| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунчимэг Одгэрэл |
| Хэргийн индекс | 101/2023/02185/И |
| Дугаар | 210/МА2025/01698 |
| Огноо | 2025-10-03 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 10 сарын 03 өдөр
Дугаар 210/МА2025/01698
“********” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Ж.Лхагвасүрэн, шүүгч О.Одгэрэл нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “********” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ********, “********” ХХК-д холбогдох,
Гэрээний үүрэгт 12,317,200 төгрөг гаргуулах, 15,570,800 төгрөгийн НӨАТ-ын баримт шивэхийг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч О.Одгэрэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1.2022 оны 6 дугаар сарын 09-ний өдөр ********ээс нэг литр түлшийг 3320 төгрөгөөр тооцож, нийт 50,610 литр шатахууныг 168,025,200 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, мөн өдөр 168,025,200 төгрөгийг ********ийн Голомт банкны ******** тоот данс руу шилжүүлсэн.
Тус тохиролцооны дагуу ******** нь “********” ХХК болон “********” ХХК нарын хооронд байгуулагдсан гэрээний дагуу “********” ХХК-аас манай байгууллагад түлш нийлүүлэхээр болсон.
1.2.Манай байгууллагын цистерн машинууд “********” ХХК-ийн агуулахын гадна олон хоног хүлээсний эцэст 46,900 литрийн багтаамжтай цистерн машины дугаарыг өгч зөвшөөрөл авсны дагуу 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 155,708,000 төгрөгийн түлшийг “********” ХХК-аас авсан. Үлдэгдэл 3,710 литр түлшийг одоо болтол өгөөгүй.
1.3.******** Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т “Албан татварыг доор дурдсан журмаар ногдуулна", 8.1.1 дэх хэсэг “Бараа, ажил, үйлчилгээг импортоор оруулсан, экспортод гаргасан, түүнчлэн борлуулсан бол тухай бүрд" гэж заасны дагуу татвар төлөх үүрэгтэй бөгөөд үүнийгээ татварын байгууллагад мэдүүлж, НӨАТ-ын баримт шивэх ёстой боловч өдийг хүртэл хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байна.
Иймд ********ээс дутуу 3,710 литр түлшний төлбөр 12,317,200 төгрөгийг гаргуулж, “********” ХХК-д шатахуун борлуулсны орлого болох 155,708,000 төгрөгний 10 хувийн НӨАТ болох 15,570,800 төгрөгийн баримт шивэхийг даалгаж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч ********ийн татгалзал, тайлбарын агуулга:
2.1.Нэхэмжлэгчээс миний Голомт банкны ******** дугаарын данс руу 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдөр 168,025,200 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд энэ мөнгийг холбож өгсөн ********ын Голомт банкны ******** тоот дугаарын данс руу түүний өөрийнх нь хүсэлтээр шилжүүлсэн.
2.2.Нэхэмжлэгчийн зүгээс надаар дамжуулж шатахууны мөнгөө шатахуун худалдсан хүндээ өгсөн болохоос биш надтай худалдах, худалдан авах гэрээ хийгээгүй. Нэхэмжлэгч компанитай түлш өгч авалцах талаар хуульд заасан үүрэг хүлээгээгүй байхад шүүхэд хариуцагчаар өгч байгаа нь үндэслэлгүй байна.
2.3.Надад “********” ХХК-аас шилжүүлсэн шатахууны мөнгийг “********” ХХК-ийн гэрээт борлуулагч ********ын дансанд шилжүүлсэн ба ******** нь тус мөнгийг “********” ХХК-д шилжүүлж, шатахууныг “********” ХХК нь “********” ХХК-д худалдсан. Үүнтэй холбогдуулан надад шатахууны өмчлөл байгаагүй, шатахууныг би борлуулалт хийгээгүй тул НӨАТ-ын баримт шивэх боломжгүй. Мөн миний бие НӨАТ төлөгч биш гэжээ.
3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч ********ээс 12,317,200 төгрөг гаргуулах, 15,570,800 төгрөгийн НӨАТ-ын баримт шивэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэгч “********” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 282,225 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4.Нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
4.1.Шүүхийн шийдвэрт талуудын хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр бус гэж дүгнэсэнд гомдолтой байна.
Шүүх гэрээний чөлөөт байдлын зарчимд халдаж талуудын хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа нь үндэслэлгүй байна. Тодруулбал, талууд байнгын тогтвортой үйл ажиллагаа явуулдаг, байнгын тогтвортой худалдсан ашиг орлого олсон гэх үйл баримт байдаггүй. Энэ нь нэг удаагийн шинжтэй арилжааны худалдах, худалдан авах гэрээ учир гэрээний талууд заавал тусгай зөвшөөрөлтэй байх шаардлагагүй. Жишээ нь иргэн шатахуун түгээх станцаас түлш авах, тухайн түлшийг хэн нэгэн этгээдээр дамжуулан худалдан авахад тусгай зөвшөөрөл шаардлагагүй юм.
4.2.Талуудын хооронд түлш худалдах, худалдан авах гэрээг амаар 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдөр байгуулж, гэрээний төлбөр болох 168,025,200 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн. Ингэснээр хариуцагч нь 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдөр түлшийг нийлүүлэх үүрэг хүлээх бөгөөд түлшийг 3,350 төгрөгөөр худалдаж байсан нь хэрэгт авагдсан баримтаас харагддаг. Хүсэл зоригоо илэрхийлж мөнгө шилжүүлсэн өдрөөр хариуцагч ******** нэхэмжлэгчид шатахуун нийлүүлэх үүрэг үүссэн гэж үзнэ.
4.3.Хариуцагч 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдрөөр 46,900 литр түлш буюу 155,708,000 төгрөгийн түлш нийлүүлсэн тул үлдэгдэл түлшний зөрүү 12,317,200 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
5.Хариуцагчийн давж заалдах гомдолд гаргасан татгалзал, тайлбарын агуулга:
5.1.Талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаагүй буюу ямар нэгэн эрх зүйн харилцаа үүсээгүй. Хариуцагч энэ харилцаанд зуучлагчийн үүрэг гүйцэтгэсэн, мөн шилжүүлсэн мөнгөнөөс ямар ч хувь аваагүй бүхэлд нь дамжуулсан. Бодит нөхцөл байдал дээр “********” ХХК нь ******** компанид өр төлбөртэй байсан тул шатахуун худалдаж авах боломжгүй байснаас бусад компанийн нэрийг ашиглаж шатахуун авах шаардлага үүссэн.
5.2.Газрын тосны бүтээгдэхүүн худалдах харилцааг тусгай зөвшөөрөл бүхий этгээд эрхлэх талаар талуудын хэн аль нь мэдэж байгаа. Дээрх нөхцөл байдлын улмаас талуудын хооронд гэрээ байгуулагдсан байх боломжгүй. ******** компанийн зарлагын падаан дээр "********" ХХК нь 178,220,000 төгрөгийн шатахуун худалдаж авсан гэж бичигдсэн. Шатахууны нэгжийн үнийг 3,800 төгрөгөөр худалдаж авч, гарын үсэг зурж шатахуунаа хүлээн авсан байдаг.
5.3.Хэрэв тухайн үед бидний тохирсон үнэ ханш биш гэж үзсэн бол гэрээнээсээ татгалзаж, падаан дээр гарын үсэг зурж шатахуун хүлээн авах шаардлагагүй байсан гэж үзэж байна. “********” ХХК-аас шүүхэд тодорхойлолт гаргаж өгсөн. Тус тодорхойлолтод манай байгууллагад шатахууны үнэ болох 168,000,000 төгрөгийг ******** гэх хүнээр дамжуулан шилжүүлсэн, манай компани “********” ХХК-д өр төлбөргүй гэх агуулга бичигдсэн. Үүнтэй холбогдуулан нэхэмжлэгчийн зүгээс “********” ХХК-ийг хариуцагчаар оролцуулах хүсэлт гаргасан боловч тус хүсэлтээсээ татгалзсан.
Иймд анхан шатын шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2.Нэхэмжлэгч “********” ХХК нь хариуцагч ********д холбогдуулан гэрээний үүрэгт 12,317,200 төгрөг гаргуулах, 15,570,800 төгрөгийн НӨАТ-ын баримт шивэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
2.1.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хамтран хариуцагч “********” ХХК-д холбогдох шаардлагаасаа татгалзсан байна. /хх 62, 63-64, 154/
Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн дээрх татгалзлыг шийдвэрлээгүй орхигдуулсан байх тул тогтоох хэсэгт 2 дахь заалт нэмж, уг заалтад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулна.
3.1.”********” ХХК-аас 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдөр 168,025,200 төгрөгийг “шатахууны үнэ” утгаар ********д шилжүүлсэн, хариуцагч ******** нь тухайн мөнгийг цааш ********д шилжүүлсэн. /хх 5, 14-17/
3.2.2022 оны 6 дугаар сарын 29-ний өдөр “******** ********” ХХК-ийн шатахуун түгээх станцаас “********” ХХК-д 46,900 литр түлшийг нийлүүлсэн, уг түлшийг нэхэмжлэгч “********” ХХК хүлээн авсан, тухайн өдрийн “******** ********” ХХК-ийн нэг литр дизел түлшний үнэ 3,800 төгрөг байсан үйл баримт тогтоогджээ. /хх 51, 146/
4.Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шийдэл зөв боловч талуудын маргааны үйл баримтыг тогтоохдоо хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж чадаагүй, мөн талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж чадаагүй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулна.
5.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ “********д түлшний мөнгийг шилжүүлсэн, талуудын хооронд худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн” гэж, харин хариуцагчаас татгалзлын үндэслэлээ “худалдах худалдан авах гэрээний харилцаа үүсээгүй, түлш худалдсан талтай холбож зуучилж өгсөн” гэж маргасан байна.
5.1.Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь мөнгөн хөрөнгийг хариуцагчийн дансанд шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон хэдий ч хариуцагч ********д худалдан борлуулах шатахуун бодитоор байгаагүй, тухайн шатахууныг “********” ХХК-аас нийлүүлэхийг нэхэмжлэгч анхнаасаа мэдэж байсан болох нь гэрч ********ын “******** компанийн гэрээт борлуулагчаар ажиллаж байсан, “********” ХХК-д “********” ХХК-иар дамжуулж шатахуун нийлүүлсэн, ********ээс шатахууны үнэ 168,250,000 төгрөгийг хүлээн авсан” талаарх мэдүүлэг, “********” ХХК-ийн 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн “********” ХХК манай байгууллагад шатахууны үнэ болох 168,025,200 төгрөгийг иргэн ********оор дамжуулан шилжүүлсэн” тухай албан бичиг, талуудын хоорондох цахим захидалд хийсэн шүүхийн үзлэгийн тэмдэглэл зэргээр тогтоогдож байна.
5.2.Мөн “******** ********” ХХК, “********” ХХК нарын хооронд Т/441 тоот худалдах худалдан авах гэрээтэй, уг гэрээний дагуу “********” ХХК-аас “********” ХХК-д шатахууныг олгож өгөх тухай хүсэлтийг “******** ********” ХХК-д гаргасан, улмаар хүсэлтийн дагуу шатахууныг “********” ХХК-д нийлүүлсэн, энэ ажиллагаанд хариуцагч ********ийн хувьд талуудыг холбож, шатахууныг олж өгөхөөр идэвхтэй оролцсон нь шүүхийн үзлэгийн тэмдэглэлд тусгагдсан хоорондоо харилцсан мессежээр нотлогджээ. /хх 34, 45-48, 51, 74-76, 95/
5.3.Нэхэмжлэгч шатахууны жижиглэнгийн худалдаа эрхэлдэг хуулийн этгээд болох нь хэрэгт авагдсан тус компанийн улсын бүртгэлийн гэрчилгээнд үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлсон байдлаар тогтоогдож байна. /хх 3/
Дээрх бүгдээс үзвэл энэ төрлийн аж ахуй эрхлэгчийн хувьд бүх төрлийн шатахууныг зөвшөөрлийн үндсэн дээр худалдан борлуулдаг, иргэний хувьд энэ төрлийн үйл ажиллагаа эрхлэх боломжгүй гэдгийг мэдэх этгээд байх тул “********” ХХК, ******** нарын хооронд шатахуун худалдах худалдан авах гэрээний харилцаа үүсээгүй, харин Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1 дэх хэсэгт заасан даалгаврын гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэхээр байна.
6.Анхан шатны шүүх талуудын хоорондох гэрээг “тусгай зөвшөөрлийн үндсэн дээр гүйцэтгэгдэх гэрээг зөвшөөрөлгүй этгээдтэй байгуулсан” үндэслэлээр хууль зөрчсөн, хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт нийцээгүй байна.
6.1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэг зааснаар хууль зөрчсөн, хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэхэд хуульд тухайлан заасан хориглосон хэм хэмжээг зөрчсөн, тийнхүү зөрчиж хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байхаар хуулиар зохицуулсан, эсхүл хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэл хамаарах бөгөөд зөрчил нь хэлцлийн эрх зүйн үндэслэлтэй байх зарчимд нийцээгүй байхыг шаардана. Хуулиар тогтоосон шаардлагыг зөрчсөн хэлцэл бүр энэ төрлийн хэлцэлд шууд хамаарахгүй, агуулгын хувьд байж болох хэлцэл хүчин төгөлдөр байх боломжтой.
6.2.Давж заалдах шатны шүүхээс талуудын хооронд даалгаврын гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн, энэ төрлийн гэрээг байгуулахад “тусгай зөвшөөрөл” шаардагдахгүй тул гэрээ хүчин төгөлдөр байна.
7.Нэхэмжлэгч 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 46,900 литр шатахууныг, нэгж үнэ 3,800 төгрөгөөр тооцож хүлээн авснаар талуудын хоорондох гэрээ хэрэгжиж биелсэн гэж үзнэ.
8.Талууд үүрэг гүйцэтгэх хугацааг гэрээгээр харилцан тохиролцоогүй, шатахуун нийлүүлэгдэх хугацаа гуравдагч этгээд болох “******** ********” ХХК-аас хамааралтайгаар хэрэгжих шинжтэй байх тул энэ тохиолдолд үүрэг гүйцэтгэх хугацааг Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.3 дахь хэсэгт “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол үүргийн шинж чанараас шалтгаалан үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг шаардсанаас хойш арав хоногийн дотор үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэх үүрэгтэй” гэж зааснаар тодорхойлогдоно.
Хэргийн баримтаар “********” ХХК-аас нэхэмжлэгч “********” ХХК-д шатахуун нийлүүлж өгөхийг хүсэж 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 39/22 тоот албан бичгээр “******** ********” ХХК-д хандсан баримт авагдсан байх тул хариуцагч ********ийг гэрээний үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй, хугацаа хожимдуулсан гэж үзэх боломжгүй.
Иймд төлбөр шилжүүлсэн өдрөөр буюу 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдөр үүргийг гүйцэтгэх ёстой байсан, энэ өдрийн шатахууны нэгж үнэ 3320 төгрөг байсан үндэслэлээр үнийн зөрүүг үндсэн үүргийн гүйцэтгэл дутуу гэж тайлбарлаж хариуцагчаас 12,317,200 төгрөг гаргуулахаар шаардсан нь үндэслэлгүй, Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1, 401 дүгээр зүйлийн 401.1 дэх хэсэгт нийцэхгүй байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдэл зөв гэж үзнэ.
9.Давж заалдах шатны шүүхээс даалгаврын гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн тул НӨАТ-ын баримт шивэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага мөн үндэслэлгүй.
10.Дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 191/ШШ2025/05969 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтын “56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5” гэснийг “399 дүгээр зүйлийн 399.1” гэж өөрчилж,
тогтоох хэсэгт 2 дахь заалт нэмж, уг заалтад “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “********” ХХК холбогдох гэрээний үүрэгт 12,317,200 төгрөг гаргуулах, 15,570,800 төгрөгийн НӨАТ-ын баримт шивэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч “********” ХХК татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж нэмж,
тогтоох хэсгийн “2”, “3”, “4” дэх заалтыг “3”, “4”, “5” гэж өөрчлөн дугаарлаж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282,225 /70,200+212,025/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН
ШҮҮГЧИД Ж.ЛХАГВАСҮРЭН
О.ОДГЭРЭЛ