| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ламжавын Соёлмаа |
| Хэргийн индекс | 148/2016/00475/И |
| Дугаар | 528 |
| Огноо | 2016-09-26 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 528
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Соёлмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр баг Баянхаан 5 дугаар хэсэг 049 тоотод оршин суух, 60 настай, эрэгтэй, одоо Сэлэнгэ аймгийн “Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨК-нд техникч ажилтай Боржигон овогт Вандангийн Жаргалын /МЮ-55122213/ нэхэмжлэлтэй:
“Ажилласан байдал тогтоолгох тухай“ иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд; Нэхэмжлэгч В.Жаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Энхтайван нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч В.Жаргал шүүх хуралд гаргасан тайлбартаа:
Миний бие нь 1978 онд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын ХАА-н техникум төгсөөд Ерөө сумын Техник мэргэжлийн тусгай сургуульд онолын багшаар 1978 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1983 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүртэл ажиллаж байгаад ар гэрийн гачигдлаар ажлаасаа чөлөөлөгдсөн. 1987 онд Сэлэнгэ аймгийн ХЗЭ-ийн хорооны улс төрийн сургалт хариуцсан зааварлагчаар ажиллаж байгаад тэдний харъяа Гүн нуурын “Аялал жуулчлалын Сэлэнгэ товчоо”-нд 1990 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэл ажилласан. Энд ажиллаж байсан талаар хөдөлмөрийн дэвтэрт бүрэн бичилт хийгдсэн боловч заавал ажилд орсон, гарсан тушаал хэрэгтэй гэж нийгмийн даатгалын хэлтсээс шаардсан учраас ажилласан жил тогтоолгох шаардлагатай болсон. Архиваас ажилласан талаар шүүлгэхэд Ерөөгийн архив нь шатсан, төв архивт ямар ч бичиг баримт байхгүй байгаа учраас шүүхэд хандсан. Иймд намайг Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Техник мэргэжлийн тусгай сургуульд онолын багшаар 1978 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1983 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүртэл мөн Гүн нуурын “Аялал жуулчлалын Сэлэнгэ товчоо”-нд зааварлагч, няраваар 1990 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх ажилласан жилийг тус тус тогтоож өгнө үү гэх.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч В.Жаргал нь “...намайг Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Техник мэргэжлийн тусгай сургуульд онолын багшаар 1978 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1983 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүртэл мөн Гүн нуурын “Аялал жуулчлалын Сэлэнгэ товчоо”-нд зааварлагч, няраваар 1990 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх ажилласан жилийг тус тус тогтоож өгнө үү.” гэсэн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх үндэслэлтэй байна.
В.Жаргал нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Техник мэргэжлийн тусгай сургуульд ХАА-н машины онолын багшаар 1978 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1983 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүртэл мөн Гүн нуурын “Аялал жуулчлалын Сэлэнгэ товчоо”-нд зааварлагч, няраваар 1990 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэл ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтаар нотлогдож байна. Үүнд:
1978 оны 06 дугаар сарын 20-ны өдөр нээлгэсэн “Хөдөлмөрийн дэвтэр”-ийн 6-7 талд авагдсан 1978 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Ерөө сумын Техник мэргэжлийн тусгай сургуульд ХАА-н машины онолын багшаар ажилд орсон, 1983 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ажлаас халагдсан, 14-17 талд 1990 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Гүн нуурын жуулчдын баазын “Аялал жуулчлалын Сэлэнгэ товчоон”-нд зохион байгуулагч, няраваар ажилд орж 1991 оны 12 дугаар сарын 25-ны өдөр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тушаалуудын бичилт, 1978 оны 05 дугаар сарын 12-ны өдөр нээлгэсэн Монголын Үйлдвэрчний эвлэлийн гишүүний №357475 дугаартай бат илэрхийлэх /1978-1983 он/, гэрч Н.Цэцэгээ, Б.Нямсүрэн, Н.Шинэтуяа, Ш.Мягмархүү нарын шүүхэд В.Жаргалын ажилласан байдлын талаар гаргасан тодорхойлолт, шүүхэд өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд В.Жаргалыг Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Техник мэргэжлийн тусгай сургуульд ХАА-н машины онолын багшаар 1978 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1983 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүртэл мөн Гүн нуурын жуулчдын баазын “Аялал жуулчлалын Сэлэнгэ товчоо”-нд зааварлагч, няраваар 1990 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэл тус тус ажилласан жилийг тогтоох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжинд 70200 төгрөг төлсөн болохыг дурьдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Вандангийн Жаргалыг Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Техник мэргэжлийн тусгай сургуульд ХАА-н машины онолын багшаар 1978 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1983 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүртэл мөн Гүн нуурын жуулчдын баазын “Аялал жуулчлалын Сэлэнгэ товчоо”-нд зааварлагч, няраваар 1990 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэл тус тус ажилласан болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг анхааруулсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурьдсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.СОЁЛМАА