнэлт өгөөгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 191/ШШ2025/05968 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 /70,200+70,200/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             М.БАЯСГАЛАН

 

 

                                            ШҮҮГЧИД                             Ж.ЛХАГВАСҮРЭН

 

 

                                               О.ОДГЭРЭЛ